Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

CNTraveler: Монголын инди хөгжим ид цэцэглэн хөгжиж байна

“CNTraveler” цахим хуудаст Монголын инди хөгжмийн хөгжил, цэцэглэлтийн тухай сурвалжлагч Лаурэн Кнаппын бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.


“CNTraveler” цахим хуудаст Монголын инди хөгжмийн хөгжлийн тухай сурвалжлагч Лаурэн Кнаппын бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Монгол Улсын нийслэл дэх шинэ үеийн залуус инди хөгжмийн тухай ихийг өгүүлж чадна.

Ямар нэг машин зам, хашлага аль эвсэл цахилгааны шонгүй өргөн уудам ногоон талыг та төсөөл дөө. Энэ дэлгэр сайхан нутгаар хүлэг морьд эрх дураараа давхиж, сүрэг хонь, ямааг зөрж өнгөрнө. Алсаас цагаан цэг шиг монгол гэр үзэгдэнэ. Энэ бол агуу Чингис хааны цогцлоосон Монгол улс билээ. Энэ бол бүргэдийн анчин эрс (бас охид) төдийгүй асар олон тэмээ, цаа буга, сарлаг тэргүүтэй мал сүргийн өлгий нутаг юм. Монгол бол жил бүр хязгааргүй үргэлжлэх хөх тэнгэрийн эрэлд гарсан 500.000 гаруй жуулчдыг татдаг гайхалтай орон.

Гэхдээ энд бас таны төсөөлж буйгаас ч өөр Монгол бий. Нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт бичигддэг Монгол улсын нийслэлд нийт хүн амын бараг тал хувь нь оршин суудаг. Нүүдэлчин ард хөдөө талаар морио унаад, малаа хариулж явах зуур Улаанбаатар хотын залуус энэ орны инди хөгжмийн түүхийг бичилцэж явна. Эндээс та рок, фолк, рэп, метал, бүр регги хөгжмийг ч олж сонсох боломжтой. Долоо хоногийн ихэнх үдэш амьд хөгжмийн баарууд “амь орж”, гайхалтай хөгжмүүд эгшиглэж эхэлдэг. Улаанбаатар хотод (хотын иргэд хотоо UB гэж дуудах нь ч бий) залуучуудын хүсэл, шаардлагад үндэслэн жил бүр олон хөгжмийн орчин, үдэшлэгийн газрууд нээгдэж байна.

Нэгэн үе энэ төрлийн хөгжим “сураггүй” байсан гэж хэлж болно. 1990-ээд оны эхээр Монгол Улс коммунизмыг халж, зах зээлийн систем рүү шилжсэн. Улс төр болон эдийн засгийн огцом өөрчлөлт энэ орны иргэдийг олон жилийн хямралд хүргэснээр хөгжмийн салбар ч хүндхэн байдалд орж байсан аж. Хамтлаг дуучдын цомог болон хөгжмийн зэмсэг олж авна гэдэг бараг байж боломгүй зүйл байснаас гадна өөрийнхөө гитараар тоглож, хөгжим зохиодог хүн тун ховор байлаа. Яг энэ үеэр Улаанбаатар хотын иргэд соёлын шилжилтэд хөл тавьсан гэж хэлж болно. Өмнө нь бараг хориотой байсан барууны хөгжмүүдийг олж сонсох үүд хаалгууд нээгдэж, “Boyz II Men”, Мадонна, “Queen”-ээр хязгаарлагддаг байсан хамтлаг, дуучдын нэр төрөл ч нэмэгдсэн билээ. Залуу үеийн хөгжмийн хорхойтнууд “boy band” хамтлагуудаас гранж гээд бүхий л урсгал чиглэл рүү орж, хуучны дуртай монгол хамтлагийн хөгжмүүдийг дахин хийж эхэлсэн байна.

2017 оныг харахад хөгжмийн шинэ эрин үе хөгжил цэцэглэлтийн үедээ ирээд байна гэж хэлж болохоор. Монгол руу аялахаар төлөвлөж буй жуулчдад хандаж хэлэхэд нэгэнт энд ирсэн бол 20 жилийн өмнө бараг ор сураггүй байсан ч өнөөдөр гайхалтай хөгжөөд буй UB-ийн инди хөгжмийн соёлтой танилцаарай.

Хаанаас энэ хөгжмүүдийг олж болох вэ?

Хэрвээ та тайван бөгөөд сэтгэл хөдөлгөсөн хөгжим хайж байгаа бол “Дунд Гол”-ыг зориорой. Улаанбаатар хотын дундуур урсдаг “Дунд гол” голын нэрээр нэрлэсэн эл газарт Зөвлөлтийн үеийн пянзнуудыг худалдаалдаг бөгөөд жижиг хэмжээний тоглолт, кино үдшүүдийг зохион байгуулдаг. DJ Длобын үүсгэн байгуулсан олон жил үргэлжилж буй хөгжмийн төслийн хамгийн сүүлийн хувилбар бол энэ кафе юм. Хөгжмийн рекордын үйл ажиллагаагаар гараагаа эхэлсэн “Дунд гол” хожим шинэ уран бүтээлчдийг дэмжих, хөгжмөө бусадтай хуваалцах газар болсон. Харин одоо бол инди урлаг сонирхогчдын цуглах газар болоод буй.

Харин хүйтэн Чингис шар айраг шимэнгээ хөгжим сонсохыг хүсвэл “Gandan Live House”, “The Basement” бааруудыг зорих нь зүйтэй. Зэрэглээ орших Гандан хийдийн нэрээр овоглосон эл бааранд Монголын топ инди хамтлагууд төдийгүй зарим гадны хамтлагууд ч тоглодог. Хотын хамгийн том андерграунд клуб бол “The Basement”  юм.

Санал болгох уран бүтээлчид

  • Хэрвээ аз таарвал аль нэг шоун дээр та фолк уран бүтээлч Магнолианыг олж сонсох болно. Дуучин-хөгжмийн зохиолч Б.Дөлгөөн энэ жилийн SXSW фестивальд оролцсоныг дурдах нь зүйтэй. Түүний зөөлөн баргил хоолой нь надад Леонард Коэн болон “The National” хамтлагийг санагдуулсныг нуух юун. 
  • Хэрвээ та эндхийн хамгийн алдартай инди хамтлаг “The Lemons” хамтлагийг сонсолгүй Улаанбаатараас явбал өөртөө харамсах хэрэгтэй. “The Strokes” тэргүүтэй хамтлагуудтай ижил стилиэр тоглодог тус хамтлаг нь Монголын инди хөгжмийн түүхийг 10 жил орчим бичилцэж яваа юм.
  • Та хөөмийн тухай урьд өмнө сонсож байсан уу? Хоолойн энэ өвөрмөц техникийг бөмбөр, морин хууртай хослуулдаг “Алтан ураг” хамтлагыг онцлохгүй байхын аргагүй. Тэд үндэсний хөгжмийн зэмсэгүүдийг электрон дугаралтуудтай хослуулах оролдлого хийсэн анхны хамтлагуудын нэг бөгөөд Монголын орчин үеийн фолк рок хөдөлгөөнийг тэргүүлэгч гэж хэлж болно.
  • Бодьхүү бол Улаанбаатарын хаус, хип хоп хөгжмийн хэмнэл бүтээгч юм. Баруун Монголоос Улаанбаатар хот руу суурьшсан тэр одоо хөгжим сонирхогч дунд багагүй алдаршсан нэгэн. Монголын хуучны дуунуудыг орчин үеийн хэмнэлд оруулан өөрчилдэг тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард “Токио” нэртэй тав дахь цомгоо гаргасан билээ.

Гол фестивалиуд

Хэрвээ та Монгол руу аялахаар төлөвлөж байгаа бол долоодугаар сар хамгийн тохиромжтой. Учир нь Монголын уламжлалт баяр “Эрийн гурван наадам” болон “Playtime” хөгжмийн фестиваль долоодугаар сард болдог. Энэ жил “Playtime” наадам  дахь жилдээ зохион байгуулагдах бөгөөд хэд хэдэн гадны томоохон хамтлаг уригдан оролцох юм. Энд ирснээр та гурван өдрийн турш сайхан хөгжим сонсож, найз нөхөдтэйгөө майханд тухлах боломжтой.

Харин хавар Монголд ирэхээр төлөвлөж буй бол “Нис Нис” фестивалийг зориорой. Монголын анхны гранж хамтлаг Нисванисын төрсөн өдрийг тохиолдуулан жил бүр инди, панк, фолк рок хамтлагууд нэг дор цуглан эл хөгжмийн фестивалийг зохион байгууладаг юм. 1990-ээд оны дунд үед байгуулагдсан Нисванис хамтлаг нь Нирвана хамтлагаас үлгэр авч өнөөдрийн монголын инди хөгжмийн зам мөрийг гаргаж яваа хамтлаг юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
2
Өчигдөр
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
3
3 өдрийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
23
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.