Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ш.Анхмаа: Гомдолтой, айдастай хүүхдүүд 29 дүгээр сургуулиас амьдралд хөл тавьж байна


 

Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, энэ өдрүүдэд нийгэмд дуулиан болж буй 29 дүгээр тусгай сургуулийн асуудлаар шуурхай мэдэгдэл хийлээ. Тус хурлын дараа Ш.Анхмаатай уулзаж ярилцав. 

-29 дүгээр сургуулийн захирлыг албан ажлаас нь чөлөөлөх шийдвэрт олон хүн талархаж байна. Ийм хүлээлт байгааг анхаарч шийдвэрээ гаргасан уу?

-Энэ бол Б.Батсайхан захирлыг чөлөөлчихвөл хүмүүст таалагдах юм байна гэж, эсвэл ийм хүлээлт байгаа учраас гаргасан шийдвэр огтоос биш. Нийслэлийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газраас явуулсан судалгааны дүнтэй бид танилцсан. Мөн БСШУС-ын сайдын тушаалаар 29 дүгээр сургууль дээр томилсон Ажлын хэсгийн дүгнэлт өчигдөр бидэнд ирсэн. Газар дээр нь ажилласан албаны хүмүүсийн гаргасан тайлангаас 29 дүгээр тусгай сургуулийн орчинд тодорхой зөрчлүүд байгаа нь илэрхий болсон учраас хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын хариуцлага алдсан захиралд арга хэмжээ авлаа. Нийслэлийн Засаг дарга тус сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх эрхийнхээ дагуу Захирамжаа гаргасан. Сурагчид болон эцэг эхийн зүгээс тавьсан гомдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Дүгнэлт нь хараахан гараагүй байна. 

-Сурагчдынхаа сурч боловсрох болон бусад эрх ашгийг хамгаалах үүрэгтэй багш нар нь эсрэгээрээ захирлаа, өөрсдийнхөө нэр төрийг хамгаалахаар тэмцэхээ илэрхийлж байгааг Та юу гэх вэ. Тантай тэдний төлөөлөл уулзсан уу?

-Аливаа юм хоёр талтай байдгийг анхаарлын гадна орхиж болохгүй. Нэг талаас, зохион бичлэг бичиж чадахгүй, олон оронтой тоо нэмж хасах ч чадвар эзэмшиж чадалгүй төгсөж байгаадаа гутарсан сурагчид 29 дүгээр сургуулиас ажил амьдралд хөл тавих гэж байна. Зарим багшийн зүгээс бэлгийн дарамт амссан охид гомдолтой, маш их айдаст автсан байна. Нөгөө талаас, нэг, хоёр багшийн хууль бус үйлдлийн хариуцлагыг бүхэл бүтэн сургуулийн үе үеийн багш ажилчид үүрч, 29 дүгээр тусгай сургууль үүсэн байгуулагдсан ариун зорилго, үйл ажиллагааны арвин туршлага, алдар гавьяагаараа хохирох вий гэсэн эргэцүүллийг бид бодолцох ёстой юм. Нэгдүгээрт хүүхдийн эрхийн асуудлыг чухалд үзэж байгаа учраас 29 дүгээр сургуулийн асуудал алдаа мадаггүй шийдвэрлэгдэх л учиртай. Тэгж байж хүүхдүүд ялна. Тиймээс хууль шүүхийн байгууллагын дүгнэлт гартал энэ сургуулийн багш нарыг толгой дараалан харлуулбал харин ч багш, сурагчдыг хэлмэгдүүлж мэдэх аюултай. Манай багш нар ч хүлээцтэй хандаж, сурагчдынхаа өмнө зөв үлгэр дууриал үзүүлэн ёс зүйгээ сахих биз ээ. Цаашид тус сургуулийн бодлого, төлөвлөлтийг сайжруулах, хүүхдүүдээ болзошгүй зөрчлөөс хамгаалах талаар бидний зүгээс болон БСШУСЯ-ны ажлын хэсгийн зүгээс ч шуурхайлах хэрэгтэй болж байна. Энэ ажлын голыг нугалах учиртай хүмүүс бол мэдээж манай 29 дүгээр сургуулийн багш нар. Тэд маань үүнд өндөр үүрэг хариуцлага, идэвх зүтгэлтэйгээр оролцоно гэдэгт эргэлзэхгүй байна.  

-Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй тусгай таван сургуулийг мөн шалгахаар болсныг Та хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Ер нь 29 дүгээр сургуулиас гадна тусгай сургуулиудын сурагчдын зүгээс гомдол ирэв үү?   

-29 дүгээр сургуулийн сурагчдын хичээл хаялтыг хүүхдийн боловсрол, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн  байгууллагууд ажил хэрэгчээр хүлээн авах нь зөв. Энэ бол захирлыг албан тушаалаас нь чөлөөлснөөр намжиж мартагдах дуулиан шуугиан төдий зүйл биш л дээ. Тусгай бусад сургуульд далд хэлбэрт орсон зөрчил дутагдал байхыг үгүйсгэх аргагүй юм байна. Тиймээс дөнгөж сая Нийслэлийн Засаг даргын зөвлөмжөөр миний бие ахлаад Ажлын хэсэг байгуулагдлаа. Энэ ажлын хэсэгт салбар салбарын мэргэжлийн байгууллагууд, Хүний эрхийн үндэсний комисс тэргүүтэй хүний эрхийн хараат бус, хөндлөнгийн байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, үйлдвэрчний эвлэл хамрагдаж, нарийвчилсан судалгаа, үүнд тулгуурласан мэргэжлийн зөвлөмж, дүгнэлт гаргах юм. Зорилго нь тусгай сургуулиудын үйл ажиллагаа, сургалтын арга барил, чанар чадавхийг сайжруулах, тэнд суралцагсад болоод багш, ажилтнуудын эрх ашгийг хамгаалах ажлыг бодитой үр дүнд хүргэх явдал.

-Ер нь тусгай сургуулиудад ажиллахаар зориуд бэлтгэгдсэн, нарийн мэргэшсэн багшийн хүрэлцээ манайд хангалттай байдаг юм болов уу?

-Тусгай сургуулиудад ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зайлшгүй шаардлага эртнээс тулгамдсан асуудал. Тиймээс бид ойрын хугацааны бодлого, төлөвлөлтөд тусгасан зүйл бий. Давын өмнө яг одоо ажиллаж байгаа багш нарынхаа ур чадварыг сайжруулахад анхаарах хэрэгтэй болж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
33
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.