Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

БОДИТ ДҮР: Бүргэдийн анчин охин Н.Айшолпан

"Гэрэг" сэтгүүлээс нэрлэсэн Монголын нөлөө бүхий 50 хүний хамгийн залуу бөгөөд хамгийн хүчирхэг нь тэр.


Өнгөрсөн есдүгээр сард  Теллюридийн кино наадамд оролцохоор Колорадог зорихын өмнөхөн Айшолпан болон гэр бүлийнхэнтэй нь Улаанбаатарт уулзсан юм. Ramada зочид буудлын чамин, тансаг өрөө тэдэнд нэг л харь санагдаж байгаа нь илт мэдрэгдэнэ. Яг үүнтэй адил алдар хүнд, олон нийтийн анхаарал Айшолпанд нэг талаараа гайхам сайхан мэт боловч нөгөөтэйгүүр тухгүй, танил бус мэдрэмж төрүүлж байх шиг. Үеийнх нь охид хөвгүүдийн тухай нууцхан шивнэлдэж, өсвөр насны сэтгэл хөдлөлдөө автаж явахад Айшолпан дэлхийн нөгөө өнцөгт, Монголын нэрийг гаргаж, бүргэдээр ан хийдэг хосгүй соёлыг дэлхий дахинд таниулж явсан юм

Монголын баруун хойд хязгаарт төрж, бусад хүүхдийн л адил сургуульдаа явахын зэрэгцээ гэрийн ажилд тусалж өссөн улаа бутарсан хацартай бяцхан охин Айшолпан бүргэдийн баяраар 80 гаруй эрийг ардаа орхин түрүүлсэн тухай мэдээ дэлхийн томоохон хэвлэлүүдээр шуугиж байсан нь хоёр жилийн өмнө. Тэр үеэс л Айшолпан дэлхийн хүн болсон. Израилийн гэрэл зурагчин Ашер Свиденски 2014 оны “Бүргэдийн баяр”-ын үеэр бүргэд шувуугаа нэг гар дээрээ суулгаад, хадан хавцал дээр алсыг ширтэн зогсох 13 настай охины гэрэл зургийг барууны томоохон хэвлэлүүдэд илгээснээр түүний эхэлсэн юм. 

Айшолпаны амьдралаар бүтээсэн, найруулагч Отто Беллийн “Бүргэдийн анчин охин” баримтат кино энэ оны нэгдүгээр сард Сандэнсийн олон улсын кино наадмаар нээлтээ хийсэн. “Sony Pictures”-ийн бүтээл “The Eagle Huntress” кино энэ онд Теллюрид, Торонтогийн олон улсын кино наадамд тун амжилттай оролцож, АНУ-ын кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэлсэн нь Айшолпаны алдар хүндийг улам өндөрт гаргав. Кино наадам, театрын үзвэрийн нээлтэд оролцохоор олон оронд зочлон, амсхийх завгүй өдрүүд өнгөрч Айшолпан одоо л гэртээ, амар тайван суугаа.

Энэ их алдар хүнд Айшолпаны цагаахан сэтгэл, ичимхий даруухан инээмсэглэлд сэв суулгаж чадаагүй. Айшолпан охин бүргэдтэйгээ байхдаа хэнээс ч илүү аз жаргалтай, итгэл дүүрэн байдаг нь “Бүргэдийн анчин охин” кинонд илэрхий харагдана лээ. Зөвхөн эр хүний ажил гэгддэг ан ав, тэр дундаа бүргэдээр ан хийх Казакийн өвөрмөц уламжлалыг ааваасаа өвлөж, 10 настайдаа найман кг жинтэй бүргэдийг нуруун дээрээ суулгаад андаа гарсан Айшолпан бол яах аргагүй хүчирхэг эмэгтэйн бэлгэ тэмдэг мөн. “Бүргэдийн анчин охин” киноны нээлтийн дараа Н.Айшолпан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон, жүжигчин Ума Турман нартай мөр зэрэгцэн “Harper’s Bazaar” сэтгүүлийн “Эрэлхэг эмэгтэй” жагсаалтад багтаж, “Variety” сэтгүүлийн хуудсыг нүүр дүүрэн инээмсэглэлээрээ чимсэн удаатай.

“Ирэх жилүүдийн Хэллоуны баяраар “Frozen”-ийн Элса, “Hunger Games”-ийн Кэтниссийн дүрд хувирсан олны дунд үслэг хувцас өмсөж, ангийн тоног, хэрэглэл зүүсэн “Айшолпанууд” явж байвал хэн ч гайхахгүй нь лавтай” хэмээн New York Times бичсэн удаатай. Гэхдээ Элса, Кэтниссээс ялгаатай нь Айшолпан бол хүчирхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон бодит хүн. Тэр бол жинхэнэ. Түүний тэсвэр хатуужил, өвлийн тэсгим хүйтэнд өндөр уулаар морьтой давхиж, бүргэдээр ан хийх чадвар, өхөөрдөм хөөрхөн инээмсэглэл нь зохиомол үлгэр бус, бодит үнэн билээ.

Энэхүү хөрөг нийтлэл нь "Гэрэг" сэтгүүлийн "Монголын нөлөө бүхий 50 хүн" дугаарт нийтлэгдсэн. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2024.01.23
ХӨРӨГ | Цэг цэгүүд нийлсээр нэгэн бүхэл зураасыг бүтээв
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.