Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан | Падлий


Өдөр хоног өнгөрсөөр нэг л мэдэхэд Энхтайван найрамдлын ордны автобусны буудал дээрх “боржур”-ны хажуугаас бяцхан ногоон соёолж амь тэмцэн гарч, сая л нэг агаар амьсгалав уу үгүй юү ажил руугаа яарч явсан бүсгүй түүн дээр хэнэг ч үгүй гишгэлэн одохыг анзааралгүй хэвтэж буй нохойд ам.долларын ханш тэнгэрт тултал өсч байгаа хэрэг  ямар ч падгүй билээ. 

Харин сүүлийн хэдэн сарын туршид сүүгэлтсэн утаан дунд биеэ хумин атиралдаж явсны эцэст сая л нэг хаврын урин дулаан наашлахаа аядаж буй намуухан энэ өглөө Өвөрхангай аймгийн аль нэг сумаас олон км зайд орших тэр нэгэн айлын хөрслөг цэвэрхэн арьстай, гялалзсан хар үстэй, танан цагаан шүдтэй, нарийхан бэлхүүсээ товойлгон бүсээ жадайтал бүсэлсэн, саалиасаа ирж буй энгийн нэгэн бүсгүйд facebook дээрх нойргүйдлийн тухай гомдоллууд бүр ч падгүй юм. Гэснээс нээрээ эмэгтэй хүн уг нь байгалиасаа, анхнаасаа, угаасаа, ургахаасаа, ухамсраасаа уян зөөлөн, эмзэг мэдрэмтгий, гэнэн цайлган, энхрий ялдам, өрөвч зөөлөн шинжийг агуулан бүтээгдсэн байдаг боловч цагийн аяс, амьдралын явцад эдгээр чанарууд нь элэгдэж хорогдсоор өөр шинж төлөвт шилжсэн байх нь элбэг болжээ. 

Орчин үеийн кинон дээр ч, клипэн дээр ч, сэтгүүлийн нүүрэн дээр ч, амьдрал дээр ч, автобусанд ч дан халуухан, тачаангуй, хүчирхэг, хортой шартай, галзуу эрэмгий, шийдэмгий хүүхнүүд байдаг болж. Гэхдээ магадгүй эрэгтэй хүмүүс тэднийг хараад “Хооо ямар гоё хүүхэн бээ, тэр сваровски шигтгээтэй угалзарсан урт хумс, санжиганасан ээмэг, саатай трико нь ямар сайхан зохио вэ, хэрүүл хийж байгаа нь үнэхээр сүрдмээр, бас бахархмаар юм гээч” гэж боддог ч юм бил үү хэн мэдэхэв, надад ямар пад байхав. Харин ipad бол байгаа юм байна. 

Хэл ам гэснээс Гандантэгчэнлин хийд тагтаанаас нүүр буруулж, шашин шар нүүрээ харуулсны улмаас хөөрхий тагтаанууд хөлөө олохгүй унаж бүдэрч яваа болов уу гэвэл үгүй юм. Яагаад гэвэл тэд хуучин хоол иддэг байсан газар нь байхгүй болсон ч уурлаж уцаарлахгүй, гомдолж эсэргүүцэхгүй, хүүхдүүдээ тэврээд суулт хийхгүй. Тэд зүгээр л ниссээр байх болно. Гэхдээ магадгүй нисч байхдаа тэд гэнэт ядраад “Зайл зайл, ядарч байна. Өлсөж үхлээ” гэж боддог байхыг хэн ч үгүйсгэхгүй юм. Аан хэн нэгэн шинжлэх ухаанч, амьтан судлаач үгүйсгэж магадгүй л дээ. Гэхдээ миний энэ бичвэрийг унших нь юу л бол. Тагтаанууд Улаанбаатар хотын булан тохойг сайн мэдэхгүй учир таарсан газараа талхны үртэс хайн буух зуур дугаарын хязгаарлалтаа мартан яваа аав хүүгээ цэцэрлэгт нь хүргэх замдаа тэдний дээгүүр плакат болгон явахыг хэн ч анзаарахгүй. Хэдэн цагийн дараа хүүхдээ тэрэгтэй нь түрж яваа ээж утсаараа mommy central дээрх хэрүүлийг харах зуураа гэнэт өнөөх тагтааны плакатыг анзаарч сэтгэл нь сэрдхийгээд л өнгөрөх байх. Тагтааны үхэлд хэн нэгний сэтгэл сэрдхийлт байхад л хангалттай хүндэтгэл юм шиг. Муухай бодолтой байгаа биз дээ би? 

Монгол Улсынхаа нийслэл хотод ажиллаж, амьдарч, ангайж, автобус унаанд огцом тоормослуулж гуяныхаа булчинг мэлхий нинжа болгон яваа та бид ажлын дарамт шахалт, халуун ус тасралт, тогны урсалт, машин унааны түгжрэл, facebook дээрх эргүү тэнэг comment-ууд, ажлаа хийдүүлэн суугаа сэтгэлийн зовнил, таалагддаг хүндээ seen-дүүлсэн гутамшигт хэрэг, өмдний дээгүүр халих “мантууны гурил”, согтуудаа баарны тайзыг циркийн манеж хэмээн андуурснаа мартаж чадахгүй яваа гутралын гормон гэх мэт нягтаршил ихтэй амьдралын том стрессийг үүрч яваа билээ. Өөр юу үүрч явааг Балхжав бид хоёр таашгүй юм. Саяхан хэрүүл хийж дуусаад өөрийгөө арай ядан тайвшруулах кондуктор автобусны цонхоор үнсэлцэж байгаа хосыг хараад юу бодож байгаа бол? Хөндлөнгөөс түүнийг ажиглах надад яагaад ч юм гэнэт өрөвдөх сэтгэл төрнө. Харин намайг ажиглах хэн нэгэнд би ч мөн адил ямар нэгэн байдлаар хөөрхийлтэй харагдах байх. Гол нь намайг ажиглах үгүйд л асуудал байна хэхэ. 

Гэх мэтчилэн орооцолдохгүй байхын аргагүй энэхүү төвөгт нийгэмд хүн бүрт өөр өөрийн гэсэн зөвтгөх зовнил бий. Ядаж л мөрөн дээрх бөндгөр дотроо ямар нэгэн шаналах асуудал ургуулж байж “санаа амардаг” хүмүүс шүү дээ бид чинь. Би лав тэгдэг. 

Жишээлбэл намхан нуруутай, шөвгөр эрүүтэй, баруун шанаандаа 2.3 см сорвитой дундаж эргэм насны нэгэн эр унаж яваа машинаа сайжруулахыг хүсэн хамгийн сүүлийн үеийн загварын үнэтэй машиныг авахгүй л бол санаа нь амрахгүй болж түүний сэтгэлд ямар нэгэн байдлаар зовиур үүсчээ. Ажил дээрээ сууж байгаад гэнэт гадаа дулаарсныг анзаарч цонхоороо харах тэр л эгзэгтэй үед “шуналынх нь шарх” гэнэт сэдэрч түүнийг барайлгана. 

Бичвэрийг Ада. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
2 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
2 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
20
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.