Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Монгол кинон дахь реализмын дутагдал буюу БОДИТ АМЬДРАЛ ХААНА БАЙНА?


Дэлхийн хоёрдугаар дайн эхэлснээр зогсолтод орсон Европын кино урлагийн анхны сэргэлт дайны дараа Италид тохиосон. Энэ үеийн италийн найруулагчдын уран бүтээлд дайны дараах Итали орны энгийн иргэдийн өдөр тутмын амьдралыг бодит байдалтай аль болох ойроор дүрслэн харуулах хандлага зонхилж байснаас 1940-1950 оны хоорондох Италийн кино урлагийн сэргэлтийг Италийн неореализм буюу шинэ бодит байдал хэмээн судлаачид нэрлэсэн юм. Неореалист хэв маяг бүрэлдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн бололтой байдаг. Эхнийх нь дайнаар Италийн, зөвхөн Италийн ч гэлтгүй Европын кино урлагийн салбар сүйрчхээд байсан болохоор том студи, хангалттай нөөц, мөнгө хөрөнгийн аль аль нь байсангүй. Ингээд тэд камераа бариад гудманд гарч, эгэл жирийн хүмүүсийг кинондоо тоглуулж байв. Хоёр дахь нь дайны үеэр Европын кино урлагийн салбар зогсолтод орчхоод байсан болохоор европ үзэгчдийн цангааг Холливүдийн кинонууд л тайлж байв. Гэтэл тухайн үед АНУ дэлхийн дайнаар экспортолж болох бүхнийг Европ руу зөөж, эдийн засаг нь тасралтгүй эрчимтэй өсөж байлаа. Үүнийгээ дагаад Холливүдийн кинонуудад нь ч чамин тансаг байдал давамгайлж байв. Өөрөөр хэлбэл дайнд зовж зүдэрсэн Европын үзэгчид ба Америк кинонуудын дунд маш том зөрүү байсан юм. Неореализмын гол бүтээл болох “Дугуйны хулгайчид” киноны нэг хэсэгт арай гэж киноны зурагт хуудас наах ажилд орсон гол баатар маань тэр үеийн Холливүдийн од Рита Хейвортын “Гильда” киноны чамин тансаг зурагт хуудсыг нааж буй дүрслэл үзэгддэг. Яг энэ үедээ мань эр дугуйгаа хулгайд алдана. Бодит байдал ба мөрөөдөл хоёрын хэрцгий гэмээр зааг.

Тэгвэл өнөөдрийн Монголд ч нөхцөл байдал ийм байна. Монголд социалист нийгмийн амьдрал, идеалыг аль болох бодитой дүрслэн үзүүлэх зорилготой соц-реалист урлагийн хэв маяг далан жил зонхилж байсан. Гэвч 1990 оноос хойш Монголын кино ба гэрэл зурагт реалист хандлага бараг үгүй болжээ. Тэнгис, Өргөөд нээлтээ хийж буй кинонуудыг хэдхэн сэдэвт хувааж болно. Нэгдүгээрт түүхэн, хоёрдугаарт тулаант, гуравдугаарт эгэл жирийн драмын сэдэвтэй ч ихэнхдээ зураг авалт нь Зайсан орчимд хийгдэж гол дүрийн баатрууд нь үнэтэй машин хөлөглөсөн гялгар кинонууд. Аль аль нь бидний тухай биш бидэнд зориулсан кинонууд. Энэ киноны дийлэнх үзэгчдийг хороолол, нэгдүгээр хороолол эсвэл  гэр хороололд амьдардаг үзэгчид эзэлнэ. Магадгүй, амьдралаас нь хол хөндий ч гоё сайханд нь сатааран мансуурах гэж үздэг ч байж мэднэ. Яг л дэлхийн хоёрдугаар дайны үеийн европ шиг. Мэдээж үүнээс өөр төрлийн буюу ядарч, зовсон нийгмийн доод давхаргынхны тухай кинонууд бий л дээ. Энэ тохиолдолд ихэвчлэн зовлонгийн тун нь хэтрэх бөгөөд гол дүрийн баатарт нь нэг хүний амьдралд байтугай хэд хэдэн хүний амьдралд багтамгүй зовлон тохионо. Уг нь зовлон заавал хэн нэгнээсээ хагацаж салах тохиолдлоор л илрэн гарах ёстой биш л дээ. Хоосон хонохгүйн тулд өглөөнөөс эхлээд орой хүртэл ажиллаж, энэ л амьдралын буулганд мөрөөдлүүд нь замхран үгүй болж байгаа миний л адил мянга мянган албан хаагчдын, технологийн хийгээд нийгмийн эрчимтэй хувьсал өөрчлөлтөд дасан зохицохоор хичээх дунд эргэм насныхны амьдрал аль аль нь тэр чигээрээ драм. Үхэл хагацал, гэнэтийн тохиол үгүйгээр шүү дээ.

Уг нь Монголд кино заавал ч кино байх албагүй л дээ, уран бүтээлийн сэдэв мундахгүй мэт. Бидэнд олон л асуудал байна. Бараг Диктатор дэглэмтэй гэж хэлж болох Оросоос л гэхэд авилга зэрэг орчин үеийн Оросын нийгмийн проблемуудыг хөндсөн Левиафан, Тэнэг гээд сайн кинонууд төрж байна. Хөндөж буй сэдэв нь бидэнд Солонгос, Америкаас импортолсон алаан хядаан эсвэл улиг болсон баатарлаг түүхээс маань арай ойр мэт.

Нөгөө талаараа аливаа урлаг тухайн цаг үеийнхээ нүүр царай илэрхийлэл байдаг гэдэгт би итгэдэг. Жишээ нь Жя Жянкэгийн кинонууд орчин үеийн Хятадын амьдралд тохиож буй өөрчлөлтүүдийн талаар ямар ч түүхийн сурах бичгээс илүү нарийн нягт хийгээд яруу дүрслэн үзүүлдэг. Тэгвэл орчин үеийн, дан ялангуяа 1990 оноос хойших амьдралыг бодитойгоор дүрслэн үзүүлж, энэ үеийн хүмүүсийн хүсэл мөрөөдөл, зовлон гуниг, цөхрөлийн талаар шинжилсэн уран бүтээл Монголд даан ч цөөхөн. Бараг байхгүй гэж хэлж ч болох байх. 

Мэдээж хэрэг туурвих эрх хэзээд уран бүтээлчийнх. Түүнд нь халдах ч миний хийх ажил биш. Хамгийн гол нь үзэгчид маань өөрсдөө энэ бүх хийсвэрлэлд хэдийнээ дасаж, өөрийгөө, эргэн тойрноо бодитоор харахыг хүсэхээ байсан нь л эмгэнэлтэй. Бид хэн юм бэ, бид хаана байна вэ, бид хаашаа зорино вэ? 

А.Амармэнд 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
49
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.