Хайх зүйлээ бичнэ үү

19 мин

ТАЗ-ийн дарга Б.Цогоо: Төрийн албыг Засгийн газар болгоны бүтцийн өөрчлөлтөөр сэгсэрч, тэмээ туйлсан юм шиг болгож байна


 

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн албаны зөвлөл хамтран "Төрийн албаны эрх зүйн шинэтгэл ба тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд зохион байгуулсан билээ. ТАЗ-ийн дарга, доктор, профессор Б.Цогоогийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
    
1992 онд батлагдсан Монгол улсын шинэ үндсэн хуулинд төрийн жинхэнэ албаны эрх зүйн үндсийг цоо шинээр томъёолсон юм. Эрх зүйн энэ шинэ  томъёололд нийцүүлэн, 1994 онд Төрийн албаны тухай шинэ хуулийг боловсруулж 1995 оноос мөрдөж эхэлсэн билээ. Үүнээс хойш даруй 22 жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд Төрийн албаны тухай хуулийг боловсронгуй болгож, төрийн албаны эрх зүйн орчныг сайжруулах үүднээс шат дараалсан олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн билээ. 
Хамгийн сүүлчийн өөрчлөлтийг  2008 онд  хийж,  зарчмын шинжтэй хэд хэдэн томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал, энэ өөрчлөлтөөр төрийн улс төрийн албанаас бусад ангиллын төрийн албан хаагчдыг улс төрийн намын харьяалалгүй байлгах, улс төрийн албан тушаалаас бусад төрийн албан хаагчид улс төрийн сонгуулийн сурталчилгаанд ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй байх, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халах, чөлөөлөхийг хориглох, Төрийн албаны төв байгууллагаас төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан удирдах албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох,  хариуцлага тооцож байх  зэрэг төрийн албанд шударга ёсны зарчмыг  хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын томилгоог хуулийн дагуу хийж байх, төрийн албан хаагчдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж багасгах, төрийн албыг зүй бус нөлөөллөөс ангид байлгах, төрийн мэргэшсэн, тогтвортой албыг цаашид төлөвшүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг оруулж өгсөн билээ. Гэвч Төрийн албаны тухай хууль амьдрал дээр бүрэн хэрэгжиж чадахгүй байгаа.  Үүний гол шалтгаан нь дээр дурдсан өөрчлөлтүүдийг амьдрал, практик дээр хэрхэн хэрэгжүүлэх  арга, механизмыг хуульчилж өгөөгүйтэй холбоотой гэж үздэг. Эдгээр өөрчлөлт нь, үндсэндээ уриа лозунг маягтай болж үлдсэн гэж хэлж болно. Иймээс өнөөдөр төрийн алба савалгаатай, төрийн алба, төрийн албан хаагчдын ажлын байр  улс төрөөс хараат бус байх нөхцөл бүрэн хангагдаагүй, намын харьяаллаар ажилд томилдог зуршил арилаагүй, төрийн албаны бүтэц, зохион байгуулалтыг нам, улс төрийн хүчний бодлого шийдвэрээр өөрчилдөг, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу, хариуцлага тооцох механизм сул болчхоод байна. Энэ байдал нь Монгол Улсын төрийн албыг бүхэлд  нь сульдуулж, тамирдуулж байгааг хэлэх хэрэгтэй байна.
Монгол Улсын төрийн албыг сүүлийн 20 жилийн турш улс төрийн сонгууль, түүний үр дүнгээр хийгддэг Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр сэгсэрч, тэмээ туйлсан юм шиг болгож байна. Үүний улмаас төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах баталгааг алдагдуулж,  халаа сэлгээ хийж, төрийн албан хаагчдыг айдас, хүйдэстэй байлгадаг болоод  олон жил болж байгааг бид бүгдээрээ мэднэ. Үүнийг тодорхой нэг нам, улс төрийн хүчинтэй холбож үзэх шаардлагагүй. Бүгдээрээ адилхан. Төрийн алба нь дөрвөн жилийн циклтэйгээр хэрхэн сэгсрэгдсэнийг төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайлангуудаас тодорхой харж болно. Нөхцөл байдал ийм байгааг ТАЗ тайландаа удаа дараа тодорхой тусгаж,  мэдээлж,  мэдэгдэж ирсэн. 
"ТАЗ-ийн 2014 оны үйл ажиллагааны тайлан"-д дээрх нөхцөл байдал нь төрийн албаны хүний нөөцийн бодлого алдагдаж, үндэсний аюулгүй байдалд заналхийх хэмжээнд хүрч болзошгүй болсон байна гэсэн дүгнэлт хийж, УИХ-д оруулсан билээ. Төрийн албыг цаашид олон улсын жишигт нийцүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, бодлого шийдвэрийг оновчтой болгоход шинэчлэл хийх  зайлшгүй шаардлагатай байгаа юм. Өнгөрсөн хугацаанд төрийн албаны хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож сайжруулах талаар гараа хумхиж, зүгээр суугаагүй, тодорхой санаачилга гаргаж, тасралтгүй ажилласаар ирсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Энхболд, М.Энхболд, Сү.Батболд нарын нэр бүхий 8 гишүүн Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулж, 2012 оны 10 дугаар сарын 19-ний  өдөр  УИХ-д өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилга гаргаж, улмаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж, 2015 оны 7-р сарын 01-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн боловч өнгөрсөн Парламент бүрэн эрхийнхээ хугацаанд батлан гаргаж чадаагүй юм. Мөн Ц.Элбэгдорж Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин санаачлан боловсруулж,  2016 оны 12-р сард УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын нэр бүхий 9 гишүүн  Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж УИХ-д  мөн  өргөн мэдүүлээд байгаа билээ. 2012-2016 онуудад өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-д оруулж, хэлэлцүүлэх бэлтгэл хангах Ажлын дэд хэсгийг тухайн үед УИХ-аас  байгуулан ажиллуулж байсан юм. Уг Ажлын дэд хэсэг иргэд, олон нийтээс төрийн алба улс төрөөс хараат бус байх, мэргэшсэн, тогтвортой, чадварлаг байх, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, төрийн албанд ажиллах иргэдийг сонгон шалгаруулах, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албан хаагчдын ажил, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх системийг  боловсронгуй болгох, түүнд оролцох иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлээр бүх аймаг, бүх төрийн захиргааны төв байгууллагууд, нийслэлд хэлэлцүүлэг хийж тэдгээрээс ирүүлсэн 250 гаруй багц саналыг нэгтгэн боловсуулж өмнөх хуулийн төслүүдэд тусгаж байсан юм.  
Төрийн албаны эрх зүйн орчинг боловсронгуй  болгохын тулд эрх зүйн зохицуулалт хийж шийдвэрлэх  шаардлагатай тулгамдсан цөөнгүй асуудал байгаа бөгөөд заримыг нь  товч дурдъя.
1. Төрийн албаны томилгоог мерит  зарчимд тулгуурласан, шатлан дэвшүүлэх карьерын системээр сонгон шалгаруулж томилдог арга, механизмыг хуульчлах шаардлагатай.  
Төрийн албан тушаалын шатлал бүрд зайлшгүй ажиллах хугацааг тодорхой болгож хугацааны хяналтад оруулах шаардлагатай байгаа юм. Энэ арга, механизм нь гадаадын олон орны төрийн албаны томилгоонд хэрэглэдэг сонгомол аргуудын нэг. Монгол хүний дундаж наслалт, хөдөлмөр эрхлэлтийн эрх зүй, боловсролын систем, тогтолцоонд тулгуурлан тооцоход төрийн албанд анх орсон иргэн төрийн захиргааны хамгийн дээд албан тушаалд  буюу яамны Төрийн нарийн бичгийн дарга болохын тулд дундажаар төрийн захиргааны албанд 18 жил ажилласан байх ёстой гэсэн судалгаа гарсан. Энэ хугацааг тухайн хүний мэдлэг, ажил эрхлэх чадвар, ёс зүй  зэргээс хамаарч, богиносгож болно. Энэ системийг нэвтрүүлснээр төрийн албанд, нэн ялангуяа удирдах албан тушаалд туршлагагүй, мэдлэг чадвараар сул, мэргэшээгүй,  ёс зүйн доголдолтой хүн тохиолдлоор “гудамжнаас” томилогдох боломжийг хааж өгөх юм. Мөн төрийн албанд итгэл үнэмшилтэй, амгалан тайван, айх аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.  
Ажил албандаа мэргэшиж, дадлагажих нөхцөлийг бүрдүүлж төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой.  
2. Ажлын байранд тавигдах шаардлагыг ижилтгэж, стандартчлах зайлшгүй шаардлагатай. 
Үүний тулд ажлын байранд тавигдах тусгай болон ерөнхий шаардлагыг төрийн албаны албан тушаалын шатлал болгонд стандартчлан тогтоох нь зүйтэй. Ийм зохицуулалт байхгүйгээс өнөөдөр Засгийн газраас эхлээд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар зэрэг төрийн албан хаагчдыг томилох эрх бүхий субъектууд ижил ангиллын албан тушаалд томилогдох хүмүүст хоорондоо эрс ялгаатай  шаардлага тавьсан ажлын байрны тодорхойлолт боловсруулан баталж,  түүгээрээ сонгон шалгаруулалт явуулж байгаа юм. Ажлын байранд тавьж байгаа шаардлага “хөрөөний шүд” шиг "зиг-заг" болсон. Үүнийг хянаж засаж залруулах, өөрчлөх эрх ТАЗ-д ч хуулиар олгогдоогүй. Энэ зөрчлийг арилгахын тулд ТАЗ “Ажлын байранд тавигдах тусгай болон ерөнхий шаардлага”-ыг стандартчлан боловсруулж УИХ-д зургаан жилийн өмнө оруулсан боловч одоо хүртэл хэлцэгдэж шийдвэрлээгүй байгаа. Энэхүү стандартыг тогтоосноор томилох эрх бүхий этгээд өөрийнхөө хүссэнээр ажлын байранд тавигдах шаардлагыг өөрчилдөг, тодорхой хүнд тохируулж боловсруулдаг субъектив хандлага арилах, төрийн албаны албан тушаалын ажлын байранд тавигдах шаардлага жигдрэх боломж бүрдэнэ. 
3. Бүтцийн өөрчлөлт нэрийдлээр төрийн албан хаагчдыг халж чөлөөлдөг байдлыг зогсоох шаардлагатай.  
Засгийн газрын бүтэц, түүнийг дагаж төрийн захиргааны байгууллагуудын нэгжийн бүтцийг өөрчилдөг. Бүтцийн өөрчлөлтийг төрийн албан хаагчийг ажлаас халж чөлөөлдөг  хэрэгслэл болгосоор олон жилийн нүүр үзэж байна. Төрийн албан хаагчдыг халж чөлөөлөх үндсэн арга нь бүтцийн өөрчлөлт болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Байгууллагын болон түүний бүтцийн нэгжийн мөн тодорхой ажлын байрны үндсэн чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад төрийн албан хаагчдыг өөрчлөх, ажлаас халахыг хуулиар хорих шаардлагатай. Ийм зохицуулалт хийх боломж байгаа. 
4.  Төрийн албан хаагчийн томилгоонд  улс төрийн албан тушаалтны  оролцоо, нөлөөллийг  хязгаарлах шаардлагатай.
 Монгол Улсын хэмжээнд өнөөдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу улс төрийн албан тушаалтнууд 2016 онд нийт төрийн албаны 155 албан тушаалд 4841 төрийн албан хаагчийг томилж, чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа. Тухайлбал, төрийн Сайд нар 115 албан тушаалд нийт 361 төрийн албан хаагчийг, аймаг, нийслэлийн Засаг дарга нар 7 албан тушаалд 670 албан хаагчийг томилж, чөлөөлж байна. Үүнээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга нар харьяа нутаг дэвсгэрт байгаа бүх сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байгаа. Нийт 1600 орчим төрийн албан хаагчид байна. Мөн сум, дүүргийн Засаг дарга 6 албан тушаалд 3141 орчим албан хаагчийг томилж, чөлөөлж байна. Төрийн албан хаагчдыг тэр тусмаа төрийн захиргааны албан хаагчдыг улс төрийн албан тушаалтан томилж чөлөөлөх буруу гэж үздэг.  
Зарим салбарын тухай хуульд Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн заалтууд орсны улмаас хууль хоорондын зөрчил үүсэж байна. Энэхүү асуудлыг нэгдсэн нэг хуулиар зохицуулагддаг тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй. Ийм зөрчил үүсээд байгаа нэг шалтгаан нь салбарын хууль боловсруулах, өөрчлөхөд төрийн захиргааны холбогдох байгууллагын саналыг авдаггүй явдал юм. Заримдаа бүр нууцаар, хуйвалдаанаар хийсэн гэж хардахаар тодорхой байгууллага, салбарын эрх ашигт нийцүүлсэн өөрчлөлт  ч хийгддэг тохиолдол байдаг. 
Дээр дурдсан зохицуулалтыг хийснээр хууль хоорондын зөрчлийг арилгах, төрийн алба улс төрөөс хараат бус байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
 5. Сул орон тоо нөхөх хугацааг хуульчлах шаардлагатай. 
Төрийн албанд сул орон тоо байнга гарч байдаг. Энэ бол зүй тогтол. Гэвч сул орон тоог богино хугацаанд нөхөөгүй тохиолдолд ихээхэн зөрчил үүсэж, ажил цалгардаж,  олон сөрөг үр дагавар гардаг. Ийм тодорхой жишээнүүд олныг дурдаж болно. Сул орон тоо гарсан тухай мэдээлэх,  зарлах, сул орон тоо нөхөх захиалгаа ирүүлэх, сонгон шалгаруулалт явуулах, сонгон шалгаруулалтын дүнгээр томилгоо хийх хугацааг тодорхой болгож, бүх шатандаа хугацааны хяналтад орох шаардлагатай байна.
Судалгаа болон практикаас үзэхэд төрийн албанд гарсан сул орон тоог дундажаар 2 сард багтааж нөхөх боломж бий. Сул орон тоо нөхөх хугацааг тодорхой болгосноор түр орлон гүйцэтгэгч нэртэй эрх зүйн чадамжгүй хүмүүс элдэв шалтаг, шалтгаан тоочиж урт хугацаагаар орон тоо бөглөж суудаг байдлыг арилгах боломжтой юм.
6. Төрийн албыг байнга цэвэрлэж байх естой.
Төрийн албанд орсон мөртлөө ажил дээрээ өсөж чадварждаггүй, биеэ дайчилдаггүй, хариуцлага султай хүмүүсийг төрийн албанаас байнга цэвэрлэж байх шаардлагатай. Үүний тул орон нутагт 5 жилд нэг удаа, төрийн захиргааны төв байгууллага буюу  яам, агентлагт 3 жилд нэг удаа тусгай журмаар аттестатчлал явуулж, үнэлэлт дүгнэлт гаргадаг болох хэрэгтэй байна. Уг үнэлгээ дүгнэлт нь албан тушаал бууруулах, дэвшүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх үндэслэл болох ёстой. Энэ системийг хэвшүүлснээр төрийн албан хаагч биеэ дайчлах, өөрийгөө боловсруулах хүсэл эрмэлзлэл нэмэгдэхээс гадна тогтвортой ажиллах итгэлийг бий болгож, байгууллагын дотор ажлын чанар, мэдлэг чадварын өрсөлдөөн нэмэгдэхээс  гадна төрийн албан хаагч ажлын гүйцэтгэлээ үнэн зөв дүгнүүлэх, албан тушаал дэвших, буурах, хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авах зэрэг асуудлуудыг  шударга, ил тод, уян хатан  шийдвэрлэх боломж бүрдэнэ. Ёс зүйн хариуцлага  ч өндөржинэ.
7. Төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх  шаардлагатай.  
Төрийн албанд томилогдсон хүн ёс зүйн болон сахилгын зөрчил гаргадаг зөрчил, дутагдал арилахгүй байна. Төрийн албаны хүнд суртал, хариуцлагагүй байдал иргэд, олон нийтийг бухимдуулсаар байна. Түүгээр барахгүй төрийн албан хаагчид авлига, хээл хахуульд холбогдох тохиолдол зогсохгүй байна. Зөвхөн 2016 онд төрийн 7 албан хаагч авлига, хээл хахуулийн хэргээр шүүхээс ял шийтгүүлсэн байна. Энэ бол бага тоо биш. Ийм үзэгдэл огт гарах ёсгүй. Ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан хүмүүстэй хариуцлага тооцохгүй байна. Тухайлбал 2014-1015 онуудад ажилдаа  хариуцлагагүй хандсан,  ёс зүйн зөрчил гаргасан хоёр удирдах албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг Засгийн газарт хүргүүлсэн боловч шийдвэрлэлгүй орхигдуулсан болно. Иймээс Төрийн албаны холбогдох байгууллага ёс зүйн дүгнэлт гаргаж, албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас чөлөөлүүлэх хүртэл арга хэмжээ авахуулах санал, шаардлагыг тухайн томилсон эрх бүхий этгээд заавал хэрэгжүүлэх зохицуулалтыг хуульчлах хэрэгтэй байна. 
Энэ нь төрийн албанд ёс зүйг хэвшүүлэх, мөн удирдах албан тушаалтны хариуцлагыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
8. Төрийн албан хаагчдын сургалтын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай. 
Төрийн албан хаагчдыг чадавхижуулах, мэдлэг, мэргэшлийн ур чадварыг нь байнга дээшлүүлж байх ёстой. Ийм сургалтыг төрийн захиалгаар, төсвийн хөрөнгөөр тогтмол хийдэг систем тогтоох шаардлагатай байгаа болно. Ийм сургалтыг Төрийн албаны албан тушаалын ангилал зэрэглэлээр ангилан, тусгайлан боловсруулсан урт, богино, түргэвчилсэн, тусгайлсан программаар явуулдаг болгох нь зүйтэй.  Сургалт шат дараалсан байх ёстой. Сургалтад төрийн албаны бүх шатны,  албан тушаалтан хамрагдах естой.  Сургалтын нэг салшгүй хэсэг ёс зүйн сургалт байх естой. Ийм сургалтанд хамрагдаж гэрчилгээ, сертификат авсан иргэд төрийн албанд ороход давуу эрх эдлэх, эсвэл илүү оноо авдаг байх ёстой.  
9. Төрийн албаны талаар гарсан гомдол, маргааны тухай шийдвэр заавал биелэгддэг байх естой.  
Төрийн албатай холбоотой гомдол, маргааныг тусгай Комисс хянан шалгаж дүгнэлт гаргадаг бөгөөд  тэрхүү маргааны зөрчлийг арилгах, холбогдох эрх бүхий байгууллагуудаас гаргасан хуульд нийцүүлэх шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан биелүүлэхгүй байх, өөрийн гаргасан илт буруу шийдвэртээ элдэв тайлбар гаргаж, хайцаалж хамгаалах, цаг хожиж, өдөр өнгөрөөх оролдлого хийх зөрчил арилахгүй байна. Иймээс комиссын гаргасан дүгнэлт, шийдвэрийг заавал биелүүлдэг зарчимд шилжих шаардлагатай байгаа юм. 
Гомдол маргааныг хянан шалгах Комисс төрийн албаны хууль тогтоомжийг зөрчиж, албан хаагчийг хохироосныг шалгаж тогтоон, дүгнэлт гаргаад, улмаар хуульд нийцүүлэх шийдвэр гаргасныг хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд зохих хууль журмын дагуу албадан гүйцэтгүүлдэг байх нь зүйтэй гэж үздэг. Энэхүү зохицуулалт нь хуулийн хэрэгжилтийг хангуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтойгоос гадна төрийн албан хаагчийн хариуцлагыг өндөржүүлж, сахилга батыг сайжируулахад нөлөө үзүүлэх болно.  
10. Төрд болон төрийн албан хаагчдад учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлдэг болгох шаардлагатай. 
Төрийн албан хаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас улсад болон иргэдэд учруулсан хохирлын хэмжээ буурахгүй байна. Энэхүү хохирлыг төсвийн хөрөнгөөр барагдуулсаар өнөөдрийг хүрсэн билээ. Төрийн албаны удирдах албан тушаалтны буруугаас төрийн ганцхан албан хаагчдад шүүхийн шийдвэрээр олгосон мөнгө 100 сая төгрөгт хүрсэн тохиолдол байна. Буруу шийдвэр гаргаснаас учирсан хохирлыг төрөөр төлүүлдэг байдал нь шийдвэр гаргагчийг хариуцлагагүй, цочроогүй болгож байна.  Иймээс аливаа шийдвэрээ хуульд нийцүүлэн зөв гаргадаг болгохын тулд энэ зохицуулалтыг хуульчилж өгөх нь зүйтэй. Энэ нь нэгд, улсын төсөвт эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хоёрт, төрийн албан хаагчийн хариуцлагыг өндөржүүлэх чухал ач холбогдолтой. 
Үндсэн хуулинд  төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг төр хариуцахаар заасан байдаг тул уг хуультай зрөчилдөнө гэж зарим хүмүүс үздэг. Энэ бас үнэн. Ийм заалт байгаа. Гэхдээ төрийн албан хаагчид, нэн ялангуяа удирдах албан тушаалтан хүн өөрийн буруу үйлдлээрээ төрд хохирол учруулаад суугаад байхыг хүлээн зөвшөөрч, зөвтгөж, хамгаалж болохгүй юм. Ийм буруу үйлдлийг давтан үйлдэх, бусад нь адилхан дагаж үйлдэх нөхцөл бүрдэхээс урьдчилан сэргийлж хамгаалах ёстой. 
11. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатай.     
Өнөөдөр  төрийн албан хаагчдын сарын дундаж цалин 805,3 мянган төгрөг байна. Энэ тоо бол дөнгөж өчигдөр гаргасан тоо. Төрийн албан хаагчдын цалин хувийн секторт ажиллаж байгаа иргэдийнхээс даруй 30 хувиар бага байна гэсэн тоо гарч байгаа. Төрийн албан хаагчдын цалингийн өсөлт өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг гүйцэхгүй байна. Мөн олон төрийн албан хаагч цалингийн болон орон байрны зээлтэй байна. Энэ тоог банкнууд гаргаж өгөхгүй байгаа тул одоогоор бодитой тоо хэлэх боломж алга. Гэхдээ том тоо гарах нь тодорхой юм.
Төрийн албан хаагч аливаа бизнес эрхлэхийг нь хуулиар хорьсон. Иймээс түүнийг нь бага ч болов нөхөх зорилгоор 36 хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаа тусламж авах боломжийг хуулинд оруулж өгсөн. Гэхдээ тэтгэвэрт гарахдаа л авна. Гэтэл үүнийг дундажаар 18 сар болгож бууруулсан. 
Гэнэт ажлаас халагдсан тохиолдолд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тусламж олгодог байсныг 3 сар хүртэл мөн бууруулсан. Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг байнга дордуулсаар ирсэн болохоос  биш системтэй, тогтмол нэмэгдүүлж, хүрсэн түвшингээс нь бууруулахгүй байх бодлого барьж ажиллаагүй.  
Төрийн албанд өндөр мэдлэг боловсролтой, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй хүмүүсийг сонгон авч, тэдгээрийг чин сэтгэлээсээ, хоёргүй сэтгэлээр, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тэдгээрийн нийгмийн баталгааг төр хариуцаж, нэгэнт хүрсэн түвшингээс нь бууруулалгүй, байнга сайжруулж байх зарчмыг тодорхой зааж хуульчлах шаардлагатай байгаа юм. 
12. Төрийн албан хаагчдын тухай мэдээллийн улсын нэгдсэн сантай болж, системийг динамик горимоор ажилладаг болгох шаардлагатай.  
Төрийн албан хаагчдын улсын хэмжээний нэгдсэн мэдээллийн сан ТАЗ дээр байдаг. Гэхдээ жилд ганцхан удаа нэгтгэгдэж баяжигддаг статистик хэлбэрийн мэдээ юм. Иймээс уг сангийн бүтэц, агуулга, зохион байгуулалтыг нь өөрчилж он-лайнаар, динамик аргаар баяжуулж болдог технологид шилжүүлэх шаардлагай. Мөн нууцын зэрэглэлийг нь хангаж байгууллагын зөвшөөрөгдсөн эрх бүхий суъект өөрийхөө харьяаны санд өөрчлөлт оруулах боломжтой, хаалттай системд шилжүүлэх шаадлагатай. Ингэснээр Төрийн албан хаагчдын тухай мэдээлэл шуурхай шинэлэгдэж, холбогдох хүмүүсийг мэдээллээр шуурхай хангах боломж бүрдэнэ. Уг ажлыг хийхэд багагүй хөрөнгө шаардагдах тул төсвийн хөрөнгөөр хийх нь зүйтэй.  
Төрийн албаны шинэчлэлтэй холбогдуулсан ярилцах өөр цөөнгүй асуудал байгаа бөгөөд тэдгээрийн талаар нэмэлт мэдээлэл өгье. 
ТАЗ нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны материалыг судалж боловсруулалт хийдэг бөгөөд өөрсдөө төрийн албаны эрх зүйн шинэчлэлийн талаар тогтмол судалгаа хийдэг юм.
Канад, БНХАУ, БНСУ, Франц, Азербайжан, Казахстан, Армен, Вьетнам, Энэтхэг, Турк зэрэг арав гаруй орны Төрийн албаны төв байгууллагуудын удирдах албан тушаалтны Олон улсын чуулга уулзалтыг ТАЗ 2013 онд Төрийн ордонд зохион байгуулсан бөгөөд түүний үр дүнд гарсан санал, зөвлөмж, УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвөөс хэрэгжүүлсэн “Төрийн албаны тогтолцоо, шинэтгэлийн талаарх бусад орнуудын туршлага ба Монгол Улсын нөхцөл байдал”, "Төрийн албаны эрх зүйн зарим асуудлаарх бусад орны туршлага” сэдэвт харьцуулсан судалгаануудын дүгнэлт, санал зөвлөмжийг мөн судалж хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлийн ажилдаа ашиглаж байгаа болно.
2017 оны 3-р сард Гадаад харилцааны яамаар дамжуулан гадаад орнуудад Монгол улсаас суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дэмжлэг туслалцаатайгаар Япон, БНСУ, Энэтхэг, ОХУ, Хятад, ХБНГУ, Франц, Австрали, Шинэ Зеланд зэрэг 22 орны төрийн албаны тогтолцооны талаар мэдээлэл авч, тэдгээр орнуудын төрийн алба, төрийн албан хаагчдын харилцааг зохицуулсан эрх зүйн актуудын талаар судалгаа хийж, одоо нэгтгэн боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.Нэгтгэн боловсруулсны дараа сонирхсон байгууллага, хүмүүс танилцах боломжтой.
ТАЗ жил бүрийн төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хүргэх үүрэгтэй.  Үүний дагуу 2016 оны тайланг хуулийн хугацаанд хүргүүлсэн.
2016 оны тайланг үндэслэн, Та бүхэнд цөөхөн тоо хэлье.
2016 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар төрийн албанд  188 мянган 974 хүн ажиллаж байна. Үүнээс 18960 /10.03%/ нь төрийн захиргааны, 130033 /68.82%/ нь төрийн үйлчилгээний, 36949 /19.55%/ нь төрийн тусгай албаны  3032/1.60%/  нь төрийн улс төрийн албан хаагчид байна. Нийт төрийн албан хаагдчын 60 хувь нь эмэгтэй,  40 хувь нь эрэгтэй албан хаагч байна.  43 хувь нь 35 хүртлэх насны залуучууд байна. Монгол Улсын төрийн алба ихээхэн залуужсан байна. 51-60 насны 27420, 60-аас дээш насны 1669 албан хаагч байна. Төрийн албанд 249 шинжлэх ухааны доктор, 1688 доктор /Ph.D/ ажиллаж байна. 
Эрхэм хүндэт Та бүхэн улс төрийн нам, хашиж байгаа албан тушаал, ажиллаж байгаа байгууллагынхаа эрх ашгийг урьтал болголгүйгээр Монгол Улсын төрийн албыг бэхжүүлэх, хөгжүүлэх, төрийн албан дахь хүний нөөцийн бодлогыг оновчтой явуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгоход хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.   

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.