Хайх зүйлээ бичнэ үү

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан Хошууч Генерал С.Баасанхүүтэй ярилцлаа.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эх орныхоо энхийн манаанд 40 гаруй жил ажиллаж, олон мянган залуусыг удирдан цэргийн алба хаалгаж, эр хүн тэр дундаа жинхэнэ эр хүн байх ухаанд сургасан түүнтэй ярилцан суухад сонирхолтой, сайхан санагдсан билээ. Ингээд уншигч танд Хошууч генерал С.Баасанхүүтэй ярилцсанаа хүргэж байна. Таалан болгооно уу.

-Сайн байна уу. Танд “Цэргийн баяр”-ын мэнд дэвшүүлье. Таны амьдралын ихэнх цаг хугацаа цэргийн амьдралтай холбоотой шүү дээ. Хэдэн оноос цэргийн амьдралд хөл тавьсан бэ. Энэ талаар хоёулаа ярилцлагаа эхлүүлье.

-Би 1972 онд 18 настайдаа Төв аймгийн төвийн арван жилийн дунд сургууль төгсөөд “Цэргийн ерөнхий дээд сургууль”-д элсэж орсон. “Цэргийн ерөнхий дээд сургууль”-д орох нь цэрэг болсон л гэсэн үг. Сонсогч гэсэн “С” үсэгтэй мөрдэс зүүгээд, цэрэг болсон. Түүнээс хойш 40 гаруй жил алба хаагаад 2012 онд цэргийн тэтгэвэрт гарсан хүн дээ. 

-Цэргийн сургуульд олон жил сурч, олон эрчүүд нэг дор амьдарч байсан учраас их зүйлийг тэндээс л сурсан байх даа?

-Мал хариулж яваад, дунд сургуулиа төгссөн хүүхэд тэнд очоод л “жинхэнэ” хүн болно шүү дээ. Цэрэгт ирээд дөрвөн жил дарга нартаа загнуулна, зандруулна. Гэрээсээ хол, алба хаана гэдэг хялбар байгаагүй. Цэрэг хүний амьдрал тэр чигтээ шалгуур. Шалгуур гэдэг нь амьдралын үйл явцад “чанагдаж”, хэн тэр шалгуурыг даван туулна тэр хүн дарга болдог ийм л зам цэрэг хүнийг дагадаг учиртай. Тэр үед “Цэргийн ерөнхий дээд сургууль”-д дөрвөн жил сурдаг байлаа. Хамгийн гол онцлог нь цэрэг хүн гурван жил алба хаадаг байсан бол сонсогч хүн дөрвөн жил цэргийн казармд байдаг байв. Амьдралынхаа бүхэл бүтэн дөрвөн жилийг олон сайхан нөхдүүдтэйгээ нэг тогооноос хооллож, нэг агаараар амьсгалж, өглөө зургаан цагт “Бос” гэсэн командаар босч, орой 11 цагт “Унт” гэсэн командаар унтаж, Улаанхуарангийн казармд эр хүнд байх ёстой зан төлөвшилд суралцаж байлаа. Нэг казармд ойролцоогоор 40 орчим хүн байв. Бүгд нэг хүн шиг л байх ёстой. Бүгд үйлдлээ зэрэг хийнэ. Хэн нэг нь хоцрох, түрүүлэх асуудал байх учиргүй. Бид 1976 онд офицер болж байлаа. Төгсөөд дэслэгч цолтой, Нисэхэд байсан Ардын армийн 107 дугаар ангид очиж ажил, амьдралынхаа гарааг эхэлсэн түүхтэй. Салааны захирагч, багшийн албан тушаалтайгаар ажиллаж эхэлсэн дээ. 

-Цэрэг хүний даван туулах ёстой бүх шалгуурт орохдоо шантрах үе байсан уу? 

-Байлгүй яах вэ. Өглөө зургаан цагт босохоос эхлээд өдөржин хичээл сургуулилалт, биеийн тамирын дасгал хийнэ. Бусад цагаар нь харуул манаанд гарна, гал тогоонд туслах тогооч хийнэ гэх зэрэг ээлжээр цэрэг хүний хийх ёстой бүхнийг л хийнэ. Эхний нэг, хоёр жил шантармаар, гэртээ харимаар санагдах үе байсан ч тэсэж, тэвчээд л даван туулсан даа. Сүүлдээ дасчихаар цэргийн амьдрал их сайхан. 

-Та яагаад цэргийн амьдралыг сонгосон юм бэ?

-Би цэргийн холбогдолтой юманд их дуртай хүүхэд байлаа. Радиогоор өглөө “Төрийн дуулал” явахад их дуртай. Тэгээд дороо алхаад, аавдаа “Та намайг командлаарай” гэдэг хүүхэд байж билээ. Сургуульд байхдаа эх орны дайны үеийн, цэрэг тагнуулын киног шимтэж үздэг байв. Тэгээд түүндээ дурлаж, тэмүүлээд цэргийн сургуульд орж, 40 гаруй жил алба хаалаа. Ер нь бодоход зөн совингоороо цэргийн амьдралд хөтлөгдсөн юм шиг байгаа юм. Хүний хувь зохиол гэдэг зүйл байдаг даа. 

-Ер нь манай монгол цэргийн сүр жавхаа олон улсад хэрхэн үнэлэгддэг юм бол?

-Та бүхэн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ тухай чамгүй их зүйл уншиж, тодорхой хэмжээгээр мэдээлэл авсан байх. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 10 гаруй мянган цэргийн албан хаагч гадаадад үүрэг гүйцэтгэсэн. Энэ улсууд гадаадад очоод зүгээр нэг алба хаагаад ирэхээсээ илүү маш их зүйлийг сурч, сэтгэл санааны болон бусад бүх дарамт, шалгууруудыг нэр төртэйгөөр хаагаад ирж байгаа хэрэг шүү дээ. Дайн байлдаантай, эмх цэгцээ алдсан газар очиж, түүнийг намжаах, энх тунх байдлыг тогтоохоор зорьж байгаа. Энэ амаргүй ажлыг манай цэргийн албан хаагч нар нэр төртэйгөөр биелүүлж, үүргээ гүйцэтгэж байна. Үнэхээр гайхалтай. Энэ ажлыг гардан гүйцэтгэж байсан хүний хувьд ямар нэг эргэлзээгүйгээр гайхалтай л гэж хэлнэ. Намайг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Дэд сайдын алба хашиж байхад монгол цэргүүд энэ ажиллагаанд орох ажлыг маш эрчимтэй хэлэлцэж, тохиролцож байсан юм л даа. 2003 онд Ерөөцэнгэл, Даваацэнгэл гэж хоёр хурандаа /тухайн үед Дэд хурандаа байсан/  НҮБ-ын ажиглагчаар явж байсан. Дараа нь Монгол Улсын зэвсэгт хүчин Иракт үүрэг гүйцэтгэх тухай санамж бичигт би анх гарын үсэг зурахаар Польш улсад очиж байлаа. Түүнээс хойш монгол цэргүүд Иракт 10 гаруй ээлжээр очиж, алба хаагаад иржээ. Энэ нь манай улсын цэргийн нэр хүндийг Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх том түлхэц болсон. Монгол цэргүүд олон улсад найдвартай, чадвартай гэдгээ харуулж чадсан. Тийм ч учраас манайхныг гадаад улсаас урьж, ажиллуулдаг ч болсон. 

-Монгол цэргийн онцлог юу вэ?

-Манай цэргүүд их онцлогтой шүү. Үүх түүхтэйгээ холбоотой юм болов уу гэж би боддог. Бидний мах, цусанд шингэчихсэн нэг “юм” байна л даа. “Юм” гэхээр зоримог, дайчин, үнэнч шинжийг л хэлж байна. Түүхийн номонд ч тэмдэглэгдчихсэн. “Монгол хүн, монгол цэргүүд бол үнэнч хүмүүс” гэж. Нэгэнт үүрэг хүлээх юм бол заавал үүргээ биелүүлдэг. Энэ байдлыг одоо ч монгол цэргийн үүрэг гүйцэтгэлээс харах боломжтой. Жишээлбэл, хоол ундгүй, цаг агаарын халуун, хүйтэн ямар ч нөхцөлд монгол цэргүүд хүний эрх яриад л, үүргээ биелүүлэхгүй суулт хийгээд, гоношигноод байдаггүй. Яагаад гэхээр нүүдэлчин монгол хүмүүсийн амьдралын хэв маяг хүнд тэсвэр хатуужил, барагтай юманд гоношигноод байдаггүй шинж чанарыг суулгачихдаг юм байна. Энэ шинж бол цэрэгт тод илэрдэг.  Нөгөө талаар үнэнч байдал. Үүргээ гүйцэтгэж яваа монгол цэрэг хэзээ ч замаасаа хазайж, өөр юманд анхаарлаа сарниулж буцдаггүй. Мөн бид чинь хөдөө гадаа, мал маллаж, морь малтай ноцолдож ирсэн учраас хэт тансаг амьдрал мэдэхгүй. Хээнцэр, ямбатай ааш аягтай хүмүүс биш л дээ. Тиймээс энэ байдал нь ч гадныхны сэтгэлийг их татдаг. Ямар сайндаа л бүтэн өдөржин бэлтгэл сургуулилалт хийгээд, ажиллагаанд оролцсон гадаад цэргүүд усанд орохгүй байж чаддаггүй бол манайхан бол тоох ч үгүй. Ахуй нь тийм юм чинь. Бүдүүлэг жишээ байж мэднэ шүү. Энэ мэтчилэн наад захын жишээнээс л монгол цэргийн онцлог харагддаг. Манай эмч нар ч Африкт ажиллаж, алба хаана. Тэд маань хүнийг ялгаж харилцах, элдэв өвчин эмгэгээс цэрвэх, сэжиглэх зүйл байдаггүй учраас хүмүүс нь ч монгол эмч нарт хандах дуртай байдаг талаар уншиж л байсан. 

-Дэлхийн давцанд монгол цэргийн талаарх үнэлэмж өндөр гэж ойлголоо. Харин манай төр засаг цэргүүдээ хэрхэн үнэлж, зэвсэгт хүчиндээ хэр анхаарал хандуулдаг вэ?

-Энэ тухайд бол төр засгаа муулах зүйл үгүй. Монголын төр үеийн үед монгол цэргээ аваад л явж ирсэн. Улсын эдийн засаг, хүмүүсийн амьдрал, нийгэм ямар байна тэр хэмжээндээ л байх ёстой. Бид эх орноо хамгааллаа, үүргээ гүйцэтгэлээ гээд бусдаас илүү байхыг хүсдэггүй. Гэхдээ цэрэг хүнийг эрсдэлтэй үүрэг гүйцэтгэж байгаагынх нь хувьд, өөрийн дураар амьдрах эрхээ хасуулсных нь төлөө төрөөс хөнгөлөлт эдлүүлэх ёстой л доо. Учир нь цэрэг хүнийг улсаас хаашаа яв гэж тушаана тийшээ л явдаг. “Мэдлээ” гээд л чемоданаа аваад замдаа гарна. Дээрээс нь бүх амьдралынхаа турш аюултай зэвсэг, техниктэй харьцдаг. Үүнээсээ болж эрүүл мэндээрээ ч хохирдог. Сэтгэл санаа нь ч амгалан байхгүй шүү дээ. Гранат хариуцаж яваа хүн нэг л буруу үйлдэл хийвэл дэлбэрэх аюултай гээд боддоо. Их буучин хүмүүсийн ихэнх нь дүлий болно. Эсвэл радио, техник дээр ажилладаг хүмүүсийн үс нь цайдаг. Яагаад гэхээр байнга хэт өндөр давтамжийн долгионд байдагтай холбоотой. Тэгээд дээрээс нь хэдэн зуу, мянгаараа хамтарч ажиллагаанд оролцдог учраас тэднээс хоцрох, түрүүлэх ёсгүй. Нэг нь зөрвөл бүгд шийтгэл хүлээх л болно. Жирийн хүний даах хэмжээнээс хэтэрсэн зүйл шүү дээ. Ингэснийх нь төлөө тэр хүний тэтгэврийг бусдаас арай өөр тогтоох ёстой гэж боддог.  

-Та ОХУ-д гурван удаа сургуульд сурсан юм билээ. Манай хоёр орон олон зуун жилийн анд нөхдийн харилцаа холбоотой шүү дээ. Тэнд суралцаж байхдаа олон сайхан нөхдүүдтэй болсон байх. Сэтгэлд тод үлдсэн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Би Зөвлөлт холбоот улсад гурван удаа суралцаж, нийтдээ найман оныг үджээ. Анх 1981-1984 онд Хуягт танкийн цэргийн академид сурсан. Дараа нь Хээрийн академи гэж нэрлэдэг “Выстрел”-д 1987 онд, 1993-1995 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академид сурж байлаа. Манайхан Генералын академи гэж нэрлэдэг. Энэ хооронд оросын маш олон цэргийн дарга, жанжнуудтай хамт суралцаж байлаа. Эднээс онцолж нэг хүнийг яръя. Би Орост гурван удаа сураад, буцаад энд ирэхэд гурван удаа Зүүнбаянд томилогдсон. Эхний удаа батальоны захирагчаар, хоёр дахь удаад нь хорооны захирагчаар, гурав дахьд нь дивизийн захирагчаар томилогдсон юм. Ухаандаа хүний тоогоор бол эхний удаа 100-аад хүн, хоёр дахьд нь 1000 гаруй хүн захирдаг, гурав дахь удаад нь дивиз гэхээр бүр олон анги болоод явчихна. Тэгээд тэнд хорооны захирагчаар ажиллаж байхад Оросын цэргийн бүлэглэл Монголд байсан. Сайншанд хотод цэргийн том анги байсан юм.

Тэндхийн цэргийн ангийн дарга нь дэд хурандаа Бакин Владимир Юрьевич гэж хүн байлаа. Бид хоёр хоёулаа Хуягт тээвэрлэгчийн хорооны захирагч байхгүй юу. Бид хоёр хамтарч үүрэг гүйцэтгэх томилгоотой. Бакин дэд хурандаа, би хошууч цолтой байхдаа танилцаж, найзалж нөхөрлөсөн. Тэгээд 1990-ээд оны үед Оросын цэрэг Монголоос гарахад явсан л даа. Түүнээс хойш холбоогүй байв. Би ЗХЖШ-д сурахаар очоод хамгийн эхний лекцэндээ суучихаад, завсарлагаанаар таних хүн байхгүй ганцаараа сууж байсан чинь нэг хүн ирээд  “Сурээн” гээд дууддаг байгаа. Гайхаад хартал өнөөх Бакин нөхөр байна. Тэгээд хоёул тэврэлдээд уулзлаа. Бакин бас надтай адилхан сурахаар очсон байсан. Бид хоёр дахиад 2 жил гаруй хамт сураад төгссөн дөө. Манай хүн генерал цол аваад, дивизийн захирагчаар явсан. Би энд ирээд хурандаа цол аваад, Зүүнбаянд дивизийн захирагч болсон түүхтэй. Бид хоёр их сайхан нөхөрлөж, хэн хэнийхээ гэр орон, үр хүүхдүүдээ ч мэддэг андууд. Бакин маань 2006-2008 оны парад командалж байна билээ. Хурандаа генерал байсан сүүлдээ армийн генерал болсон, Москвагийн цэргийн тойргийн командлагч нөхөр байгаа юм. Тэгэхээр бид Оросын олон сайхан гарамгай жанжинуудтай хамт алба хааж, сургуулилалт хийж, үүрэг гүйцэтгэж, нөхөрлөж явсан даа. Оросууд ч биднийг үнэлнэ. Бид ч тэднийг үнэлнэ.

-Та цэргийн амьдралаар 40 гаруй жил амьдарсныхаа хувьд юугаар бахархдаг вэ. Ололт амжилт тань юу байв? 

-Цэргийн амьдрал амаргүй гэдгийг би түрүүн хэлсэн. Энэ албыг хаахад олон мянган цэрэг эрстэй хамтран ажиллаж, тэр хүмүүсээс сурах ч юм их байлаа. Ийм амьдралыг туулна гэдэг сайхан завшаантай хэрэг шүү дээ. Өнөөдөр би Монгол Улсын хаана ч явсан нэг нөхөр ирээд л “Сайн байна уу. Намайг таньж байна уу. Тэдэн онд таны удирдлаганд алба хааж байсан тэр байна” гэдэг юм. Би тэр олон мянган эрсийг бүгдийг нь танихгүй л дээ. Тэгсэн ч гэсэн бахархалтай, сайхан байдаг даа. Олон мянган залууг эр хүн, хүн болоход нь чиглүүлж, дэм болж дээ гэж өөрөөрөө бахархаж явдаг. Над шиг айлын ганц хүү эсвэл олон хүүхэдтэй айлын нэг нь байдаг ч юм уу төрөл бүрийн, энд тэндээс цугласан эрчүүдийг угтаж аваад, цэрэг эр болгоод эргээд үдэж өгөхөд сайхан шүү. Сайн сайхан амьдарч яваа олон эрчүүд тааралдана. Баярласан талархснаа илэрхийлээд, их зүйл сурч, хүн болсноо дуулгаад явахад нь бахархалтай байдаг. Яах вэ хийж амжуулаагүй зүйлс ч байдаг байх. Гэхдээ биднийг залгамжлан яваа хүмүүс үргэлжлүүлээд, дутууг гүйцээгээд, дундуурыг дүүргээд л явж байгаа. 

-Эсрэгээрээ алдсан зүйл танд бий юү?

-Цэргийн хүн болсноор амьдралдаа алдсан зүйл байхгүй гэж боддог. Дандаа хайр хишгийг нь хүртэж, өдий зэрэгтэй явж байгаагаа ололт л гэж боддог. 

-Та “Олон залуусыг жинхэнэ эр хүн болгосон” гэж хэллээ. “Эр хүн шиг эр” гэж яг ямар хүнийг хэлдэг юм бэ?

-Жинхэнэ эр хүн бие бялдрын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч аливаа зүйлд түүртдэггүй байх ёстой. Ийм бие бялдартай болгохын тулд янз бүрээр л дасгал сургуулилалт хийлгэж, нэлээд бэлтгэл хийлгэх шаардлагатай. Үүнийг цэрэгт хийлгэдэг. Нөгөө талаар эрдэм мэдлэг ч зааж өгөх ёстой. Хүн бүхнийг уншаад өөрийн болгож чадахгүй. Багш заавал хэрэгтэй. Дээр үед бичиг мэдэхгүй залуучууд цэрэгт их ирдэг байлаа. Бид бичиг, үсэгтэй болгоод л явуулдаг байв. Тиймээс нэгдүгээрт бие бялдарыг нь хөгжүүлж, нөгөө талаар эрдэм мэдлэгт чиглүүлж өгсөн гэж боддог. Энэ бүгдийг сургаж, зааварлах үйл явцын дунд хүн төлөвшилд суралцаж байдаг. Өөрөөр хэлбэл нийгэмшиж, хүнтэй харилцаж, олны жишгээр амьдарч сурдаг. Олны жишгээр амьдарч сурна гэдэг бол маш том зүйл шүү дээ. Үүнийг л цэрэгт сургадаг байхгүй юу. Цэрэгт явах нь амьдралын их сургуульд сурч байна гэсэн үг. Аав ээжээрээ хоол зөөлгөж, гуйлгуулж иддэг шиг зүйл тэнд үгүй. Бүгд зэрэг эхлээд, зэрэг дуусах ёстой. Чи идэж амжаагүй бол чамайг 1000 цэрэг хүлээнэ гэсэн ойлголт байхгүй. Олны жишгээр амьдарч сураагүй хүмүүс л өнөөдөр аливаа асуудалд орооцолдож, хэрэг төвөгт орж байна.  

-Зарим залуус цэрэгт явахаас татгалзах, зугатаах хандлага байдаг юм шиг. Энэ тал дээр Таны байр суурь ямар байдаг вэ?

-Би одоогийн залуусын цэрэгт явах хандлага сайн гэж боддог. Энэ нь төрийн албан хаагч болохын тулд цэрэгт явах ёстойгоос ч юм уу, өөрсдөө үнэхээр хүсэж байгаатай холбоотой ч юм уу ер нь олон шалтгаантай л байх. Явахгүй үлдэж байгаа хэсэг ч бий. Эгэл жирийн улсууд бол цэргийн албаа хааж л байгаа, хаахгүй байгаа хэсгийг нь олигархи хүмүүстэй л холбож ойлгодог. Гэхдээ явж чадахгүй амин чухал асуудалтай хүмүүс байхыг алийг тэр гэх вэ. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үгүй болно гэж хэзээ ч байхгүй. Харин ч жинхэнэ дайчин хүмүүсээр бүрдсээр байна гэдэгт итгэлтэй байдаг. 

-Та олон мянган залуусыг хүмүүжүүлж, амьдралын ухаанд сургажээ. Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ. Тэднийгээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ. Яг л цэргийн арга барилаар хүмүүжүүлэх гээд байдаг уу?

-Би хоёр охин, хоёр хүүтэй. Эхний гурав нь айл гэр болоод тусдаа гарч, өөр өөрсдийнхөөрөө ажиллаж, амьдраад явж байна. Намайг дуурайж цэргийн хүн болсон нь нэг л бий. Бага хүү маань байгаа юм. Дэд хурандаа цолтой. Хүүхдүүдээ чанга гараар хүмүүжүүлсэн байж магадгүй. Гэхдээ ер нь хүүхдүүдийнхээ амьдралд нэг их оролцоод байдаггүй. Гол нь боловсрол эзэмших ёстой, түүнийг нь би хангаж өгөх ёстой л гэж боддог. Боловсрол эзэмших нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн. Түүнээс цааш яаж, юу хийж амьдрахаа өөрөө шийдээд явах учиртай.

-Хүүхдүүд нь Таны үгийг ягштал биелүүлдэг үү?

-Тэгнэ. Ягштал биелүүлнэ шүү. Миний үгнээс зөрөөд явдаг хүүхэд байхгүй. 

-Аав ээж тань Таныг хэрхэн сургаж, хүмүүжүүлж байв. Та тэднийхээ зааж сургасан хүмүүжлийг үр хүүхдэдээ ч мөн уламжлан заадаг уу?

-Манай аав ээж хоёр олон долоон юм ярьдаггүй ч өөрсдийн үйл хэрэг, ажлаараа л намайг хүмүүжүүлдэг байлаа. Надад “тэг, ингэ” гэж огт зааж байгаагүй. Аав маань ганц л зүйл захиж байсан. “Миний хүү битгий мөрийтэй тоглоорой” гэж. Тэр үед нь ойлгодоггүй байж дээ. Сүүлд сонсох нь ээ манай хүн өөрөө тоглож байсан юм гэнэ лээ. Тэгээд өөрөө дэмий гэдгийг нь ойлгоод л надад хэлсэн байх. Би ч гэсэн одоо хүүхдүүддээ олон юм хэлдэггүй. Боловсрол, мэдлэг эзэмшсэн бол боллоо. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” шүү дээ. Хамгийн гол нь “Бусармаг зүйлд битгий татагдан ор. Тийм зүйл байвал хол байх хэрэгтэй” гэдгийг л захидаг. Бүлэглэж хөрөнгө мөнгө завшдаг, хулгайлдаг явдал олширсон үед ийм л үг захина шүү дээ.   

-Та аав, ээжийгээ дурсахгүй юу. Ийм сайхан хүүтэй болсондоо ихэд баярлаж байсан нь лавтай?

-Манай аав, ээж хоёр хөдөөний сайхан малчин улс байсан. Нутаг усандаа цэгцтэй, ажилтай гэгддэг хүмүүс байсан даа. Аавыг маань Сүрэн гэдэг. Нутгийнхан Сүрэн банди гэж дууддаг байв. Манзуширын хийдэд шавилж байсан учраас ийн нэрлэдэг байж. Ээж минь Долгоржав гэж их уран, ажилсаг, нямбай хүн байсан. Манай нутгийнхан андахгүй. Удам угсаагаа ярьвал тайж удмын улс. Манай аавын талынхан Манзушир хутагтын ойр орчмын хүмүүс. Надад бурхан тахил нь хадгалагдаж байна даа. Би чинь сүжиг бишрэлтэй, айхтар буддист хүн л дээ.

-Та багадаа хурдан морь унадаг хүүхэд байсан юм билээ. Дараа нь улсын наадмын хурдан морины комиссийн даргаар олон жил ажилласан гэсэн. Тэгэхээр таны амьдрал морьтой салшгүй холбоотой юм.

-Би багаасаа мал дээр өссөн, хөдөөний хүүхэд. Манайх Төв аймгийн Баянцагаан сумын айл. Чамгүй олон малтай байсан болохоор эрхлэх завгүй өссөн дөө. Аав, ээж бид гурав гурван тийшээ салаад явдаг байлаа. Жоохон байхдаа морь унаад л малдаа явна. Мориноосоо бууж чадахгүй болохоор морин дээрээсээ шээх ч үе гарна. Гэртээ ирж л ааваар буулгуулна. Тэгж л хүн болсон. Манай аав морь уядаг байлаа. Улсын наадамд хоёр морь нь түрүүлж, таван морь нь айрагдсан. Унаач хүүхдийн хувьд би улсын наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан маань хамгийн том амжилт минь юм. Тэгэхээр сайн унаач хүүхэд байж шүү. Дараа нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод 1999-2012 оны хооронд 12 удаа улсын морины комиссийн даргаар ажилласан. Энэ хооронд би морь уяагүй. Улсын ажил хийж байж хувийн ажил хөөцөлдөөд явж болохгүй шүү дээ. Хоёр, гурван хурдан хүлэг байсан ч улсын чухал ажил хариуцсан хүн чинь тэр ажилдаа л анхаарлаа хандуулсан. Морины уралдаанаа хэл амгүй, шударга зохион байгуулахын тулд зүтгэсэн. Үүнийгээ ч биелүүлсэн гэж боддог. Намайг комиссийн даргаар ажиллаж байхад Засгийн газраас баталсан хууль, дүрэмтэй ч болсон. Уяачийн хөдөлмөрийг үнэлж, цол хэргэм өгдөг болсон. Хууль гараад анхны Тод манлай гурван уяачийг “өлгийдөж” авч байлаа. Одоо бол зүгширсэн сайхан наадам хийдэг болсонд миний хувь нэмэр бага ч гэсэн орсон гэж боддог доо.

-Сүүлийн үед хүмүүс унаач хүүхдийн эрхийн асуудлыг хөнддөг боллоо. Өвөл, хаврын уралдаан зохиохыг эсэргүүцэх хүмүүс ч их байна. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Зөв эсвэл буруу гэж ярих хэрэггүй байх. Ер нь бол хүүхдээ хамгаалах нь нэгт тавих асуудал мөн. Гэхдээ хүүхэд морь унадаггүй уралдаан гэж юу байх вэ. Морины уралдааныг хүүхэдгүйгээр зохион байгуулна гэвэл монгол уламжлал алдагдана л гэж боддог. Адуу, монгол хүн хоёр цуг явсаар өдийг хүрсэн. Хүүхэд байхаасаа л адуутай харьцаж эхлэхгүй бол том болсныхоо дараа адуутай ноцолдож, адуугаа маллаж, уяж сойно гэж байхгүй. Тиймээс яаж зөв зохион байгуулах вэ, унаач хүүхэд, морио хэрхэн бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх вэ гэдэгт л анхаарлаа хандуулах нь зөв. Монгол хүнд бусад орны хүмүүсээс ялгарах нэг онцлог байдгийг би анзаарсан. Юу гэхээр, морь монгол хүнд хөдөлгөөний аппаратыг суулгаж өгсөн гэж боддог. Ухаандаа морин дээр унтаж байгаа хүүхэд мориноос унадаггүй байхгүй юу. Ямар нэгэн гадны хүчин нөлөө орохгүй л бол унахгүй. Боддоо, хөгшчүүл морин дээр явахдаа арагшаа урагшаа хараад, гаанс хавтгаа гаргаж ирээд тамхилаад л явдаг, унадаггүй шүү дээ. Тэгэхээр багаасаа морин дэл дээр өссөн хүмүүсийн хөдөлгөөн илүү сайн байдаг. Олон жил морийг харж, морины уралдааны комиссийг ахалж ажиллахдаа үүнийг анзаарсан. Тэгээд энийг цэрэг дээр баталж байгаа юм. Цэрэг хүн төрөл бүрийн нарийн техник эзэмших ёстой. Техник дээр ажиллахдаа монгол цэргүүд маш хурдан хөдөлнө, маш хурдан сурна. Гадаадад олон орны цэргүүдтэй ажиллаж үзэхэд тэд нар тогтсон хөдөлгөөнтэй харагддаг юм. Гэтэл монгол цэргүүд чөтгөр шиг шүү дээ. Аливаа зүйлийг нэг хараад, нэг хийгээд л сурна. Германаас юнимог гээд машин ирэхэд тэдний зүгээс мэргэжилтнээр нарийн, сайн заалгах хэрэгтэй гэсэн. Гэтэл Монголд машинууд ирмэгц нэг өдөр зааварчилгаа аваад л яаж ажиллуулахыг нь сурчихаж байгаа юм. Монгол хүн чөтгөр шиг шүү. Сул тал нь хурдан сурдаг шигээ хурдан уйддаг. 

-Одоо та морь уях талаар бодож байна уу?

-Үгүй дээ. Сүүлийн жилүүдэд мориноос хөндийрчихлөө. Хүмүүс намайг олон жил морины комиссийн даргаар ажилласан болохоор морийг мундаг таньдаг, сүрхий уяач юм шиг боддог юм. Үгүй шүү дээ. Би чинь зохион байгуулагч, удирдагч буюу “leadership” биз дээ. Хэдийгээр хөдөө өссөн ч олон жил мориноос холдчихсон болохоор одоо миний хурдан морь танина гэж юу байх вэ. Харин нэг хүү маань “Ганц морьт уралдаанч, ганц дээлт барилдаанч” гэдэг шиг морь сойж л байна. Би ажиглаад, дэмжиж "балиашиглаад" л байж байна. Хүн юм хийх гэж оролдож байхад нь эсэргүүцэхгүй. Одоо морьд эргэхийг ч ойроос харж чаддаггүй юм. Ойртхоор нэг их мэдрэмтгий сонин болчихоод, шархираад байдаг болсон. 

-Олон жил цэргийн амьдралаар амьдарсан хүн захирангуй, хатуу үгтэй болдог гэлцдэг юм билээ. Та хүмүүсээс ийм шүүмж сонсож байсан уу?

-Байсан шүү. Одоо ч байдаг. Хүмүүс “Та хэвээрээ л байна шүү” гэхээр нь “Тэгэлгүй яах вэ би хэвээ алдахгүй байсаар дуусна” гэж хариулдаг юм. Би 20 гаруй цэргээс эхлээд л хэдэн мянган хүнтэй дивизийн захирагч хийхдээ дандаа аядуу, нам дуугаар ярина гэж юу байх вэ. Олон хүнд үгээ хүргэнэ гэдэг дуу султай хүний хийдэг ажил биш. Зайлшгүй шаардлагаар ингэж байгаагаас омогтойдоо чанга хашгичиж, орилж байгаа хэрэг биш шүү дээ. Үүнийг “командирский голос” гэдэг юм. 

-Тэгвэл та ийм чанга сайхан хоолойтой юм чинь дуулдаг байж таарах нь ээ?

-Дуулна шүү. Өөрийнхөө хэмжээнд дуулна. Дуулдаггүй монгол хүн гэж байхгүй. Ямартай ч найранд гурван дуутайгаа л хүн. 

-Цэргийн хүн нулимс унагах нь ховор байдаг уу?

-Цэрэг ч гэсэн адилхан хүн хучраас уйлна, уярана. Амьдралд зовлон, жаргал юу эс тохиолдох билээ дээ. 

-Хэрвээ та цэргийн амьдралыг сонгоогүй бол өөр ямар ажил хийх байсан бол?

-Баянцагаандаа л сайхан том нудрагатай дээлтэй, олон малтай “амьтан” байж байх болов уу л гэж боддог.  Зүгээргүй “Мянгат малчин” ч юм уу, “Улсын сайн малчин” болчихсон байх байлгүй.

-Та дээр дурдсан 2012 онд тэтгэвэртээ гарсан гэж. Гэтэл одоо ч ажиллаж л байгаа. Ер нь цэргийн хүн тэтгэвэрт гарна гэж байдаг юм уу?

-Нас нь болохоор хуулийнхаа дагуу ажил, албан тушаалаасаа тэтгэвэрт гарна. Гэхдээ офицер хүн бол тэтгэвэрт гардаггүй байхгүй юу. Тэр хүн өөрөө дуусаж байж л офицер биш болно. Би цэргийн ухааны доктор хүн. Тиймээс сурсан мэдсэн зүйлээ нэг хүнд ч гэсэн зааж, сургахыг боддог. Одоо Батлан хамгаалахын их сургуульд магистрантур, докторантурын ангид лекц ордог. Хамт олон маань бас зүгээр суулгахгүй санаатай, санал тависных нь дагуу “Монгол генерал” гэж байгууллагын тэргүүнээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, “Монголын генералуудын холбоо”-г удирддаг. Монголд 176 генерал байдаг. Үүнээс амьд сэрүүн 90 гаруй хүн байна. 

-Цэргийн баяр болж байна шүү дээ. Мэнд хүргэх олон хүн байгаа байх. Танд сүүлчийн асуултыг нээлттэй үлдээе.

-Би Зүүнбаянд гурван удаа томилогдож, олон мянган цэрэг эрсийн албыг нь хаалгасан. Зүүнбаянд асар том цэргийн дивиз байлаа. Бүхэл бүтэн хот сүндэрлүүлж, байгуулсан. Дорноговь аймгийн тэр сайхан нутгийн ардтай, цэргийн нэгтгэл хоршиж ажиллаж, амьдарсан даа. Тухайн үед Зэвсэгт хүчний 126 дугаар нэгтгэл нэртэй байгаад, одоо Зэвсэгт хүчний 336 дугаар анги болсон. Энэ онд 85 жилийн ой маань болох гэж байгаа. Мөн энэ сарын 20-нд буюу даваа гарагт Бөхийн өргөөнд “Зүүнбаянгаа мартахгүй” дурсамж уулзалт болох юм шүү. Зүүнбаянд алба хаасан үе үеийн, мянга мянган цэрэг эрсдээ, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон ахмадууддаа “Цэргийн баяр”-ын мэнд дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

-Танд баярлалаа. Эрүүл энх, энэ ертөнцийн сайн сайхан бүхнийг хүсье.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.