Хайх зүйлээ бичнэ үү

“Хуур мюзик групп”-ын захирал С.Дөлмандахтай тун удахгүй хэрэглээнд нэвтрэх “Хуур” хөгмийн стрийминг үйлчилгээний тухай ярилцлаа.

Дуу хөгжим, дүрслэх урлаг яах аргагүй хүний оюуны анхдагч хэрэгцээ мөн. Тэгвэл Монголын сонсогчдийн хэрэгцээг бүрэн хангаж, оюуны өмчийн асуудалд асар том дэвшил авч ирж буй “Хуур” хөгжмийн стрийминг үйлчилгээ тун удахгүй нэвтрэх гэж буй таатай мэдээг танд дуулгая. “Apple music”, “Spotify” гээд зөвхөн гаднын стрийминг үйлчилгээг ашигладаг байсан цаг ард хоцорч бид монгол хүний ухаанаар бүтсэн хөгжмийн стрийминг үйлчилгээг хэрэглэх цаг ирээд. Ингээд “Хуур” стрийминг үйлчилгээ болон үүгээр дамжин монголын сонсогчид болон уран бүтээлчдэд ямар шинэ боломж, давуу талууд гарч ирж буй тухай “Хуур мюзик групп”-ын захирал С.Дөлмандахтай ярилцлаа.

- Энэ сарын 3-нд “Хуур” аппликейшний танилцуулга арга хэмжээ боллоо. Тэнд очоогүй хүмүүст болон манай уншигчдад та “Хуур” хөгжмийн стрийминг үйлчилгээний тухай танилцуулахгүй юу?

- Хөгжмийн стрийминг үйлчилгээ бол манайд цоо шинэ зүйл. Бид Монголын анхны гадаад болон дотоодын уран бүтээлчдийн дууг санал болгож буй “Хуур” апп-ийн онцлог, давуу талыг Монголынхоо уран бүтээлчид, хөгжмийн салбарынхан болон хэрэглэгчдэд танилцууллаа.

"Хөгжмийн стрийминг үйлчилгээ нь татаж авалгүйгээр таалагдсан дуугаа сонсох боломжийг олгодог"

Хөгжим өдөр, цаг тутамд үйлдвэрлэгдэж буй энэ цаг үед таалагдсан болгоноо татаж авах боломжгүй. Харин дэлхий нийтэд хөгжмийн стрийминг үйлчилгээ нэвтэрснээр хүссэн уран бүтээлчийнхээ дууг татаж авалгүйгээр онлайнаар сонсох боломжтой болсон. Бүр таалагдсан дуугаа “download” хийгээд, интернэт холболтгүй үедээ ч сонсож болно.

Стриймингийн хамгийн том давуу тал нь зохиогчийн эрх юм л даа. Хөгжим сонсох тоолонд тань тэр уран бүтээлчид тодорхой хэмжээний ашиг очиж байдаг. “Хуур” хөгжмийн стрийминг монголд нэвтэрснээр монголын сонсогчдод төдийгүй уран бүтээлчдэд маш олон боломж нээгдэж байгаа. Одоогийн байдлаар “Хуур”-ын санд монгол, гадаад нийлсэн 2 сая гаруй дуу бий. Энэ ондоо багтаж 10 сая гаруй болгох зорилготой байна. Хэрэглэгчид хаанаас, ямар дуу сонсох вэ гэж хайж явах хэрэггүй, харин бүгдийг халаасандаа хийгээд явах боломжтой болж байгаа юм.

  

- Гадаад уран бүтээлчдийн зохиогчийн эрхийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа юм бэ?

- Дэлхийн хөгжмийн зах дээл дээр эргэлдэж буй нийт орлогын дийлэнх хувийг “Sony Music”, “Warner Music”, “Universal Music” гэсэн гурван том компани эзэмшиж байна. Бүх алдартай уран бүтээлчид энэ гуравын аль нэгэнд харъяалагдаж байгаа юм. Бид энэ гурван компанитай гэрээ хийж гадаад хөгжмийн сангаа бүрдүүлсэн байгаа.

- “Хуур” хөгжмийн стриймингийн тусламжтай монголын оюуны өмчийн асуудалд маш том дэвшил гарах нь ээ?

- Оюуны бүтээл хүртээмжгүй байх үед оюуны өмчийн хулгай гардаг. Үүнийг хааж, боох боломжгүй. Хөгжмийг интернэтээс яаж л бол яаж олж болно. Гэхдээ ихэнх тохиолдолд хүн хууль зөрчиж, оюуны бүтээлийг хулгайгаар ашиглах сонирхол байдаггүй. Болж л өгвөл тодорхой хэмжээний мөнгө төлөөд ашиглахыг хүсдэг. Гэвч манайд мөнгийг нь өгөөд хөгжмийг онлайнаар авах боломж нь байхгүй байсан. Харин “Хуур”-аас сонсох бүх хөгжим оюуны өмчийн эрхтэй гэдгээрээ давуу. Энэ үйлчилгээг нэвтрүүлэхээс өмнө бид хүмүүсээс судалгаа авсан юм. Судалгаанд оролцсон бүх хүн боломжийн үнэтэй байвал дуугаа худалдаж авч сонсохыг дэмжиж байсан. Гэвч өмнө нь манайд мөнгөө төлөөд сонсъё гэсэн ч боломж нь байхгүй байсан шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн чинь ямар нэгэн аргаар олж авч л таарна. Хүний нүдэнд талх харагдаад, өлсөөд байгаа ч түүнийг зарахгүй гээд байдаг. Гэхдээ тэр хүний халаасанд 10 мянган төгрөг байгаад байдаг. Ийм үед хүн “хулгайгаар” ч болтугай тэр талхийг олж идэхээс өөр аргагүйд хүрнэ шүү дээ. Оюуны өмчийн асуудал яг үүнтэй адил.

- “Хуур” стрийминг оюуны өмчийн асуудлыг шийдвэрлэхээс гадна өөр олон шинэ боломж, давуу талыг олгож буй. Таны хувьд энэ бүгдээс хамгийн чухал дэвшилтүүд юу вэ?

- Хөгжмийн салбарт монголын уран бүтээлчдэд маш цөөн орлогын эх үүсвэр байдаг. Цомог борлуулах, тоглолт хийх, “халтуур” хийх гээд тоолоод үзвэл хуруу дарам цөөн бий. Энэ дээр хөгжмийн стриймингээр дамжуулан дуу бичлэгээсээ дорвитой хэмжээний орлого олох боломж нээгдэж байгаа юм. 10, 20 мянган төгрөгөөр цөөхөн дуутай нэгхэн уран бүтээлчийн цомгийг худалдаж авах хүн одоо бараг байхгүй. Үүний оронд арай бага зардлаар маш олон уран бүтээлчийн дууг сонсох боломжийг стрийминг үйлчилгээ санал болгодгоороо онцлог. 

Үүнээс гадна гадны стрийминг үйлчилгээтэй харьцуулахад маш хялбар аргаар дуу хөгжмөө олж сонсох боломжтой болж байгаа. Тухайлбал, “Spotify” ашигладаг хүн бол заавал доллараар төлбөр тооцоогоо хийхээс гадна, VPN авах гээд маш олон ажиллагаа шаарддаг шүү дээ.

"Өөр нэг том боломж нь “Unitel”-ийн хэрэглэгчид энэ оныг дуустал “Хуур” хөгжмийн стриймингийг ашиглахад ямар ч дата гүйхгүй. Нэгжгүй, датагүй байсан ч хөгжмөө хүссэнээрээ сонсох боломжтой болж байгаа юм"

Мөн бусад хөгжмийн стрийминг үйлчилгээнээс нэг давуу зүйл нь монголын сонсогчдод чиглэсэн. Баруунд “од” болж байгаа дуу манайд амжилт олохгүй байх тохиолдол цөөнгүй байдаг шүү дээ.

- Та анх яагаад “Xyyp.mn” хөгжмийн вебсайтыг үүсгэн байгуулахаар шийдсэн юм бэ?

- Хамгийн анх би 2012 онд “xyyp.mn”-ийг маш энгийн зорилгоор нээж байсан. Тухайн үед интернэтээс нэг монгол дууны үгийг хайгаад ер олоогүй юм. Олон жижиг, хувийн блогуудаас л монгол дууны үгийг олох боломжтой байсан үе. Гадаад бол “azlyrics” зэрэг бүх дууны үг байдаг вебсайтууд байдаг шүү дээ. Би өөрөө технологийн хүн болохоор монгол дууны үгнүүдийг багтаасан нэгдсэн санг бүрдүүлэх зорилготой “xyyp.mn” вебсайтыг туршиж эхэлсэн юм. Дууны үгнүүдийг аутсорсинг байдлаар цуглуулж эхэлсэн. Хамгийн олон, хамгийн зөв дууны үг оруулсан хүмүүст “ipod”-оор шагнах зэргээр урамшуулж байв. Нэг мэдсэн 7000 гаруй монгол дууны үгтэй сан бүрдэж вебсайтаа эхлүүлсэн анхны зорилгоо биелүүлсэн юм. Хүмүүсээс “Дуугаа сонсож болохгүй юм уу, клип үзэж болохгүй юм уу, гадаад дуу байхгүй юу” гэх зэрэг асуултууд ирдэг байсан. Хэрэглэгчдийн хүсэлт, шаардлагын дагуу хөгжүүлсээр ирсэн. Гэвч гадаад дуунуудын хувьд зохиогчийн эрхийн асуудал хөндөгдөж байгаа юм л даа. Энэ бүгдийг яаж шийдэх вэ гэж судлаж явсаар хөгжмийн стрийминг гэх маш том салбар луу хөл тавьсан.

- Манай уран бүтээлчид хөгжмийн стрийминг үйлчилгээг хэрхэн хүлээн авч байна?

- Зарим уран бүтээлчид маань одоог хүртэл сайн хүлээж авч чадахгүй л байна. Стрийминг үйлчилгээ Монголд өмнө нь байгаагүй, мөн монгол уран бүтээлчид ийм зарчмаар мөнгө олж байгаагүй болохоор сайн ойлгохгүй байх шиг байгаа юм. “Хуур”-аар дамжуулан уран бүтээлээ хэрэглэгчдэд хүргэхийг хүсэж байгаа уран бүтээлчид болон бидний дунд итгэлцүүр байх хэрэгтэй юм л даа.

- Тэгвэл монголын уран бүтээлчид стрийминг үйлчилгээнд нэгдэхэд хамгийн эргэлзээд байгаа асуудлууд юу байна. Тэдгээрийг яаж шийдвэрлэж байгаа вэ?

- Манай уран бүтээлчид “Хуур” дээр тэдний хөгжим тоглогдсон тоо, дата мэдээллийн тайланг үнэн зөв эсэх, мөн бүтээлийг нь цаашаа хуулж, олшруулах вий зэрэг асуудал дээр эргэлзээд байгаа нь ажиглагдсан. Дэлхийн асар том хөгжмийн группуудын хажууд монголын зах зээл өчүүхэн жижиг хэсэг нь. Бид хэдэн тоог нааш, цааш нь болгож шудрага бус аашлах ямар ч сонирхол байхгүй. Тэгэхээр сар бүр аль дуу хэдэн удаа тоглогдсон тухай тайланд эргэлзэх шаардлагагүй. Харин тэр дууг гар утас, дуу хураагуур дээрээ л “record” хийж авдаггүй юм аа гэхэд дуу бичлэгийг цааш хуулбарлах ямар ч технологийн боломж байхгүй. Тэр хүний сарын эрх нь дууслаа л бол татаж авсан бүх дуу нь автоматаар тоглогдохоо больдог. Энэ бүхэн яг л дэлхийн томоохон хөгжмийн стрийминг үйлчилгээний зарчмаар явагдаж байгаа юм.

Мөн зарим уран бүтээлчдээс “Хуур”-т гадаад дуу маш олон болохоор ашгаас оногдох хувь бага байх болов уу, тийм болохоор зөвхөн монгол дуутай байна гэвэл гэрээ хийе гэсэн санал ирж байсан. Гэхдээ хэрэглэгчид маань монгол дуу сонсох гэж “Хуур”-ыг, харин гадаад дуу сонсох гэж бас өөр нэг юманд мөнгө төлнө гэж байхгүй шүү дээ. Бүр “Миний бүтээлийг ашиглах гэж байгаа бол компанийнхаа хувьцаанаас надад өг” гэх ч хүмүүс байсан. Санаанд оромгүй санал, хүсэлтүүд ирж л байсан. Гэхдээ бид дэлхийд стрийминг үйлчилгээ яаж явагддаг, яг тэр зарчмаар нь ажиллаж байгаа шүү дээ.

- “Хуур”-ын ажиллах зарчим юу вэ. Уран бүтээлчдэд хэдэн хувийн ашиг очих бол?

-Ажиллах зарчим тун энгийн. Дэлхийд тогтсон зарчмыг монголын хөрсөнд буулгах нь бидний ажил. Хэрэглэгч та сард 5900 төгрөг төлөөд “Хуур” хөгжмийн сан дахь бүх дууг хүссэнээрээ сонсох юм. Мобайл банк, Мост-мони, “Хуур” карт болон дансаар төлбөр тооцоогоо хийх боломжтой. Мөн “Unitel”-ийн Төгс картаар төлбөрөө төлж болно. Харин нийт ашигийн 70 хүртэлх хувь нь уран бүтээлчдэд очно. Одоогийн байдлаар “Хуур”-тай гэрээ байгуулсан 100 гаруй монгол уран бүтээлч бий. Нэг хэрэглэгчийн 5900 төгрөгийг тухайн сард сонссон бүх дуунд хувааж, тэр ашгийг тодорхой хувь нь уран бүтээлчдэд  очно гэсэн үг. Бүх хэрэглэгч нэг сарын туршилтаар буюу үнэгүй хэрэглэж үзэх боломжтой. Хэрвээ таалагдвал цаашдаа төлбөрөө төлөөд хэрэглэж эхэлнэ.

  

- Дийлэнх Монгол уран бүтээлчид олон улсын зах зээлд гарах сонирхолтой байдаг. Тэгвэл “Хуур” стрийминг энэ зорилго биелэхэд ямар хувь нэмэр оруулж байгаа вэ?

- “Хуур” хөгжмийн стриймингийн үйлчилгээг олон улсад нэвтрүүлж, үүгээр дамжуулан монголын уран бүтээлчдийг таниулах хүсэл бий. Гэхдээ үүний өмнө монголдоо тодорхой хэмжээний хэрэглэгчидтэй болох нь юу юунаас чухал. “Хуур”-аар дамжуулан Монголын уран бүтээлчид албан ёсны асар том дата мэдээлэлтэй болж байгаа юм. Ихэнх уран бүтээлч олон улсын тавцанд гарахад өөрийнхөө улсад хэдий хэр амжилт гаргасан, хэр олон сонсогч фентэй, хөгжмөөрөө хэдэн төгрөгийн орлого олж байсан бэ гэх зэрэг мэдээллүүд маш чухал. Энэ бүх мэдээллийн “Хуур” стриймингийн системээр дамжуулан гаргах боломжтой. Өөрөөр хэлбэл тэр хүний амжилтыг бид бодитоор үнэлэх тоотой болж байгаа юм.

Мөн бид долоо хоног бүр гадагшаа тайлан илгээдэг. Тэр тоо баримт нь цаашаа маш том дата санд бүртгэгдээд, өнөөх “Billboard”-ийн чартад тэргүүлэх дууны жагсаалтад бид хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг.

-Их сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. “Хуур” стрийминг хэрэглээнд нэвтрэхийг тэсэн ядан хүлээж байна. Танд нэмж хэлэхийг хүссэн зүйл байна уу?

-Бид энэ үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд их хугацаа зарцуулж, олон саад бэрхшээлийг туулж ирээд удахгүй хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна. Стрийминг үйлчилгээний олон улсын стандартад нь хүргэхийн тулд их хичээж ажилласан. Технологийн бизнесийн хамгийн хэцүү зүйл гэвэл чиний хийж буй зүйлийг хүмүүс дэлхийтэй харьцуулах гээд байдаг. Бид хайлтын системээ өөрсдийнхөө түвшинд хамгийн сайнаар хийж байхад манайхан “Youtube”-ийнх ийм биз дээ, “Apple” ингэдэг биз дээ гэж ярих хүн олон. Гэвч “Youtube”, “Apple” компаниудад хэдэн хүн ажиллаж байгаа билээ, хэдэн жилийн туршлагатай билээ гэдгийг бодож үзэх хэрэгтэй.

Харин “Хуур”-ын технологийн хөгжүүлэлтийг бид тавуулаа л хийж байгаа. Бидэнд алдаа ч бий, оноо ч бий. Гэхдээ бид цааш чадах ядахаараа хөгжүүлж, цаашдаа сайжруулах олон санаа бий. Тэгэхээр хэрэглэгчид маань биднийг дэмжиж, сайжруулах зүйлсийг маань хэлж, туслаж дэмжээрэй гэж хэлмээр байна.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
32
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.