Хайх зүйлээ бичнэ үү

мин

Туркийн ерөнхийлөгч Эрдоан Монголыг "удирддаг" болсон уу?


Мон-Туркийг 2017 оноос хойш төгссөн сурагчдын гэрчилгээг Турк улсад хүлээн зөвшөөрөхгүй болж мэдэх нь. Эцсийн шийдвэр хараахан гараагүй ч БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухеттин Ахмет Язал энэ талаар сэтгүүлчидтэй уулзахдаа ний нуугүй хэлжээ.

“Хамгийн гол нь нэр бүхий хүмүүсийг сурган хүмүүжүүлэх үйл хэргээс болиулж, Фетулла Гуллений нөлөөллөөс ангижруулахгүй бол сургуулиудын гэрчилгээг манай улс хүлээн зөвшөөрөхгүй” гэж Ахмет Язал хоёрдсон утга агуулгагүйгээр, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж монголчуудыг сүрдүүлсэн мэт сүрхий мэдэгдэл хийх нь тэр. Ингээд бидний нэрлэж заншсанаар Мон-Турк буюу “Эмпати сургуулиуд” Элчин сайдын тавьсан шаардлагыг хүлээн авахгүй бол монгол хүүхдүүдийн Турк сургуульд сурч боловсрох гэсэн хүсэл замхрах бололтой. 

Монгол дахь албаа аваад гурван сар ч болоогүй шинэ Элчин сайд Ахмет Язал хоёр орны харилцааг төдийлэн хайхралгүй, монголчуудын дургүйцлийг төрүүлсэн ийм мэдэгдэл хийсэн нь Туркэд өрнөж буй улс төртэй нөхцөлдөж байна.

Өнгөрсөн оны долдугаар сард тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан улс төрийн эргэлт гаргахыг завдсан гэх шалтгаанаар олон арван мянган хүнийг баривчилж, цөөнгүй хүн амиа алдсан тухай бөмбөрцгийн хэвлэлүүд мэдээлсэн юм. Ирэх дөрөвдүгээр сард БНТУ-д болох “Бүх нийтийн санал асуулга”-ын дүн Эрдоанд ашигтай байдлаар гарвал тэрбээр Туркийн “мөнхийн” Ерөнхийлөгч ч болж мэднэ. Тиймээс санал асуулга болохоос өмнө Эрдоан өөрийн дайсан Фетулла Гуллений бөмбөрцгийг хэрж, таван тивийн хүүхдүүдийг чанартай боловсрол эзэмшүүлэх хүслээр байгуулсан Турк сургуулиудтай “дайн” зарлаж буй нь энэ бололтой. 

Монгол болон Туркийн Засгийн газрын наймаа

“Эмпати сургуулиуд” буюу Мон-Турк хэмээн бидний нэрлэж заншсан таван сургууль Монголд үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан болон Баян-Өлгий аймагт байрладаг Туркийн гэх тодотголтой дээрх таван сургуульд сурч буй 1700 хүүхдийн эрх ашиг энд хөндөгдөж байгаа юм. Хамгийн гол нь “Эмпати сургуулиуд” нь Монголд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хувьд тэднийг багш, ажилтнуудаа халж солихыг Туркийн Засгийн газар зааварлаж чадахгүй. Тиймээс манай Засгийн газарт яг одоо хэрэгтэй байгаа ам.долларыг амлах замаар өөрийн хүслээ гүйцэлдүүлэх гэж Туркийн тал оролдож буй бололтой. 

БНТУ-аас Монголд суугаа Элчин сайд Ахмет Язал өнгөрсөн өдрүүдэд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад бараалхаад амжсан. Эдийн засаг элгээрээ хэвтсэн орны Засгийн газрын тэргүүн байх хувь төөрөгтэй Ж.Эрдэнэбат шинэхэн томилгоогоо өвөртөлсөн Элчин сайд Ахмет Язалаас бас л зээл, тусламж гуйжээ. Тэрбээр Туркийн “Эксим” банкнаас олгохоор тохирсон 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон 500 саяас нэг тэрбум ам.долларын төсвийн дэмжлэг бүхий зээлийн асуудлыг хурдавчлуулж өгөөч гэсэн хүсэлтийг Ахмет Язалд тавьсан байна. 

Үүний дараа ноён Элчин сайд хотын мээр Су.Батболдтой уулзаж, 10 эмнэлэг барьж өгөх амлалтаа биелүүлнэ гэдгээ илэрхийлжээ. Төд удалгүй олон нийтийн сүлжээгээр тун ч дуулиантай мэдээ цацагдаж, Турк улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 10 эмнэлэг барихаар болсон байв. 

 


Өнгө үзэмж төгөлдөр 10 эмнэлэг, өдийд л хэрэг болохуйц ам.долларын хөнгөлөлттэй зээл өгөх бэлгээ хоёр сарын хугацаанд яаруу, сандруу тараасан Ахмет Язал одоо хариугаа нэхэж эхэллээ. Харамсалтай нь, тэдний ярьж буй хөнгөлөлттэй зээл нь 20 жилийн өмнөх амлалт болохыг нийтлэлч Баабар өөрийн твиттер хуудастаа жиргэснийг Та харж байна. 

 


Эрдоаныг “шоглосон” Европ

Фетулла Гуллений сургуулиуд зөвхөн Монголд байдаггүй. Дэлхийн хэдэн оронд түүний байгуулсан сургууль байгаа тухай баттай мэдээлэл байхгүй ч, 100 гаруй оронд Турк сургуулиар дамжуулан дэлхийн хэмжээний чанартай боловсролыг түгээж буй тухай мэдээ бий. Тэгэхээр Монголд байгаа таван сургууль бол Фетулла Гуллений сургуулиудын ердөө нэг хувь болох нь.

Хамгийн гол нь Европ болон АНУ тэргүүтэй хүчирхэг эдийн засагтай орнуудад байгуулсан Фетулла Гуллений сургуулийг Эрдоан хүчээр буулгаж чадахгүй. Харин Пакистан, Гүрж болон Африкийн зарим буурай оронд байгаа сургуулиудийг буулгаж авахаар шахалт үзүүлж буй тухай мэдээлэл бөмбөрцгийн хэвлэлээр тархжээ. Харин энэ удаад Монголд зээл тусламж өгөх нэрийн дор шахалт үзүүлж эхэлсэн нь дээрх улсуудтай манай орныг жишин, дорд үзэж буй бус уу.  

Бүх зүйлд хууль ёс, хүний эрхийг дээдэлж, баримт нотолгоотой ханддаг Европын орнууд Эрдоаны хүслийг ерөөс хайхарч үзэхгүй байгааг барууны хэвлэлээр сүүлийн өдрүүдэд хөвөрсөн нийтлэлийн өнгө аясаас харж болно. Тухайлбал “Financial Times”-д тэмдэглэснээс үзэхэд, Германд амьдарч буй туркүүдийн саналыг авахын тулд Эрдоаныг төлөөлөн, кампанит ажил зохиохоор төлөвлөж байсныг Германы орон нутгийн захиргаа аюулгүй байдлыг хангах үүднээс хориглосон байна. Үүнд эгдүүцсэн Эрдоан "Ардчиллын үнэр ч алга, нацист арга барилаа тавиагүй" гэж германчуудыг доромжилсон нь тэдний дургүй, зэвүүцэл хоёрыг зэрэг хүргэсэн байна. Улмаар тэрбээр "Хэрэв тэд намайг тэнд үг хэлэхийг хориглосон бол ёстой "дэлхий дахинд гал гарахаар" арга хэмжээ авах байлаа" гэжээ.  Ингээд Германы зарим улстөрч Эрдоаныг "тааламжгүй этгээд" хэмээн зарлаж, тус оронд нэвтрүүлэхийг хориглохыг Канцлер Ангела Меркелиэс шаардаж байна. 

Үүний дараа Эрдоан дээрхтэй төстэй үйл явдлаас болж Голландтай бас муудалцаад амжив. Тэрбээр тус улсад байгаа Голландын дипломат төлөөлөгчийн газрын орох, гарах эрхийг хязгаарлаж, Нидерландын Элчин сайдыг амралтаа дуусгаад тус улсад буцаж ирэхгүй байхыг хүсчээ. Нидерландын Засгийн газар үүссэн нөхцөл байдлыг зүй зохистой байдлаар шийдвэрлэхэд Турктэй хамтарч ажиллахад бэлэн гэж тэмдэглэсэн ч Туркийн тал хориг арга хэмжээгээр сүрдүүлж эхэлсэн байна. Эрдоан “Манай Гадаад хэргийн сайдын буухыг хориглож л байг. Харин одоо Голландын нислэгүүд Туркт буухыг харъя л даа” гэж мэдэгдээд мөн л Нидерландын засаг захиргааны хийсэн уг үйлдлийг фашистуудын алхамтай зүйрлэжээ. Косаели хотод болсон цуглаан дээр хэлсэн үгэндээ "Ийм бусармаг явдал болж байхад Европын бусад орнууд дуугарахгүй байгаа нь эд нар нохой шиг бие биенээ хаздаггүйтэй холбоотой" хэмээн доромжилсон байна. Энэ нь Туркийн “A dog does not bite another dog,” буюу "Нохой нэгнийгээ хэмлэдэггүй" гэсэн үг аж. 

Дашрамд сануулахад, БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язал Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхах үедээ "Туркиш Эйрлайнз" компанийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг асуусан байдаг.

Мэдээж манай улс тусгаар тогтносон орон. Турк улсын дотоод зөрчил Монгол Улсад падлий ч байхгүй. Тиймээс өөрийн оронд үйл ажиллагаа явуулж буй хувийн өмчид халдахгүй байж, хувь заяаг нь хэрхэхийг Засгийн газар шийдвэрлэнэ. Гэвч нийтлэлч Баабарын дурдсанчлан хэдхэн төгрөгний төлөө гүйж байгаад мөнгө ч үгүй, сургууль ч үгүй хоцрох вий дээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
9 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
24
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.