Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

"MCS" группийн ерөнхийлөгч Ж.Одын илтгэлээс онцлох 10 эшлэл

"Чадах хүнд нь ажлыг бүрэн даатга"


Эрдэмт ТББ-аас зохион байгуулдаг "Өглөөний хүн" өглөөний уулзалт 33 дахь удаагаа 2017 оны 4-р сарын.13-ны өглөө 6:45 цагт болж, 160 гаруй залуус оролцлоо. Зочноор "MCS" группийн ерөнхийлөгч Ж.Од оролцлоо.

Зочин илтгэгч Ж.Од "Улаанбаатар хот бол 1.3 сая хүнтэй, дэлхийн хэмжээнд том хотын тоонд тооцогдохоор болсон байна. 1960 оноос хойш Монгол улсын хүн ам 4 дахин нэмэгдэхэд Улаанбаатар хотын хүн ам бараг 1000 дахин өслөө. Үүнийг дагаж агаарын бохирдол, хөрсний бохирдол, түгжрэл гээд олон асуудлууд бий болжээ. Өнөөдрийг хүртэл энэ асуудлуудыг шийдэх гэж хамаг анхаарлаа хандуулж, маш их мөнгө зарлагдлаа. Гэвч амжилтанд хүрээгүй. Бидэнд одоо өөр гарц хэрэгтэй нь улам тод харагдаж байна." хэмээн яриагаа эхлүүлж олон сонирхолтой саналыг дэвшүүлж, оролцогчид түүнээс яригдсан сэдвийн хүрээнд болон "MCS" группийн талаар, хувь хүний үзэл бодол, амьдралын хэв маягийн талаар сонирхолтой асуултууд асуулаа.

Эрт босвол нэгийг сонсоно гэдэг. Энэ өглөө Ж.Од захирлын яриаг сонсохоор ирсэн залуус шинэ санаа, шинэ хандлагыг өөртөө бий болгож эрч хүчээр цэнэглэгдэн, урам зориг дүүрэн ажилдаа яаран явцгаасан юм. Түүний ярианаас онцлох 10 эшлэлийг танд хүргэе. 

1. Хятадын өндөр орлоготой иргэд өөрсдийн хүнснээс татгалзаж байна

НҮБ-ийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас (FAO) гаргасан судалгаанаас Хятад улсын дундаас дээш давхарга гадаадын чанартай, органик хүнсийг худалдаж авах хандлагатай байгааг харж болно. Хятад улсын хүнсний импорт 77 тэрбум ам.долларт хүрээд байгаа бөгөөд энэ тоо жил бүр 2%-иар өснө.

2. Хятад бол бидний хувьд том зах зээл

Бидэнд хангаж дийлэхгүй их эрэлт, органик хүнсний зах зээл урдхан талд байна. Монголоос шинэхэн органик хүнсийг 24 цагийн дотор Хятадын хойд хэсэг, Бээжин хотод хүргэх боломж байна. 

3. Монгол брэнд бол органик хүнс юм

Хүнсний химийн бордоог Монгол улсад оруулж ирэхийг хоригловол бид органик хүнсээрээ дэлхийн зах зээлд танигдах боломжтой. Монгол улсын брэнд бол эсгий гутал биш харин органик хүнс. Энэ л бидний нэрийн хуудас байх боломжтой. Монголын хөрс, ус, агаар нь органик.

4. Төрийн хийж чадах хамгийн том тус бол орчныг бүрдүүлэх

Ийм органик хүнсний аж ахуйг бий болгохын тулд төрөөс эхний жилүүдийн татварыг чөлөөлж, стандартыг бий болгох хэрэгтэй. Бид дэлхийд үүдээ нээж өгөөд тэд технологио бариад ирэх ёстой. Бид харин стандарт хуулиа сайн бэлтгэх хэрэгтэй.

5. Зөв тоглоомын дүрмийг сонговол байгаль орчинд аюулгүй

Аж ахуйн үйл ажиллагаа явагдахад байгаль орчинд заналхийлэл учирдаг. Түүнээс урьдчилан сэргийлж, анхнаасаа хамгаалж чадах стандарт, дүрмийг төр бэлдэж өгөх хэрэгтэй. Социализмын үед бий болсон өндөр стандартууд манайд бий. Үүнийг мөрдөх нь хамгийн чухал. Канад, Австрали зэрэг хөдөө аж ахуйн орнуудын технологи, стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Тэр тоглоомын дүрмээр явбал байгаль орчин аюулгүй байж болно.

6. Нэмэлт ажлын байр бий болно

Хөдөө аж ахуй дагасан хууль, санхүү, тоног төхөөрөмж зэрэг олон салбарын ажлын хэрэгцээ гардаг. Энэ нь бусад салбарын бизнесүүд ч хөгжих боломжтой гэсэн үг юм. Ингэснээр хотоос гадна орлогын эх үүсвэр бий болж, Улаанбаатар хотыг чиглэсэн механик өсөлт гадагшаа чиглэх боломжтой болно.

7. Хөрөнгө оруулагчдад үүдээ нээе

Бид олон улсад нэр хүндтэй, том компани болон хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах хэрэгтэй. Тэдэнд хамгаалах нэр хүнд, ёс зүй байдаг учраас хэзээ ч нэр хүнддээ сэв суулгах зүйл хийхгүй.  

8. Чадах хүнд нь ажлыг бүрэн даатга

"MCS" группийн 7600 ажилтанг удирдах гэдэг ганц миний хийх ажил биш. Бид хүний нөөцийн агентлагтай. Би салбар компани бүрийнхээ ажилд оролцдоггүй ба жилдээ 1-2 удаа хуралд оролцдог л төдий. Хэрэв миний хүүхэд манай компанид ажилд орохыг хүсвэл тэр агентлагиар л дамжиж, тэр журмаар л орох ёстой. "Юнител", "Юнивишн"-ийн хувьд бол би зүгээр л энгийн хэрэглэгч. Би тэр ажлыг хариуцан ажилладаг залууст бүрэн итгэдэг. Ахиад 10000 ажилтан "MCS группт" нэмэгдсэн ч миний ачаалал нэмэгдэхгүй байх ёстой. 

9. Бид олуулаа, хамтдаа шийддэг

Асуудлыг шийдвэрлэхэд олон хүний санаа бодол оролцож, олуулаа ярьж шийдлийг гаргадаг. Нэгдүгээр захирал бүхнийг шийддэг бол гаргалгаа, шийдвэр олоход хэцүү. Бид олуулаа байгаа нь үргэлж бидний давуу тал болж байдаг. 

10. Ажил, хувийн амьдралаа хослуул

Би өглөө бүр 7 цагт хүүдээ өглөөний цайг нь бэлдэж өгөөд, хамт хооллоод, сургуульд нь хүргэж өгдөг. Дараа нь би өглөөний дасгалаа хийдэг. Сүүлийн 25 жил усанд сэлж, дасгалд явж байна. Зарим хүмүүс тэр их ажлынхаа хажуугаар ингээд байж байх цаг гардаг юм уу гэдэг.  Бизнес дөнгөж эхэлж байсан жилд хүнд хэцүү, ажил ихтэй үе олон байсан. Бид ихэнх цагийг ажилдаа зориулж байсан үе бий. Гэхдээ хүн амьдралаас аз жаргалыг мэдэрч байх ёстой. Амжилттай сайн ажиллахын тулд хувийн амьдралаа орхигдуулалгүй, харин ч ажил, амьдралаа хослуулах нь чухал.


14 хоногт нэг удаа, Пүрэв гарагт Эрдэмт клубийн “Өглөөний хүн” өглөөний уулзалт уулзалт болдог ба дэлгэрэнгүй мэдээллийг 99001584 болон энэ хаягаас аваарай.

Бичсэн: Г.Лхамсүрэн

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
13
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.