Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Millennials: Мянганыхны өчил буюу 20-30 настнуудын тунхаг


Бидний үеийнхнийг БИ гэх үг бүрэн төлөөлнө. Бид биш, тэд бүр биш, зөвхөн БИ. Хэлэх, сэтгэх эрх чөлөөг хүртэл боомилдог байсан урьд үед үгийн үнэ цэнэ гээч тэнгэрт тулж байсан байтал одоо би л гэхэд дээрх хэдхэн өгүүлбэрийг бичихийн зуур Фэйсбүүкээ гурвантаа шалгаж, нэг статус бичиж амжсан байх юм (нэг их чухал ч юм биш).  Одоогоос хэдхэн жилийн өмнө айл бүрийн гэрэл зургийн цомогт хуримын, дунд болон их сургуулийн, мөн цэрэгт байх үеийн зураг л байдаг байв. Сайндаа л нэг хоёроос хэтрэхгүй тэмдэглэлт баярын инээмсэглэсэн зураг байх. Гэтэл одоо яав? Би гадуур нэг цаг зугаалах зуураа өөрийн, тэжээвэр амьтан, үзэж харсан сонин хачин зүйлс болоод идэж, уусан юмсынхаа зургийг авахад л гэрэл зургийн нэг цомог дүүргэж чадна, болно. Бидний үеийн залуусаас альбумтай нь цөөн. Байлаа ч ойрын хэдэн жил шинэ зураг нэмээгүй байх нь олон. Фэйсбүүк, Инстаграм руу нь харин орж харвал ихэнх нь, дийлэнх нь ганцаараа авахуулсан зураг байж мэднэ. Гурван настай хүүхэд камерт яаж харагдахаа мэддэг болж, энэ үедээ хэдийнэ XVII зууны үеийн хаанаас ч олон хөрөгтэй болсон байх. “Тэд яг л бидэнтэй ижил зарчимтай. Алдартан мэт өөрийнхөө зургийг хаа сайгүй дарж, бүхий л сүлжээгээр түгээдэг” хэмээн “Us weekly” шар сэтгүүлийн эрхлэгч Майкл Стийл ярьсан нь ортой. 

Футурист, зохиолч Кристофер Ласк 1979 онд бичсэн “Нарциссизмын соёл” номдоо “Хэвлэл мэдээлэл илүү чөлөөтэй болж, технологи хөгжихийн хэрээр би, би гэсэн үзэл гаарч, хүүхдүүд бүр багаасаа л алдар нэр мөрөөдөж өсөх бөгөөд ирээдүйд дэлхий дээр хүний тоо олшрох боловч хоорондын харилцаа нь тэр хэрээр холдох болно” хэмээн бичиж байж. Тэрбээр зөн билэгтэн бус, ирээдүй судлаач байсны хүчинд энэ бүхнийг урьдаас харсан атал өөрийн нүдээр үзэхээс өмнө 1994 онд таалал төгсчээ.

“Time” сэтгүүлийн 2013 оны шуугиан тарисан нэгэн дугаарт “Me, me, me Generation” хэмээн нийтлэл гарсан нь 1988 оноос хойш төрсөн буюу дээд тал 30 нас хүрэх гэж буй шинэ үеийнхний талаар байв. Энэхүү нийтлэлээ бичихийн тулд тэд дэлхийн 58 орны 20 мянга гаруй залуусаас сорил авахад нарциссист үзэл гурав дахин нэмэгдсэн байжээ. Дээрх сорилоос “Би эрин”-ийн төлөөлүүд бэлгийн харилцаанд эрт орж, ганцаараа ч байсан хамаагүй тусдаа гарах, хичээлийнхээ хажуугаар ажил эрхлэх үзэгдэл урьд байгаагүй ихээр нэмэгдсэн болох нь анзаарагдсан аж.

30-аас доош насныхан улс төр, шашины талаарх өөрийн үзлээ яг л дуртай хамтлаг, дуучныхаа тухай ярьж буй мэт итгэл төгс өгүүлж чадна. Тэгээд бүр зогсохгүй тогтмол энэ талаар бичнэ (мэдээж өдрийн тэмдэглэлдээ биш, блог болон нийгмийн сүлжээний цахим хуудаст). Тэдний ихэнхийх нь улс төрийн үзэл баримтлал бол улс төрийг үзэн ядах. Энэ тухайгаа тэд хамаа намаагүй бичдэг атлаа сонгуульд саналаа өгдөггүй, бас элдэв жагсаал цуглаан болоход оролцдоггүй. Хажуугаар нь сэмээрхэн өнгөрөх далимдаа жагсагчдын зургийг авч өөрийн хуудастаа оруулснаар тэдний хувьд жагсаал, цуглаан өндөрлөх жишээтэй.

Тэд урьд хорьж, хориглож байсан бүхнийг үл тэвчдэг бөгөөд тэр хэрээр юуг ч хүлээж авахад бэлэн. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, ижил хүйстний гэрлэлтийг үл зөвшөөрөх, хар тамхи, мансууруулах бодисыг хорих зэргийг тэд хүлцэж тэвчдэггүй. Тэд урьд нийтээр чимээгүй дагаж мөрддөг байсан дэгийг эсэргүүцдэг мөртлөө, тухайн үед хориотой байсан бүхнийг өөгшүүлэн дэмждэг. Өөрийг нь бүрэн хэлхсэн техник, технологиудад завсаргүй хүчиндүүлдгээс болж өглөө сэрэхдээ маруухан атлаа тэд маш яаруу. Хувийн орон сууц, машин, хүссэн ажил, өөрийн гэсэн бизнесээ эхлэх санаа тэдэнд маш эрт сууж, өдөр бүр бодолд нь хонх болон жингэнэдэг болсон. Тийм учраас “Би эрин”-ийхэн шинэ ажилд удаан тогтдоггүй. Эрт үүрлэсэн мөрөөдөл нэгээс нөгөө тийш зугтахад хүргэдэгээс гадна нэгэн хэвийн хөшүүн байдал, удирдлагын шаардлага сэлтийг хүлээн зөвшөөрдөггүйсээ болж 30 хүрэхээсээ өмнө тав, зургаан ажил сольсон байх нь гайхах зүйл биш болжээ. Дээр дурдсан шинжүүдээс харахад, захын нэг өсвөр насны хүүхэд Фэйсбүүктээ 500-гаас дээш найзтай болсонтой нь харьцуулбал тэдний гэр бүл зохиох, хүүхэд төрүүлэх нас улам л ухраад байгаа нь гайхаш төрүүлмээр.

Тэглээ гээд энэ нь муу гэж хэн ч хэлээгүй. Марк Зукерберг 30 нас хүрэхээсээ өмнө дэлхийн тэрбум гаруй хүнийг нэгтгэсэн цахим хуудас бүтээж, тэрбумтан болсон бол 27 настай Лэди Гага дэлхий даяар 31 сая хувь цомог борлуулж, 15 настай Малала охин Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшиж, дурсамж номоо бичих дөрвөн сая ам.долларын гэрээ үзэглээд амжсан. 17 настай Ник Д’Алоисиогийн зохиосон “Summly” хэмээх программыг “Yahoo” 30 сая ам.доллараар худалдаж авсан бол АНУ-ын Дорсет хэмээх жижиг хотын захирагчийн суудалд дөрвөн настай хүү Роберт Тафтс суусан түүх ч байна (Түүх ч бас биш юм, хараахан түүх болж амжаагүй нэн саяхны явдал).

1980-аад дэлхий нийтээр нийгэм цаг үеийн байдал эрс өөрчлөгдөж, эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь чиглүүлж, ирээдүйд нь анхаарах нь ихэссэн. Ямар хүн болохыг нь заадаггүй юмаа гэхэд ядаж л төгөлдөр хуур, баллет, бие хамгаалах урлагийн дамжаанд явуулж, багаас нь илэрсэн сонирхлыг нь улам гүнзгийрүүлэхэд санаа тавих болсон. “Юу ч болоогүй, хэн ч уриалаагүй байхад л эцэг эхчүүд нэг л өдөр өрсөлдөөнд орж эхэлсэн. Хүүхэд хар зөнгөөрөө, нийгмийн ая тухд тааруулаад зохицож амьдрах хөг өнгөрсөн гэдгийг мэдмэгцээ л ингэх болсон байдаг. Магадгүй тэр үеийн эцэг эхчүүд маш сайн футуристууд байсан байх” гэж “Dreamworks” кино компанийн хүний нөөц хариуцсан захирал Дэн Саттервэйт ярьжээ (Энэ компанид 30-аас доош насны 2200 ажилтан байдаг). Дан ганц нэг чиглэл хөөх нь эрсдэлтэй гэж эцэг эхчүүд ч, хүүхдүүд ч маш сайн ухамсарлах болсон. Тиймээс тэд чадахаасаа чадахгүй хүртэл бүхий л зүйлд өөрсдийгөө сориход бэлэн. Шинэ юм гэдэг бол тэдний хувьд ус, агаараас ч үнэ цэнэтэй зүйл бөгөөд түүнийг танин мэдэж, өөрийн болгох нь хообий нь болсон гэлтэй.

 “Би эрин”-ийнхэнд хэн ч, юу ч хамаагүй. Тэд өөрсдийгөө бүхэл ертөнц гэж бодохын сацуу, хэдийгээр долоон тэрбум хүнтэй дэлхийд амьдарч байгаа ч Робинзон Крузогоос өөрцгүй. Гол нь тэд хамгийн жаргалтай Крузонууд. Учир нь тэд “арал дээр хаягдах”-ыг, ганцаараа байхыг өөрсдөө хүсдэг. Өөрсдийнхөө зургийг авах боломжтой гар утас, элдэв сэтгэгдлээ чөлөөтэй бичих компьютер байхад л хангалттай. “Би эрин”-ийхэн ганцаардал гэж ярьж, бичдэг ч чухам юунаас болж ганцаардаж буйгаа мэддэггүй. Ганцаардаж байна гэж Фэйсбүүктээ бичсэн байлаа ч бусадтай хамт байж бас чадахгүй. Яг л хөдөө очиж амрах юмсан гэсэн тайлбартайгаар байгалийн зураг хэдэн арван удаа аплоад хийдэг ч нэг ч удаа явдаггүйтэй нь ижилхэн. Учир нь тэдэнд зөвхөн өөрсдөө л хэрэгтэй. “Би”-д нь “би” нь л чухал.

Ахмад үеийнхэн цагийн цагт л өөрөөс нь залуу хүмүүсийг элдвээр гоочилж, чамлаж байдаг. Тэгвэл “Би эрин”-ийнхэн өтөл болсон хойноо юу гээчийн үеийг үзэж, тэдэнд юугаа хэлэх нь сонин. “Би эрин”-ий дараа ямар үе өсөж бойжих нь түүнээс ч сонин!

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
30 минутын өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
3 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
5
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.