Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

“Орчин үеийн хятад яруу найраг” номоос ОНЦЛОХ 10 шүлэг

Орчуулагч Н.Энхбаярын орчуулж, эмхэтгэсэн “Орчин үеийн хятад яруу найраг” номоос онцлох шүлгүүдийг Дэлхийн яруу найргийн өдөрт зориулан хүргэж байна.


Орчуулагч Н.Энхбаярын орчуулж, эмхэтгэсэн “Орчин үеийн хятад яруу найраг” номоос онцлох шүлгүүдийг Дэлхийн яруу найргийн өдөрт зориулан хүргэж байна.

Хаврын амилан сэргэсэн бадгууд

1.
Урьд шөнийн дорнын сэвшээ салхинаас
Уусаж одсон нэгэн хавар
Өнөөдөр дахин амилан сэргэв.
5.
Ноднингийн хавар өдийд байхгүй гэж хэн хэлнэ?
Хэлбэр дүрс үгүй тэр нэгэн хавар
Хэзээ ямагт сэтгэлд үл оршдог билээ.
6.
Сэтгэл доторх хавар
Хэзээ ч амилж болно.
Долгилсон сүнс нь яагаад
Дорнын салхинаас үүснэм?

-Лью Дабай, 1923 он

Нууцлаг бодол

Эрт балрын сүмийн өмнөх
Элэгдэж хуучирсан хонхт цамхгаас
Жигүүртэн ч биш, араатан ч биш
Жигтэй сонин сарьсан багваахайс нисэлдэх шиг

Эвхмэл харанхуйн нам гүм дунд
Эл хуль уураг тархинаас минь
Энэ, тэр гэж ангилахын аргагүй
Эртний, битээлэг бодол үргэлж урсана.

Өндөр санаат сарьсан багваахай шиг
Өнөөх бодол минь газраар мөлхөхүй
Дугуй, хавтгай тойрог үүсгэн
Дур зоргоороо тэнгэрт эргэлдэнэ.
    
Эль хуль уураг тархи минь
Эвхмэл харанхуйн нам гүмд
Эгээ л сарьсан багваахай мэт
Эртний, нууцлаг бодол урсгана.

-Вэнь Идуо

Сэтгэгдэл

Судсаар
Сүүлчийн навчис мэт
Цус урсана.

Амьдрал гэдэг үнэндээ
Үхлийн уруулд тодрох
Үл мэдэгхэн инээмсэглэл юм.

Хагас үхлүүт сарны дор
Ханатлаа цэнгэж дуулахад
Хашхирсан хоолойн чимээ
Умрын салхиар сарниж одно.
Ай хөөрхий!
Хайрыг чинь тайтгаруулан авч одно.

Сэтгэлийн чинь цонхыг нээхүйд
Сэрэмж дүүрэн бишүүрхэл
Аян замын тоос
Алаг нүдийг нь бүрхэнэ.
Энэ чухам
Амьдралын ичингүйрэл үү,
Эсвэл бухимдал уу?

Судсаар
Сүүлчийн навчис мэт
Цус урсана.

Амьдрал гэдэг үнэндээ
Үхлийн уруулд тодрох
Үл мэдэгхэн инээмсэглэл юм.

-Ли Жиньфа

Далай

Цөөрмийн дэргэд зогсоод
Нэгэн лянхуаг ширтлээ.
Усан дундаас ургасан
Уран гоолиг түүнд хэлэв:
Үүнээс хойш би далайг хайрлахгүй ээ.
Үл мэдэг инээмсэглээд лянхуа цэцэг:
Залуу хархүү минь ээ, цэлмэг сэтгэлийн чинь далайд л
Цэцэгс дэлгэрэх болно.

-Фэй Мин

Нарцисс

Бүх юм ердөө л дүрийг чинь тусгах
Бүрсгэр толь, эсвэл ус.

Харцанд чинь л өртөх үзэсгэлэндээ төөрөх хэрэггүй.
Хамгийн гүндээ сэтгэл чинь базлан базлан өвдөж
Цус алдах болно. Сэтгэлийн чинь дээд хязгаарт
Аз жаргалын гэрлийг халхлагч аймшигт хар үүл бүрэлдэх болно.
Тэгээд л зовлон ундрах болно.
Тэмүүлэх зүг, эрмэлзэл үгүй болно.
Эх адаг гэж үгүй болж, дурсамжийн чинь эргүүлэг
Эцэс төгсгөлгүй чимээ шуугианыг хэлхэх болно...

Бүх юм учир зүйгээ алдана.
Бүдчих амьдрал чинь эмх замбараагүйн дунд гундах болно.
Дүр чинь хор болон хувирч уйтгар шаналалд эзэмдүүлж
Дүнсгэр саарал өнгөнд будагдаж улам улам эхүүн үнэр ялгаруулах болно...

Харин толин доторх үзэшгүй муухай жинхэнэ дүр чинь
Тоомжиргүйхэн мөрөө хавчиж хүйтнээр инээгээд хүмүүст хандаж
“Урьдын жаргалаа мартаж чадлаа” гэж хэлэхийг харах болно. Тэгээд
Усанд нүүрээ буохаж толийг хагалах болно.

-Дү Юньсие, 1942 он

Нүцгэрэхэд чинь бүх юм чинийх болно

Нүцгэрэхэд чинь бүх юм чинийх болно
Одны гэрэл, горхины ус, хаа сайгүй угтах
Харанхуй шөнөөс өөр юу ч үгүй
Эх дэлхий шиг байх хэрэгтэй, чи!
Давалгаалах чимээ, усны цалгиан
Өндөрсөж намсах мөнхийн түрлэгээс
Өөр юу ч үгүй, хад шиг байх хэрэгтэй, чи!
Ганцаардал, гуньхралаас өөр юу ч үгүй
Салхи шиг байх хэрэгтэй, чи!
Нүцгэрэхэд чинь л
Бүх юм чинийх болно.
Гол, нурууд, ой моддоос өөр юу ч үгүй
Эх дэлхий шиг...
Голдоо тэнгис болоод
Сарны лугшилтыг хадгалах
Хад чулууд шиг...
Сүрлэг уулс, цавчим ангал,
Хараа алдрам хээр тал,
Хаяа хярхаггүй далай тэнгисээс өөр юу ч үгүй
Салхи шиг...

Нүцгэрэхэд чинь л
Мананцрын цаадах тэнгэрлэг хөгжим,
Магад түүний цаадах сүрдэм гоо чинийх болно.
Нүцгэрэхэд чинь бүх юм чинийх болно.

-Хуан Гуобинь, 1978 он

Цонхны минь доогуур өнгөрөхдөө чи

Цонхны минь доогуур өнгөрөхдөө чи
Аз жаргал хүсээрэй,
Гэрэл ассаар л байгаа учраас...

Асаж буй энэ гэрэл
Уйтгартай, хүнд шөнөөр эгээ л
Урсгал дагах загасчны дэнлүү мэт.
Буйд, жижигхэн өрөөг минь шуурганд туугдсан
Бяцхан завь юм гэж чи төсөөлөөд үз.
Гэвч би хөмөрчхөөгүй л байна,
Гэрэл ассаар байгаа учраас...

Асаж буй энэ гэрэл
Хөшгөн дээр сүүдэр тусгаад
Хурдан шалмаг хөдөлгөөнгүй, улам бөгтийсөн нуруутай
Хөгширч доройтсоныг минь харуулавч
Уруудаж ядарсан нь сэтгэл л биш
Учир нь гэрэл ассаар байна.

Асаж буй энэ гэрэл
Эргэн тойрны мэндчилсэн бүхэнд
Энгүй хайраар хариулна.
Асаж буй энэ гэрэл
Ихэмсэг бардам төрхөөрөө
Ил далд бүхнийг халиана.

Ээ, дэнлүү хэзээдээ ийм эзэрхэг хүчтэй болчихов?
Энэ сэтгэлийг минь чи ойлгож эхэлсэн мөчөөс л байх.

Гэрэл ассаар л байгаа учраас
Аз жаргал хүсээрэй
Цонхны минь доогуур өнгөрөхдөө чи...

-Шү Тин, 1976 он

Хоргодохуй

Зам бүхэн чам руу зүглэвч
Хүрч очих нь ганц ч үгүй.

Хэлсэн бүхэн чинь толь бичиг болж
Хэлгүй мэт дүнсийхийг чинь
Хураан цуглуулагчийн зүрхэнд
Хэлмэрчилсэн үгс аяндаа уусжээ.

Үүдээ чи түгжив.
Түлхүүрээ бас хаячихав.
Тэндээс явснаас чинь хойш дэргэдүүр нь өнгөрөх бүртээ
Дэлгээтэй цонхыг дандаа ширтдэг болов.

Санаа алдах бас алга таших чимээ
Зөөлөн тунамал чулуудыг
Хув болгохоос өмнө

Өтгөн шигүү навчсын гүнээс
Өнөөх бяцхан хүрхрээ чинь
Дуугарлаа.

-Шү Тин, 1976 он

Ганцаардлын хаант улс

Өнгөрсөн шөнө би дахиад л
Өөрийгөө цаст оргил дээр нүцгэн суугаагаар зүүдэллээ.

Цаг агаар нь энд өвөл хаврын зааг шиг
(Цас будрах нь цг л хунгийн зөөлөн өд шиг)
Царгисан, хүйтэн хотын шуугиан энд үгүй
Цаг нь цагаа зажилж буй сулхан чимээ л гагц буй.
Хорт могой, ёрын ууль, хүн төрхт араатан тэнд үгүй
Хар эрвээхий, чидуны мод, мандалт цэцэг л гагц буй.
Бас энд хэл яриа, учир зүй, ялгуусан Будда гэж үгүй
Байгалийн анхны төрх – аниргүйн хүч л хаа сайгүй буй.
Өдөр нь энд шөнө шиг тийм нууцлаг, тунгалаг
Шөнө нь өдрөөс ч илүү өгөөмөр, цацарсан, үзэсгэлэнтэй.

Эндхийн хүйтэн дарс мэт, шүлэг болоод гоо сайхныг хадгалнам.
Эзгүй хоосон нь хүртэл дохио зангааг минь ойлгохуйд
Эгнэгт хэлээ мартсан яралзах оддыг уринам...
Өнгөрсөн цаг арай ч явчихаагүй, ирээдүй хараахан ирээгүй байна.
Өөрөө би одоо цагийн боол болоод хаан байна.

-Жоу Мэндие

Шүлэгчийн өдөр

Шүлэгчийн өдөр
Шүүрч үзгээ авмааргүй
Шүлэг огт бичмээргүй байна.
Харин
Үсээ тайруулах хэрэг байна.
Өвлийн хувцсаа хураамаар байна.
Эвтэйхэн ганц захиа бичих ажилтай
Эцэстээ ер нь гэрлэх үү болих уу, бодох хэрэгтэй.
Үд дунд унтаад амарчихмаар...
Чийрсэн дэвсгэр даанч жихүүн...
Үгүй ер нь ингэхэд хүүхэд төрүүлэх хэрэг байна уу?
Өрөөнд замбага цэцэг, гүйлсний
Онцгүй үнэр нисэлдэнэ.
Leonard Cohen гитараа
Элдэвлэж байна:
“Атаат дайсан чинь нойрсож байна
Амраг бүсгүй чинь сэрүүн байна...”
Баншны гурилыг, давсалсан өндөгний цагааныг
Барж идэхэд түүний хөгжим л хэрэгтэй.
Тамхиа татах нь цаанаа л донжтой
Тэр бас онигоо ярих дуртай.
Тэгэвч түүнээс илүү шалтгаан байх ёстой.
Хатагтай, ноёд оо!
Хангалттай, би дахиж уйлахгүй.
Дэлхийн бөмбөрцөгийн далан хувийг
Далай тэнгис бүрхчихсэн шүү дээ.
Тэгээд ч данхтай ус буцалчихлаа.
Аяга цай найруулаадахъя.
Тэр утсаар ярьж байна:
Алив ээ, хөгжилтэй байцгаая.
Зөөлхөн
Амттай
Зөнгөөрөө л шингэх
Түүний уруул
Бас хэлэх үгс...
Даанч ус буцалчихлаа.
Даруйхан би цай найруулах ёстой.
“Нил мөрний улаан загас байснаас
Нэг насаараа бүсгүй хүн байхыг хүснэ”
Энэ бол зүгээр л сурталчилгаа.
Эхлээд би шүршүүрт орох хэрэгтэй байна.
Эцэст нь дүгнэхэд
Шүлэг хэтэрхий хээнцэр
Тэгээд бас
Тэнэг, уйтгартай зүйл.

-Ся Юй, 1982 он

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
16 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.