Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан | Солонгос юу юугүй дайтах гэж байгаа гэдэг нь хэр ортой вэ

Солонгосын хойгийн зөрчил олон жил байгаагүйгээр хурцадсан нь үнэн боловч дайн дээрээ тулах болов уу


БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун “Бид АНУ-тай аль ч төрлийн дайн эхлүүлэхэд бэлэн” хэмээж, АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп шаардлагатай бол тус улсыг “арчина” гэж мэдэгдсэн нь Солонгосын хойгийн зөрчил нэн хурцадсаныг харуулна. Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн бямба гарагт БНАСАУ-ын нийслэл Пхеньяны төв талбайд болсон цэргийн жагсаал тус улсын удирдагчид зүгээр нэг “амныхаа зоргоор бураагүй” гэдгийг харуулав. Солонгосын зөрчилтэй холбоотойгоор хүмүүсийн хариулт эрж байгаа гурван асуулт байгаа хэмээн багцалж болох юм.

Солонгосын II дайн гарах сураг хэр ортой вэ?

Солонгосын хойгийн зөрчил олон жил байгаагүйгээр хурцадсан нь үнэн боловч дайн дээрээ тулах, эсэх нь АНУ-аас л шалтгаалах асуудал гэдэгт Солонгосын асуудлаар мэргэшсэн шинжээчид санал нэгдэж буй. Цаашлаад, Барууны хэвлэлүүд хойгийн асуудлыг хэт дэвэргэж, асуудлыг хүндрүүлж байна гэж тэд үзэж байна. Энэ тухай мэдээллүүд зөвхөн Д.Трамп, Ким Жон Уны хэлсэн үгс, цөмийн туршилтын тухай мэдээллээр хязгаарлагдаж байгаа. Асуудлын илрэх байдалд бүрэн анхаарлаа хандуулж, цаад асуудлыг нь хайхрахгүй орхиж байгаа гэсэн үг.

Зөрчил дайн болтлоо хурцдах вий гэж эмээж байгаа солонгосууд мэдээж байгаа. Гэхдээ үнэндээ бол БНСУ-ын иргэдийн хувьд ирэх тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль хамгийн анхаарал татсан асуудал. Тэргүүлэх нэр дэвшигчид болох Мүн Жа Ин, Ан Чол Су нарын хэн нь ялахаас хоёр Солонгосын харилцаа хэрхэх нь шалтгаална. Мүн Жа Ин дараагийн Засгийн газар тодортол пуужингийн THAAD системийг ашиглах хэрэггүй гэж үзэж байгаа бол Ан Чол Су уг цогцолбор төхөөрөмжийг ашиглахыг дэмиж байгаа ч хоёр улсын харилцааг зөөллөж, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх хүсэлтэй гэсэн. Мөн аль аль нь БНХАУ-ын байр суурийг харгалзаж үзнэ хэмээж буй.

Цөмийн дайралт хийх зэвсэг үнэхээр байгаа юу?

Цэргийн жагсаалын үеэр гаргасан KN-11 пуужингийн системтэй зэрэгцэн тив алгасах чадалтай баллистик пуужинтай (ICBM)  нэн төстэй төхөөрөмж ил гарсан. Анх 2013 онд АНУ-ын эсрэг цөмийн дайралт хийх төлөвлөгөөгөө зарлахад шинжээчид үл тоож байсан бол өдгөө энэ мэдэгдэл ор үндэсгүй зүйл биш болжээ.

Жагсаалын үеэр ил гаргасан аварга төхөөрөмж дотор цөмийн зэвсэг бий, эсэх нь тийм ч чухал биш гэж зарим шинжээч хэлж буй. Саваа бэлдчихсэн байгаа гэдэг нь саалиа бэлдэнэ гэсэн үг учраас тэр. Энэ маягаараа урагшилсаар KN-08, KN-14 пуужинг боловсруулж чадвал 10 мянга гаруй км нисэх чадалтай зэвсэгтэй болно.

 

АНУ-ын эрэгт хүрэхүйц чадалтай, хамгийн гол нь нарийвчлал сайтай цөмийн зэвсэгтэй болоход дор хаяж таван жил хэрэгтэй авч одоо байгаа энгийн пуужин дунд Осан, Кунсанд байрлалтай АНУ-ын цэргийн бааз, Номхон далай дагуух бүхий л баазуудад нь хүрэх чадалтай зэвсэг байх магадлал өндөр. БНСУ, БНХАУ, Японд бол түвэггүй хүрнэ гэсэн үг. Гэхдээ ямартай ч, одоогоор ил байгаа баримтууд БНАСАУ-ын цөмийн амбицийг л харуулахаас хүчин чадлыг нь харуулахгүй. Айх цаг хараахан ирээгүй.

Солонгосын хойгийн асуудал хурцадвал Хятад оролцох уу?

Д.Трамп “Хятад БНАСАУ-ын учрыг олж чадна гэдэгт итгэлтэй байна. Үгүй бол АНУ түншүүдийн хамт хөдөлнө” хэмээн жиргэсэн. Солонгосын хойгийн зөрчил дайн болтлоо хүндэрвээс БНХАУ хэрхэхийг таамаглах аргагүй. 1950-1953 оны Солонгосын дайнд тус улс оролцсон. Хоёр улсын ээдрээтэй харилцаа олон зууны түүхтэй.

БНАСАУ-ын хамгийн чухал дипломат түнш болох Хятадын байр суурь сүүлийн үед хэлбэлзэнгүй буй. Өнгөрсөн хоёрдугаар сард Хойд Солонгос цөмийн ээлжит туршилтаа хийсний дараа БНХАУ тус улсаас нүүрс импортлохоо зогсоосон. БНАСАУ-аас үүдэн олон улсын тавцанд тулгарч байгаа бэрхшээлүүдээс Хятад залхсан байж магад хэмээн шинжээчид дүгнэжээ.

БНХАУ Хойд Солонгостой залгаа хил дээрээ 150 мянган цэрэг байрлуулсан гэх цуурхал бий. Бээжин энэ мэдээллийг эрс үгүйсгэсэн. Гэсэн ч өнгөрсөн баасан гарагт БНХАУ хоёр улс хоорондын нислэгийг шалтгаангүйгээр цуцалсан. Энэ мэтээр хоёр улсын харьцангуй тогтвортой харилцааг ганхуулсан шийдвэрүүдийг гаргаж байгааг харахад Хойд Солонгосын талд зогсохгүй гэлтэй.

БНАСАУ-ын талд орж болохгүй нэг шалтгаан бий. Дипломат, эдийн засгийн гэхчлэн төрөл бүрийн аргаар шахалт үзүүлэн цөмийн хөтөлбөрийг нь зогсоохгүй байсаар цөмийн зэвсэгтэй орны албан ёсны статустай болчихвол БНСУ-аас эхлээд Япон, Тайвань зэрэг улс хамгаалах зорилгоор ижил зэвсэг бүтээх шаардлагатай тулгарна. Ингэвэл БНХАУ-д ч нэн ашиггүй нөхцөл байдал үүсэх юм. Нөгөө талаас, БНАСАУ-ын засаглал нурваас Ливид байгаатай төстэй нөхцөл байдал үүсч, цөмийн зэвсэг террористуудын гарт орох магадлалтай хэмээн мэргэжилтнүүд эмээж байгаа аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
18 нас хүрсэн Камила Валиевагийн тухай 18 баримт
2
1 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
3
1 цагийн өмнө
Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэнд юу үзүүлэв?
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
7
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.