Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

А.Өлзий-Орших: Бүтээлээ хэн нэгнийг харж биш яг өөрийнхөөрөө хүргэх гэж хичээдэг

ДБЭТ-ын гоцлооч, соёлын тэргүүний ажилтан А.Өлзий-Орших бие даасан тоглолтоо ирэх сарын 5-нд хийх гэж буй. Түүнтэй тоглолтын болон уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.


ДБЭТ-ын гоцлооч, соёлын тэргүүний ажилтан А.Өлзий-Орших бие даасан тоглолтоо ирэх сарын 5-нд хийх гэж буй. 2003 онд Хөгжим бүжгийн коллежийг төгссөнөөсөө хойш “Хунт нуур”, “Жизель” тэргүүтэй балетуудын гол ба туслах дүр бүтээсэн түүний тоглолт хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт бүжигчдийн техникийн ур чадварыг харуулсан хослол ба ганцаарчилсан номерууд голлох бөгөөд бүхэлдээ концертын хэв маягтай байх бол хоёрдугаар хэсэгт Родион Щедриний хөгжмийг нь бичиж, Альберто Алонсогийн тавьсан “Кармен сюит” бүжгэн жүжгийг толилуулна. Уг бүжгэн жүжиг ДБЭТ-т анх удаа тавигдах гэж буй нь энэ.

-Бие даасан тоглолт хийх санаа хэзээ төрөв?

-ДБЭТ-т ажиллаад 15 жил болоход цөөнгүй бүтээлийн гол дүр бүтээлээ. Энэ талаар удаан бодож байгаад ер нь ид бүжиглэж байгаа энэ үедээ хийе гэж өнгөрсөн жил шийдсэн маань удахгүй биеллээ олох гэж байна.

-Та модерн бүжиг голлодог “Nomadic Ballet Production” компанийн захирал шүү дээ. Бие даасан тоглолтдоо модерн бүжиг багтаах уу?

-Багтана. Эхний хэсэгт сонгодог бүжгэн жүжгийн хэсгээс гадны модерн, неоклассик дугаарууд багтаасан. СУИС-ийн тэнхмийн эрхлэгч Д.Энхгэрэл цоо шинэ номер дэглэсэн, бэлдэж байна. Оролцох бүжигчид өөрсдөө тавьсан номерууд ч бий.

-Орох па-де-де болон бусад номероо хэрхэн сонгосон бэ?

-Үзэгчдэд шинэлэг байлгах үүднээс Монголд аль болох цөөн тоглосон, эсвэл бүр тоглож байгаагүй бүжгэн жүжгүүдээс шилж авсан. Тухайлбал, “Эсмеральда” бүжгэн жүжгийн па-де-де. “Спартак”, “Хунт нуур” зэрэг ойр ойрхон тоглодог балетуудыг оруулахгүй байхыг хичээсэн.  

-Сүүлийн үед ямар бүтээл дээр ажиллаж байна?

-Яг бүтээл гэхээсээ илүү багшлах тал дээрээ анхаарч эхэлсэн. Дасгуулагч багшаар ажиллаад гурван жил болж байна.

-Шинэ бүжигчид төрүүлэхээр ажиллахдаа юуг анхаарч байгаа вэ? Багшлах арга барилын хувьд өөрийн тань сурч байсан үеэс хэр өөр байна вэ?

-Багшлахаар хүнд өөрийнх нь багш л бодогддог юм шиг байна. “Миний багш ингэж зааж байсан” гээд л өөрийнхөө багшийн зааж байсан арга барилыг давтах хандлагатай. Манай багш мундаг хүн болохоор арга ч үгүй биз. Д.Дашлхагва багш олон чадварлаг бүжигчин төрүүлсэн хүн.  

-Харж явдаг, үлгэр жишээ авдаг бүжигчин гэвэл?

-Бүжиглэхийг нь үзэх дуртай уран бүтээлч олон бий. Гэхдээ яг тэр гээд нэрлэх бүжигчин байхгүй. Ардын жүжигчин О.Ганбаатар, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг нарыг хүндэлж явдаг. Монголын ба гадаадын бүжигчдийн бичлэгийг үзээд ингэж бүжиглэж, жүжиглэвэл гоё юм байна гээд тусгаж авах үе бий л дээ. Ер нь бүтээлээ хэн нэгнийг харж биш, яг өөрийнхөөрөө хүргэх гэж хичээдэг.

-Сүүлийн үед Монголд гадаадын тэргүүлэх балетчид ирэх болсон шүү дээ. Тэднийг харж байхад Монголын балетчид юунд анхаарууштай санагдсан бэ?

-Техникийн хувьд манай бүжигчид гологдохгүй. Сургалтын ялгаа харагддаг юм билээ. Гаднын бүжигчид нүүрний хувирал, үзэгчид тоглолтоо хүргэх тал дээр илүү санагдсан. Дутмаг гэвэл тэр л байх.  

-“Nomadic Ballet Production” компанийхан ойрын хугацаанд шинэ бүтээл гаргах уу?

-Бид энэ жилдээ шинэ бүтээл гаргахгүй болов уу. “Цасан гоо ба долоон одой”-г Хүүхдийн баяраар тоглоно. Удахгүй манай компанийн нэрэмжит тэмцээн болно. Сонирхогчийн ба мэргэжлийн ангилалд модерн бүжгийн төрөл нэмсэн. Тэмцээндээ гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.   

-ДБЭТ-ын хувьд?

-Ирэх сард “Үр дүнгүй болгоомжлол” нэртэй шинэ балет тоглоно. Би уг балетад аавын дүрд тоглохоор бэлдэж байна. Гол дүрийн бүсгүйтэй хүүгээ суулгахаар хичээж буй аавын дүр.

-15 жил бүжиглэсэн гэлээ. Хайртай дүр бий л байх. Бүжиглэх бүрт баяр төрүүлдэг дүр гэвэл?

-Бүжиглэсэн эхний жилүүддээ би эсрэг дүр гаргадаг байлаа. Хайртай гэхээр дүр байхгүй ч “Жизель”-ийн Ханс болж гарах бүртээ баярладаг. Миний хувьд анхны томоохон дүр байсан болохоор тэр байх.

-Харин бүтээхэд хамгийн хэцүү, ажиллагаа орсон дүр гэвэл?

-Өнгөрсөн сард “Спартак”-ийн гол дүр дээр нэлээд бодож ажилласан. Бүжиглэх, жүжиглэх гээд эрэгтэй бүжигчний хүч чадлыг сорьдог дүр.

-Тоглолт нь дөхсөн энэ өдрүүдэд ямар хуваариар ажиллаж байна? “Кармен сюит” дээр ажиллаж эхлээд хэр удав?

- “Кармен сюит”-ийг эхлүүлээд хоёр сар гаруй болж байна. Өглөөний 10 цагт дасгалаа хийж дуусаад дараа долоо хоногийнхоо бүжгийн, тэгээд “Үр дүнгүй болгоомжлол”-ын бэлтгэлийг хийнэ. Өөрийнхөө тоглолтын бэлтгэлийг орой 6-7 цагийн үед эхлүүлж, 9-10 цагт харьцгааж байна даа. Их ачаалалтай ажиллаж байгаа бүжигчдэдээ баярлалаа.  

-Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
1 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
3
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
4
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.