Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичиг барив


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өчигдөр Бүгд Найрамдах Грек Улсын Элчин сайд Леонидас Роканас, Бүгд Найрамдах Мальта Улсын Элчин сайд Жон Акулина, Босни Херцеговина Улсын Элчин сайд Антон Рилл, Бүгд Найрамдах Эстони Улсын Элчин сайд Мартен Кокк нар тус тус Итгэмжлэх жуух бичгээ барив.

Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланк Улсын Элчин сайд Карунасена Кодитувакку, Бүгд Найрамдах Тажикстан Улсын Элчин сайд Ализода Назирмад, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Элчин сайд Маркос Карамуру де Пайва, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Элчин сайд Ахсин Букелфа, Саудын Арабын Вант Улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Турки М. А. Алмади нар тус тус Итгэмжлэх жуух бичгээ барив.

ИЖБ хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Грек Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Леонидас Роканастай уулзах үеэрээ ажлын амжилт хүсч, Монголд томилогдон ирсэнд нь баяр хүргэлээ. Мөн АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад Грекийн Гадаад хэргийн сайд Никос Коциас оролцсоныг дурдав.

Монгол, Грекийн хооронд 1967 оны гуравдугаар сарын 3-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2017 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох гэж байгааг мөн тэмдэглэлээ.

Монгол Улс Грекээс хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, тухайлбал, хувцас, нэхмэл эдлэл, хөвөн зэргийг импортлодог бөгөөд олон улсын тавцанд ч найрсаг сайн харилцаатай байдаг. Уг харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд чармайлт гарган ажиллана гэдгээ Элчин сайд Леонидас Роканас хэлэв.

Бүгд Найрамдах Мальта Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Акулинатай хийсэн уулзалтын үеэр тус улсын Ерөнхий сайд Жосеф Мускат 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан  АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцсоныг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Мөн хоёр орон боловсрол, улс төрийн хүрээнд сайн харилцаатай явж ирснийг дурдав.

Босни Херцеговина Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Антон Риллтэй уулзахдаа хоёр орны харилцаа олон улсын түвшинд найрсаг сайнаар хөгжиж ирснийг тэмдэглэж, цаашид энэ харилцааг улам өргөжүүлэхэд Элчин сайд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийллээ.

Бүгд Найрамдах Эстони Улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мартен Коккийг хүлээн авч уулзахдаа Улаанбаатар хотод болсон АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад Эстонийн Ерөнхий сайд Таави Ройвас оролцсоныг тэмдэглэж, олон жилийн хугацаанд тогтвортой хөгжиж ирсэн хоёр талын харилцааг цаашид өргөтгөн хөгжүүлэхэд Элчин сайд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Эстони Улсын цахим засаглалын туршлагаас Монгол Улсад суралцах зүйл их байгааг тэмдэглэлээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карунасена Кодитуваккутай уулзах үеэр хоёр талын харилцааг цаашид улам хөгжүүлэх талаар ярилцаж, Элчин сайдын ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ дэмжиж тусалж ажиллана гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж байлаа.

Бүгд Найрамдах Тажикстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ализода Назирмад уулзалтын эхэнд Тажикстаны Ерөнхийлөгчийн халуун дотно мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид дамжууллаа. Мөн эртний сайн харилцаатай Монгол Улстай харилцаагаа улам хөгжүүлэхийн төлөө ажиллахаа Элчин сайд илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тажикстаны Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ уламжлав.

Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маркос Карамуру де Пайва Монгол оронд анх удаа ирж, монголчууд элэгсэг дотно хүлээн авч байгаад талархалтай байгаагаа ярианыхаа эхэнд дурдав. Мөн хоёр орны хооронд хөдөө аж ахуй, уул уурхай, спортын чиглэлд харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг талууд дурдсан юм.

Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахсин Букелфатай уулзах үеэр талуудын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаа Элчин сайд тэмдэглэлээ.

Саудын Арабын Вант Улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Турки М. А. Алмади Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа хоёр тал сайн харилцаатай явж ирснийг дурдаад Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, хоёр улсын харилцааг цаашид эрчимтэй хөгжүүлэхийн тулд чармайн ажиллахаа мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарт ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
17
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.