Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Эссэ: Шартсан зүрхний монолог


 

Хятад хэлний хайр гэсэн үг нь зүрх, ухамсар , мэдрэх, хүлээн зөвшөөрөх

гэсэн дөрвөн ханзаас нийлж бүтээдэг.

Хайр гэдэг үгийг би хүний дотоод сэтгэл дэх мэдрэмжүүдийн нийлэмж хэмээн ойлгож байна. Тийм учраас бидний ХАЙР гэж итгээд байгаа бүхэн бурхан байх.

Бурхан биднийг бүтээгээгүй, бид бурханыг бүтээсэн. Атейст афоризм. Гэхдээ үнэн. Яагаад гэвэл үнэхээр бурхан гэж байлаа ч хэн ч тэр жинхэнэ бурхныг олж үзээгүй. Тэгэхээр бидний ярьж, төсөөлж, залбирдаг бурхан гэж нэрлэж байгаа тэр санааны цогц маань ердөө л бидний жинхэнэ бурхны төсөөлөл болохоос жинхэнэ бурхан биш. Үнэн хэрэгтээ жинхэнэ бурхан бидний бодож байгаагаас тэс өөр ч байж болно. Болох ч биш ерөөсөө тийм байх. Бидний мэддэг хайр ч гэсэн яг л ийм.

Хүмүүн хэмээгч бодгалийн туулсан түүх нь зовлон гуниг, үзэн ядалт, хорсол, үл итгэлцэл, худал хуурмагаар дүүрэн ч бидэнд ХАЙР бий гэдэгт би итгэх болсон. Би өөрийгөө хэчнээн муу муухайн тууль, адаг шаар хэмээн итгэхийг хүсэвч огтоос хамааралгүй хүмүүс, амьтад, ургамлын төлөө өр минь өвдөн шаналах үе надад нэг биш тохиож байсан. Бусад хүмүүст ч адил гэдэгт би итгэдэг. Бусдын  төлөө энэлэн хайлсан энэ мэдрэмжийг л би ХАЙР гэж нэрлэж байна. Тэгвэл хүмүүний сэтгэлд тийм ариун нандин чанар, хайр оршдог юм бол яагаад энэ орчлонд ийм их зовлон байсаар ирсэн хэрэг вэ?

Бидний алдаа бол хайрын мөн чанарыг биш, ердөө үйл хөдлөл, үг хэл, үсэг бичгээр илэрсэн тэр хэлбэрүүдийг цөхрөлтгүй эрэн хайсан явдал. Яг л бид бурхныг өөрсдийн мэдэрч, хүртэж буй энэ ахуйдаа буулгахыг оролддог шиг хайрыг ч бодит зүйл хэмээн төсөөлж байна. Гэтэл аль аль нь тодорхойлох, баталгаажуулах аргагүй сүнслэг ойлголтууд. Жишээ нь, бидний ертөнцөд гудманд таарсан гуйлгачин хүүг зүгээр л чин сэтгэлээсээ өрөвдөөд өнгөрөх ямар ч үнэ цэнэгүй зүйл бөгөөд хөөрхий жаал руу хэдэн халтар төгрөг шидэж байж л нинжин сэтгэл, энэрэл хайр маань баталгаажна. Үгүй бол тэр мэдрэмж ердөө л чамд хамаатай  үлдэх болно. Гэтэл угтаа ХАЙР-ын мөн чанар нь тэрхүү үйл үү, эсвэл зүрхэнд анх ирэх дохио нь уу? Эсрэгээрээ би өнөөх жаалыг огтхон ч өрөвдөн энэрээгүй хэрнээ зүгээр л хэдэн цаас сарвайчихаад өнгөрч, эсвэл нэг ч хорт хавдартай хүнтэй уулзаж үзээгүй атлаа зүгээр л мөнгөөр хахаж цацсандаа хорт хавдрын эсрэг хандив өргөж ч болно. Бид нэгнийхээ сэтгэлийн гүн дэх хайрлах мэдрэмжийг олж харан, таних чадваргүйгээсээ болоод заавал ч үгүй үгээр, үйлээр баталгаажсан үед л хайрыг мэдэрч байна. Би тэрхүү үйл, үг хуурмаг зүйл хэмээн үгүйсгэх гэсэнгүй (гэхдээ хуурамч байх боломжтойг ч бас үгүйсгэж чадахгүй). Зөвхөн бид эргэн тойрондоо байгаа энэ их хайрын өчүүхнийг л олж харж байгаа гэдгийг сануулах гэсэн юм. Өөрөөр хэлбэл үг, үйлээр баталгаажаагүйгээс бидэнд мэдрэгдээгүй өчнөөн их хайр бидний эргэн тойронд байдаг ч байж болно. Өнөөдөр гудманд тантай зөрсөн үл таних хүмүүс таныг хачин ихээр хайрлан энэрсэн ч юм билүү? Хэн мэдлээ.

Хүн сэтгэлийн хөдлөл мэдрэмжээ үгээр, үйлээр л илэрхийлэн гаргах чадвартай. Тэгвэл бидний илэрхийлэн гаргахад ашиглагдаж буй арга хэрэгсэл нь жинхэнэ мэдрэмжийнхээ дэргэд дэндүү өчүүхэн, бүдүүлэг бөгөөд эх мэдрэмжийнхээ маш багахан хэсгийг л илэрхийлэх чадвартай. Учир нь үг хэл, үйл хөдлөл зэрэг нь бидний нийгмийн явцад өмнөх үеэс дараагийн үед уламжлагдаж, энэ хоорондоо сайжирсаар ирсэн загвар, томъёо төдийхөн. Харин мэдрэмж бол ямар нэгэн учирзүй, логик дэс дарааллаас ангид тодорхойлох, бүрэн дүүрэн илэрхийлэх боломжгүй ойлголт билээ. Бид далайн эрэгт очихдоо мандал, давалгааны сайхныг магтан биширдэг ч гүн дэх нууцуудыг нь харж чадалгүй өнгөрдөг шиг бидний хүртэн мэдэрч буй үг, үйлээр баталгаажсан хайрын хэлбэрүүд бол эх жинхэнэ хайрынхаа маш өчүүхэн хэсэг нь.

Тэгэхээр нэгэнт бид хайрын баталгаажсан хэлбэрийг л мэдрэн таних чадвартай. Энэ хэлбэр нь үнэндээ эх үүтгэлийнхээ маш өчүүхэн хэсгийг л илэрхийлэх чадвартай юм бол яах ёстой юм бэ? Нэгэнт бид бүрэн дүүрнээр нь хүртэж чадахгүй юм бол тэр байхгүй гэсэн үг биш гэж үү? Бидний гарц бол ердөө л итгэх. Эргэн тойронд орших тэр хайрт баталгаа шаардлагагүйгээр зүгээр л итгэх... Бидний бүх зовлон түүнд итгэж чадаагүйгээс л эхтэй юм билүү.  

Нийтлэлийг А.Амармэнд 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
5 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
6 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
1
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.