Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Евгений Евтушенко нас нөгчлөө

Евгений Евтушенко өөрийг нь Переделкино тосгонд Борис Пастернакийн дэргэд оршуулахыг гэрээслэсэн гэнэ.


ЗХУ, ОХУ-ын нэрт яруу найрагч Евгений Евтушенко энэ сарын 1-нд АНУ-д өвчний улмаас 84 насандаа нас нөгчжээ. Тэрбээр хорт хавдраар өвдөн, эмчлүүлж байсан юм. Нэрт найрагчтай хийх салах ёслол АНУ, ОХУ-д болох бөгөөд тов нь хараахан гараагүй байна. Евгений Евтушенко өөрийг нь Переделкино тосгонд Борис Пастернакийн дэргэд оршуулахыг гэрээслэсэн гэнэ.
Ингээд манай нэрт орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүйгийн орчуулсан “Бабий Яр” буюу “Өртөө хавцал” найраглалыг толилуулья.
Бабий Яр (“Өртөө” хавцал)
“Өртөө” хавцалд

Ямар ч
Хөшөө дурсгал байхгүй ээ.
Өндөр эрэг нь
Яг л
Хүүрийн чулуу шиг ээ.
Аяа,
Аймаар газар юм аа.
Холчирхон настай
Хонгорхон зүстэй би дорхноо л
Ховройн ард түмэн шиг
Хэдэн мянган настай болчихов.
Жүүд адил болчихов, би.
Зүүлэг амьтан шиг болчихов, би.
Эртний Египтээр хар дарсан
Элий балай зүүдэнд автав.
Хэрээсэн дээр хадагдаад,
Хэдэн тийшээ тэлэгдээд
Хүүр болчих шиг санагдав.
Хадаасных нь ором хүртэл
Хэвээрээ л байх шиг бодогдов.
Ахиад би бас
Альфред Дрейфус шиг шүүгдэв.
Аливаа бэртэгчингүүд цуглалдаад,
Амьхандаа тэнд шивнэлдээд
Араас минь хутга шаагчингууд,
Амаан мэдэхгүй матаачингүүд,
Арын хаалганы шүүгчингүүд болчихов.
Нулимуулаад би, гүтгүүлээд би,
Номхруулах цамц углуулаад би
Торон цаад руу шидэгдэв.
Тойрог дотор хоригдов.
Брюссель хуниастай банзлаар гангарч,
Борооны халхаар дэгжирсэн авгайчуул
Бузар үгсээ нүүр лүү минь цацалж
Борооны халхаараа нүдийг минь чичлэв.
Тэгснээ би бас
Тэртээх Белостокийн жаал хүү болчихов.
Түлэмхий архи, булцуутай сонгины
Төлөөсөнд түлхүүлж үзэв, би.
Уушийн газрын зэрлэг харчуул
Улаан цусыг минь шалаар нэг бялдаж
Улаан нүүр лүү минь савхин гутлаараа
Уухичин, аахичин өшигчиж байх юм.
“Жүүдүүдийг алаад бай,
Оросуудаа авраад бай” гэх
Жөрөө хүмсийн хашгираан дор
Оймс, гутлыг нь үнсэж байв, би.
Уушийн газрын эзэн харин
Улаан мөнгөний бараа харчихаад
Намайг төрүүлсэн ариухан бүсгүйг
Намалдаглаж унагаад хүчиндэж байх юм.
Ай, хөөрхий, Оросын ард түмэн минь ээ!
Аль ч талаасаа чи минь
Агуу их интернационалч байтал,
Харин цаана чинь
Хар гартай заримчуул
Хайран нэрийг чинь
Хамуутуулж байна шүү.
Газар нутгийнхаа өгөөжийг би мэднэ.
Гараа сунгадаг буянтайг чинь мэднэ.
Гэтэл харин цаана чинь
Гүрээнийхээ судсыг гүрийлгэн байж
“Оросын ард түмний андууд” гэж
Орилдог хүмүүс олон боллоо.
Ханилсан тэр хүмүүс чинь тэгтэл
Ховройн эсрэг үзэлтнүүд байлаа.
Тэгснээ бас би
Анна Франк болчихов.
Дөрвөн сарын мөчрийн нахиа шиг
Ариухан, энхрийхэн болчихов.
Надад ч бас хайр буй,
Үггүйгээр тэрнийгээ хэлчихэж чадна.
Нүдгүйгээр тэрнийгээ илчилчихэж чадна.
Хамгийн гол нь
Хайртынхаа нүдийг л харахдаа байдаг.
Харах нь багадвал үнэрлэх нь гол байдаг.
Хайр минь тэр ээ.
Унасан навчийг үнэрлэж болохгүй.
Уужим тэнгэрийг тэвэрч болохгүй.
Хамгийн ариухан нь л,
Хамгийн энхрий нь л-
Харанхуйн дунд
Хоёр биеэрээ тэврэлдэх нь чухал аа.
“Цаана чинь хүн” гэж үү?
За боль доо, битгий ай!
Цаанаас чинь харин
Цангинасан, хангинасан
Хавар цаг ирж байна,
Хавар цагийн нүргээн байна.
“Хаалга балбалаа” гэж үү?
Хаалга биш ээ, хайрт минь.
Мөс зүсэгч хөлөг онгоц л
Мөрдийн баринтгийг задалж яваа юм...
Урдаас минь гараа
Дэлгээд ир.
Улаахан уруулаа
Тосгуулаад ир.
Өвлийн дараа хавар залгаад,
“Өртөө” хавцалд шинэ ногоо цухуйж байна.
Өндөр модод хөмсгөө зангидаад
Өнгөрсөн цагийг шүүж байна.
Цугласан бүхэн малгайгаа аваад
Цурхирахаа тэвчээд гашуудаж байна.   
Цагаасаа өмнө бууралтчихаж буйгаа
Цагаасаа өмнө би мэдэрч байна.
Мянга мянгаараа буудуулж унасан
Мянга мянгаараа булагдаж үлдсэн
Тэр хөөрхий хүмүүсийн шарил дээр
Тэнгэр мэт дуугүй чарлаан болов, би.  
Би энд-
Буудуулж үхсэн өвгөн бүр болов.
Би энд-
Буудуулж үрэгдсэн нялхас бүр болов.
Ховрой цус алдхан биенд минь үгүй ч
“Хэзээ ч бүү март!” гэж
Эд эс бүхэндээ тушаав.
Эмгэнэлээн шүлэг болгон тэрлэв.
Өнө мөнхөд газар дээр
Өлөн нүдтэй антисемит бүхэн
Ирмэхийн зуурт үгүй болохын цагт
“Интернационал” л ганцаараа цуурайтаж байг ээ.
Хорвоогийн антисемит бүхнийг
Ховрой болгон шиг
Хөлийнхөө чигчий хурууг хүртэл
Хоёргүй сэтгэлээр үзэн яддаг болохоороо л
Хамгийн, хамгийн орос хүн шүү, би.
1961 он.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
16 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
15
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.