Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

“Мэйвезер – МакГрегор” супер тулаан болох уу

Мэйвезер “Би МакГрегортой тулалдахын тулд их спортод эргэн ирэхэд бэлэн байна" гэж мэдэгдсэн.


Мэргэжлийн боксын ялагдашгүй аварга Флойд Мэйвезер, холимог тулааны гол од Конор МакГрегор нарын халз тулаан явагдаж магадгүй болоод ирлээ. Олон сар яригдаж, спортын ертөнцийг донсолгосон ч энэ тулааныг болно гэдэгт итгэх хүн цөөхөн байлаа. Одоо ч цөөхөн бий, гэхдээ итгэгчдийн тоо хэд дахин нэмэгджээ. Учир нь хэвлэлээр тулаан болох он сар өдөр, газрын нэр зарлагдсан. Албан бус ч гэсэн 2017 оны зургаадугаар сарын 10-нд Лас-Вегасын “Ти-Мобайл Арена” цэнгэлдэхэд энэхүү “Эрин зууны тулаан” болно гэсэн мэдээлэл тарсан билээ. Үнэхээр тоглолтын цаг, газар нь тодорхой болчихлоо гэж үү, эсвэл талууд дахиад л пиар хийцгээж байна уу?

“Мэйвезер – МакГрегор” тулаан явагдах магадлал 20 хувь

Энэ тулааны талаар анх 2015 онд Конор Макгрегор Денис Сиверийг ялсны дараа ярьж эхэлсэн. Гэхдээ хэн ч итгээгүй, цуурхал төдий л байлаа. Үйл явдал өрнөх тусам улам л “худлаа” мэт санагдаж байв. Флойд Мэйвезер мэргэжлийн бокст 49 дэх ялалтаа байгуулаад зодог тайлж, бизнесээ эхлүүлсэн байлаа. Флойд юу ч хийхгүй байсан ч мөнгө олоод сурчихсан хүн. Алдарт Рокки Марчианогийн ялагдалгүй 49 ялсан амжилтыг давтсан тэр боксоос хэдийнэ уйджээ.

Мэйвезерийг амарч байх хооронд МакГрегор UFC-ийн хоёр жинд аварга болж, холимог тулааны супер од болон хувирсан юм. Түүнтэй тоглож, мөнгө олохыг хүссэн тулаанчид дугаарлан хүлээж, сагсуу ирланд залууг зодохыг хүсч байлаа. Харин Конор улам даварч эхэлсэн. Тэр холбоонд өөрийн болзлоо тулгадаг болж, хэнтэй тоглохоо өөрөө сонгодог боллоо. Конор нэг тоглолтоос сая доллар авсан  анхны холимог тулаанч болсон. Нэр алдар нь нэмэгдэх тусам тэр Мэйвезер шиг үнэтэй машин, хувцас, цагаараа гайхуулдаг болж, хэр баргийн хүнтэй дуугарахаа больсон.

Флойд твиттерт 14.6 сая дагагчтай бол Конор 11.2 сая гэсэн тэднийг спортын ертөнцөд хамгийн нэр алдартайг нь батлан харуулсан үзүүлэлт байна. Тэднийг бараг хүн болгон мэднэ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд МакГрегор төлбөртэй хэвлэлийн бага хурал хийлгэхдээ ирээдүйн тулааны талаарх гэрээ хэлэлцээр амжилттай үргэлжилж байгаа гэж мэдэгдсэн. “Флойд надад 15 сая доллар санал болгосон. Харин Дана Уайт 25 саяыг гаргахад бэлэн байгаа. Өдөр ирэх тусам мөнгө нэмэгдэж байгаа тул бид энэ тулаанаас тэрбум доллар ч олж болно. Би Флойдыг хүнд цохилтоор ялна” гэж ярьсан.

Үүнээс хоёрхон долоо хоногийн дараа Мэйвезер “Конор тулалдахыг хүсч байвал UFC-тэй ажил хэргээ зохицуул” гэж жиргэсэн. Дэлхийн хоёр гол тулаанчийн үг хаялцал дээд цэгтээ тулсан ч хэн ч тэднийг тулалдана гэдэгт итгэхгүй хэвээр байлаа. Талуудын бодол, мөнгө төгрөг хэт зөрөөтэй байсан тул амар ажил биш нь ойлгомжтой байв.
Харин энэ сарын 6-нд хийсэн Мэйвезерийн албан ёсны мэдэгдэл “Эрин зууны тулаан” болох магадлалыг хэд дахин нэмэгдүүлсэн. “Би МакГрегортой тулалдахын тулд их спортод эргэн ирэхэд бэлэн байна. Ганцхан саад байгаа нь UFC холбооноос зөвшөөрөл авах. Конор бид хоёрын гол ялгаа энэ. Би эрх чөлөөтэй хүн бол тэр зөвшөөрөл авах ёстой. UFC том компани, холимог тулааны ертөнцийн гол цөм гэж хэлж болно. Гэхдээ би энэ холбооноос ядаж 30 сая доллар авдаг хүнийг мэдэхгүй. Би ганц тоглоод л Конорын насаараа олсноос илүү мөнгө авдаг байлаа” гэсэн юм.

Цахим ертөнцөөр тулааны гэрээ хэдийнэ бэлэн болсон, бага зэрэг л асуудал үлдсэн гэсэн цуурхал гараад байгаа. 11-ний өдрөөс Флойд бэлтгэлдээ гарсан нь бас нэгийг өгүүлнэ.
Харин Конор Эдди Альваресийг зодсоныхоо дараа завсарлага аваад байгаа. UFC холбоо түүнд 2017 оны зун хүртэл чөлөө олгосон. Эхнэр нь төрөх гэж байгаа тул амралт авсан гэж Конор хэлж байгаа ч ирланд эр боксын бэлтгэл хийж байгаа нь сэтгүүлчдэд мэдэгдсэн. Мөн Калифорн мужид тэмцээн хийх зөвшөөрөл авсан ч дээр дурдсан цэнгэлдэх Невадад байдаг. Одоо МакГрегор Невада мужаас зөвшөөрөл авах хэрэгтэй бөгөөд энэ сарын 22-нд бараг авчихна гэж байгаа.

“Мэйвезер – МакГрегор” тулаан явагдахгүй магадлал 80 хувь

Дээр дурдсан олон баталгаа байгаа ч тулаан явагдах магадлал бага хэвээр. Цэнгэлдэх хүрээлэнгээ түрээслэж, тэгээд юу гэж. Флойд эргэн ирлээ гэж зарлалаа, Конор боксын лиценз авлаа гээд юу гэж. UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт энэ тулааныг зохион байгуулахын тулд буулт хийж, Конорт 25 сая доллар өгөхөд бэлэн гэж байсан ч одоо тэр эсэргүүцдэг болсон. Яагаад гэвэл Флойд 25 саяыг тоохгүй, доод тал нь 100 саяыг нэхэж, Уайтийг ихэд уурлуулсан. Дана Уайт “МакГрегор манай холбоонд дөрвөн тулаан хийх гэрээтэй байгаа. Гэрээгээ дуусгачихаад дуртай юмаа хийг” гэж тэр хэлсэн. Дөрвөн тулаан гэдэг доод тал нь нэг жил гэсэн үг. Жилийн дараа энэ хоёрын тулааныг хэн ч сонирхохгүй болох биз. Конор ч энэ дөрвөн тулаандаа ялагдахгүй гэсэн баталгаа байхгүй.
Энэ байдлаас хэрхэн гарах вэ?
Нэгдүгээрт, МакГрегор UFC-тэй байгуулсан гэрээгээ цуцлах хэрэгтэй. Гэхдээ цуцлахад асар их хэмжээний мөнгө төлөх хэрэгтэй болно. Флойдтой тулалдчихаад эргээд UFC-д орох үүд хаалга үүрд хаагдана.
Хоёрдугаарт, Конор Данатай тохиролцож, тулааны шагналынхаа хэсгийг UFC-д өгч болох юм.
Аль аль нь итгэхэд хэцүү бөгөөд гол саад нь UFC холбоо гэдэг нь илэрхий. Уг нь энэ тулаан явагдвал дэлхий дахинд тулааны урлагийг сурталчлах том боломж болох учиртай. Харин боксын дүрмээр тоглосон холимог тулааны аварга хүнд цохилтоор хэдхэн минутад ялагдахад холимог тулааны нэр хүнд унана гэх хүн ч байгаа. Боксын тамирчид холимог тулаанд шилжээд ялж байсан тохиолдол цөөнгүй бий бол эсрэгээр холимог тулаанч бокст ороод ялж байсан удаагүй. Мексикийн алдарт боксчин, 54 настай Хулио Сезар Чавес боксын дүрмээр бол хөгшин би ч Конорыг ядах юмгүй унагаана гэж сэтгүүлчдэд ярьсан. Тулаан явагдах гол нөхцөл бол мөнгө. Флойд ч Конор ч мөнгөнд дуртай. Харин Флойдын авдаг байсан мөнгө холимог тулааныхнаас хавьгүй өөр. Флойдын сэтгэлийг хангах мөнгө олдох болов уу гэдэг асуудал. Бага буюу Конорын санал болгож байгаа 25-30 сая доллараар тоглох болзлыг зөвшөөрөхөд Флойдод нэг л зүйл байгаа. Энэ нь мэргэжлийн бокст 49 тулалдаж ялсан гэдэг рекорд амжилт. Энэ нь Рокки Марчианотой зэрэгцсэн амжилт. Харин одоо Конорыг цохиод унагачихад ялагдалгүй 50 ялсан анхны мэргэжлийн боксчин болох юм. Энэ том нэр хүндийн төлөө тэр шуналаа дарж чадах болов уу?
Мэйвезерийн авч байсан шагналын мөнгө
    2012 – 85 сая доллар
    2013 – 73,5 сая доллар
    2014 – 105 сая доллар
    2015 – 300 сая доллар
МакГрегорын шагналын мөнгө
    UFC 194 — 7 сая доллар
    UFC 196 — 10 сая доллар
    UFC 202 — 15 сая доллар
    UFC 205 — 12 сая доллар
2016 онд нийт 44 сая доллар.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
21
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.