Б.Ундармаа гишүүн хадгаламжийн хүүгийн татварыг эргэн хараач гэв
Б.Ундармаа гишүүний гэр бүлийн бизнес болох “Бишрэлт Холдинг” компани нь Капитал банкны гол хувьцаа эзэмшигч юм
УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр 2017 оны Төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийж буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Ундармаа хадгаламжийн хүүгээс татвар авахтай холбоотой асуулт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс асуулаа. Тэрбээр “Олон хүн ипотекийн зээл авахаар хөөцөлдөж байна. Тэгтэл хадгаламжийн хүүгээс татвар авах талаар ярьж байна. Өөр гарц байхгүй юү” гэв.
Харин Б.Чойжилсүрэн сайд хариуд нь “ Хадгаламжийн хүүгийн татварыг эргэж харах боломж бий юү гэж асууж байх шиг байна. Хадгаламжийн хэмжээнд босго тогтоогоод, босгоноос дээш хэмжээтэй хадгаламжийн татварыг нэмэгдүүлээд, доод хэсгээс татвар авахгүй байхыг судлах боломж бий” гэв.
Дашрамд сануулахад Б.Ундармаа гишүүний гэр бүлийн бизнес болох “Бишрэлт Холдинг” компани нь Капитал банкны гол хувьцаа эзэмшигч юм.