Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Авторын булан: Монголчууддаа хаалттай Сангийн яам

Засгийн газрын өрийн талаарх мэдээлэл задаргааныхаа хамт ил тод, “шилэн” байхыг Өрийн удирдлагын тухай хууль болон түүнтэй холбогдож гарсан журмын дагуу үүрэгжүүлсэн. Гэхдээ Сангийн яамны цахим хуудсыг ямар ч хакерын аргаар “нэгжээд” “Өрийн мэдээллийн нэгдсэн сан”-г татвар төлөгч Та үзэх боломжгүй.


Өмнө нь дэд сайдаараа дамжуулан ард түмэнтэйгээ харилцдаг байсан Чойжоо сайдын шинэ хэлмэрчээр “Reuters” агентлаг тодорчээ. Бид одоо Сангийн сайдын мэдэгдлийг бөмбөрцөг дэлхийд нэр хүндтэй энэ агентлагаас л олж мэдэх нь. Өнгөрсөн нэг сарын хугацаанд Монголын Засгийн газар 600 сая ам.долларын шинэ бонд гаргаж, өмнөх 580 сая ам.долларын бондын бүтцээ шинэчилж эхэлснийг “Reuters” тухай бүрт мэдээлж ирсэн ба ирэх долоо хоногт 104 сая ам.доллар Монголоос гадагшлах тухай өчигдөр олон нийтэд ил болгосон. 

Энэ хүртэл төлбөрийн тэнцэл болон төсвийн алдагдлын хос хямралтай нүүр тулсан Монголын Засгийн газар харин 100 гаруй сая ам.долларын бондын эргэн төлөлтийг улсын сан хөмрөгөөс хийх гэж байгаа тухайгаа албан ёсоор байтугай албан бусаар ч мэдэгдээгүй юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн долоо хоногт 600 сая ам.долларын “Хубилай” гэж нэрлэгдэх шинэ бондын тухай ярилцлага өгсөн  www.news.mn сайт  Монгол дахь цор ганц эх сурвалж болж байна. Эндээс Монголын татвар төлөгчид халааснаас нь төлөгдөх шинэ бонд гарч буйг арай гэж ойлгож болно. Уншигч Та тэрхүү бондын эргэн төлөлтийг хүүгийн хамт төлөх боловч, энэ бондыг худалдаж авах эсэх талаарх яриа хөөрөөнд таныг оруулаагүй гэсэн үг.“Чойжоо багшийн заасан замаар урагшаа!”. 

Ярилцлагын үеэр Чойжоо сайд “Бидний гаргасан 600 сая ам.долларын бондын хүү 7.625 хувьтай тэнцэж байгаа нь өмнөх Засгийн газрын 10.825 хувийн хүүтэй бондтой харьцуулахад бага” гэж харьцуулжээ. Тэгвэл өмнөх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг “Мазаалай” бондтой холбоотойгоор олон нийтэд Засгийн газрын өрийн талаар албан ёсны мэдэгдэл хийж, сайн, муугаараа дуудуулж байсан нь Чойжоо сайдын хэл чимээгүй явдлын дэргэд хамаагүй шударга явдал байв.

Хоёр  саяын торгууль ба тэрбумын суудал

Монгол Улс Грек, Аргентиний мөрийг гишгэх магадлал нэмэгдсэн энэ цагийн эхлэл саяхан буюу 2012 онд тавигджээ. Хөгжлийн банкны евро бондоор 2012 онд гараагаа эхэлсэн Монгол Улсын Засгийн газар энэ богино хугацаанд гадаад зах зээл дээр олон бонд гаргажээ. Нийлүүлж тооцох гэж оролдвол Хөгжлийн банкны евро, Засгийн газрын “Чингис”, “Дим Сам”, “Самурай”, Мазаалай, Засгийн газрын баталгаатай Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.долларын бонд гэх мэтчилэнгээр багцлагдах болов уу. Сангийн яамнаас “Хубилай” бондын талаар албан ёсны мэдэгдэл гаргавал таван жилийн дотор нийт 7 бонд манай Засгийн газар гаргасан бололтой. 

“Бололтой” гэж бичиж буйн шалтгаан нь Монгол Улсын Засгийн газрын энэ олон бондын учрыг олж, хужрыг тунгаасан тодорхой тайлан ерөөс гараагүй өдийг хүрч байгаатай холбоотой юм. Монгол Улсын Засгийн газрын буюу, татвар төлөгчдийн нуруун дээр ирэх өрийн хэмжээ өнгөрсөн оны эцсийн байдлаар 4.8 тэрбум ам.долларт хүрсэн гэх ганцхан тоон мэдээллийг Монголбанкнаас өгдөг. Энд ямар ч задаргаа байхгүй. Чухам ямар нэртэй, хэдэн жилийн хугацаатай, ямар хүүтэй долоон бонд гаргачихсан болохыг олон нийт мэддэггүй.  

 

 

 

Эх сурвалж: Монголбанк

Өрийн удирдлагын тухай хуульд Өрийн мэдээллийн нэгдсэн сан байгуулж, олон нийтэд ил тод мэдээлэх тухай тодорхой заасан нь бий. Мэдээлийн сан байгуулах ажлыг Сангийн яам толгойлох учиртай боловч тус яам Чойжоо сайдын гал улаан дээлтэй зургаар цахим хуудсаа гоёхоос өөр ажил хийсэнгүй. Өрийн удирдлагын тухай хуулийн 39.1-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өрийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хөтөлнө” гэжээ (Өрийн удирдлагын тухай хуулийн ЭНД дарж үзнэ үү). 

Энэ хууль 2015 оны хоёрдугаар сарын 18-нд батлагдсан ба мөн оны арваннэгдүгээр сарын 2-нд “Өрийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл хүлээн авах, төвлөрүүлэх, өр төлбөрийг бүртгэх тайлагнах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “тайлан, мэдээлэл хүлээн авах, тайлагнах маягтууд”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай” гэсэн журмыг тухайн үеийн Сангийн сайд баталснаар энэ ажил жигдрэх шатандаа оржээ(Журмыг ЭНД дарж үзнэ үү). Энэхүү журмаас харвал:  

 4.1. Өрийн удирдлагын нэгжийн дарга нь өрийн талаар бусад эрх зүйн актад заасан мэдээллийг тархаах хуваарийг баталж, цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.

4.2.  Өрийн удирдлагын нэгж нь улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны талаар жилд нэг удаа энэхүү журмын 4.1-д заасан хуваарийн дагуу олон нийтэд мэдээлнэ. 

4.3.Бусад хууль тогтоомж, эрх зүйн актад заасны дагуу өрийн удирдлагын нэгж нь дор дурдсан мэдээллийг улирал тутам өрийн тойм хэлбэрээр гаргаж мэдээлэл авах эрхтэй байгууллагад энэхүү журмын 4.1-д заасан хуваарийн дагуу хүргүүлэх бөгөөд энэхүү тоймыг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлж болно:

4.3.1.Засгийн газрын гадаад өр:
                    4.3.1.1.Засгийн газрын зээлийн үлдэгдэл, ашигласан хэмжээ, эргэн төлөлтийн талаарх мэдээлэл;
                    4.3.1.2.Засгийн газрын гаргасан үнэт цаасны үлдэгдэл, эргэн төлөлтийн талаарх мэдээлэл;
                    4.3.1.3.бусад гадаад өрийн үлдэгдэл, эргэн төлөлтийн талаарх мэдээлэл.
4.3.2.Засгийн газрын дотоод өр:
                    4.3.2.1.Засгийн газрын зээлийн үлдэгдэл, ашигласан хэмжээ, эргэн төлөлтийн талаарх мэдээлэл;
                    4.3.2.2.Засгийн газрын гаргасан үнэт цаасны үлдэгдэл, эргэн төлөлтийн талаарх мэдээлэл;
                    4.3.2.3.бусад дотоод өрийн үлдэгдэл, эргэн төлөлтийн талаарх мэдээлэл.

 4.3.3.Засгийн газрын гаргасан өрийн баталгааны хэмжээ, үлдэгдэл, баталгаа гаргуулагчийн зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээлэл;

4.3.4.бусад өрийн үлдэгдэл, эргэн төлөлтийн талаарх мэдээлэл;

4.3.5.Засгийн газрын өрийн үлдэгдлийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн дүн, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан төсвийн тусгай шаардлагын хэрэгжилт, тооцоолол. 

Засгийн газрын өрийн талаарх мэдээлэл нь задаргааныхаа хамт олон нийтэд нээлттэй “шилэн” байхыг Өрийн удирдлагын тухай хууль болон энэхүү хуультай холбогдож гарсан журмын дагуу үүрэгжүүлжээ. Гэхдээ Сангийн яамны цахим хуудсыг ямар ч хакерын аргаар “нэгжээд” “Өрийн мэдээллийн нэгдсэн сан”-г татвар төлөгч Та үзэх боломжгүй. Тийм боломж олгохыг Засгийн газар хүсэхгүй байгааг бонд гаргасан эсэхээ ч албан ёсоор мэдэгдэхгүй байгаагаас хялбархан харж болно. 

Хэрэв энэ мэдээллийн санг байгуулаагүй бол Сангийн яамны тодорхой албан тушаалтанг 2.2 сая хүртэлх төгрөгөөр торгох тухай заалт Өрийн удирдлагын тухай хуульд бий. Тус хуулийн 45.2.1-т “Энэ хуулийн 19.9, 19.10, 39.4-т заасан тооцоо, санал, төсвийн төсөл, мэдээ, мэдээлэл, тайланг тогтоосон хугацаанд нь хүргүүлээгүй бол буруутай этгээд, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэж заажээ. 

Үүнээс үзэхэд, Засгийн газрын гишүүн болохын тулд намдаа тэрбум төгрөг төлдөг манай улстөрчид, тэдний багийнханд 1000 “ногоон” ч хүрэхгүй торгууль, шийтгэл инээдэмтэй сонсогдож байгаа. Тэд 2.2 сая төгрөгийн байтугай торгуулиас хулчийхгүй нь үнэн.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
48
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.