Хайх зүйлээ бичнэ үү

24 мин

Г.МӨНХ-ЭРДЭНЭ: МОНГОЛЫН МАШ ОЛОН СУДАЛГААГ ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ

ШУТИС-ийн “Хүмүүнлэгийн ухааны тэнхим”-ийн багш Г.Мөнх-Эрдэнийн антропологи, судалгааны аргазүй, эрдэм шинжилгээний ёсзүйн талаар өгүүлэх сонирхолтой яриаг хүргэж байна.



Монголчуудын төсөөлөл бодит байдлаас хэр хол зөрдөг вэ? Хариултыг нь энэхүү ярилцлага танд бага ч болтугай өгнө гэдэгт итгэлтэй байна. ШУТИС-ийн “Хүмүүнлэгийн ухааны тэнхим”-ийн багш Г.Мөнх-Эрдэнийн антропологи, судалгааны аргазүй, эрдэм шинжилгээний ёсзүйн талаар өгүүлэх сонирхолтой яриаг хүргэж байна. Тэрбээр барууны зарим их сургууль, судалгааны хүрээлэнд зочин судлаачаар ажиллаад саяхан ирээд байна.  

 


АНТРОПОЛОГИЙН ҮҮДНЭЭС ҮЗВЭЛ САЯХАН ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЭЭД ГЭРТЭЭ СУУЖ БУЙ ЭХ ХҮН Ч АЖИЛ ХИЙЖ БАЙГАА

- Ойрд уулзаагүй учраас өнгөрсөн хоёр жилийн “аялал”-аас тань яриагаа эхлүүлэх үү? Хаагуур, ямар их дээд сургуульд ажиллав даа?

- Дэлхийн тэргүүлэх их сургууль, судалгааны байгууллагатай танилцаж, зарим газар нь ажиллаад ирлээ. 2015 оны есдүгээр сараас өнгөрсөн оны зургаадугаар сар хүртэл Английн Кэмбрижийн их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвд зочин судлаачаар ажилласан. Тэнд байх хугацаандаа Кэмбриж, Оксфорд, Сэнт Эндрюсийн их сургуулийн семинар, хурлуудад оролцох боломж олдлоо. Дээр нь, Унгарын Төв Европын их сургуульд дахин зочилж, семинарт оролцлоо. Бас Лондон коллеж их сургуулийн Антропологийн тэнхмээс хэрэгжүүлж буй “Монголын эдийн засагт үүсэж буй сэдвүүд” төслийн судлаач учраас баг дээрээ байнга очиж, судалгаагаа үргэлжлүүлж байлаа.

Өнгөрсөн зун хоёр сар орчим Нью-Йоркийн их сургуулийн Америк судлалын олон үндэстний хүрээлэнд зочин судлаачаар ажилласан. Тэнд байх үедээ Харвард, Массачусетсийн технологийн институт, Колумбийн их сургуультай танилцах боломж олдсон. Түүнээс хойш Австрийн ШУА-ийн Нийгмийн хүн судлалын салбарт зочин судлаачаар ажилаад саяхан Монголдоо буцаж ирээд, ШУТИС-т багшийн ажилдаа ороод байна.

- Та антропологи судлаач. Монголчууд антропологийг ихэвчлэн соёл судлалтай холбож ойлгодог шүү дээ. Тухайлбал таны судалгааны сэдэв юу байв?

- Антропологи соёл судлалаас нэлээд өөр. Гэхдээ чи яг аль соёл судлалыг нь асууж байна вэ гэдэг нь чухал юм. Миний судалж мэдсэнээр, Монголд гурван төрлийн соёл судлалын тухай ярьдаг. Нэгт, ЗХУ-аас эхтэй культурология; хоёрт, Америкийн антропологич Л.Вайтын “culturology”; гуравт, Англид үүссэн “cultural studies”. Энэ бүхний ялгаа зөрүүг “Аль соёл судлал вэ: Талбараа тодорхойлох шаардлага” өгүүлэлд дэлгэрэнгүй дурдсан.

Судалгааны сэдвийн хувьд зочилсон сургууль бүхэндээ өөр өөр судалгаатай байсан. Тухайлбал, Кэмбрижийн их сургуульд “Монгол дахь соёлын өв хамгааллын улс төр”, “Монгол бус байр суурь: Дэд бүтцийн хөгжлийн төсөл” сэдэвтэй хоёр судалгаа хийсэн бол Нью-Йоркийн их сургуульд Америкийн чөлөөт урлагийн боловсролын тухай судалгаа хийлээ. Харин сая Австрид “Монголын зэрлэг капитализм” сэдвээр судалгаа хийсэн.  

- Таныг оюутан болж байхад Монголд антропологи гэсэн нэршил дөнгөж л сонсогдож эхэлж байсан. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

- Тун санамсаргүй сонгосон. Үнэндээ антропологи гэсэн нэрнээс илүү угсаатан судлал гэсэн нэр л сонсож байлаа. Би хувьдаа МУИС-д л орох ёстой гэж бодож байсан. Тэгээд шалгалт өгөөд МУИС-ийн угсаатан судлалын ангид орж, бакалавраа төгсөөд мастераа Нийгэм, соёлын антропологи мэргэжлээр хамгаалсан. Гэхдээ энэ хоёр нэршил харахад ялгаатай ч утгын хувьд онц хол зөрүүгүй, нэг л зүйлийг хэл хэлэнд өөрөөр нэрлэсний үлдэц.  

- Монголд антропологийн ухаан нэвтрээд нэлээд хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд чамгүй олон хүн энэ мэргэжлээр төгссөн байх. Гэтэл энэ мэргэжлээр төгсөөд хийх ажил хаана байна вэ? Та бол байна гэж хэлэх юм билээ?

- Энэ зөвхөн антропологийн ухааны тухай биш байх аа. Хамгийн эрэлттэй мэргэжил эдийн засгаар төгссөн хүмүүс бүгд ажил хийдэг үү гэж асуумаар байна. Энэ бол харьцангуй ойлголт. Тэд эдийн засагчийн ажил хийхгүй ч өөр ямар нэг ажилтай л байгаа. Яг үүнтэй адилаар антропологийн анги төгсөөд антропологич болоогүй ч өөр ажил хийж байгаа төгсөгч олон бий. Их, дээд, дунд сургуулийн багш, музейн эрдэм шинжилгээний ажилтан, соёлын өвийн төв, аймгийн соёлын газар, тамгын газар антропологичид ажиллаж л байна. Төгсөгчид ажилгүй сууж байгаа гэдэгт би итгэдэггүй. Антропологийн үүднээс үзвэл саяхан хүүхдээ төрүүлээд гэртээ сууж буй эх хүн ч ажлаа хийж байгаа юм. Яагаад заавал нэг өрөөнд сууснаараа ажил хийсэн болдог юм бэ. Төгсөгч бүр ямар нэгэн ажил хийж л байна.

Харин яг антропологич гэсэн ажлын байр Монголд ховор байгаа нь үнэн. Миний бодлоор ямар ч мэргэжлээр төгссөн бай өөрөө хичээвэл ажил хийх боломж Монголд бий. Харин тэр хүн хэр хичээж сурсан, зүтгэсэн, хувь хүний зан чанар, мэргэжлийн ур чадвар, гадаад хэлтэй юу зэрэг шалтгаанаас болоод ажилд орох, орохгүй нь шийдэгдэнэ.

Би бакалавраа төгсөөд 32 газар анкет бөглөсөн. Түүнээсээ нэг л газар нь ажилд орсон. Дараа нь магистраа төгсөөд, дахиад 10 гаруй их, дээд сургууль руу ажил асуун ярьж, анкет бөглөж байж ШУТИС-ийг сонгож гэрээт багшаар орж байлаа. Гурван сарын дараа багшийн шалгалт зарлагдаж, “хөөрхөн” өрсөлдөөнөөс тодрон жинхэлж байв. Миний хувьд ажилд орох хэзээ ч амархан байгаагүй. Их л зовлон болж ажилд орсон. Зөвхөн бакалавр төгсөх нь сайн ажилд орох шалгуур юм бол жилд төгсөж буй 30 гаруй мянган залуу ажил олчихгүй яав. Тийм юм ерөөсөө ч байхгүй.

Дэлхий даяар зөвхөн антропологи гэлтгүй нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр төгссөн хүн мэргэжлээрээ, эсвэл өөр мэргэжлийн ажилд орох боломж бусад шинжлэх ухааны салбартай харьцуулахад бага. Тэгээд ч антропологичоор ажиллахгүй байгаа нь муу, муухай хэрэг огт биш. Ажил л бол ажил. Орсон ажилдаа идэвх зүтгэлтэй байвал тэр хүн сайн сайхан л амьдарна. Антропологи өөр олон мэргэжилтэй харьцуулахад илүү академик мэргэжил.

 


ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШНИЙХЭН СУДАЛГАА АШИГЛАХГҮЙ БАЙГАА БИШ, ГЭХДЭЭ ТАНИЛ ТАЛЫНХАА СУДАЛГААГ Л АШИГЛАДАГ БАЙХ


- Өнгөрсөн намар Монголд зохиогдсон антропологийн хуралд би суусан. Монголын нийгмийн орчин үеийн асуудлыг хүн судлал, улс төр, эдийн засгийн талаас ярилцсан маш сонирхолтой хурал болсон. Гэтэл яг улс орныг гардан авч яваа, шийдвэр гаргах түвшнийхэн эдгээр судалгааг зүгээр бичиг цаас мэтээр хардаг юм шиг.  

- Ийм гомдол их байна аа. Шийдвэр гаргагчид заавал судлаачдын ажлыг анхаарах, ажиглах албагүй. Харин шийдвэр гаргахдаа л судалгаатай, нухацтай хандах ёстой болов уу. Учир нь, нийгмийн бүх асуудал дээр шийдэл болсон судалгаа байхгүй. Гол асуудлаа шийдэхдээ судлаачдын санал бодол, судалгааг ашиглаж болно. Эрдэмтэн бүрийн судалгаа сайн, хэрэгжих боломжтой биш шүү дээ. Уулын мод урттай, богинотой.

Шийдвэр гаргах түвшнийхэн судалгаа огт ашиглахгүй байгаа биш, ашиглаж байна. Гэхдээ өөрийнхөө танил тал, нэг үгээр хэлбэл, өөрийнхөө талын хүмүүсийн судалгааг ашиглаад байх шиг санагддаг. Тэрийг мэдэрсэн, зах зээлээ олчихсон “судлаачид” ч байдаг нь нууц биш. Мэдээж хүн өөрийн таньдаг хүндээ итгэж найдна. Гэхдээ таньдаг бүхэн сайн судлаач байх нь юу л бол. Үүнтэй адил аль нэг шийдвэр гаргагчийг таньдаггүй, тэдэнд таалагддаггүй хүн муу судалгаа хийсэн гэсэн үг биш.

- Тухайлбал, баруунд судалгааны салбар шийдвэр гаргах түвшний байгууллагатай хэр нягт харилцаатай байдаг вэ?

- Судалгаа гэж ямар ч түүвэрлэлт, арга зүйгүй, “халтуурны”, хэдэн цаасны төлөөх, захиалагчийн хүслийн дагуу хийсэн зүйлийг хэлж байна уу, эсвэл хугацаа зарсан, чанартай, шинжлэх ухааны арга зүйтэй зүйлийг хэлж байна уу гэдэг л асуудал. Надад манай цөөнгүй судлаач, судалгааны байгууллага үүнийг ялгаж салгадаггүй, салгахыг хүсдэггүй юм шиг санагдсан. Иймээс Монголд байгаа маш олон судалгааг шийдвэр гаргах түвшинд ашиглах хэрэггүй. Харин Баруунд мэргэжлийн судлаачдыг ажиллуулж асуудал шийдэх нь цөөнгүй. Тэгэхгүй байх тохиолдол ч бий. Энэ улс орон гэхээсээ ямар асуудалд мэргэжлийн судлаачийг ашиглах вэ, ашиглахгүй вэ гэдэг асуудал.

- Дээр та монголчуудын бүтээсэн капитализмын тухай ярьсан. Энэ ямар төрлийн капитализм вэ, ямартай ч барууныхнаас өөр байх шиг?

- Өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон хурлаар энэ тухай нэлээд ярилцсан. Ерөнхийдөө би монголчууд зэрлэг капитализм гэж юуг яриад байгаа тухай нэг илтгэл хэлэлцүүлсэн. Миний санаа монголчууд нийгмийн хувьслын онолыг капитализмыг тайлбарлахдаа ашиглаж байна гэсэн утгатай юм. Социализмын үед нийгмийн хувьслын онол, тэр дундаа Марксын гэгдэх таван шаттай формацын онол хүчтэй байсан нь өнөө ч нэг их өөрчлөгдөөгүй. Энэ утгаараа цөөнгүй монгол капитализм гэдэг зүйл хэд хэдэн үе шаттай, бид одоогоор доод шатанд байна, хэдэн жилийн дараа шат ахисаар Барууны улсуудын түвшинд хүрнэ гэж үзэж байгаа. Яг социализмын үед коммунизмд хүрнэ гэдэг байсан шиг.

Одоо тэр зорилго капитализмын дээд шатанд хүрэх болж өөрчлөгдсөн. Нэгэнт ихэнх хүний зорилго нь энэ капитализмын зэрлэг, доод шатыг хурдан давах, гэтлэх юм бол яаж давах вэ. Ингэхийн тулд эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжиж бүхнийг зах зээлийн хуулинд даатгах учиртай гэж үздэг хэсэг байна. Учир нь өнөөх хувийн хэвшлийн хэд маань XIX зууны сүүл XX зууны эхэн үеийн Америкийн капиталистууд шиг үүрэгтэй, үндэсний баялаг бүтээгчид болж буй юм. Тиймээс энэ зэрлэг, доод шатаа давахын тулд эдгээр үндэсний баялаг бүтээгчдэдээ анхны хуримтлалаа хурааж цуглуулах боломж өгөх хэрэгтэй. Дараа нь тэд нийгмээ чирнэ гэж үзээд байна. Учир ийм тул хувийн хэвшлийнхэн төртэй хутгалддаг, төрийн тендер авдаг, төрөөр өөрийн компанидаа ашигтай шийдвэр гаргуулдаг зэрэг үйлдлийг нэг их тоодоггүй. Харин төр их олон юмны буруутан болж байх шив дээ. Ингэхээр Монголын зэрлэг капитализм гэдэг нэгэн төрлийн хувьслын онолч капитализм болж байгаа юм.     

- Сэтгүүлчид, судлаачид монголчуудыг бусад оронтой жиших дуртай байдаг. Бүр Америк, Орос, Хятадтай жишдэг хийрхэл ч бий!

- Улс орныхоо байдлыг бусадтай жишиж, харьцуулж болно л доо. Харьцуулж байж л бодит байдлыг мэдэх боломжтой. Гэхдээ харьцуулж байна гээд тэдний шалгуур хэмжүүрээр өөрсдийгөө хэмжээд хэрэггүй ээ. Тэд өдөрт хоёр удаа шүршүүрт ордог “боловсон, соёлтой” хүмүүс байна. Бид тэгэх ёстой зэргээр муйхарлавал магадгүй манайх шиг хуурай уур амьсгалтай газар тохирохгүй. Энэ явган хүний замаа хар л даа. Цас ордоггүй халуун орны хавтан тавьчихсан, жаахан цас ороход л тархиараа савж уначих гээд хэцүү байна шүү дээ.

- Судлаачийн хувиар харахад бидний одоогийн нөхцөл ямархуу шатанд байна вэ?

- Аль нэг соёл, нийгэм бусдаас илүү дээр, “хөгжсөн” байдаггүй. Зүгээр л соёл-нийгэм, улс орнууд нэг нэгнээсээ өөр өөр байдаг. Тиймээс нийгмийн хувьслын онол болоод бидний сайн мэдэх Марксын таван шаттай “формацын онол” шиг бид аль нэг хөгжлийн шатанд байгаа юм биш. Харамсалтай нь энэ онолд итгэдэг, үүгээр сэтгэдэг хүмүүс Монголд их байдаг. Гэтэл бодит байдал дээр нийгэм, соёл нэг нэгнээсээ өөр, ялгаатай болохоос дээр доор шаталсан тогтолцоонд байдаггүй. Хэрвээ энэ тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл Жарэд Даймондын “Guns, Germs, and Steel: The Fates of Human Societies” номыг уншиж болно. Түүний үзлээр аливаа нийгэм, соёл, амь зуулгын ялгаа тухайн бүс нутаг, экологийн онцлогтой холбоотой. Европчууд ган төмөр, галт зэвсэг, өвчний нян гэсэн гурван зүйлээр дэлхийн бусад хэсгийг колоничилж, өөрсдийн эрхшээлдээ оруулжээ. Гэтэл тэдний эзлэн авсан зарим газар төмрийн хүдэргүй тул төмөр ашиглах боломжгүй байж. Тиймээс тэд чулуу, яс, модоор зэвсэг хийдэг байж. Гэтэл европчууд тэднийг төмөр ашигладаггүй, одоо болтол чулуун зэвсэгтэй, бүдүүлэг гэсэн байгаа юм. Гэтэл нөгөөдүүл нь бүдүүлэгтээ, тэнэг мангартаа биш, нутагт нь тийм материал байхгүй, эсвэл гараар олборлох боломжгүй байжээ. Зарим газар нь гэршүүлэх боломжтой амьтан ч байсангүй, зарим газар нь амьтан гэршүүлэх шаардлагагүй олон амьтантай байжээ. Европчуудын технологийн дэвшил зарим бүс нутагт гараагүй нь тэр газрын газар зүй, байгалийн баялагтай холбоотой. Ингэж л байгаль, экологийн өгөгдсөн нөхцөл өөр өөр байдгаас шалтгаалан ард түмэн, улс орны ахуй байдал, амь зуулгын хэлбэр өөр өөр замаар хөгжжээ.

Бид мал маллаж байгаа нь цаг уур, орчиндоо зохицсон хамгийн зөв сонголт байсан. Тиймээс бид одоо хөгжлийн доод шатанд байгаа, хэдэн жилийн дараа дэвшсээр Барууны улс орны зэрэгт хүрнэ гэж тэдний загварыг хуулах нь хэтэрхий залхуу сэтгэлгээний хэлбэр. Одоо нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 12,000 ам.доллараас дээш бол хөгжсөн улс гэж үзэж байгаа байх. Бид хэдэн жил зүтгэсээр тэр хэмжээнд хүртэл нөгөө шалгуур нь 18,000 болсон байна. Эсвэл хөгжлийг хэмждэг өөр шалгуур гараад ирнэ. Аз жаргалын индекс, хүний хөгжил гээд хөгжлийг хэмждэг олон шалгуурыг янз бүрийн байгууллага гаргадаг. Ингэж хөгжил гэдгийг видео тоглоомын үе давж буй юм шиг төсөөлбөл хэзээ ч тэр үе чинь дуусахгүй. Тэд чаддаг, бид чадахгүй байна гэж шаналаад байх ч хэрэггүй. Тэдний болон бидний чаддаг зүйлс өөр өөр. Улс орон бүр нэг адил замаар хөгжөөгүй шүү дээ.

- Нэг талдаа технологийн хөгжлийг дагаад соёлын империализм, нөгөө талдаа үндэсний соёл устаж байна гэсэн эмзэглэл их байдаг. Ийм тохиолдолд улс үндэстэн өөрсдийнхөө онцлог чанарыг хэрхэн хадгалж үлддэг вэ?

- Манайд үндэсний соёл устаж байгаа тухай их ярьдаг. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Антропологи ч ингэж үздэггүй. Соёл байнга хувиран өөрчлөгддөг болохоос яг байгаагаараа хөлдөж, царцдаг юм биш. Соёлыг консервлож, хадгалж болохгүй. Та хүссэн ч, эс хүссэн ч, мянга чарлаж, биеийнхээ хамаг үсийг зулгаасан ч соёл өөрчлөгдөөд л явна. Антропологи алив соёлд аль нэг судлаач нөлөөлж, соёлыг хувиргаж, засварлаж байгааг шүүмжилдэг. Монголд бол соёл устаж байна гэж яриад “өөртөө ашиг гаргаад” байгаа хүмүүс л эргээд маш том асуудал болох гээд байна. Их сайхан сэтгэлээр хандаж, устаж буй соёлоо хадгалж хамгаалах гэдэг. Гэтэл үр дүн нь сөрөг гарсан явдал цөөнгүй бий. Жишээ нь, ЮНЕСКО-д соёлын өв бүртгүүлж, хамгаалж байна гэлцдэг. ЮНЕСКО-гийн соёлын өвийн жагсаалт анхнаасаа улс төржсөн бүтээл байснаас эрдэмтэд гаргаж ирсэн санаа биш.

- Тэгээд ямар санаа гэж?

- Хайрлая, хамгаалъя гэж яваад юу ч үгүй болгосон тохиолдол ч бий. Уг санаа нь устаж буй соёлын өвийг хамгаалах. Гэтэл дэлхийн жижиг угсаатан, нийгмийн жижиг бүлгүүдийн соёлыг өөр хүчирхэг үндэстэн эзэмшиж, өөрийн нэр дээр бүртгүүлэх эрсдэлийг дагуулсан. Учир нь, тэр жижиг бүлгүүд дэлхий дээр юу болж байгаа, ЮНЕСКО, соёлын өвийн бүртгэл, жагсаалт гэж юу ч мэдэхгүй. Манай хөөмийг бүртгүүлсэнтэй холбогдож ямар маргаан гарсан тухай судлаач Б.Цэцэнцолмонгийн өгүүллийг https://num.academia.edu/TsetsentsolmonBaatarnaran унших хэрэгтэй. Монголын соёл, соёлын өв гэдэг олон нийтийнх, монголчуудын өмч. Гэтэл энэ бүртгэлээс бол аль нэг хувь өвлөгч, төрийн бус байгууллага, улсын байгууллагын өмч шинжтэй болж, бусад хүн суралцах, өвлөх боломж хаагдаж байна. Өвлөн тээгч нь өөр нэгнийг үгүйсгэн “манай удам тэдний удмаас илүү түүхтэй. Би жинхэнэ өвлөн тээгч, тэд худлаа хуурамч” зэргээр ярьж, хүмүүсийн харилцаа хүртэл эвдэрч байна шүү дээ.

 

ЯМАР Ч МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТГҮЙ, ЗҮГЭЭР Л ХУРЛЫН ЭМХЭТГЭЛД ГАРГАСНАА ГАДААДАД ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЧИХЛЭЭ ГЭЖ БОДООД БАЙНА

- Буцаад тэтгэлгийн талаарх яриа руу орох уу? Та олон тэтгэлэг авсан байна. Энэ тухайгаа жаахан тодруулж ярьж болох уу?

- Судалгааны тэтгэлгийн мэдээллийг янз бүрийн л сувгаар авдаг даа. Фэйсбүүк дээр миний дагадаг хуудас, бүлгүүд дандаа л судалгааны байгууллага, тэтгэлгийн тухай агуулгатай. Мэйл хаягаа бас янз бүрийн сайтад бүртгүүлсэн. Харин Баруунд байгууллага ажилчдаа тэрхүү мэдээллээр хангах нь түгээмэл. Та тэнд очоод сургуулийн мэйл жагсаалтад хаягаа бүртгүүлчихэд л өдөртөө 10 гаруй мэйл ирнэ. Хурлын, тэтгэлгийн зарууд ирдэг. Монголд ч гэсэн байгууллагууд ийм сүлжээтэй байвал ажилчдад их амар байх болов уу. Миний хувьд эрдэм шинжилгээний тэтгэлэг хөөцөлдөж байсан тул мэргэжлийн талаа илүү тодотгож өгсөн. Би ийм сэдэвтэй, ийм судалгаа хийнэ, ийм төсөв гарна, хугацаа ийм байна гэсэн маягтай. Их олон тэтгэлэгт материалаа өгсөн. Тэр дундаас авсан нь ч бий, аваагүй нь ч бий. Гэхдээ дандаа гадаадын тэтгэлэг авч байсан болохоос Монголын юм уу, монгол хүн шалгаруулах комист нь орсон тэтгэлэг нэг ч удаа авч байгаагүй сонин явдал байдаг л юм.

- Судалгааны ажлын хувьд суралцсан зүйл их биз дээ. Чанартай судалгаа гэж юуг хэлээд байна вэ?

- Мэдээж чанартай судалгаа гэж юу юм бэ, сайн судлаач гэж хэнийг хэлэх вэ, яаж ялгаж мэдэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зарим нь тэгж мисс хүүхнүүд шиг уралдуулах юм уу ч гэж магад. Мэдээж, судлаачдыг уралдуулах боломжгүй, ёс зүйгүй үйлдэл. Гэхдээ нөгөө талд судалгааны чанарыг хэмжих аргачлал зөндөө бий. Энэ дуусахгүй маргааныг орхиод Монголын жишээгээр ярья. Хэдэн жилийн өмнөөс МУИС багш, судлаачдаа “Thomson Reuters”-т бүртгэлтэй, зэрэглэл өндөртэй эсвэл мэргэжлийн хяналттай сэтгүүлд өгүүллээ хэвлүүлэхийг шаардах боллоо. Үүнээс үүдээд бусад их сургууль, судалгааны байгууллага ч энэ загвараар шахаж байх шиг байна. Хэрэв Монгол Улс энэ дагуу судалгаа болон судлаачдаа үнэлж дүгнэх гэж буй бол сайн хэрэг. Дундаас нь хаячихалгүй сайн хийх хэрэгтэй. Үнэндээ Монголын судлаачид судалгаа хийдэг гээд л баахан юм бичээд байдаг. Тэрийг хэн уншиж байна вэ. Энд байгаа 300-400 хүн л уншиж байгаа. Яагаад Монгол судлаачийн бүтээлийг дэлхий даяар уншиж болохгүй гэж, яагаад Монголын судлаачид дэлхийн бусад эрдэмтний бүтээлийг ямар ч саадгүй уншиж болохгүй гэж. Хэрэв ингэвэл бид эндээ л түжигнэх биш, дэлхийн шинжлэх ухаантай хөл нийлүүлж, сайн судалгаа, үр дүнтэй ажил хийх боломж бүрдэнэ шүү дээ.

Эрдэм шинжилгээний ажил ч гэсэн ирэх долоо хоногт нэг хурал болох нь гэсэн сургаар долоо хоногт өгүүллээ бичээд, хурлын эмхэтгэлд хэвлүүлэхийг хэлдэг юм биш ээ. Баруунд нэг өгүүлэл хэвлүүлэх дундаж хугацаа жил байдаг. Мэдээж үүнээс хурдан, удаан байж болно. Хугацаа нь сэтгүүлийн хяналтын явцаас шалтгаалдаг. Та нэг өгүүлэл бичээд  түүнийгээ аль боломжтой гэсэн сэтгүүл рүү илгээлээ. Тэр сэтгүүл тухайн сэдвийн дагуу сондгой тоотой мэргэшсэн судлаачдаар бүтээлийг уншуулж, хянуулаад хэвлэж болох, эсэхийг шалгуулдаг. Хянагчийн ч тэр, өгүүлэл бичигчийн ч нэр мэдэгдэхгүй. Хэрвээ нэр байвал сонирхлын зөрчил үүснэ гэж үздэг. Хянагч өгүүлэл илгээгчийг бусдаас хуулсан байна уу, хэдэн жилийн өмнөх өгүүллээ дахин илгээж үү, шинэ санаа гаргаж уу, өгүүллийн үр дүн тухайн салбарт шинэ мэдлэг, үр дүн авчрах уу, судлаач эрдэм шинжилгээний ёсзүй баримталсан уу гээд үй олон шалгуураар шүүж үзээд хэвлэх, эсэхээ шийддэг. Ингээд өгүүллийг хэвлэх боломжтой гэвэл хянагчийн засвар, зөвлөгөөг тусгаад дахин илгээнэ. Хэрвээ хянагч зөвшөөрөхгүй бол та өөр сэтгүүл хайх хэрэг гарна. Эсвэл таны өгүүлэл муу учир хэвлэх сэтгүүл байхгүй гэсэн үг.

- Тэр зэрэглэлийг яаж тогтоодог юм бэ?

- Тухайн сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийг хэр олон хүн уншиж, эш татсан байна вэ гэсэн үзүүлэлтээр гаргадаг. Монголд яригдаад байгаа “Thomson Reuters” бол мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн бааз. Уг баазад бүртгэлтэй, зэрэглэл өндөртэй болон мэргэжлийн хяналттай сэтгүүлүүдийг манай зарим сургууль чухалчилж байх шиг байна. Уг нь үүнийг чухалчлаад зэрэглэл өндөр, мэргэжлийн хяналттай сэтгүүлд өгүүллээ хэвлүүлээд дадвал зүгээр сэн. Тэгэхгүй бол манай судлаачид хуурамч сэтгүүл, нэг хурлын эмхэтгэл төдийд өгүүллээ хэвлүүлчихээд “би гадаадад өгүүллээ хэвлүүлчихлээ” гээд баярладаг буруу жишиг тогтлоо шүү.  Иймэрхүү ангууч (predator) сэтгүүл ямар ч хянагчгүй, ихэнхдээ зохиогчоос мөнгө аваад л хэвлэдэг. Тэр нь бас өгүүллийг үнэгүй нийтэд уншуулах төлбөр биш. Зүгээр л шүүлтүүр, хяналтгүйгээр өгүүллийг нь хэвлэж байгаагийн төлбөр юм. Харин өгүүллээ үнэгүйгээр нийтэд хүргэхийн тулд өгөх төлбөр сэтгүүлийн зэрэглэлээс хамаараад хэдэн зуугаас хэдэн мянган доллар болдог. Учир нь, бүх сэтгүүлийг үнэгүй унших боломжгүй. Тэнд бас хэвлэлийн газрын бизнес бий шүү дээ. Тиймээс судлаачид өгүүллээ олон нийтэд үнэ төлбөргүй уншуулахыг хүсвэл, төлбөрөө төлөх хэрэгтэй. Уг төлбөрийг тухайн судлаач гэхээсээ судалгааны төсөл төлж байгаа харагддаг.

Манай сургуулиуд эрдэмтдээ гадаадад өгүүлэл хэвлүүл гэж шахаад эхлэхээр дээрхийн адил хуурамч сэтгүүлд өгүүллээ өгч хууртаад байгаа судлаач олон байгаа юм шиг санагдсан. Эсвэл гадны оронд болсон хуралд илтгэл хэлэлцүүлээд, түүнийгээ англи хэлтэй хүнээр орчуулуулаад хурлын эмхэтгэлд хэвлүүлснээ сэтгүүлд өгүүлэл хэвлүүлчихлээ гэж андуураад байна. Үнэндээ хурлын эмхэтгэлийг тэр бүр хянагч уншаад, шүүн тунгаагаад байдаггүй. Хэрвээ таны өгүүллийг ямар нэгэн мэргэжлийн хүний шүүлт, хяналтгүйгээр хэвлэж буй л бол тэр хэвлэлийн чанар чансаа муу л гэсэн үг. Тиймээс ч зарим судлаач хурлын эмхэтгэлд хэвлүүлсэн өгүүллээ бүтээлийн жагсаалтад оруулдаггүй. Үүнээс гадна өөрөө мэдэхгүй хэл дээрээ бусдаар орчуулуулаад аль нэг газар хэвлүүлэх нь ч ёс зүйгүй үйлдэл. Та мэдэхгүй хэл дээрээ яаж мэргэжлийн хянагчдын бичсэн шүүмж, зөвлөгөөг уншиж ойлгоод өгүүллээ засаж сайжруулах вэ? Нэгэнт таны бүтээлийг гуйж, урьж орчуулаад хянаж, шалгаад хэвлээгүй л бол нэг төрлийн хуурамч л бүтээл гэсэн үг. Ингэж өөрийгөө ч өрөөлийг ч хуураад хэрэггүй.

- Өгүүллийн хувьд ийм байж. Тэгвэл судалгааны ном хэвлүүлэх явц ямар байдаг вэ?

- Ном хэвлүүлэхэд ч ялгаагүй. Манайх шиг ном биччихлээ гээд дурын хэвлэлийн газартаа өгөөд хэвлүүлчихдэггүй. Мэдээж бичсэн номоо ямар газраар хэвлүүлэх нь дурын хэрэг. Гэхдээ эрдэмтэд тийм юм хийх хүмүүс биш. Хэн нэгэн судлаач ном бичлээ гэхэд нэр хүнд бүхий, чанартай хэвлэлийн газарт хандаж, номоо хэвлүүлэх хүсэлтээ хүргүүлнэ. Яг дээр хэлсэн шиг мэргэжлийн хяналттай. Судлаач аль болох нэр хүндтэй хэвлэлийн газраар номоо хэвлүүлэх хүсэлтэй байдаг. Хэвлэлийн газрын зэрэглэсэн судалгаа ч мэр сэр бий. Тэр судалгаагаар бол томоохон сургуулиудын хэвлэлийн газар л их нэр хүндтэй. Жишээ нь, Кэмбрижийн, Чикагогийн, Харвард их сургуулийн хэвлэлийн газраас гаргасан ном “муу” байх учиргүй гэх ч юм уу стандарт тогтчихсон байдаг. Гэтэл энэ тогтолцоог мэдэхгүй, судлаачдыг хуурч ном хэвлэдэг хэвлэлийн газрууд их байна. Ийм хуурамч, ангууч хэвлэлийн газруудаас болгоомжлох хэрэгтэй. Хэн нэгэн судлаач манайх ийм хэвлэлийн газар, таны номыг хэвлэе гэхээр “өө намайг урилаа, яасан сайхан бэ” гээд нооргоо өгдөг. Тэд нэг ч хяналт, уншилт хийхгүй хэвлэчихвэл та хулхи хэвлэлийн газраар хэвлүүлжээ л гэсэн үг. Ийм хэвлэлийн газраар ном бүтээлээ хэвлүүлсэн хүн хэл аманд өртөх, цаашлаад карьераа ч алдах аюултай. Монголд иймэрхүү тохиолдол миний мэдэхийн хэд хэд гарсан. Гэхдээ бидэнд сонголт байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу. Судалгааны чанараа сайжруулъя гэвэл энэ мэт хяналтын тогтолцоог хэрэгжүүлж болно. Бас үгүй ээ, тэндээ л тэгдэг юм байгаа биз гээд бахь байдгаараа зүтгэж ч болно.

- Энэ тогтолцоо Монголд бий болох боломжтой юу?

- Монголд нэлээн эрт хэрэгжээд, үр дүнгээ өгсөн газар ч байна. Жишээ нь, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхим 2006 оноос хүний нөөц, сургалтын хөтөлбөртөө томоохон шинэчлэл хийсэн. Миний мэдэхээр уг тэнхим Монголын нийгэм, хүмүүнлэгийн ухаанаар судалгаа хийдэг байгууллага, тэнхмээс хамгийн олон өгүүлэл зэрэглэл өндөр болоод мэргэжлийн хяналттай сэтгүүлд хэвлүүлсэн газар. Зөвхөн багш нар ч биш докторын оюутнууд нь хүртэл өгүүлэл хэвлүүлсэн шүү. Мөн би Кэмбрижийн их сургуульд байхдаа магистрынх нь хичээлүүдэд суусан. Гэтэл МУИС-д магистр, докторын хичээлд сууж байхдаа уншиж, ярилцаж байсан цөөнгүй ном, судалгааг тэд ч гэсэн ярьж байсан. Өөрөөр хэлбэл, энэ тэнхмийн сургалтын хөтөлбөр, чанар Кэмбрижийн их сургуультай хөл нийлүүлж, цаашлаад дэлхийтэй мөр зэрэгцэж байгаа юм байна л гэж ойлгосон. Энэ талаар илүү сонирхвол тус тэнхимийн эрхлэгч байсан Д.Бум-Очироос асуувал дээр болов уу. Мөн МУИС-ийн Түүхийн тэнхмийн П.Дэлгэржаргал багшийн удирдлага дор хэдэн жилийн өмнөөс Антропологи, археологийн тэнхмийн загвараар хүний нөөц, хөтөлбөрөө өөрчлөөд, одоо үнэхээр чадалтай баг бүрдүүлээд байна. Гаргаж буй бүтээлийн даац, цараа ч мундаг байна. Ийм шинжтэй тэнхим олон болох тусам Монголын судалгаа, судлаачийн чанар сайжраад байна гэсэн үг.
           
- Судлаачийн ёсзүйн талаар та нэлээн шүүмжлэл хандлагатай байдаг. Энэ талаар?

- Ёсзүй, тэр дундаа багш, судлаачдын ёсзүйн тухай байнга ярих ёстой юм аа. Үнэндээ манай зарим багш, судлаачийн өдөр тутамдаа хийгээд дадчихсан зүйл нь ихэнхдээ ёс зүйгүй үйлдэл байдаг. Манай зарим судлаачид ямар ч эшлэл зүүлтгүй баахан л юм бичсэн байгаа харагддаг. Үнэндээ тэр хүн тэр санааг анх хэлсэн байх ямар ч боломж байхгүй, өмнөх судалгаагаа дурдахгүй ашиглахгүй байна гэдэг тэр судлаачийг хэр чадварлаг, чансаатай, ёс зүйтэй хүн бэ гэдгийг л харуулж буй юм. Хүний бичсэн зүйлийг би бичсэн гээд бүтээлийн жагсаалтдаа оруулдаг, хүний бичсэн дээр нэрээ хүчээр тавьдаг хүмүүс мэр сэр байж л байна. Хүмүүс тэгдэг хүний тухай мэдэж л байгаа шүү дээ. Гэтэл нөгөө хүмүүс нь “намайг хэн ярих вэ, нохойг хэн саах вэ” гэсэн маягтай өөрөө өөрийгөө хуураад л явж байна. Эцэстээ нэр нүүрээ л барж байгаа шүү дээ.

- Цаашдаа судалгааны ямар төлөвлөгөөтэй байна вэ? Гаднын сургуулиудад ажиллах уу?

- Мэдээж судалгаагаа хийнэ. Одоогоор хоёр өгүүлэл зэрэглэл өндөр, мэргэжлийн хяналттай сэтгүүлд өгчихөөд сууж байна. Удахгүй хянагчаас хариу ирэх болов уу. Тэд хэвлэнэ гэвэл засвараа хийгээд хэвлүүлнэ дээ. Бас хэвлүүлэхээр төлөвлөсөн хэдэн ном байна. Энэ номнууд мэргэжлийн ангийн оюутан, антропологи сонирхдог хүмүүст хэрэг болоод байдаг бололтой юм билээ. Өнгөрсөн хугацаанд антропологийн зургаан ном хэвлэхэд гар бие оролцжээ. Өөрийн нэг ном бий, бусдыг нь хянаж засах юм уу, хамтарч бичих байдлаар оролцсон. Нэг ч номоо өөрөө мөнгө төлж хэвлүүлээгүйдээ жаахан бардам байдаг. Аминдаа л дээр ярьсан шиг хяналтын тогтолцоогоор дамжиж, гадна болон дотоодын байгууллагууд хянаж шалгаад хэвлэсэн юм. Тэгэхээр зөвхөн миний биш, тэр хүмүүс хэдэн номыг маань болно бүтнэ гэж үзсэнийх болов уу. Мэдээж үглэж, дуулдгаараа ёсзүй гээд л яриад явах биз. Монголд өмнө нь ярьсан шиг мэргэжлийн хяналтын тогтолцоотой соёл тогтоохын төлөө төлөвлөсөн ажил бий. Тэр бүхнээ л хийнэ дээ.    

 

 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
8 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
10 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бат 2019.11.21 202.126.89.44

Энэ чинь нөгөө сумтай Монсоникийн баярхүүгийн хээр хаясан хоноцын гөлөг юм биш үү. Яасан их мултардаг амьтан бэ?. Ийм их мэдэгч үсээ ургуулсан хир даг болсон юмнууд их олон байнаа монголд.

0 Хариулах