Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

УИХ-ын дарга М.Энхболд Кувейт Улсад айлчилж байна

Эль-Кувейт хотын нисэх буудалд Кувейтийн Үндэсний Ассамблейн дарга Марзук Али Аль-Ганим угтжээ.


УИХ-ын дарга М.Энхболд Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг Эль-Кувейт хотын нисэх буудалд Кувейтийн Үндэсний Ассамблейн (парламент) дарга Марзук Али Аль-Ганим угтан авч хүндэтгэл илэрхийллээ.

“Кувейтийн сан”-гийн Ерөнхий захирал бараалхав

Айлчлалын эхний өдөр УИХ-ын дарга М.Энхболдод Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Ахмед Аль-Бадер бараалхлаа.

Абдулвахаб Ахмед Аль-Бадер УИХ-ын дарга М.Энхболдод Кувейт Улсад тавтай морилон саатахыг хүсээд “Кувейтийн сан”-гийнхаа талаар танилцуулав. Тус сан өнөөгийн байдлаар дэлхийн 160 улстай хамтран ажиллаж, энэ санхүүгийн жилд 1.9 тэрбум ам долларын хөнгөлөлттэй зээл олгоод байгаа аж.

Тэрбээр “Манай улс Монгол Улстай 20 орчим жилийн харилцааны түүхтэй. Сүүлийн жилүүдэд харилцаа удааширч, зарим асуудал шийдлээ хүлээж байна” гэж тэмдэглээд Монголын парламентын ордны барилгын санхүүжилтэд бид 12 сая ам доллар олгосон боловч газрын асуудал шийдэгдэхгүй удааширсаар, Хүүхдийн эмнэлэг барихад зориулахаар боллоо гэсэн. Хамгийн сүүлд уг хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгад шилжүүлэх санал тавиад байна. Мөн Шүрэнгийн УЦС-ын төслийн хөрөнгө оруулагчийн асуудал байгаа. Бид холбогдох судалгааг хийгээд танай талын техник эдийн засгийн үндэслэлийг хүлээж байна. Цаашид зам тээвэр, эрчим хүчний чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байна” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Монгол-Кувейтийн хамтын ажиллагаа богинохон түүхтэй боловч авто зам, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарт та бүхний хийж хэрэгжүүлсэн төсөл, тусламж дэмжлэгт манай ард түмэн ямагт талархалтай ханддаг. Парламентын ордон барихад зориулан олгосон санхүүжилтийг ард түмний эрүүл мэндийг хамгаалах байгууллагад шилжүүлэхийг дэмжиж байна. Шүрэнгийн УЦС-ын асуудлаар тодорхой шийдвэрийг Засгийн газраас гаргах байх. Манай эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа учраас Засгийн газар энэ байдлыг гэтлэн давах тусгай хөтөлбөр гаргаад ажиллаж байгаа. Олон улсын банк, санхүүгийн байгууллага, сайн харилцаатай улс орнуудын дэмжлэг бидэнд нэн чухал байна. Түүнчлэн танай улс, “Кувейтийн сан”-тай уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна. Та бүхнийг, Сангийн удирдлагыг Монголд айлчилж, хамтран ажиллах асуудлаар газар дээр нь үзэж танилцахыг урьж байна” гэсэн юм.

Абдулвахаб Ахмед Аль-Бадер урилгыг талархан хүлээн авч байгаагаа мэдэгдээд “Сангийн шугамаар томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг судалж үзье. Зээл тусламжийн асуудлыг Засгийн газрын түвшинд шийднэ. Шийдвэр нааштай гарна гэдэгт итгэлтэй байна” гэж онцлон тэмдэглэлээ.

ТОДРУУЛГА: Монгол Улс, Кувейт улсын хооронд 1975 онд дипломат харилцаа тогтоосон. “Кувейтийн сан”-гаас Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган-Уньт, Уньт-Тариалангийн чиглэлийн авто замыг тавихад 58.2 сая ам доллар, Тайширын УЦС-ын бүтээн байгуулалтад 19.8 сая ам долларын зээл олгосон. 1999-2000 оны зудын гамшгийн үеэр 500.0 мянган ам долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. Мөн Эмир Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж худалдан авахад нь зориулан 276.6 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байна.

Кувейтийн Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа

УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр үдээс хойш Кувейт Улсын Үндэсний Ассамблейн (парламент) дарга Марзук Али Аль-Ганимтай уулзлаа.

Марзук Али Аль-Ганим Кувейтийн Үндэсний Ассамблей, тус Ассамблейн гишүүдийн нэрийн өмнөөс УИХ-ын дарга М.Энхболдод албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, тавтай морилохыг хүсэв.

“Монгол Улс хүнд хэцүү цагт ямагт бидэнтэй хамт байсан. Иракийн дайны үеэр хамгийн түрүүнд Кувейт улсын тусгаар тогтнолыг дэмжиж, Иракийн эзлэн түрэмгийллийг буруушааж байсан улс орны нэг нь Монгол. Бид үүнийг үеийн үед санаж, Монгол Улсад хүндэтгэлтэй хандсаар байх болно. Түүнчлэн манай Эрхэм дээд Эмирийн хамгийн дуртай улс орны нэг нь Монгол гэдгийг тэмдэглэхгүй өнгөрөх аргагүй. Тэгэхээр Монгол Улс бол Кувейтийн Засгийн газар, ард түмэнд хамгийн ойр дотно улсуудын нэг билээ. Цаашид манай хууль тогтоох дээд байгууллага Үндэсний ассамблей, Монгол Улсын Их Хурлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэж бид үзэж байна” хэмээн уулзалтын эхэнд тэмдэглэж хэллээ.

УИХ-ын дарга М.Энхболд хүндэтгэн хүлээж авсанд нь Марзук Али Аль-Ганимд талархал илэрхийлээд арваннэгдүгээр сарын 26-нд болсон сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээж, парламентын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэж, Кувейтийн хууль тогтоох дээд байгууллагад амжилт хүсэв.

Тэрбээр “Хууль тогтоох байгууллагуудын харилцаа амжилттай хөгжих нь тухайн улс орнуудын Засгийн газар хоорондын болон эдийн засаг, хөрөнгө оруулалт, бусад салбарын хамтын ажиллагаа хөгжихөд чухал үүрэгтэй юм. Парламент хоорондын харилцааг өргөжүүлэхэд парламентын удирдлагууд болон гишүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулах нь чухал. Таныг Монгол Улсад тааламжтай үедээ айлчлан очихыг урьж байна” гэлээ.

-Сүүлийн 20 гаруй жилд манай хоёр орны хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа. Ойрхи Дорнодын улсуудаас Монголтой хамгийн ойр дөт, үр ашигтай хамтран ажиллаж байгаа улс бол Кувейт. XXI зууны эхээр эхэлсэн “Мянганы зам” төслийн үйл ажиллагаанд Кувейтийн Засгийн газар идэвхтэй оролцож, 500 шахам км замыг барьж байгуулсан. Баруун бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэр болох Тайширын УЦС-ыг байгуулахад Кувейтийн сангийн санхүүжилт чухал үүрэг гүйцэтгэсэн. Эрхэм дээд Эмирийн санаачилгаар Кувейтийн судалгааны төв Улаанбаатар хотод байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байна. Байгаль цаг агаарын хүндрэл тохиолдсон үед кувейтчүүд Монголын ард түмэнд тусалсан. Энэ бүгдэд Монголын ард түмэн талархдаг бөгөөд манай хоёр орны хамтын ажиллагааны сайхан жишээ болж үлдсэн юм.

Харилцаагаа цаашид улам өргөжүүлэхийн тулд 2017 онд хоёр талын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хийх талаар манай талаас санал тавьсан байгаа. Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танай Засгийн газрын тэргүүнд хандаж, Монголын эдийн засгийн хүндрэлтэй байдлыг гэтлэн давахад тусламж дэмжлэг үзүүлнэ үү хэмээсэн албан захидал ирүүлснийг Та анхааралдаа авч, дэмжиж өгөхийг хүсэж байна гэж УИХ-ын дарга М.Энхболд хэлэв.

Марзук Али Аль-Ганим “Үндэсний Ассамблей Таны болон танай Засгийн газрын хүсэлтэд анхааралтай хандах болно. Эрхэм дээд Эмир Монгол Улстай харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгөх ёстой гэж үздэг учраас нааштай шийдвэр гарах нь тодорхой” гэж онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр бүс нутгийн хамтын ажиллагаа, мөргөлдөөн сөргөлдөөнийг намжаах, терроризмаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх зэрэг асуудлыг хөндөж ярилцав.

ТОДРУУЛГА: Кувейт улс ардчилсан, хаант засаглалтай орон. Улсыг Эрхэм дээд Эмир удирддаг. Хууль тогтоох дээд байгууллага нь Үндэсний ассамблей. 50 гишүүнтэй. Бүх нийтийн, эрх тэгш, нууц санал хураалтаар 4 жилийн хугацаатай сонгогддог. Үндсэн хуулийнхаа дагуу Засгийн газрын гишүүдийн тоо Үндэсний ассамблейн гишүүдийн 1/3-ээс хэтрэх ёсгүй. Үндэсний ассамблейгаас баталсан хуульд Эмир гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Эмир Үндэсний ассамблейг тарааж, 2 сарын дотор нөхөн сонгууль явуулах эрхтэй аж.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
13 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
14 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
8
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.