Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Фото: Гавьяат тамирчид ОУХМ-уудыг ялж, эрэмбээ харууллаа

Монголд төдийгүй дэлхийн жүдо бөхийн ертөнцийн сонирхлыг зүй ёсоор татсан тэмцээн байлаа.


Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит 50 сая төгрөгийн шагналын сантай “Нэр хүнд, Хүч чадал” жүдо бөхийн халз барилдаан өнгөрсөн Баасан гарагт АСА циркийн байранд боллоо. Монгол Улсын Гавьяат тамирчдын багийн эсрэг ОУХМ-уудын баг сөрөн зогссон.

Нийт долоон жинд халз барилдаж, ялсан баг 40 сая, ялагдсан нь 10 сая төгрөгийн шагналтай. Монгол Улсын өнөө цагийн бүх шилдгүүд багтсан тул Монголд төдийгүй дэлхийн жүдо бөхийн ертөнцийн сонирхлыг зүй ёсоор татсан тэмцээн байлаа. Халз барилдааны сургийг сонссон гадаадын жүдо сонирхогчид тэмцээн эхлээд л олон нийтийн сүлжээгээр аль баг нь ялав, М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг хоёрын хэн нь давав гэхчлэн асууж шалгааж байлаа.
Энэ барилдааныг зохион байгуулах учир шалтгаан ч манай жүдочдод байсан юм. Тэмцээний гол баатар Монголын эмэгтэй жүдо бөхийн анхдагчдын нэг, амьдралынхаа 26 жилийг жүдод зориулсан, Гавьяат тамирчин Д.Цэрэнханд энэ өдөр албан ёсоор зодог тайлсан.

Бээжингийн олимпийн V байр, Багийн дэлхийн аваргын хүрэл, 2007 оны ДАШТ-ий 7-р байрын шагналт, Азийн наадмын хошой мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Монгол Улсын 15 удаагийн аварга Д.Цэрэнханд ийм хүндэтгэл хүлээх эрхтэй хүн.

Барилдааны үеэр олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа нарын жүдогийн өмсгөлийг дуудлагаар худалдаж, Н.Түвшинбаяр аваргынх 8 сая, Д.Сумъяагийнх 3,6 сая төгрөгийн үнэ хүрч, зарагдсан.

Дуудлага худалдаанаас бүрдсэн мөнгийг жүдочид маань Гавьяат тамирчин Д.Цэрэнхандын гэр бүл болон сайн үйлсийн аянд зарцуулахаа мэдэгдсэн. Гавьяат тамирчин Д.Цэрэнхандын нөхөр, аймгийн арслан Т.Алтаншагай ослын улмаас бэртэж, тамирчныхаа замналыг орхихоос өөр аргагүй болсон билээ. Тиймээс “Хамтын хүч амжилт” уриатай жүдогийн шигшээ багийнхан багийн андаа дэмжиж, туслахаар зодог тайлах ёслол, халз барилдааныг зохион байгуулсан юм.

Үнэхээр сонирхолтой, үнэн хүчийг үзсэн барилдаанууд болсон тул цирк дүүрэн цугласан үзэгчид сэтгэл хангалуун гэртээ харьцгаасан.
1. Эрэгтэй -66 кг
Гавьяат тамирчин Г.Болдбаатар – ОУХМ Д.Төмөрхүлэг

Эхлээд дэлхийн аварга Г.Болдбаатар ОУХМ Д.Төмөрхүлэг нар дэвжээнд гарсан. Үндсэн цагт хоёр бөх вазари үнэлгээгээр тэнцэж, нэмэлт цагт Г.Болдбаатар дахин нэг вазари авснаар гавьяатуудын багт анхны оноог авчирсан.

2. Эмэгтэй -63 кг
ГТ Ц.Мөнхзаяа – ОУХМ Б.Ганхайч

Нэгдүгээр сард зодог тайлснаа зарласан дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяагийн өрсөлдөгч нь сүүлийн хоёр жил улсын аваргад босоо байгаа залуу тамирчин Б.Ганхайч байв. Мөн л нэмэлт цаг гарч, Ц.Мөнхзаяа нэлээд цуцаж эхлэхэд Б.Ганхайч цэвэр яллаа. Энэ жинг олон жил дэлхийн дэвжээнд нэр төртэйгээр авч явсан ахмад тамирчинг ялсандаа тун баяртай байгаагаа тэр илэрхийлж байлаа. 1-1 тооны харьцаа тэнцсэн.

3. Эрэгтэй -60 кг
ГТ Д.Амартүвшин – ОУХМ Ж.Амарболд

Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нэгдүгээр сард болсон УАШТ-ий гол баатар Ж.Амарболд нар ана мана үзэлцсэн. Гавьяат тамирчин Д.Амартүвшин нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялаад, дүүдээ бэлтгэлээ улам сайн хийхийг сануулаад гарч явсан юм. 2-1

4. Эрэгтэй -81 кг
ГТ Х.Цагаанбаатар – ОУХМ О.Ууганбаатар

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа ч бэлтгэл сургуулийн хувьд ид үедээ байгаа О.Ууганбаатар илүү байх нь мэдээж. Тэр ёсоор О.Ууганбаатар ялсан. Гэхдээ Цагаанаа нэмэлт цаг хүртэл үзэлцсээр байлаа. 2-2 бас тэнцлээ.

5. Эмэгтэй -57 кг
ГТ Д.Сумъяа  -  ОУХМ Л.Энхрийлэн

Олимпийн мөнгөн медальт, энэ үеийн эмэгтэй тамирчдын лидер Д.Сумъяа, “Чингис хаан-2016” гранпри тэмцээнд 17 насандаа түрүүлж, олныг шуугиулсан Л.Энхрийлэнг цэвэр ялсан. 3-2

6. Эрэгтэй +100 кг
ГТ Н.Түвшинбаяр – ОУХМ Ө.Дүүрэнбаяр

Олимпийн аварга Н.Түвшинбаярын өрсөлдөгч нь хүнд жинд Монголын нэрийг цууриатуулж эхлээд байгаа Ө.Дүүрэнбаяр. Олимпийн аварга +100 кг-д ч өлхөн барилдахаа өмнөх УАШТ дээр харуулсан. Энэ удаад ч өөрөөсөө хавьгүй хүнд өрсөлдөгчөө үүрч шидэн, оноо авч байлаа. Оноо тэнцүү байсан ч цаг дуусахаас хэдхэн секундын өмнө Н.Түвшинбаяр шийдсэн мэх хийж, вазари авснаар Гавьяат тамирчдын багт ялалтын оноог авчирлаа. Мөн гурван секунд дутуу байсан ч анхаарлаа сулруулж болохгүйг залуу бөхөд зааж өглөө. Хөлсөө хатаагүй байхад Н.Түвшинбаяр дараагийн барилдааныг тайлбарлаж, телевизийн салбарт хүч сорьсон ч чадна гэдгээ харуулсан. 4-2 Гавьяатуудын баг ялах нь тодорхой болсон.

7. Эмэгтэй -48 кг
ГТ М.Уранцэцэг – ОУХМ Г.Отгонцэцэг

Казахстанд гавьяат тамирчин ч Монголдоо ОУХМ, Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг Гавьяат тамирчин Д.Цэрэнханд эгчдээ хүндэтгэл үзүүлэхээр алс холоос ирсэн. М.Уранцэцэг тэр хоёрын өрсөлдөөн Монголоос хальж, дэлхийд гарсныг бүгд мэдэж байгаа. Тийм болохоор ч хамгийн сүүлд дэвжээнд гарсан биз ээ. Н.Түвшинбаярын хэлснээр барилдааны харьцаа 3-3 тул хайнаа хагалсан гэж хэлж болох юм. Барьц булаалдсан хоёр бөхийн барилдаан нэмэлт цагт үргэлжилж, дэлхийн аварга М.Уранцэцэг вазаригаар яллаа.

Ийнхүү 5-2 харьцаатай Гавьяат тамирчдын баг ялж, 40 сая төгрөгийн шагналаа гардан авлаа.

“Хамтын хүч амжилт”   

Гэрэл зургийг Ц.Эрхбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
0
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.