Хайх зүйлээ бичнэ үү

мин

Баатрыг дурсахуй: 9/11-ээс 15 жилийн дараа

“Үзэл бодол” төрөлд Пулицерийн шагналтан болсон “Wall Street Journal” сонины сэтгүүлч Пэгги Нунаны цуврал нийтлэлээс шилэн орчууллаа.


Өнгөрсөн долоо хоногт сэтгүүлзүйн дээд алдар болох Пулицерийн шагналтнууд тодров. “Үзэл бодол” төрөлд шилдгээр шалгарсан “Wall Street Journal” сонины сэтгүүлч Пэгги Нунаны цуврал нийтлэлээс шилэн орчууллаа. Цувралыг Пулицерийн хороо “Улс төрийн зөрчлөөс болж хуваагдаад буй америкчуудад үндэстний үнэт зүйлийг нь сануулсан гайхалтай нийтлэлүүд”  хэмээн тодорхойлжээ.

Энэхүү нийтлэлийн болон Америкийн ард түмний баатар “Улаан алчуурт” нэрээр алдаршсан эр зоригт залуугийн тухай Барак Обама “Тэр залуу хэн гэдгийг, хаанаас гараад ирснийг хүмүүс мэдээгүй. Гэхдээ улаан алчууртай тэр залуу амийг нь аварч байгааг бол тэд ойлгосон. Тэр шархадсан хүмүүсийг арчилсан. Амьд үлдсэн хүмүүсийг аюулгүй газарт хөтөлж, гэмтсэн бүсгүйг гар дээрээ өргөөд бүтэн 17 давхар уруудсан. Дараа нь буцаад л дээш гүйсэн. Тэр олон давхар шүү. Тэгээд шархадсан хүмүүсийг доош зөөсөөр л байсан. Цамхаг нуран нуртал тэр бусдыг аварсаар байсан юм” хэмээн гурван жилийн өмнөх дурсгалын арга хэмжээний үеэр хэлсэн нь бий.

(* тэмдгээр тэмдэглэсэн өгүүлбэрийн тайлбарыг нийтлэлийн төгсгөлөөс үзнэ үү)

Тэр өдрийн тухай бодоход миний санаанд юу ордог вэ? 50, 60 дамжлагатай “диваажинд хүрэх шат” өөд авирсан гал сөнөөгч залуус. “Windows of the World” ресторанаас хайртай хүмүүстэйгээ холбогдож “Би чамд хайртайг бүү мартаарай” гэж хэлсэн хүмүүс. 93 дугаар нислэг Пеннсильванид осолдохоос өмнө нислэгийн бүхээгийг хяналтдаа авах гэж оролдсон залуус: Алив, урагшаа!*

Бас улаан бандатай Уэллэс Краутерийг боддог. Уэллэс бол 24 настай, Нью-Йоркийн Ньяккаас гаралтай залуу. Бостон коллежид лакросс тоглодог байсан Уэллэс сургуулиа төгсөөд хөрөнгө оруулалтын “Sandler O’Neill” банкинд дадлага хийх болжээ. Хоёр жилийн дараа тэр үндсэн ажилтан болсноор зогсохгүй үнэт цаасны арилжааны хэлтсийн тусгай мэргэжилтэн болж. Тэр Дэлхийн худалдааны төвийн өмнөд цамхгийн 104 дүгээр давхарт ажилладаг байв.

“United Airlines”-ийн 175 дугаар нислэг өглөөний 9.03 минутад цамхгийг далиу мөргөж, 78-84 дүгээр давхрыг нэвт цөмөлсөн. Цамхгаас хэзээ ч гарч чадаагүй хүмүүсийн олонх нь тэдгээр давхарт, эсвэл бүр дээрх давхруудад байлаа. Энэ зуур Уэллэс ээж Алисондоо дуут захиа үлдээж амжжээ. “Ээж ээ, хүү нь амьд байгаа шүү”. Цамхгийн ганц л шат сүйдээгүй байж. Түүний оронд өөр хүн байсан бол шатыг олоод амьд гарахаар яаран харайлгах байсан биз. Харин тэр бусдыг аврахаар гүйсэн юм.

Уэллэс эцэг эхийнхээ хайртай хүү нь байв. Ухаантай, өөдрөг, төлөвхөн. Гэр бүл гэдэг түүний хувьд хамгийн үнэт зүйл байлаа. Хүү банкир ажилтай, зав зайгаараа сайн дураар гал сөнөөгч хийдэг аав Жефферсоноо бишрэн хүндэлдэг байж. Бага байхад нь аав нь нэг удаа гал сөнөөх ангид дагуулж аваачжээ. Үүнээс хойш Уэллэс тэндээс салахаа больсон гэдэг.

Долоо юм уу найман настай байхад нь нэг ням гарагт ээж нь Уэллэсийг сүм рүү дагуулж явжээ. Хүү анх удаа иж бүрэн хослол өмссөн нь тэр юмсанж. Сүмд байхдаа хүү эцгийнх нь энгэрийн халаасанд цагаан алчуур байгааг анзаарав. “Аав аа, надад нэгийг өгөөч” хэмээн гуйлаа. Жефферсон Уэллэсийн урд талын халаасанд цагааныг хийгээд өөр нэг тод өнгөтэйг арын халаасанд нь хийж өгчээ. Нэгээр нь гоёж, нөгөөгөөр нь хамраа цэвэрлэх ёстой байлаа.

“Уэллэс аавыгаа дурсан алчуураа ямагт авч явдаг байсан. Үхэн үхтлээ улаан алчууртайгаа байсан даа” хэмээн Алисон Краутер ярилаа. Бэлгэдлийн чанартай тэр эд үе үе тус болдог байв. Бохирдсон зүйлийг цэвэрлэх гэх мэт юм юманд хэрэг болно. Ажил дээрээ халааснаасаа алчуураа гаргахад нь хамтрагчид нь дооглодог байв. “Чи одоо тариаланч юм уу” гэнэ. Залуу хариуд нь “Би улаан алчууртайгаа дэлхийг өөрчилнө өө” гэдэг байсан аж. Энэ тухай Том Риналди энэ долоо хоногт хэвлэгдсэн “Red bandanna” зохиолдоо өгүүлжээ.

Шатаар уруудаж явахдаа Уэллэс 78 давхарт юу болж байгааг олж харав. Онгоц цамхгийг мөргөхөд барилгаас гарах гээд цахилгаан өргүүр хүлээж амжаагүй хүмүүс галд автаж, утаанд хордсон байлаа. Хаа сайгүй хүний бие “хөглөрнө”. Татварын яаманд ажилтай Лин Ян ноцтой түлэгдэж, цочирдсон байдалтай сууж байхдаа хаа нэгтээгээс “Би шат олсон. Дагаад яваарай” гэж эрэгтэй хүн хэлэхийг дуулжээ.

“Дагаж явах итгэл төрүүлэм хоолой байсан” хэмээн дурссаныг нь Риналди номдоо бичжээ. Лин Ян өндийгөөд залууг дагав. Залуу нэг бүсгүйг өргөчихсөн урд нь алхана. 18 давхар уруудахад агаар цэвэршиж ирлээ. Залуу өргөж байсан бүсгүйг аажуухан буулгаад цааш уруудахыг хүсчээ. Тэгмэгцээ бусдад туслахаар эргэн гүйв.

“Aon Corporation”-ий Жюди Вэйн мөн л 78 дугаар давхарт байв. Хүнд шархадсан тэр “Бүгд босоорой, алив. Бусдадаа туслаж чадахаар байвал дэмнээрэй” гэж хэн нэгэн хэлэхийг сонсчээ. Залуу Жюдиг ба эргэн тойронд нь байсан хүмүүсийг шат руу аваачив.

Уэллэс дээд давхраас доош хүмүүсийг буулгасаар л байсан бололтой. Гарцад тэднийг ойртуулаад буцаад л өөр хүмүүс аврахаар ухасхийнэ. Яг хэдэн хүн аварсныг хэн ч мэдэхгүй. Гал сөнөөх багийнхны мэдээллээр, Уэллэс лав таван хүний амь аварчээ.

Уэллэс гэртээ хариагүй. Гэрийнхэн нь найдаж, эмгэнэж, эрэх хуудсуудыг бөглөсөөр л байв. 9/11 халдлагын дараах баасан гарагт Алисон ажлын ширээнээсээ босох мөчдөө гэнэт Уэллэс ард нь зогсож байгааг мэдэрчээ. Яах аргагүй түүний энерги мэдрэгдэж байв. Хүү нь мөн гэдэгт тэр итгэлтэй байлаа. Алис эргэж харалгүйгээр “Баярлалаа” гэж хүүдээ хэлэв. Хүү нь амгалан байгааг тэр ойлгожээ. Тэр үйл явдлын дараа Алисон хүү нь хэзээ ч олдохгүйг ойлгоод эрлээ зогсоосон аж.

Аврах багийнхан залууг зургаан сарын дараа цамхгийн үүдний танхимаас олжээ. Уэллэс барилгын хамгийн доод давхарт байсан гэсэн үг. Хүүгийнх нь бие гал сөнөөгчдийн цогцосны дунд хэвтэж байж. “Хүү маань тэдэнд тусалж байж” хэмээн Алисон хэллээ. Нью-Йоркийн Гал сөнөөх албаны удирдах багийнхан ажиллаж байсан энэ хэсгээс гал сөнөөх албаны дэд дарга Доналд Бернсийн цогцос олдсон түүхтэй.  Д.Бернс ба түүний багийнхан мянга мянган хүнийг барилгаас гаргасан. Уэллэс барилгаас гарч болох л байсан, тэд бүгд л гараад явчихаж болох байв. Гэхдээ л бүгд үлдсэн юм. 

Краутерын гэр бүлийнхэн 2002 онд Халдлагад амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр хүртэл хүү нь ямар гавьяа байгуулсныг мэдээгүй л байв. “The New York Times” онгоцууд ихэр цамхгийг мөргөсний дараа хос барилгад ямар үйл явдал болсныг минутын мөчлөгөөр мэдээлсэн байв. Төгсгөл хэрд нь “Хамар амаа улаан алчуураар тагласан үл таних эр гарч ирсэн” хэмээн хүүрнэсэн байлаа. Лин Ян, Жюди Вэйнийг мөн дурдсан байв. Краутерын гэр бүлийнхэн “Улаан алчуурт бол манай хүү” хэмээгээд тэдэнд хүүгийнхээ зургийг илгээжээ.  Өөрийг нь доод давхарт аваачаад алчуураа нүүрнээсээ авахад нь царайг нь харж амжсан Вэйн амийг нь аварсан залууг танив.

Уэллэс Краутер хүүхэд байхдаа гал сөнөөгч болохыг мөрөөддөг байв. “Sandler”-т ажиллаж байхдаа ч Нью-Йоркийн гал сөнөөх албанд элсэх өргөдлөө бэлдсэнийг нь цөөн хүн мэднэ. Аав нь өргөдлийг нь олсны дараа Нью-Йоркийн гал сөнөөх алба 141 жилийн түүхэндээ хэзээ ч гаргаж байгаагүй шийдвэр гаргасан юм. Тэр нь Уэллэсийг хүндэт гишүүн болгох шийдвэр байлаа.

Аав нь хүүгээ гал сөнөөх анги руу дагуулж явдаг байсандаа хааяа гэмшинэ. Хүүгийнхээ аминд хүрсэн гэж өөрийгөө буруутгахад нь хүүгийн ээж Алисон “Тэр өдөр тийм гайхалтай үйл хэрэг бүтээхэд нь нөлөөлсөн зүйл тэр шүү дээ” хэмээн аргадна.

Алисоны сэтгэлд өөр нэг дурсамж хадаастай. Халдлага болохоос долоон хоногийн өмнө Краутерынхан Ньякк дахь гэртээ амарч байв. Амралтын хоёр өдрийн турш Уэллэс “дуугүй, бодлогоширсон” байдалтай байж. Энгийн үед тэр байнгын хөдөлж, сагс тоглох мэтээр амралтын өдрөө идэвхтэй өнгөрөөдөг байв. Удалгүй Уэллэс ээжийнхээ хажууд суугаад “Ээж, яг юу гэдгийг мэдэхгүй юм. Гэхдээ би ямар нэг том зүйл бүтээх тавилантай юм байна” гэж хэлжээ. “Би тухайн үед ойлгоогүй. Хэн ч ойлгохгүй байсан байх. Гэхдээ хүү маань ямар нэг зүйл болох гээд байгааг яалт ч үгүй мэдэрсэн юм даа” хэмээн Алисон дурсав.

Би түүнд хэцүүхэн асуулт тавилаа. “Яаж баатар эр өсгөсөн бэ” гэж. Алисон хэсэг бодоод “Бид шударга хүн болгохыг хичээсэн. Уэллэс төрөлхийн айдасгүй хүн гэж нөхөр маань хэлдэг байсан юм. Аль багын л сэтгэл сайтай, бусдыг хамгаалах зөн совинтой хүү байсан. Манай гэр бүл шулуун шударга зан, хариуцлага хүлээх чадварыг их үнэлдэг” гэв.

Бид нар баатар бүтээгээгүй, тэр өөрийгөө бүтээсэн гэж Алисон хэлсэн.

Эр зориг хайраас ундардаг гэж би боддог. Дэлхий дээгүүр харагдахгүйгээр урсаж байдаг хайрын их гүйдэлд зарим хүн бусдаасаа илүү гүн, итгэлтэйгээр холбогдож, хайраар цэнэглэгдэж байдаг юм шиг. Тэгээд эр зоригоор тэтгэгдэж байдаг. Хайр, эр зоригоор бялхсан хүн юунаас айх юм бэ.  

Хүмүүс туйлдаж цөхөрсөн нийгмийг хараад “Бид яах ёстой вэ” гэж асууж байна. Тэдэнд би Уэллэс Краутер шиг бай гэж хэлье. Магад энэ л хариулт байх. Алчуураа халааслаад дэлхийг өөрчил, хүмүүс ээ.

(*2001 оны есдүгээр сарын 11-нд барьцаалагдсан 4 онгоцны нэг болох “United Airlines” компанийн 93 дугаар нислэгийн зорчигч Тодд Бимэр алан хядагчдыг сөрөхдөө бусад зорчигчийг уриалан “Хэн ч урьдчилан тааварлахын аргагүй, эр зориг шаардсан ийм сорилтууд л биднийг харуулна. Эх орон дуудаж байна. Алив америкчууд аа, урагшаа” хэмээжээ.)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
10 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
12 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
6
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.