Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Ахлах сургуулийн дараах “завсарлага жил” буюу “GAP YEAR” гэж юу вэ?

“GAP Year” гэдэг нь ахлах сургуулиа төгссөний дараа их дээд сургуульд орохын өмнө ойролцоогоор жил орчим авдаг “завсарлага” юм.


Бид энэ долоо хоногоос эхлэн “Томүжин” академитай хамтран сурагч, оюутнуудын заавал мэдвэл зохих мэдлэг, чадвар болоод гадаад хэлний мэдлэгээ сайжруурахад тань туслах нийтлэлүүдийг цувралаар хүргэхээр болсноо дуулгахад таатай байна. Ингээд хамгийн эхний нийтлэлийг хүлээн авна уу.

 

GAP Year гэж юу вэ?

“GAP Year” гэдэг нь ахлах сургуулиа төгссөний дараа их дээд сургуульд орохын өмнө ойролцоогоор жил орчим авдаг “завсарлага” юм. Жилийн завсарлага авснаар хувийн мэдлэг чадвараа хөгжүүлэх, ажлын туршлагатай болох, бие дааж сурах гэх мэт давуу талтай. Магадгүй Монголд “GAP Year” авна гэвэл жил алдах гэж үү хэмээн хүмүүс гайхан, эвэртэй туулай үзсэн мэт хүлээн авах нь элбэг. Гэвч “GAP Year” авсан хугацаагаа ухаалгаар ашиглаж чадвал “жил алдах” гэхээс илүү “жил хожно оо” л гэсэн үг.

“GAP Year” авснаар хожно гэж үү? Яаж?

Мэдээж “GAP Year” авч буй хугацаагаа хий дэмий биш, төлөвлөгөөтэй, үр дүнтэй ашиглаж чадвал та эргэлзээгүй хожно. Тэгвэл хэрхэн жилийн завсарлагаа үр дүнтэй өнгөрөөх вэ гэж гайхаж байна уу? Та өөрөөсөө хамгийн түрүүнд “Би өөрийнхөө тухай ийм зүйлийн хариултыг олмоор байна, би амьдралын тухай ийм зүйлийг мэдмээр байна” гэсэн асуултыг тавих ёстой хэмээн Америкийн Гап холбооны үүсгэн байгуулагч Этан Найт тайлбарлажээ. Тиймээс та юун түрүүнд “GAP Year” авч буй зорилгоо тодорхойлж, түүндээ тохируулан төлөвлөх хэрэгтэй. “GAP Year” авах хугацаандаа юу хийхээ төлөвлөх нь таны хувийн сонирхлоос хамаарна. Нэг жишээ аваад үзье л дээ. Баярсайхан энэ жил  ахлах сургуулиа төгссөн бөгөөд ирээдүйд ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй байсан учир “GAP Year” авахаар шийдсэн. Тэрээр урлагт сонирхолтой ч мөн авто механик сонирхдог байв. Нэг үгээр хэлвэл, Баярсайхан “GAP Year” авах хугацаандаа дуртай зүйлээ олж чадвал дургүй зүйлээ суралцах 4 жилийг хожиж байна гэсэн үг юм. 

“GAP Year” авснаар өөр олон зүйл хожих болно. Америкийн Гап холбооны судалгаагаар “GAP Year” авсан оюутнууд сурлагын хувьд илүү сайжирч, төгссөнийхөө дараа шууд ажлын байртай болох магадлал нь нэмэгдэж, мөн ирээдүйд юу хийхээ илүү сайн тодорхойлсон байдгийг олж тогтоожээ. Хэрвээ та ажил олгогч байсан бол яг адилхан сургууль төгссөн хоёр хүнээс шинийг эрэлхийлсэн, ажлын туршлагатай 23 настайг нь сонгох уу эсвэл сургуульд явахаас өөр зүйл хийгээгүй 22 настай ажилтныг сонгох уу? Тэгэхээр та “GAP Year” авах хугацаагаа ухаалгаар ашиглаж чадвал илүү ихийг хожих боломжтой.

“GAP Year” авах хугацаандаа хийж болох 4 үр бүтээмжтэй зүйл ба сурагчдын “GAP Year” авдаг шалтгаан

  • Ажиллах

Ажил буюу дадлага хийснээр өөрийн хүссэн зүйл юу болохыг мэдэх, туршлагатай болох, танилын хүрээгээ тэлэх, магадгүй зүгээр л коллеждоо шаардлагатай мөнгө хурааж болох юм. 

  • Сайн дурын ажил хийх 

Сайн дурын ажил хийснээр бусадтай харилцах ур чадвар тань нэмэгдэж, танилын хүрээгээ тэлэхэд тань тусална.

  • Аялах 

Зарим сурагчид нэг жилийн хугацааг аялахад зарцуулдаг. Гадаад оронд аялах нь бусдын соёлтой танилцах, дэлхийн тухай илүү ихийг мэдэх мөн ертөнцийг өөр өнцгөөс харахад тусална.

  • Суралцах 

“Gap Year” авах хугацаандаа мөн суралцаж болно. Шалгалтууддаа бэлдэх, солилцооны хөтөлбөрт хамрагдах, өөр орны хэл сурах, зуны богино хугацааны хөтөлбөрт хамрагдах гэх мэт. 

Дараах судалгаа нь Америкийн Гап холбооноос гаргасан ба сурагчдын GAP year авдаг шалтгаануудыг үзүүлэв.

Нийт судалгаанд оролцсон сурагчдын:

92% нь амьдралын туршлага хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлэх 
85% нь аялах, өөр орны соёлтой танилцах 
51% нь ирээдүйд юу суралцахыг хүсэж байгаагаа олж мэдэх
48% нь сайн дурын ажил хийхийн тулд 
41% нь өөр орны хэл сурахын тулд 
29% нь ажлын туршлага хуримтлуулахын тулд 
11% нь бусад шалтгаанаар “GAP Year” авдаг гэж хариулжээ.

Америк дахь “GAP Year” 

“GAP Year” авагчдын тоо Америкт жил ирэх тусам нэмэгдсээр байгаа билээ. 2006 оноос хойш “GAP Year” авагчдын тоо 20 хувиар өсжээ. Зарим ахлах сургуулиудад “GAP Year” авахаар сонирхож буй сурагчдад туслах зөвлөгч ажиллаж байна. Америкийн NBC News-ийн мэдээлснээр Принстон, Тафтс, Оберлин гэх мэт сургуулиуд элсэгчдээ “GAP Year” авахыг нь дэмжиж санхүүгийн туслалцаа үзүүлж эхэлсэн байна. Нью-Йоркийн их сургууль, Амхерст коллеж, Принстон, Харвард, MIT, Миддлебури коллеж, Ешива, Рийд гэх мэт их сургуулиуд “GAP Year” авахыг хүссэн элсэгчдэд зориулсан тусгай журам гаргажээ. Энэ мэтчилэн “GAP Year” гэх ойлголт нь Америкт илүү хүчээ авсаар, мөн сургуулиуд нь илүү дэмжсээр байна. 

Ганцхан жил хэмнэхийн тулд бүтэн 4 жилийг дургүй зүйлээ сурч алдсанаас жилийн турш өөрийгөө хөгжүүлэн юу хүсэж байгаагаа олж, түүгээрээ суралцан илүү үр ашигтай 4 жилийг хожсон нь таны ирээдүйд асар том хөрөнгө оруулалт болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хэрвээ та “GAP Year” авахаар төлөвлөж байгаа бол өөрийгөө сонсон зөв сонголт хийгээрэй.

Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Оюундарь
Редакторласан: Ч. Сарангоо

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
30
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

guest 2019.03.12 66.181.160.69

sn bnuu gap year awbal gadaadad ih surd orhdo zaawal SAT uguh shaardlagati bdg ymuu eswel IELTS undur onoo awad ywah bolmjtoiyu aan bas tugsuud gap year awhgu shuud gadaadd surhar bol ielts ugud ywj boldguu satguiger

0 Хариулах