Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Яг Сараа шиг


 

Хайрын бурхны төрсөн өдөр

Дөрөвдүгээр сар. Нэг л мэдэхэд сэтгэл зүрхийг хайр дурлалаар хөвсөлзүүлж дөнгөх. Улаанбаатарт анхны бороо ёс юм шиг дөрөвдүгээр сард орж, мөнөөх хөвсөлзөж дэвэлзсэн зүрх сэтгэлийг уяраан шивэрч л таарна. Хайрын бурхан хайлган цайлган ийм цагт мэндлээ биз гэмээр гэгэлгэн нь дэндсэн дөрөвдүгээр сар. Бас дөрөвдүгээр сарын 20-нд Сараа “Хайрын бурхан”-аа 46 насны төрсөн өдрийнхөө тоглолтод дуулна. Энэ дуугүйгээр дурлалыг, дуучин бүсгүйг, ерөөс энэ цагийн монголчуудын гэнэн залуу насыг төсөөлөх гээд үз дээ. Яг л дөрөвдүгээр саргүй хавартай адил байгаа биз.

Урь оржээ, янз нь. Хархан нүдтэй хархүүгээ санан санан үгүйлээд байх чинь. Сүүлийн хэд хоногт сав л хийвэл утсаа шүүрэн “Хайрын бурхан” дууг чангалах боллоо. Би өөрийнхөө хаврын ”синдромыг” өөрийнхөө аргаар хөглөж буй минь энэ. Сараагийн энэ дуу бас л хавар мэндэлсэн бөгөөд 20 дахь хавраа эгшиглэж, Монгол газрын урин цагийн сонсголон болж түүчээлсээр байна. Өнөө жил хорьж болдоггүй 20 нас хүрсэн “Хайрын бурхан” дахиад хэдэн арван ондоо ийнхүү хайрлаж дурласан ард түмний зүрх сэтгэлийн хань болох нь ойлгомжтой ч яг Сараа шиг амилуулж чадах дуучин хэчнээнхэн төрөх бол.

Түүнтэй ярилцах бүү хэл огт уулзаж байгаагүй хэрнээ Сараагийн хөргийг үгээр ”зурахаар” суулаа. Энэ нь танихгүй мөртлөө гэсэн үг мэдээж биш л дээ. Яагаад гэвэл Сараа гэдэг чинь хэнсэн билээ. Зурагтын улиг болсон Ерөнхий сайдаа нэрлэж мэдэхгүй атлаа Сарааг танихгүй хүн Монголд байхгүй гэдэгт би лав итгэлтэй байна. Тэр чинь “Зууны манлай эстрадын дуучин”, гавьяат жүжигчин, поп дива, нийгмийн нөлөө бүхий эмэгтэй Батмөнхийн Сарантуяа шүү дээ. Сараагийн дуунуудын нэрийг сонсоход л монголчуудын хорь гаруй жилийн дурсамжийг хүүрнэх мэт дотно. Түүний уран бүтээлийн намтар гэхэд Монголын попын түүх юм. Харин тэр өөрөө амьд домог болжээ. Яг Сараа шиг оршихуй өнөө хэр төрөөгүй л байна.

Энэ бол Сараа

Товчхондоо Сараа бол нэртэй од. Өдгөө од гэж хэнийг хэлэх тухайд монголчууд ойлголттой болсон билээ. Мэдээллийн хэрэгсэл олширч, олон нийтийн цахим сүлжээ эрчээ авсан орчин цагт хүмүүст танигдах амархан болж. Танигдсан бүхнийг од гэхээ ч больж. Харин он жилүүдийн шүүлтүүрт тунан үлдэж, хүлээн зөвшөөрөгдсөн нэгнээ л од гэх. Ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг тийм ч энгийн тавилан биш. Сайн муугаа, алдаа оноогоо, баяр хөөр, уйтгар гунигаа, амжилт болоод эрсдэл, золиос, уналт ухралтаа хүртэл хүмүүсээр хүрээлүүлнэ гэдэг ч... Сараа яг ингэж л амьдардаг. Дунд сургуулийн дүрэмт хувцсаа тайлж амжаагүй 16 настай охин “Мөнгөн харандаа” хамтлагт дуулж эхэлснээс хойш тайзан дээр, олны нүдний өмнө гарсан 30 жилийн түүх нь түүнийг од болтол алдаршуулжээ.

Тэр бол жирийн монгол бүсгүй биш гэдэг нь анкетаасаа л тодорхой байв. Якут ээж, монгол аавын охин. Орос дэг бүхий сэхээтний гэр бүлд өсөж торнисон. Орос амьдралын орчин охиныг өөртөө итгэлтэй, жирийн монгол охидоос хавьгүй том мөрөөдөлтэй, бие даасан нэгэн болгож хүмүүжүүлжээ. Сайн дуулдаг нь түүнийг бүр багаас нь моодны сурагч болгож, үеийнхнийхээ ялангуяа хөвгүүдийн анхаарлын төвд оруулчихсан гэдэг.

Гялгар ээмэг, хар шилтэй, хөлөө ил гаргасан савхин хувцастай Сараа од болж эхэлсэн тэр үе бол Монголын нийгмийн шилжилтийн эхэн үе байлаа. Социализмын үеийн эстрад хөгжимд үйлчин бүсгүйн урныг, малчин залуусын жавхааг мандуулдаг байсан бол Сараа орчин цагийн бүсгүйчүүдийн хүсэл тэмүүллийн нууцлаг дотоодыг илчлэн дуулах болов. Хайртаа хуурсан бүсгүйн сэтгэлийн өчил “Уучил”, шинэ цагийн бизнесмэнүүдийг шохоорхсон “Супермэн” гээд Сараагийн дуунууд сонин байлаа. Хувь хүнийхээ хувьд эгэл биш тэрбээр өөрөө ч содон байв. Улаанбаатарт солонгос хуучин “Эксель” тоотой давхидаг байхад Сараа цав цагаан “Кадиллак” хөлөглөдөг байв. Монголчуудын дундаж цалин 100 мянган төгрөг байхад дуучин бүсгүй гоо сайхандаа сард саяыг зарцуулдаг байсан. Монгол одын имижийг Сараа анх бүрдүүлж өгсөн нь энэ.

Хайр дурлалын адал явдал ч залуухан одыг тойроогүй. 25 настайдаа анхны нөхрөөсөө салчихсан, тухайн үеийнхээ хамгийн алдартай залуу бизнесмэний эхнэртэй заамдалцаад амжчихсан нь хэвлэлээр жинхэнэ шуугиан тарьж байлаа. Түүнээс хойш нэртэй банкир, дипломатч, улстөрч, зураач гээд бүсгүйчүүдийн хүсэмжит эрчүүд Сараатай учралын блюз эгшиглүүлэн, гарыг нь үнсээд одсон билээ. Тэр залуухан бүсгүй нэртэй зүстэй, алдартай гуншинтай эрчүүдийн соронз болж, үлгэрт гардаг гүнж шиг дурлуулж байлаа. Яг Сараа шиг шүтээн Монголд ховорхон тодорсон юм.            

Олноо хайрлагдсан дуучин Сараагийн яг хэн болохыг нь яг таг мэдэх хүн гэвч ээж, хүүхдүүдээс нь өөр хэр олон байдаг бол? Сайн ээж, сайн охин, мэдээж сайн дуучин. Хоёр удаа гэр бүл зохиосон, олон эртэй нэр холбогдсон ч хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй болж үлдсэн амьдралынхаа даваа нугачааг зурагтаар харагддаг шигээ давилуун гэгч хээвнэгээр туулсан гэж үү? 2010 онд сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн тэр ганц ярилцлагыг эс тооцвол Сараа хэвлэлийнхнийг мэхлэх авьяастай хүн юм. Дотоод сэтгэл, хувийн амьдралыг нь сонжсон асуултуудаас тун боловсон бултаж сурчээ. Сараа бол ярилцаж суухад сонирхолтой хүн. Гэвч түүний түс тас шулуухан хариултууд нь илүү лавшруулсан, даага нэхсэн дараачийн асуултуудыг буцаачихдаг юм билээ. Тэгээд ярилцлагын эцэст тэр хувийнхаа нууцыг яаж ийгээд аваад үлдчихсэн байх аж. Алдартнуудын хэлсэн афоризмаас эш татан сургаал айлдаад л. Хаана байна, хүлээсэн он жилүүдийн тэр гомдол, энэ цөхрөл... Тэр энэ тухай хэзээ ч илэн далангүй ярьж байгаагүй. Аль эсвэл хайр найргүй элдэв шар мэдээнүүдийн дунд ганцаараа өнгөрүүлсэн өдөр хоногууд нь эмэгтэйн эмзэг сэтгэлийг мөлийлгөж орхио юу.

Ямар ч баггүй гэгддэг тэрбээр харин ч баггүй мэтээр баг зүүж амьдардаг сэтгэлийн тэнхээтэй хүн шиг санагдана. Сараа шиг дурлаж, бардамхан хайрлаж, уйлж дуулж, унаж босож аж төрөх амаргүй даваа. Энэ нь л “Май, харцгаа. Энэ бол би” гэсэн түүний үгийн цаана нуугдаж буй хэн ч халдашгүй хувийн эрх чөлөө, хувийн аз жаргал, хувийн таашаал биз ээ. 

 “Улаан вино шимэнгээ дуу аялан нөхрийнхөө цамцыг индүүдэх дуртай” хэмээсэн залуухан янаг гэргийн үгийг ердөө арваадхан жилийн өмнө унагаж байсан бүсгүй юм шүү дээ. Урлаг Сараад одын титэм зүүлгэж, ард түмний хайрыг харамгүй өгдөг боловч дурлаж зүтгэсэн дуу хуур нь насан туршийн хань ижил, энгийн нэг эмэгтэй хүний эдэлдэг эрх жаргалаар дутаасан. Гэвч хэзээд тэр танхил харагдаж чадна, тааваараа хөгжилдөж мэднэ. Эрчүүд хүчирхэг эмэгтэйгээс хулчийдаг байгалийн зүй тогтол гэмээр зүйл Сараад дэндүү үйлчлээд байх шиг. Тиймээс тагтнаас чинь чимээгүй зүүж орхидог баглаа цэцгийн эздийг хайж сураглаад хэрэггүй ээ, Сараа. Доогтой инээдээс чинь зовоод хөөрхий залуу ил гарч чадахгүй. Зүрх зоригтой өөр нэг баатар хаалгыг чинь тогшиж, өөрөө орог.     

Оддын үйлдвэр ба Сараа

Ерээд оноос эрчээ авсан түүний уран бүтээл 20 гаруй жил тасралтгүй үргэлжилж байгаа ч Сараагийн оргил цагаар яг хэдий үеийг нэрлэх бол? Дуу болгон нь хит болж байсан 90-ээд он уу, “Галзуу эрх чөлөөтэй дуулж байлаа” хэмээн өөрийнх нь тодорхойлсон 2000 он уу, эсвэл 30 жил ажилласан туршлагатай бурхийнхаа хувьд ирээдүйд дуулах он жилүүд үү. Үүнд хариулт өгөхийн тулд хөгжим судлаач, мэргэжлийн шүүмжлэгчдийн байр суурь үгүйлэгдэж байгаа юм. Монголын супер од эмэгтэй өдийг хүртэл магтаал, шүүмжлэлд бялууртлаа булагдсан ч бүхэл бүтэн улсын соёл урлагийн нэртэй төлөөлөл болохынх нь хувьд мэргэжлийн хүмүүсийн хийсэн дүгнэлтийг өөрөө ч, түүний фэнүүд нь ч олж үзээгүй байна.  

Моодонд байна уу, үгүй юү гэдэг Сараад ёстой сонин биш. Хүсвэл дуулна, үгүй бол гонж. Онгод нь орвол ажиллана, үгүй бол үгүй. Хүмүүс түүнийг эрхлүүлчихсэн болохоор Сараа өөрийг нь тэсэн ядан хүлээсэн тайзан дээрээ гарна гэдгээ мэддэг. “Тэр намайг үгүйлдэг болов уу” дуунаас хойш орон даяар гэгэлзүүлсэн дуу сүүлийн үед гаргаагүй ч гэсэн аль нэг хуучны дуугаа дуулахад л үзэгчид түүнд тэвэр тэврээр цэцэг барьж, алга нижигнэтэл ташна. Сарааг илүүдэл жинтэй байна, мэдрэмжгүй хувцаслалаа гэж ил тод зарлах зүрхтэй хүн байдаггүй. Яагаад гэвэл Сараа хүмүүсийг дуундаа уяраачихсан. Тэгээд түүнээс бүжиглэж үзүүлэхийг, эсвэл гоолиг болж секси хувцаслахыг нь хүлээдэггүй болчихсон. Энэ нь нэг талаас зөвхөн Сараад өгсөн том эрх дарх боловч нөгөө талаас дуучдын карьерт шинэ шат нэмдэг үзэгчдийн хүлээлт, эрэлтгүй болох вий гэсэн чимээгүй түгшүүр дагуулж байж ч болох юм. Харин мань Сараа байгалийн хуулийг сөрөхгүй хэмээн гүрийж, наснаасаа залуу харагдах гэж зүтгэж буй бусад дуучны тэмцлийг үл тоомсорлон шоолсон хэвээр.

Сүүлийн үед оддыг “үйлдвэрлэх” технологи шоу бизнес газар авч байна. Энэхүү үйлдвэрийн машин техник хүнгэнэж, телевизүүд, продюссерүүд авьяастны эрэлд гарч өгсөн. Тэдний элдүүрээс гарсан оддын дотор тэгээд яг Сараа шиг хоолойтой, түүн шиг өөрийнхөөрөө од болж гялалзах эрдэнэс хараахан тодроогүй л байна. Ийм байхад Сараагийн сэхүүн он цаг улирна гэж үү. Одоо яг Сараа шиг өөрийнхөөрөө, зоргоороо, тэгээд од хэвээрээ үнэлэгдэх цаг уг нь биш болсон.

Гайхамшигт дөрөвдүгээр сар, түүний 20-нд тохиож буй төрсөн өдрийнх нь мэндийг Сараадаа хамгийн түрүүнд хүргэе. “Би чамайг хайрлаж, харамлаад...” Ёоох, энэ Сараад ханахгүй нь ээ. Үймүүлж болоогүй юу, бурхан минь. 

холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Г.Хонгор: Анх “FitCat” гэж нэрлэх гэсэн ч “жиймд” явж байгаа муур шиг санагдаад больчихсон
2
2019.04.04
“Баянмонгол” чуулгын хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж 250 сая төгрөг өглөө
3
2019.04.03
Playlist: Сэтгэлд тодоос тод үлдсэн 12 киноны дуу
санал болгох
1
15 цагийн өмнө
The New York Times | Нууц мэдээлэл дэлгэх бохир трендийн цаана
2
16 цагийн өмнө
Хуучин хотын шинэ амт
3
19 цагийн өмнө
"GOT"-ыг тойрсон зүүдэнд ОРОМГҮЙ 20 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
34
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.