Хайх зүйлээ бичнэ үү

мин

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэллээ

Бүрэн эхээр нь хүргэж байна.


Эрхэм түшээд, төрийн албан хаагчид аа,

Монголын ард түмэн биднээс сахилга хариуцлагыг, ёс жудгийг нэхэж байна. Төрийн алба, төрийн албан хаагчийн чадавхи сулралд орж болохгүйг сануулж байна. Үүрэг хариуцлагатаа эзэн болж, мэдлэг боловсрол, туршлага чадвараар шигшигдсэн, төр түмэндээ үнэнчээр зүтгэж, тэдэндээ хүлээн зөвшөөрөгдсөн төрийн албан хаагч цөөрлөө хэмээн иргэд шүүмжилж байна. Энэ гашуун ч гэлээ гарцаагүй зөв сануулгыг урьдын адил нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөж болохгүй.

Сонгууль болгоны дараа хийгддэг төрийн албаны халаа, сэлгээ, томилгоо бараг байх ёстой хэм хэмжээ, журам дүрэм болж хэвшихэд хүрлээ. Намын нэрээр гул барьж, төрлийн болон бүлэглэлийн хэлхээгээр төрийн албыг торлох үзэгдэл байсаар байна. Төрийн албан хаагчдын дунд сонгуулийн мөчлөгөөр л ажиллах сэтгэхүй энгийн зүйл, хэвийн үзэгдэл болтлоо даамжирлаа. Үүнийг даган төрийн ажлын тогтсон дэг жаяг алдагдаж байна. Энэ байдлыг халахгүй бол мөнгөтэй, баялагтай байлаа гээд бид хөгжихгүй, урагшлахгүй.   

Төрийн алба улс төрөөс ангид, шударга, ил тод байж, ард түмэнд үйлчлэх ёстой гэж өнгөрсөн жилүүдэд ярьсаар л байсан. Гэвч асуудлын гол зангилаа, шийдвэрлэх арга замыг тодорхойлохоос зайлсхийж, эсхүл мэдсэн хэр нь дорвитой арга хэмжээ авахгүй явсаар өнөөг хүргэлээ. Төрийн залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг хангах үр дүнтэй механизм бүрдсэнгүй. Төрийн байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг хэлбэрийн төдий үнэлдэг, ёс зүй, сахилга хариуцлагын тогтолцоо сул, төрийн албанд авлига, хүнд суртал амь бөхтэй оршсоор байгаа нь нууц зүйл биш ээ.

Энэ хаврын чуулганаар Төрийн албаны тухай хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаа. Төрийн албанд ажлын үр дүнгээр албан тушаал дэвшүүлэх, бууруулах, цалин хөлс, урамшуулал олгох, эсхүл хариуцлага ногдуулах асуудлыг шийдвэрлэдэг тогтолцоог хуульчилна. Төрийн албаны төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд олон нийтийн зүгээс хяналт тавьж оролцох эрх зүйн орчныг бүрдүүлэх зарчмыг мөн баримтална.

Төрийн албаны шинэтгэлийн салшгүй хэсэг бөгөөд нийгмийн бүх салбарт хамаарах суурь асуудал бол төрийн албыг авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах явдал юм.

Төр улсын хөгжил дэвшлийг, түмэн олны ирээдүйг, эцэстээ оршин байхуйн үндэс тулгуурыг мэрж залгидаг авлигын араа шүдийг авч хаяхгүй бол хэчнээн их хөрөнгө цутгаж, ямар ч сайн хөтөлбөр хэрэгжүүлээд нэмэргүй гэдгийг бүгд ойлгож байгаа. Нэгэнт ойлгосных, одоо тэмцэх ёстой. Энэ тэмцэлд хамгийн хатуу зарчмыг баримтлахаас өөр аргагүй.  

Энэ УИХ Авлигатай тэмцэх хөтөлбөрийг намрын чуулганаараа хэлэлцэн баталж, төлөвлөгөө, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар, Авлигатай тэмцэх газарт хүлээлгэснээс хойш 5 сар гаруйн хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх чиглэлд бодитой, далайцтай ямар ажил зохион байгуулав, үр дүн нь юу болов гэдгийг хармаар байна. Тиймээс хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг гаргуулж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулахыг Хууль зүйн байнгын хороонд даалгаж байна.

Мөн түүнчлэн бизнес эрхлэхэд байнга хэрэглэдэг хууль тогтоомжуудыг   татвар, гааль, санхүү, даатгал, бүртгэл, тусгай зөвшөөрөл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө зэрэг салбар бүрээр шүүн судалж, хүнд суртал үүсгэн, хээл хахуулийн нөхцөлийг бүрдүүлж байгаа хууль тогтоомж, дүрэм журмыг хүчингүй болгох, цаашид эрх зүйн орчныг сайжруулан, түүнийгээ тодорхой хугацаанд, тогтвортой мөрдөх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатайг Засгийн газарт анхааруулж байна.

Оффшор гэдэг үг уулзалт хийсэн газар бүхэнд иргэдийн амнаас гарч, шүүмжлэн хэлэлцэж байна. Тиймээс “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэх тухай” хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хойшлуулалгүй шийдвэрлэх ёстой. Миний хувьд төрийн алба хашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа хэлье.

Эрхэм нөхөд өө,

Хууль, тогтоол батлаад орхих нэг хэрэг. Хуулийг хэрэгжүүлэхгүй бол тэр ердөө л цаас болдог. Баталсан хууль тогтоолыг төрийн байгууллага, албан тушаалтан ягштал хэрэгжүүлдэг, тэрхүү хууль тогтоомж нь ард иргэдийн амьдралд хүрч үйлчилдэг байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газар хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах үүрэгтэй гэж тодорхой заасан. Үндсэн хуульд заасан энэхүү үүргийн биелэлтийг УИХ алхам тутам Засгийн газраас шаардаж ажиллах болно. Засгийн газар өөрийн гаргасан тогтоол шийдвэрийнхээ биелэлтэд тавих хяналтыг ч чангатгах шаардлагатайг анхааруулъя.

Иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төр, нийгмийн  зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, өөрчлөх асуудлаар удаа дараа санал гаргаж, хэлэлцүүлэг өрнүүлсээр байна. УИХ, Засгийн газрын түвшинд байгуулагдсан Ажлын хэсгүүдэд ирсэн саналаас үзвэл Монгол Улсын иргэдийн дийлэнх олонхи нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа юм билээ. Тиймээс хаврын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ асуудалд “Долоо хэмжиж, нэг огтлох” монгол ухаанаар нэн хариуцлагатай, хянамгай хандах ёстойг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Тиймээс улс төр, нийгмийн зөвшилцлийг бүрэн хангаж, бодит шаардлага, судалгаанд үндэслэн асуудалд хандахыг УИХ-ын гишүүдээс хүсье.

УИХ-ын энэ удаагийн хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд иргэд сонгогчид, улс төрийн намууд шударга ёс, үндэсний эв нэгдэл, улс орны эрх ашгийг эрхэмлэн оролцдог уламжлалтай. Энэ уламжлал хадгалагдаж, Сонгуулийн ерөнхий хороо, бүх шатны сонгуулийн байгууллага сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулна гэдэгт итгэж байна.

Эрхэм гишүүд ээ,
УИХ-ын хаврын ээлжит чуулганаар батлах хууль тогтоомж, шийдвэрүүдэд иргэд, олон түмнийхээ санал, бодлыг өргөнөөр тусгаж, Байнгын хорооны болон чуулганы үйл ажиллагаанд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцохыг Та бүхнээс хүсье.

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
2
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
7
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.