Хайх зүйлээ бичнэ үү

"Яг түүн шиг-2" шоуны оролцогчоор шалгарчээ.

Өнөөдөр "Боловсрол" телевизээс зохион байгуулдаг "Яг түүн шиг-2" шоуны оролцогчдыг зарлаж, олон нийтэд мэдэгдлээ. Олны танил 8 хүн оролцож, сугалаанд таарсан алдартныхаа дүрд хувирч, үзүүлбэрээ толилуулдаг тус шоунд БНСУ-д ажиллаж, амьдардаг С.Гантогоо оролцохоор болжээ. Түүнтэй өнгөрсөн есдүгээр сард хийсэн ярилцлагаа хүргэж байна.    

Өчигдөрхөн монгол залуугийн дуу K-Pop чартын шилдэгт орсон гэх мэдээлэл цацагдаж, биднийг огшоогоод амжсан. БНСУ-ыг бусдын л адил гэрээт ажилтнаар зорьж байсан Сэргэлэнгийн Гантогоо гэх зорилготой, тэмүүлэлтэй залуутай ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.

-Би таныг өдрийн хоолондоо юу идсэнийг таах уу. Кимчитэй ямар нэг хоол, тэгээд аяга будаа тийм үү?

-(Инээв) Би өдөр хөнгөн хооллосон. Кимчи байсангүй. 

-Ямар нэг хоолны дэглэмтэй холбоотойгоор уу?

-Үгүй ээ. Өглөө нэлээд идчихсэн болохоор л. Гэхдээ ер нь зөв хооллолтыг эрхэмлэдэг.

-Ингэхэд Монголын хойд тайгын хүү яаж анх Сөүлийн түм түжигнэсэн орчин үеийн амьдралд хөл тавьсан бэ. Тэр үеийн сэтгэгдэл одоо танд үлдсэн үү?

-Олон аавын хүү, охидын адил гэр бүлийхэндээ санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр их сургуулиа төгсөөд гэрээт ажилчнаар анх Солонгост хөл тавьж байлаа. Аялах гэж байгаа юм шиг их л ганган очиж билээ. Гэтэл тас харанхуй, тоос шороотой ажлын орчин намайг тоссон. Хэдэн тайланд, хятад, солонгос ажилтан тосч, маргаашаас нь шууд ажиллаж эхэлсэн дээ. Ид халууны үеэр очсон болохоор яг л хүлэмжинд байгаа юм шиг л байсан. Сайн болон саар аль ч талаараа хэзээ ч мартагдахааргүй цаг үе байсан. 

-Хэдэн он байсан бэ?

-2007 он. Одоо бол орчин нөхцөл нь л өөрчлөгдсөн болохоос биш тэр үеийн Ганаа, одоо үеийн Ганаагийн хүсэл зорилго, ааш зан яг л хэвээрээ байгаа. 

-Та дуулаачийн мэргэжилтэй юү?

-Үгүй ээ. Би МУБИС-ийг Газарзүйн заах аргач багш мэргэжлээр төгссөн. Ээжийнхээ багш мэргэжлийг өвлөсөн юм. 

-Аав, ээж гэр бүлийхнийгээ танилцуулна уу?

-Ээж, ах, 2 охин дүү минь эх орондоо ажиллаж, амьдардаг. Харамсалтай нь аав минь хорт хавдраар хорвоогийн мөнх бусыг үзсэн дээ. Жил ч болоогүй байна. Аав минь насаараа цэргийн даргаар ажилласан. Хилийн цэргийн хошууч цолтой хүн байсан. Ээж минь тэтгэвэртээ гарсан. Одоо ач, зээдээ “багшлаад” байж байгаа.

-Уучлаарай. Аавыгаа алдах тэр мөч үнэхээр хэцүү, тэгээд хүний нутагт... 

-Тийм ээ, аавынхаа нүд рүү харж байгаад, хүү нь тандаа хайртай шүү гээд хэлэхгүй яав даа гэж их харамсдаг. Хэдийгээр эр хүн, цэргийн хүн ч гэлээ тэр үгийг сонсохыг хүссэн л байх. Гарынхаа хоолыг хийж өгч, сайхан ярилцаад суух минь яав даа гэж их боддог юм.

-Аавынхаа нэрийг, Монголынхоо нэрийг дэлхийд гаргах цаг хугацаа ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Үнэндээ олон хүнд танигдаад од болчих юмсан гэсэн бодол надад огт байгаагүй. Зүгээр л өөрийнхөө дуртай ажлыг хийж, түүнээсээ эрч хүч авч, тууштай байсан болохоор л аяндаа ийм сайхан зүйл болдог юм байна. Чин сэтгэл байвал зөв замаар явдаг гэмээр ч юм уу.

-Та анх хэдэн наснаасаа дуулж эхэлсэн бэ?

-Цэцэрлэгт байхаасаа л дуулж эхэлсэн. Ээж минь ч сайн дэмждэг байлаа. Ардын, зохиолын, хүүхдийн, эстрадын гээд бүх төрлөөр дуулж байсан. Миний үеийн Хөвсгөлийн залуучууд намайг сайн танина даа. Урлагийн үзлэгээр жинхэнэ “хашраадаг” байсан (инээв). Сүүлдээ VI, VII ангиас урлагийн үзлэгт намайг оруулахаа больсон хөгжилтэй дурсамж ч бий. 

-Гэрээний ажилтнаар явсан хүн яаж урлагийн салбар руу шилжсэн юм бэ. Их сонирхолтой байна?

-Хар ажилд “балбуулж” байсан ч хүн дуртай зүйлээ хийдэг юм билээ. Би дуулсаар л байсан. Нэг ёсондоо дуу хөгжим миний энерги, хэцүү үеийг даван туулах гарц болж хувирсан. Ажлаа тараад л “Монгол таун”-ы караокед очиж дуулдаг байсан. Сүүлдээ караокены эзэн нь намайг караокедоо үнэгүй дуулуулдаг болсон. Тэр үеийг одоо бодох нь ээ дасгал, сургуулилт болсон санагддаг юм. Хэсэг хугацааны дараа солонгос хэлийг уйгагүй сурч, хаана уралдаан, тэмцээн болно тэнд очиж өөрийгөө сорьж эхэлсэн. Анх 2008 билүү 2009 онд Сөүл хотын “Монгол наадам“-ын дууны уралдаанд орж, түрүүлж байсан.

-Солонгос улсад хэдэн оноос эхлэн уран бүтээл хийж эхэлсэн бэ. Одоо ямар студид харъяалагдан ажиллаж байгаа вэ?

-Би 2012 онд Олон үндэстний дуулаачдын "Montant" байгууллагад орж, гэрээтэйгээр ажиллаж эхэлсэн. Яг энэ үеэс л миний Солонгос дахь уран бүтээл эхэлсэн гэж үзэж болно. Одоо байгууллагынхаа бүх үйл ажиллагаанд оролцож, олон нэвтрүүлэг, тоглолтод орж байна. Энэ жилээс соло уран бүтээлээ эхэлж, анхны гараа минь ч сайн байлаа. Соло уран бүтээлээ хийх цаг минь болсон болов уу гэж бодож байгаа. 

-Солонгос их хөлийн газар шүү дээ. Шоу бизнесийн өрсөлдөөн нь нэлээд харгис ширүүн байх. Таны одоогийн амжилт яаж олдсон бэ? Танд солонгос киноны эрчүүд шиг уйлах, бархирах үе гардаг уу?

-Солонгосын хөгжмийн урлаг ямар шатанд явж байгааг ихэнх хүн мэдэх байх. Энэ айхтар өрсөлдөөнтэй салбарт шургаж орно гэдэг ёстой л өвсөн дундаас зүү олохтой адил зүйл. Маш их тэсвэр, тэвчээр, уйгагүй хөдөлмөр гаргасан юм шүү. Юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй, халширах үе их байсан. Гэхдээ ээжийн минь “Хүний нутагт нэрээ бодож, тууштай, шударга байгаарай” гэсэн үг нь намайг дандаа зоригжуулж, чиглүүлж өдий хүргэлээ. Маш их завгүй байсан болохоор хашгирч, бархирах үе байсангүй. 

-Та одоо Солонгост олны танил хүн болж амжсан уу? Тийм бол тэр мэдрэмж ямар санагдаж байна?

-Одоохондоо гадуур явахад хүн болгон таньдаг хэмжээнд хүрээгүй байна. Гэхдээ хоёр жилийн өмнө “Star king” буюу “Оддын хаан” нэвтрүүлэгт орсноос хойш тоглолтонд оролцоход “Монгол дуучин байна. Амжилт хүсье” гэх мэтээр гар барьж, таньдаг хүмүүс олон болсон байна лээ. Харин монголчууд маань таньдаг болжээ. Намайг маш сайн дэмжиж, байнга урам зориг өгдөгт баярлаж явдаг.

-Таны клипийг харахад Та нэлээд бадриун л болохоос Солонгосын одуудаас ялгарах юм алга. Солонгосын үзэгчдэд Таны ямар дүр төрх шинэлэг санагдаж байгаа бол?

-Би эрүүл амьдрал, хөдөлгөөнтэй байх зорилгоор фитнессээр тууштай хичээллэхийг зорьж байгаа. Солонгосын үзэгчдэд монгол хүн солонгос дууг хэр дуулж байгаа нь сонин содон санагдаж байх шиг байна. Тэгэх ч болов уу гэж бодож байсан. K-pop одууд ерөнхийдөө туранхай байдаг. Тэр нь ч тренд болж байгаа.

-Солонгост гоо сайхны засвар хийлгээгүй од тун цөөн гэдэг. Танд жаахан ч гэсэн өөрчлөлт хийхийг менежер тань санал болгосон уу?

-Энд охид, залуучууд нь гоо сайхны мэс засал хийлгэхэд нээлттэй ханддаг. Яг үнэндээ надад өөрчлөөд байх зүйл байхгүй. Би өөртөө сэтгэл хангалуун байдаг. Аав, ээж минь намайг сайхан төрүүлж, өсгөсөн. Энэ төрх минь миний давуу тал гэж боддог. Өөрчлөлт хийх санал ирж байгаагүй. Хүн аз жаргалтай байвал цаанаасаа гэрэлтээд байдаг юм шиг ээ. 

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Миний нэг өдөр завгүй өнгөрдөг. Одоо бүр ч илүү завгүй болж байна. Өдөр, долоо хоног, сар, жилийн төлөвлөгөөгөөр амьдарч байна. Ерөнхийдөө өглөө босоод өглөөний цайгаа заавал уудаг, ажил дээрээ очоод эхлээд 30 минут хоолойны дасгал хийсний дараа тухайн өдөр, сарын тоглолтын хуваариа хараад бэлтгэл ажлаа хийдэг дээ. Мөн сургалт, семинартай бол түүндээ бэлддэг юм. Чөлөөт цагаараа шинэ дуу, хөгжим сонсож, өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаардаг.

-Найз бүсгүйтэй юү? 

-Одоохондоо маш шахуу төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа учраас ганц бие. “Сингл мэн” (инээв). Эхлээд зорилгынхоо төлөө цаг гаргах шаардлагатай л байна. Гэхдээ нүдэнд дулаахан, сайхан бүсгүйтэй учрахыг үгүйсгэхгүй ээ. Аяндаа бүх зүйл болно биз дээ.

-Гадаадад амьдарч, ажиллаж байгаа учраас гадаад бүсгүйтэй гэр бүл болох болов уу?

-Үнэндээ монгол бүсгүйтэй гэр бүл болохыг хүсдэг.

-Та Монголдоо хэр их ирдэг вэ?

-Жилдээ ганц, хоёр удаа очиж гэр бүл, хамаатнуудтайгаа уулзахыг боддог ч тэр бүр санаснаар болдоггүй. Хааяа тэднийгээ энд урьж, тоглолтоо үзүүлдэг л юм.

-Өөрийнхөө ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Хүн бүр ирээдүйгээ сайхнаар төсөөлдөг. Төсөөлсөн шигээ сайн ажиллах ч хэрэгтэй байх. Залууст зөв үлгэр дуурайл болж, олон хүмүүст өөрийнхөө дуу хоолойг хүргэж, дотоод ертөнцөө таниулах юмсан гэж боддог. Мэдээж гэр бүлдээ цаг зав гаргаж, ээжийнхээ ачийг хариулахыг хүсдэг.  

-Гэрээний ажлаа болиод урлаг руу шилжин орж байсан үеийн мэдрэмж ямар байсан бэ?

-Үнэхээр гайхайлтай мэдрэмж байсан. Гэрээний ажлаа 5 жил хийсний дараа дүү нар минь ч их сургуулиа төгсөөд, амьдрал жигдрээд сайхан болсон. Тэр үед л өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэхээр шийдсэн. Тухайн үед фэйсбүүкээр "Montant" байгууллагад дуучин шалгаруулж авах зар тавьсныг хараад тэгээд л шалгуулж, тэнцсэн дээ. Байгууллагатайгаа гэрээ хийсний дараа визний ангиллаа солиулсан. Гэрээт ажилтны визээ урлагийн визээр солиулсан анхны хүн нь би болсон. Өөрөөрөө бахархмаар сайхан мэдрэмж төрж билээ. Хүн ер нь аливаа зорьсон зүйлдээ тууштай л байх хэрэгтэйг ойлгосон. Одоо мэргэжил минь л өөрчлөгдсөнөөс Гантогоо гэдэг хувь хүн өөрчлөгдөөгүй ээ.

-Баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье.

Түүний зургийн цомгоос хүргэж байна

Түүний соло уран бүтээлийг хүргэж байна  


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.