Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ж.Эрдэнэбатын хэлснээр ЭДИЙН ЗАСАГ сэргэх нь "тодорхой болсныг" батлах 18 эшлэл


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгсөн. Ж.Эрдэнэбатын хэлснээр ЭДИЙН ЗАСАГ сэргэх нь тодорхой болсныг батлах 18 эшлэлийг хүргэж байна. 

Манай улс сүүлийн дөрвөн жилд таван өөр төсөвтэй явж ирснийг нэгтгэж нэг төсөвтэй, санхүүгийн нэг дүрэм, сахилга баттай болголоо. Биднийг ажил авахад Монгол Улсын төсвийн алдагдал дэлхий олон орны хувьд тааруухан жишээ болгон яригдаж байлаа.

Бид ажил авсны дараагаас эдийн засгаа сэргээх, төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүн ч гарсан. 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оноос хойш 4 жилийн турш тасалдаж ирсэн төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр даван биелж, алдагдалтай явсан  гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай, гадаад валютын нөөц сүүлийн 4 жилд мөн анх удаа  өсөлттэй гарсан нь манай Засгийн газрын хүлээж авсан хүнд үеийн хямарсан эдийн засагтай харьцуулахад чамлахааргүй үзүүлэлт юм.

2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая ам.долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ, тээнэгэлзээ дунд бид анх ажил авсан. Харин өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа. Энэ бол хоосон яриа, улс төрийн PR биш нь ердөө хэдхэн хоногийн өмнө олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая ам.долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам. долларын санал ирүүлснээс бэлээхэн харагдаж байна.

Бид удахгүй, энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн  нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгана. Ингэснээр Монголын ард түмнийг хэдэн арван жил тэжээх Тавантолгойн ордын өрөм нь болох Зүүн Цанхийн нүүрс долоон жилийн дараа Монгол Улсдаа, Монголын ард түмний мэдэлд эргэн ирж байна. Зүүн Цанхиас олборлож борлуулсан нүүрсний ашиг одоо Монгол Улсынхаа төсөвт орно.

Манай Засгийн газрыг байгуулагдаж байх үед Тавантолгойн нүүрсний үнэ 27 ам.доллар байсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ одоо өсч байгаа нь үнэн. Гэхдээ нүүрсний үнэ өнөөдрийнхөөс ч өндөр байхад тонн нүүрсээ 33 ам. доллараар өгөөд сууж байсан 2 жилийн өмнөх алдааг давтах эрх бидэнд байгаагүй. Тийм учраас бид нүүрсний үнийн өсөлтөд бүхнээ даатган гар хумхин зүгээр суулгүй Тавантолгойн ордын нүүрс борлуулах дуудлага худалдааг ил тод, нээлттэй явуулж, үр дүнд нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр буюу нэг тонн нүүрсээ 72.5 ам.доллараар борлууллаа. 

Манай Засгийн газар ажлаа эхэлж байсан үетэй харьцуулахад бидний өмнөх замд гэрэл сүүмэлзэж, Монголын ард түмэн, Монголын Засгийн газар бодит зорилготой, явах тодорхой зүгтэй боллоо. Улсаа автомашинтай, эдийн засгаа шатахуунтай нь зүйрлэбэл асаад удчихсан бензинийх нь шар гэрэл унтарсан. Гэхдээ манай улсын эдийн засаг эмнэлгийн сэхээнээс гарч, ердийн тасагт шилжсэнээс бус,  хүнд үе нь дуусаагүй байна. Харин ч  шийдвэрлэх олон алхмын өмнөх босгон дээр бид байна.

Bанай ахмадууд тэтгэврээ хүүтэй зээлэх биш, хүүгүйгээр урьдчилж авч болдог болсон.  Хувийн хэвшлээ дэмжиж импортыг орлох нэр бүхий дөрвөн салбарын аж ахуйн нэгжүүдийг нэг хувийн татвартай болголоо.

Оюутан залуус маань гэр бүлд нь хамгийн их дарамт болдог сургалтын төлбөрөө төгсөөд ажил хийж олсон орлогоосоо 10 жилийн турш цувуулж төлөх болзол бүхий сургалтын зээлийн сантай болсон.

УИХ-ын сонгуульд амлаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхийн Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж, "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлэх,  эхчүүдийн улсад ажилласан жилийг төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жилээр нэмэгдүүлж тооцохоор боллоо. 

Манай улс эдийн засгаа хямралаас гаргах ОУВС-ийн дэмжлэгтэй, хөтөлбөртэй, эдийн засгаа сэргээх, тогтворжуулах товлосон цаг хугацаатай болно.

Монголын эдийн засаг өнөөдөр гүн хямралтай байгаа ч гэсэн  бид эргээд хандив хүлээн авагч орон болтлоо уруудан доройтчихоогүй байна. Хамгийн сүүлд 2009 онд дэлхийн  эдийн засгийн хямралын үед ОУВС манай улсад  “Стэнд бай” хөтөлбөрөө хэрэгжүүлсэн. Үр дүнд нь дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямрал дундаас Монгол Улс бараг ганцаараа эдийн засгийн 17  хувийн өсөлт үзүүлсэн. 

Хамгийн түрүүнд ард түмэн биш, харин 

Монголын төр өөрөө бүсээ чангална.
Монголын хууль цааз бүсээ чангална.
Монгол төрийн сахилга бат бүсээ чангална. 

Маргаашаас эхлээд, төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих хүмүүс энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорч. Татвар төлөгчдийн хөрөнгөөр, ердийн тийзнээс  2-6 дахин өндөр үнэ төлж бизнес ангилалд тухалж явдаг төрийнхний тансаглалыг  өнөөдрөөс тасалбар болгоорой. Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат та хяналт тавьж ажиллаарай. Хэрвээ тэр хүн заавал нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууж явмаар байгаа бол үнэ, тарифын зөрүүг нь өөрөө, хувиасаа  төлөөд яв.

Ерөнхий сайд миний томилолт, айлчлалыг аль болох бага зардлаар, цомхон хийж байх талаар "Төрийн ёслолын журам"-д өөрчлөлт оруулж, шийдвэрлүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт үүрэг болгож байна. Эхний ээлжинд Ерөнхий сайдыг орон нутагт ажиллахад хэд хэдэн жип машин хөлөглөн аймаг, сумынхаа хилийн зааг дээр угтдаг, үддэгийг өнөөдрөөс зогсоо.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирлууд байгууллагаа ашигтай ажиллуулж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгөөрэй. Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн захирлуудын цалин, урамшууллыг 30-60 хувь бууруулсан. Одоо бусад хангамж, илүүдэл зардалд боломжит хэмнэлт, таналт хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болгож байна.

УИХ, Ерөнхий сайдаас хариуцлага нэхэхтэй адил Ерөнхий сайдын хувьд би салбарын сайдаас л хариуцлага нэхэж ажиллана. Энэ бол Үндсэн хууль, бусад хуулиар Ерөнхий сайд болон салбарын сайдад олгосон хэнтэй ч үл хуваалцах эрх мэдэл, бас үүрэг хариуцлага. Ямарч эрх мэдлийг үүрэг хариуцлага дагаж байдаг. Тийм учраас салбарын сайдтайгаа ойлголцохгүй, хамтарч ажиллаж чадахгүй байгаа яамдын бусад удирдлагууд, салбарын байгууллагын албан тушаалтануудтай хариуцлага яригдана гэж ойлгох хэрэгтэй.

Би дахиад хэлье. Эдийн засгийн сэргээх бодлогын, хямралыг зогсоох хөтөлбөрийн гол ачааны хүнд нь төрийн албаныхан та бидэнд ирнэ. Та бид хамтдаа үүрч гарна. Юуны өмнө төрийн албаны тансаглал, илүү зардлаас татгалзана. Туйлширч, улсын наадмаа таслах нь хаашаа юм, гэхдээ л төсвөөс санхүүжүүлэх, татвар төлөгчдийн хөрөнгөнөөс тэтгэх бүхий л найр наадмаас түр татгалзана.


Хямралтай тэмцэнэ гэдэг нь хямралд хүргэсэн бүхэнтэй, популизмтай, санхүүгийн болон улс төрийн сахилгад тэрслэх бүхий л оролдлогуудтай , ард түмний нэр барьж ард түмний эрх ашигтай тэрслэхтэй тэмцэнэ гэсэн үг. Тийм учраас өнөөдрийн улстөр хийгч болгон “Чи хямралын талд байна уу, Монголын талд байна уу” гэсэн асуултад хариулах ёстой.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
2
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
3
2024.02.27
Хэний ЭМД-ыг төр хариуцдаг вэ?
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
10 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
13
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.