Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

ЦОГЦОСНУУД: Монголын эрүүл мэндийн салбарын "туршилтууд"

Нийтлэлч: Дэвид Чэйс


Нэгдсэн Улсын анхны Ерөнхийлөгч, тус улсыг үндэслэн байгуулагч Жорж Вашингтоныг эмч нар ханиадыг нь эмчлэх гэхдээ биеэс нь их хэмжээний цус хоёронтоо ханан авснаар үхэлд хүргэсэн юм. Аюултай гэдгийг нь анагаах ухаан мэдэхээс өмнө судасны цус ханах эл арга Европт бараг 2000 жилийн турш хэрэглэгдсээр байсан билээ. Бидний хүссэн хүсээгүй, анагаах ухаан гээч нь хүний мэдлэг оюун хийгээд хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан хөгждөг зүйл юм. Тиймдээ ч  Барууны анагаах ухааны хөгжилд цогцоснууд дээр, заримдаа бүр хараахан үхээгүй цогцос дээр ч туршилт хийх явдал байсан ажээ. Харамсалтай нь Монголын анагаах ухаанд өнөөдөр ч цогцоснууд дээр туршилт хийх энэ элэрсэн баларсан арга хэвээр буй мэт. 

Гадаадын сайн дурын байгууллагууд тогтвортой хангамжтай байдаг. Тэд мөнгөтэй, хэлний хувьд хязгаарлагдмал чадамжтай гадаад мэргэжилтнүүдтэй, тэднийгээ заримдаа Улаанбаатараас алслагдмал, төвийн томхон цөлөгдмөл газруудад илгээн ажиллуулж амьдруулах болдог. Нэгэн сайн дурын байгууллагын эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилтан нь надад хамгийн түгээмэл тохиолддог гэмтэл бэртэл нь Сүхбаатарын талбай дээр халтирч унасных байдаг хэмээн ярьж билээ. Гэвч мод хагалж байгаад гараа гэмтээчихсэн ажилтныхаа шархыг хэрхэн оёх тухай зааврыг хөдөөний эмч нарт заагаад суух боломж энэ олон сайн дурын байгууллагын эрүүл мэндийн даамал бүхэнд олдохгүй шүү дээ. Хагалах модоо дээрээс нь биш, дандаа хажуугаас нь барьж бай, залуус минь!

Хамгийн ойрын нэг жишээ ярья л даа. Бриттани бол Хэнтий аймгийн Өндөрхаан хотод миний танилцсан сайхан сэтгэлт сайн дурын ажилтан. Тэр Хүүхдийн төвд ажилладаг байсан юм. Сэтгэл хөдлөлөө нэн сайн удирддаг, инээж хөгжилдөх боломжийг ер алддаггүй, өөрийнхөө яльгүйхэн монгол хэлээр нутгийн хүмүүстэй маш сайн ойлголцдог, их хүчирхэг эмэгтэй л дээ.

Нэг орой Бриттани пингээсээ гүзээтэй зөөхий оруулж иржээ. Тэгээд хурдхан гэсгээхийн тулд дундуур нь хагалахаар шийдэж. Тэр гүзээтэй тосоо өвдөг дээрээ тавьж байгаад хутгаа зоолоо. Гэнэтхэн гарсан их орь дуугаар гудамжны ноход шуугилдаад явчихав. Бриттани хутгаа зузаан гуя руугаа яг 2 инчийн гүн зоочихсон байж. Чингээд тэр миний бас нэг танил Эллиотоос тусламж гуйн дуудаж гэнэ. Бриттани хутгаа сугалж аваад хөлөө сайтар боолоо. Дараа нь тэр хоёр бушуухан нэг таксинд сууж аваад орон нутгийн эмнэлэгт очжээ. Эмч юу нь бүү мэд нэг мэдээ алдуулах тариа хийчихээд 10 орчим минутын дараа, тариа үйлчилж эхлэхээр ороод ирье гээд гараад явчихаж. Долоон минутын дараа гартаа чимхүүр барьсан нэг сувилагч орж ирснээ тариа хийхээсээ өмнө шархыг нь сайтар үзэх хэрэгтэй гэж гэнэ. Сувилагч үзлэгээ эхлэхэд түрүүчийн мэдээгүйжүүлэгч нь үйлчилж эхлээгүй л байлаа. Тэр сувилагчийг өнөөх чимхүүрээ Бриттанигийн шархны дотуур нааш цааш нь хөдөлгөн, татаж нэг чичиж нэг үзэх зуур хөөрхий бүсгүй Дантегийн тамын тав дахь хаалгыг татчихаад иржээ. Бриттаниг тэгж амьсгал хураах шахаж байхад өнөөх сувилагч нь ер ажирсан шинжгүй ажлаа үргэлжлүүлсээр байсанд Эллиот бүр балмагдаж орхисон байж билээ.

Сувилагч ийнхүү шархыг нь цэвэрлэж зөөллөснийхөө дараа л түүн рүү эгцлэн харж “Санаа зоволтгүй ээ” хэмээн инээмсэглэн хэлжээ. Дундад зууны үеийн тамлан зовоолт лугаа аймшигт өвдөлт мэдрүүлснийхээ дараа гэнэтхэн зовлонг нь хуваалцах мэт эелдэг загнасанд Эллиот, Бриттани хоёр бүр гайхшаа баржээ. Удалгүй эмч орж ирээд Бриттанигийн шархыг оёж эхлэв. Мэдээ алдуулагчийнх нь үйлчлэл бас л сайнгүй байсан ч өнөөх чимхүүрийн төнхөлтийг бодоход бас ч гэж аядуухан байлаа. Бриттани шархаа оёулж чадсандаа баяртай байсан ч шархных нь дотор тал хэдэн долоо хоногийн турш зориурлаж явсан байна. 

Бриттани өөрийнхөө хөл рүү хутга дүрж орхисон энэ явдлаа лав мартаж чадахгүй биз. Нянгийн халдвар авсан бас нэг найзын маань түүх Бриттанигийн болгоомжгүйгээсээ болж гэмтсэн түүхтэй төстэй. Америкт бол тиймэрхүү шархыг зарим нэг антибиотикоор цэвэрлэчихэж болдог. Харин мань эрд ийм зөвлөгөө өгч амжихаас өмнө сувилагч түүнийг орилуулж байгаад шархных нь онгорхойг спирттэй хөвөнгөөр ямар ч хэрэггүй, ахин дахин арчсан байж билээ. Сувилагчид хүний өвдөлтөд яагаад тийм хайнга жишимгүй ханддаг байна аа. Тэдний дадлага туршлагатай холбоотой юу.

Миний бас нэгэн сайн дурын ажилтан найз Брэндоныг бодохоор яс янгинах шиг болдог. Тэр маань Монголоос буцахынхаа өмнөхөн бараг сүүлчийнх нь гэж болом хүсэшгүй дурсамжийн эзэн болсон юм. Брэндон “Соёл эрдэм” дээд сургуулийн хойнотоох шүдний эмнэлэгт сүүлчийн үзлэгтээ орох байж л дээ. Манай эрүүл мэндийн даамал бидэнд энэ эмнэлгийг герман тоног төхөөрөмж, англи хэлт мэргэжилтнүүдтэй гэж санал болгосон юм. Брэндоны шүд хэдэн долоо хоногийн турш ялимгүй өвдсөн тул ломбо тавиулах бодолтой явж л дээ. Тэгтэл эмч нь өнөөх шүдийг нь сугална гэжээ. Чингээд яах ийхийн зуургүй буйл руу нь новокайн шахаж, эсэргүүцэх ч тэнхэлгүй Брэндоныг хангинатал ёолуулж байгаад өрөмдөж гарчээ. Чингээд арван минутын дараа тэр эмч найзыг маань амыг нь ангайлттай чигээр нь орхиод гарч. Хэлээрээ тэмтэрвэл тэрүүхэнд нь нүх гарч, онгойсон байжээ. Уг нь Брэндоны шүдийг  юу юугүй авхуулах ёстой гэж хэн ч хэлээгүй боловч тэр эмч мань эрийн ажилладаг сайн дурын байгууллагаас нилээд ахиу төлбөр нэмж авсан гэнэ лээ.

Гарынх нь яс цуурсан бас нэг найзын маань жишээ байна. Яаралтай түргэн тусламжийн эмч нар түүнд хагалгаа хийлгэж, арав хоног эмнэлэгт хэвтэх хэрэгтэй гэжээ. Харин найзууд нь түүнд тэгэх шаардлагагүй гэж зөвлөв. Улмаар тэрбээр хэдэн долоо хоногийн дараа Тайландын эмнэлэгт үзүүлж гэнэ. Гэтэл тайланд эмч нар түүнд хоёр долоо хоног байлгахад л болно гээд боолт хийж өгсөн байна. Асуудал ийнхүү шийдэгдэх нь тэр. Тэр боолтных нь үнэ монгол эмч нарын хийх гээд байсан хагалгааны үнээс хэдэн зуу дахин хямд байсан гэдэг. Ер нь зарим эмнэлэг Германаас оруулж ирсэн үнэтэй тоног төхөөрөмжүүдийнхээ үнийг төлөхийн тулд гадаад үйлчлүүлэгчдэдээ хэтэрхий үнэтэй эм, эмчилгээ тулгаж, тэднийг баяртайгаар шулж байдаг гэсэн яриа Монголд амьдардаг гаднынхны дунд тарсан байсныг нуух юун. 

Ноднин хавар Сүхбаатар дүүргийн цус шинжилгээнийхэн намайг элэгний гепатиттай хэмээн буруу оношлох үед өнөөх урт нэхэмжлэлийн хуудастай жинхэнэ ёсоор нүүрэлдсэн дээ. Намайг шинжилгээний хариугаа лабораториос очиж ав гэсэн юм. Тэгтэл хариун дээр маань учир нь үл ойлгогдох “цэ” гэсэн үгний ард “+” тэмдэг байх нь тэр. “ДОХ”, “Элэгний вирус” гэсэн хоёр үгний харалдаа шүү. Ихэд гайхсан би “Цэ гэж ямар өвчин юм бэ. Би юу тусчих нь энэ вэ” гэж асуулаа. Харин тэд “Цэ вирус ээ!” гэж өрөөгөөр нэг зарлаад, гайхаж хоцорсон гадаад эр над руу харан тун жоготой инээлдсэнээ “Та ч монголоор их сайн ярих юм аа” гэж билээ. Захирлууд нь намайг тайвшруулах гэж англиар ярьдаг нэг эмчээ явуулсан байлаа. Харин тэр хүн нь надтай уулзаад “Санаа зоволтгүй дээ. Монголчуудын ихэнх нь цэ вирустай байдаг юм” гэв.

Монголын эрүүл мэндийн салбарт дадлага туршлагын дутагдал, менежментийн доголдол их байгаа нь илт анзаарагддаг. Олон нийтийн эрүүл мэндийн төлөө ажилладаг сайн дурын ажилтнуудын олонх нь эмнэлгүүдийн хийж буй менежмент гүйцэтгэлээ сайжруулах тал дээр эргэх холбоонд орж чадахгүй байгааг онцолдог. Басхүү санхүү, нөөц бололцоо, англи хэлний чадвар, анагаахын мэдлэг мэдээлэл хүртэл хомсдолтой байна. Эмчөвчтөн хоорондын харилцаа, хамтын ажиллагаа ч базаахгүй байгаа нь миний дээр дурдсан хүмүүсийн түүхээс тодорхой харагдана. Энэ хүмүүс “Та миний хөлийг шорлож орхилоо! Та миний буйлыг өм цөм болгочихлоо! Та намайг бүр түгшээж орхилоо!” гэж хэлэхийг хүсч л байгаа шүү дээ.

Гомдол гаргаж, ямар ч тохиолдолд гомдлоо тайлж байж санаа амардаг зан Барууныхны дунд илүү хурц илрэх нь бий. Бид чинь их уриалгахан, үйлчлүүлэгчдэдээ төвлөрсөн орчинд өсч торнисон улс. Монголчууд харин иймэрхүү нөхцөлд илүү хүлцэнгүй байж банкны теллерүүд, эмч нар юу хэлнэ, тэр бүгдийг нь ёсчлон дагах хандлагатай улс бололтой.

“Эхнэр бид хоёр элдвийн хуумгай оношт битгий итгэ гэж найзууддаа дандаа захидаг. Хэрэв хүү чинь хөлөө бэртээчихвэл үг дуугүй аймгийн төв орж, рентгенд харуулсан нь дээр шүү” гэж Монголд урт хугацаагаар оршин сууж буй, миний танил Жорж Экономидс хэлж билээ. Жорж мөн л сайн дурын ажилтан байх үедээ тулгарч асан хэрэг явдлаа дурсаж “Нутгийн нэг жаал хүү бид хоёр бараг зэрэг шахуу дунд хуруугаа гэмтээчихсэн юм. Би ч яахав, тэр дороо Тайланд нисээд хагалгаа хийлгэчихлээ. Одоо миний гар бүрэн эдгэсэн. Харин өнөө хүүгийн дунд хуруу одоо ч сайн хөдөлдөггүй юм ш дээ” хэмээн ярьж билээ.  

Дэлхийн улс орнуудын тэн хагас, басхүү Америкийн бага орлоготой хэсгийнхний дунд ч байж л байдаг ажиллах хүч дутмаг, цалин хөлс тааруу, зарим тохиолдолд мэргэжлийн ур чадвар ч дульхан гэх мэтийн зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг манай зарим Барууныхан чухам Монголд ирж байж л сэхээрч сэнхэрдэг нь бүдүүлэг хэрэг. Үүний зэрэгцээ бид бас ийм хүнд нөхцөлд үнэхээр өндөр ур чадвар гарган ажиллаж байгаа эмч нар, олон нийтийн үйлчилгээний ажилтнуудыг нэн ихээр хүндэтгэх хэрэгтэй болж байна.

Миний түрүүн дурдсан сайн дурын ажилтнууд, багш нар бол Монгол соёл, Монголын хүн ардтай зүрх сэтгэлээрээ холбогдсон хүмүүс шүү гэдгийг цохон тэмдэглэх учиртай.  Тэдний ихэнх нь Монголоос нүдэндээ нулимстай буцдаг юм. Энэ мэт явдлуудыг хөгжил буурай эдийн засгийн орчинд амьдарч буй хүмүүсээс гарч л байдаг золиос гээд цайруулаад өнгөрч болох. Хүн олныхоо төлөө сэтгэл харамгүй зүтгэж байгаа улс даа гээд ойлгоод өнгөрөхөд ч гэмгүй. Харин хөгжил дорой анагаах ухааны хурц мэсэнд өртөгсдөд бол тээж үлдсэн шарх сорви нь чухамхуу нэр төрийн бэлгэ тэмдэг, үлдсэн амьдралынх нь гол түүх болдог юм. Тийм шархандаа бахархан үлдэж, домог мэт дурсагдах тэдгээр цөөхүүл бол – Цогцоснууд. Өөр хэн ч байхсан билээ дээ.

Энэхүү нийтлэл "Гэрэг" сэтгүүлийн 82 дахь дугаарт нийтлэгдсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
4 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
36
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.