Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Холимог тулааныг хориглосон улс орнууд

Францын Спортын яамнаас торон дотор явагддаг бүх тулааныг хоригложээ.


XXI зуунд хамгийн хүчийг авсан спортын төрөл гэвэл холимог тулааныг л нэрлэнэ. Хэдийгээр энэ зууны эхэн үед тогтсон нэр томьёогүй, “Дүрэмгүй зодоон” гэх мэт нэр зүүж ирсэн ч одоо олны анхаарлыг татсан спортын төрөл болон хувираад байгаа билээ. Гэвч хачирхалтай нь холимог тулаан хуулиар хориглогдсон улс орон байдаг аж. Холимог тулааныг хориглосон улсуудыг танилцуулахаас өмнө зөвшөөрдөг орнуудыг эхлээд нэрлэе. Гэхдээ зөвшөөрлөө гээд бүх хот мужид тэмцээн явуулж болно гэсэн үг биш. Жишээ нь, Америкт гэхэд өнгөрсөн жил л Нью-Йорк хотод холимог тулааны тэмцээн явуулах эрх олгосон билээ. Mixed Martial Arts буюу холимог тулааныг АНУ, ОХУ, Австрали, Англи, Бахрейн, Бразил, Камбож, Канад, Хятад, Ирланд, Япон, Малайз, Пакистан, Португал, Румын, Сингапур, Швед, Өмнөд Африкт албан ёсоор зөвшөөрсөн байдаг.

Холимог тулаан хориглогдсон улс орнууд

Франц

Сирилл “Могой” Диабате, Чейк Конго нарын алдарт тулаанчид эх орондоо, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тулалдахыг олон жил мөрөөдөж явсан. Удахгүй бүтнэ ч гэж итгэж байжээ. Харамсалтай нь өнгөрсөн жилийн 10 дугаар сард Францын Спортын яамнаас тулааны тэмцээнийг зохион байгуулах талаар шинэ дүрэм гаргасан юм. Уг дүрмэнд холимог тулааныг спортын төрөл гэж огт заагаагүй атлаа торон дотор явагддаг бүх тулааныг хоригложээ. Мэргэжлийн тулааныг зөвхөн хамгаалалтын булантай рингэнд, эсвэл задгай дэвжээнд явуулахар заасан. Хэвтээ байдалд өвдөглөх, босоогоос тохойлдох, мөргөх мэх болон өрсөлдөгчөө санаатайгаар толгойгоор нь унагаах, шидэх, рингнээс түлхэхийг хоригложээ. Харин шинжээчид Францын Спортын яамыг “Алс тэртээ 1990-өөд оны үедээ зогсчихож. Торон дотор тоглох нь рингнээс хамаагүй аюул бага” хэмээн шүүмжилж байгаа юм. Францын холимог тулааны комиссийн (CFMMA) ерөнхийлөгч Бертран Амуссу “Яамныхан биднийг тэнэг хүмүүс гэж бодож байна. Европт Франц, Норвегиос бусад орон MMA-г хүлээн зөвшөөрөөд байгаа. За яахав шүүх шийдээд өгөх болно” гэж  холимог тулааныг хориглосон шийдвэрийн эсрэг заалдан, шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа. “Могой” Диабете эх орондоо тоглож чадахгүй байсаар зодог тайлсан бол 41 настай Конго шүүхийн шийдвэрийг хүлээн, бэлтгэлээ хийсээр байгаа аж.

Норвеги

Холимог тулааныг энэ улсад ч бас спорт гэж үздэггүй. Мэргэжлийн боксыг 34 жил хориглож байсан улс болохоор аргагүй. Дэлхийн шилдэг боксчин эмэгтэй, WBC/WBA/WBO/IBF холбоодын аварга Сесилия Брехус Осло хотод тэмцээн зохиох гэж шүүхээр заргалдаж байлаа. 2016 онд шүүхэд ялснаасаа хойш тэр Норвегид гурван удаа тоглоод байгаа. Норвегид “Хүнд цохилтын талаарх хууль” гэж бий. Энэ хууль ёсоор хүний толгой руу цохиж оноо авдаг, ялалт байгуулдаг бүх спортын төрлийг хориглосон байдаг. Мөн “Хүнд цохилтонд хэн нэг нь орж болох бүх тэмцээн, үзүүлэх тоглолт, бэлтгэлийг Эзэн хааны зөвшөөрөлтэйгээр л зохион байгуулж болно” гэсэн заалттай. Норвегийн сэтгүүлч Таржей Нюмарк Мёркве “Норвегид ганцхан удаа холимог тулааны тэмцээн явагдсан. Яагаад Засгийн газраас зөвшөөрсөн гэхээр тэр тэмцээнийг “Art project” гэж танилцуулсан байсан юм” гэж ярьж байна.

Холимог тулааныг саяхан зөвшөөрсөн орон

Тайланд

Тайландын Спортын удирдлагын газраас 2012 онд холимог тулааныг хориглосон. Үүнд мэдээж муай тай буюу тайланд боксынхон их үүрэг гүйцэтгэсэн нь гарцаагүй. Шинэ өрсөлдөгч зах зээл, тамирчдыг нь булаан авчихна гэж айсан хэрэг. Спортын удирдлагын газрын тэргүүн Сакол Ваннапонг “Холимог тулааны тэмцээн муай тайд сөрөг нөлөөтэй. Хэрэв та энэ төрлийн бизнес хийх гэж байгаа бол өөр оронд очсон чинь дээр” гэж шууд хэлсэн юм. Гэхдээ холимог тулааны талынхан зүгээр суугаагүй. Тайланд дахь цорын ганц холимог тулааны промоутер компани болох “MMA DARE Fight Sports”-ийн ерөнхийлөгч  Жусси Салорантагийн өмгөөлөгчид үнэндээ энэ хориг нь айлгах гэсэн оролдлого болохоос хууль зүйн ямар ч үндэсгүй гэж үзэж байгаа юм. Учир нь яг холимог тулааны тэмцээн явуулж болохгүй гэсэн хууль байхгүй аж. Салоранта Тайландын холимог тулааны холбоо байгуулж, Спортын удирдлагын газартай эвлэрэх гэж их оролдсон. Ингээд 2013 оноос талууд хэлэлцэж, хоригийг цуцалсан билээ. 2016 онд Азийн том холбооны нэг болох “ONE Championship” Тайландад тулаан зохион байгуулсан нь Тайланд улсын хувьд тун чухал зүйл болсон юм. Тус улсын алдарт "Big Ass”, “Bodyslam” рок хамтлагууд тоглож, соёл урлагийн томоохон арга хэмжээ болон өнгөрсөн. Тайланд бол олон нэрт тулаанчдын дуртай газар. Энд мэргэжлийн боксчид, холимог тулаанчид бэлтгэлээ базаадаг.

Холимог тулааныг хэсэгчлэн зөвшөөрсөн орон

Бельги

Энд холимог тулааны дүрмээр зөвхөн сонирхогчид тулалдаж болдог.  Гэхдээ заавал эмнэлгийн даатгалтай байх шаардлагатай. Мэргэжлийн тамирчдын тулааныг яг хориглодоггүй ч хязгаарладаг тул Бельгийн хамгийн нэртэй “зодоонч” Тарек Саффедин нутагтаа хоёрхон удаа л тулалдаж байсан юм.

Энэтхэг

UFC-ийн ерөнхийлөгч Дэйна Уайт, хувь эзэмшигч Лоренцо Фертитта нар асар их хүн амтай Энэтхэг орны зах зээлийг эзлэх хүслээ илэн далангүй ярьж байсан. Хэцүү л зорилго. Энэтхэгт холимог тулааныг албан ёсоор спорт гэж хүлээн зөвшөөрөөгүй. Мөн ард нийтээрээ мэргэжлийн бокст дуртай. Тиймээс энд болдог холимог тулааны тэмцээнүүд үнэн хэрэгтээ албан бус гэсэн үг. Тулаанчид нь цалин хөлс бага, эмнэлгийн даатгалгүй хэмээн гомдол тавьдаг.

Дани

Данид холимог тулааныг хориглоогүй ч албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй. 2012 онд байгуулагдсан Данийн холимог тулааны холбооноос улсдаа байгаа холимог тулааны бүх холбоо, клуб, байгууллагуудыг гишүүнээр элсэхийг уриалж байгаа. Учир нь нэгдэж байж тэд Данийн спортын холбоонд бүртгүүлж, албан ёсны спорт болох ёстой юм.  

Холимог тулааныг хэвлэл мэдээллээр “цуст спорт”, “харгис зодоон” хэмээн цоллодог ч үнэндээ 1993 оноос хойш холимог тулааны түүхэнд тэмцээн дээр авсан гэмтлээс болж амиа алдсан тохиолдол дөрвөн удаа л гарч байжээ. Үүнээс хоёр нь албан бус тэмцээн байсан гэхээр холимог тулаан тийм ч харгис спорт биш нь харагдана. 1998 онд АНУ-ын  Дуглас Дэж Киев хотод болсон албан бус тэмцээнд оролцоод хоёр хоногийн дараа нас барсан бол 2005 онд Өмнөд Солонгосын нэгэн ресторанд болсон бооцоот тулааны үеэр Ли гэгч амиа алдаж байжээ. 2007 оны 10 дугаар сарын 20-нд Америкийн Хьюстонд болсон тулаанд хүнд цохилт авсан Сэм Васкес ухаан орохгүй байсаар 11 дүгээр сарын 30-нд нь нас барсан. 2010 оны зургаадугаар сарын 28-нд АНУ-д болсон тулаанд 30 настай Майкл Киркхэм хүнд цохилтоор ялагдаад хоёр хоногийн дараа ухаан оролгүй насан эцэслэсэн. “The Journal of Combative Sport” сэтгүүлд бичсэнээр харин энэ хугацаанд мэргэжлийн бокст 71 тамирчин хүнд цохилтын улмаас амиа алдаж байжээ. Холимог тулаанд боох, өчих мэх зөвшөөрөгдсөн байдаг тул хүнд цохилтод орох магадлал боксоос хавьгүй бага гэж Жонс Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд судалгаагаар баталсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
40
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.