Хайх зүйлээ бичнэ үү

Хямд зардлаар Зүүн өмнөд Ази, Өмнөд Ази, Европын орнуудаар аялах аялал зохион байгуулдаг “The Nomadic Soul” стартапын үүсгэн байгуулагч, залуу аялагч Б.Сарантуяаг бид ярилцлагын буландаа урьлаа.

Хямд зардлаар Зүүн өмнөд Ази, Өмнөд Ази, Европын орнуудаар аялах аялал зохион байгуулдаг “The Nomadic Soul” стартапын үүсгэн байгуулагч, залуу аялагч Б.Сарантуяаг бид ярилцлагын буландаа урьсан юм. 25 нас хүрэхээсээ өмнө 25 орноор аялах том зорилго тавьсан энэ бүсгүйн ярилцлагаас та “Аялахын тулд баян байх хэрэгтэй юу”, “Залуудаа аялахын давуу тал юу вэ”, “Аялах хугацаандаа хийж байсан хамгийн галзуу зүйл юу вэ” гэх зэрэг сонирхолтой асуултуудын хариулт, бас дээр нь гайхалтай их урам зориг олж авах болно.

-Дэлхийн аялал жуулчлалын төв болох Индонезийн Бали арал дээр аялал жуулчлалын чиглэлээр суралцсан тухай тань яриагаа эхлэх үү. Бизнесийн удирдлагын мэргэжилтэй хүн яагаад Балид сурахаар шийдэв?

-Би багаасаа л аялах дуртай хүүхэд байсан. “CITI” их сургуулийг төгсөөд Индонезийн засгийн газрын “Darmasiswa” тэтгэлэгээр Бали арал дээр нэг жил Аялал жуулчлалын чиглэлээр суралцах боломж надад олдсон юм. Энэ тэтгэлгээр Индонезийн 17000 арлын хаана ч суралцах боломжтой. Харин би Бали арлын сургуульд тэнцэж, тийшээ явахаар болсон. Бали арал бол дэлхийн аялал жуулчлалд нэлээд дээгүүр бичигддэг газар. Аялал жуулчлалын гол цэгт суралцана гэдэг миний хувьд том завшаан байсан. Гэхдээ сургалтын систем нь төсөөлсөн шиг минь сайн байгаагүй. Тэнд байх сүүлийн зургаан сард аялах хугацаандаа сургуульд сурснаас илүү практикаар маш их зүйлийг сурч мэдсэн.

-Энэ тэтгэлгийн тухай анх удаа сонсож байна. Ямар зарчмаар явагддаг тэтгэлэгт хөтөлбөр вэ?

-“Darmasiswa” нь Индонезийн соёлын тэтгэлэгт хөтөлбөр. Би энэ хөтөлбөрт хамрагдсан хамгийн анхны монгол оюутан байсан. Индонез улсын хэл, соёл, дуу хөгжим, урлаг, загвар, аялал жуулчлалыг дэлхийн орнуудад сурталчлан таниулах зорилготой хөтөлбөр. Жил бүр дунджаар 1000 оюутан авдаг.

-Индонезчууд ямар хэлээр ярьдаг вэ?

-Бахаса хэлээр ярьдаг ч бүх хичээл англи хэлээр ордог байсан. Гэхдээ хичээлийн хөтөлбөрт бахаса хэлийг заавал судлах ёстой гээд заачихсан байдаг юм билээ. Нэг жилийн хугацаанд бахаса хэл сурч байхдаа “Энэ хэлийг сурлаа гээд надад ямар хэрэгтэй юм бэ” гэж боддог байсан ч сүүлийн үед маш их хэрэг болж байгаа. Малайз, Сингапур, Индонезид энэ хэлээр ярьдаг болохоор үнэхээр хэрэгтэйг хожим ойлгосон. Ер нь тэнд сурсан бүх л зүйл амьдралд хэрэг болж байна даа. 

-“The Nomadic Soul” стартапын тухай дэлгэрэнгүй танилцуулаач. Энгийн тур компаниудаас ямар ялгаатай юм?

-Би энэ стартапаа жил гаруйн өмнө үүсгэн байгуулсан. Одоогоор ганцаараа үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэн зарчим нь тун энгийн. “The Nomadic Soul”-ээс сард нэг удаа гадаад аялал зарладаг. Гол давуу тал нь 2-3.5 сая төгрөгт багтаан доод тал нь гурван орноор үүргэвчтэй аялал хийх хөтөлбөрүүд байдаг. Би аялал бүрээ өөрөө зохион байгуулж, багаа ахалж, аялагчдынхаа онгоцны тасалбар, байрлах газар зэрэг шаардлагатай зүйлсийн захиалгыг хийдэг. Байгуулагдсанаас хойш Зүүн өмнөд Ази, өмнөд Азийн орнуудаар нийт зургаан аялалд яваад ирсэн. Дараагийн аяллаа Орос, Турк, Беларусь (тавдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын 6 хүртэл) улсууд руу зарлаад байгаа.
Бусад аяллын компаниудтай харьцуулахад гол төлөв үүргэвчтэй аялал хийх хүсэлтэй залуу хүмүүст зориулсан, сонирхолтой аяллын хөтөлбөрүүдтэй. Маш хямд зардлаар адал явдалтай, өөрийнхөө дураар аялах боломжийг бусдад олгодог. Би гол төлөв аялах хүмүүсийнхээ санал хүсэлтийг харгалзан тухайн улсад хийх зүйлсийнхээ хөтөлбөрийг гаргадаг.

-Энэ зардлаас гадна “The Nomadic Soul”-д хураамж төлөх шаардлагатай юу?

-“The Nomadic Soul” маань гадаад болон дотоод руу чиглэсэн үндсэн хоёр чиглэлтэй. Би гадаад руу чиглэсэн аяллуудаасаа ашиг олдоггүй. Миний хувьд эдгээр аяллын зорилго нь мөнгө олох биш. Тухайн аяллын багийнхныхаа зардлаас би өөрийнхөө зардлыг гаргаад үнэгүй аялдаг. Би өөрийнхөө чадах зүйлс, туршлагаа тэр хүмүүстэй хувцаалцаж, зааж, чиглүүлж өгнө, харин тэд миний аяллын зардлыг нөхөж байгаа гэсэн үг. Аль аль талдаа ашигтай. Одоохондоо тэр л надад хангалттай.

-Аяллуудаасаа ашиг олдоггүй юм бол яаж “амьдардаг” юм бэ?

-“The Nomadic Soul”-ээр аялаж буй гаднын аялагчдад хөтөч, орчуулагч хийж өөрийгөө цалинжуулдаг. Би энэ стартапаа эхлүүлэхээс өмнө хэд хэдэн удаа үүргэвчтэй аялал хийж байсан юм. Надтай адил залуу, мөнгө багатай аялагчид их байдаг. Аялж явахдаа хүмүүс яагаад бага өртгөөр сайхан аялж болохгүй гэж боддог байсан. Аяллаасаа ирээд манайд аялахаар ирсэн гадны үүргэвчтэй аялагчдад хямд өртөгтэй аялал санал болгох болсон.

-Таны бодлоор аяллын хамгийн сайхан нь юу вэ?

-Эхэн үедээ би өндөр хөгжилтэй орнуудын соёл, байшин барилгад их татагддаг байсан. Олон орноор аялах тусам энэ сонирхол минь өөрчлөгдөж, тэр нутгийн хүмүүсийн амьдрал, соёл, аж төрж буй байдал сонирхолтой санагдах болсон. Миний хувьд энэ дэлхий дээрх маш олон хосгүй соёл, хүмүүстэй уулзаж, танилцаж, хэрхэн амьдарч буйг өөрийн нүдээр харах нь аяллын хамгийн сайхан нь. Таван сард эхлэх аялалдаа би Турк орныг оруулсан нь ч ийм учиртай. Тэр орны өндөр барилга байгууламж нь гол биш хүмүүсийнх нь амьдрал, соёлтой танилцахаар тийшээ явах гэж байгаа.

-Өнгөрсөн хугацаанд аялсан орнуудаас аль нь таны анхаарлыг хамгийн ихээр татав?

-Хамгийн сүүлд Непал руу аялах үед надад маш сонирхолтой санагдсан. Өмнө нь би Монголыг их ядуу, дорой гэж боддог байсан бол Непалд очоод бодол маань орвонгоороо өөрчлөгдсөн. Маш сонирхолтой соёл уламжлалтай бөгөөд үгээгүй ядуу ард түмэн юм билээ. Үүнтэй адил шинэ газар очих бүрт бодол төсөөлөл минь өөрчлөгдөж, юмыг өөр өнцгөөс харж, дүгнэлт хийх болон шүүмжлэлт сэтгэлгээ хөгждөг. Тийм болохоор би аль болох өөр өөр соёлтой орнуудаар аялж, сонирхолтой хүмүүстэй уулзаж, танилцаж аяллын амтыг мэдрэх дуртай.

-Одоогийн байдлаар нийт хэдэн орноор аялаад байна вэ?

-20 орноор аялсан. Би 25 нас хүрэхээсээ өмнө 25 орноор аялах зорилт тавиад байгаа. Одоо 24 настай. Нэг жилийн дотор таван орон нээхийг хүсэж байна. 

-Аялах урам зоригоо хэнээс, юунаас авдаг вэ. Тогтмол уншдаг аяллын блог, вэбсайт бий юу?

-Блог, сэтгүүл, сайт гэхээс илүү эргэн тойрны найзуудаасаа маш их урам зориг авдаг. Монголд уулзсан гадаад аялагчидтай найзууд болох тохиолдол цөөнгүй. Жилийн өмнө Монголд ирж байсан бельги найз маань гэхэд 25 настайдаа өөрийнхөө байр, эд хогшлоо бүгдийг зараад дэлхийг тойрох аялалдаа гарсан. Бельгиэс гараад газраар явж, Европын орнуудаар ороод, цаашлаад Зүүн өмнөд Азийн орнуудаар аялж байхад нь би танилцаж байсан юм. Харин одоо Австралид байгаа. Тэндээсээ Шинэ Зеланд ороод, Өмнөд Америк орох юм билээ. Тэр найзаасаа маш их урам зориг авдаг.

Мөн би Монголд амьдардаг гадаад хүмүүст монгол хэлний багш хийдэг. Энэ ажлаараа дамжуулан НҮБ-д ажилладаг нэг залуутай танилцаж байсан. Тэр ч бас аялах дуртай болохоор бид хоёр аяллынхаа тухай их ярьдаг байсан юм. Би нэг удаа тэр найздаа “Би мотоциклоор, унадаг дугуйгаар аялж байсан, бас замын унаанд дайгдаж байсан” гэж хэрэндээ онгирсон. Тэгтэл тэр “Би Ховдоос Өмнөговь хүртэл тэмээгээр хоёр сар аялсан” гэсэн. Тэр үед надад “Хөөх, энэ англи хүн ингэж аялж байхад монгол хүн яагаад болохгүй гэж” гэсэн бодол төрж байсан. Надад нэг сайн чанар байдаг нь би уулзсан хүнийхээ давуу талыг олж хараад, өөртэйгээ харьцуулж үздэг. Энэ бол атаархал биш, харин ч өөрийгөө зоригжуулж, улам хөгжүүлэх сэдэл болдог.

Миний нэг том зорилго бол хостел, кофе шоп байгуулах. Энэ сэдлийг Венецид аялаж явахдаа олсон юм. Өнгөрсөн жил би нэг сар хагасын хугацаанд Европоор 2 сая 500 мянган төгрөгөөр аяласан. Мөнгө муутай явж байсан болохоор “Coachsurfing”-ээр нэг айлд хоносон. Тэр хүн нэг орон сууцны хоёр давхрыг түрээсэлж амьдардаг. Тэндээ маш гоё чамин, винтаж загвартай хостел байгуулаад, өөрийнхөө гараар бүх тавилга, эд зүйлсээ хийж тохижуулсан байсан. Энэ мэт уулзсан хүн, очсон газар бүрээсээ би  урам зориг, шинэ сэдэл авдаг. Тэр бүгдээ бага багаар биелүүлж л явна.

-Өмнө нь хэд хэдэн удаа ганцаараа аялж байсан гэлээ. Тэгвэл ганцаараа аялахын хамгийн сайн болон саар тал нь юу вэ?

-Ганцаараа аялахын хамгийн сайхан нь чи юунд ч баригдахгүй, бүх төлөвлөгөө, шийдвэрийг өөрөө гаргаж болдог. Харин аялах хугацаанд төрсөн гайхалтай мэдрэмж, сэтгэл хөдлөлөө хуваалцахыг хүссэн үед хэн ч байхгүй ганцаардах нь ганцаараа аялахын хамгийн муухай нь. “Happiness is real when it is shared” (Хэн нэгэнтэй хуваалцах үед л аз жаргал бодитоор оршдог) гэсэн үг байдаг шүү дээ. Европоор аялах хугацаандаа ганцаараа аялахын сайхныг ч, саарыг ч үзсэн дээ. Шөнийн автобусаар явах үед хэн ч хажууд ядарч байна гэж гомдоллохгүй, би ядарч байсан ч өөрийгөө зохицуулаад л явчихаж байгаа юм.

-Эмэгтэй хүн ганцаараа аялана гэдэг аюултай биш гэж үү?

-Энэ асуултын надаас бараг хүн болгон асуудаг. Би нэг л хариулт хэлдэг. Хэрэв та тухайн орны соёл уламжлалд харшсан, хэт задгай ч юм уу, зохимжгүй хувцас өмсөөд, шөнө оройн цагаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гадуур яваад байвал мэдээж аюултай. Харин өөрийгөө сайн арчлаад, зөв зохион байгуулалт хийж чадвал тийм ч хэцүү биш. Буруу зүйл хийхгүй л бол аюулгүй. 20, 30 жилийн өмнө эмэгтэй хүн ганцаараа аялахад аюултай байсан байж болно, харин одоо цаг үе өөрчлөгдсөн шүү дээ.

-Дургүйцэхгүй бол аялах хугацаанд тохиолдож байсан хамгийн эвгүй зүйлээсээ бидэнд яриач?

-Европын аяллын үеэр нэг өдөр би Ромд ганцаараа төөрөхөд хамгийн хэцүү санагдаж байсан. Ихэнх өндөр хөгжилтэй орнуудад метроны буудал нь 24 цагаар ажилладаг. Заримдаа би бүр хонох газар олдохгүй оройтчихсон үед метроны буудал дээр унтчихдаг байсан юм. Тэр өдөр метроны буудал нь 12 цагаас хаачихсан. Шөнө дунд бороо ороод, хонох ч газаргүй болчихсон би гэдэг хүн уйлаад, өөртөө гомдоод, “Би юуны төлөө ингэж яваад байгаа юм бэ” гэж хүртэл бодсон шүү (инээв). Тэр үед хамгийн аймаар санагдсан нь дүрвэгсэд байсан. Жилийн өмнө Сирийн дүрвэгсэд Европ руу ид шуурч байсан үе л дээ. Тэд гэмгүй хүмүүс байсан ч харц, байгаа байдлыг нь хараад их эвгүй сэтгэгдэл төрж байсан. Тэгээд л нөгөө айж, уйлж унжсан хүн чинь хэмнэж байсан хамаг мөнгөө нэг газар өгөөд аюулгүй хоносон доо. Одоо бодоход инээдтэй ч юм шиг, аймаар ч юм шиг.

-Тэгвэл өнгөрсөн хугацаанд аялахдаа хийж үзсэн хамгийн "галзуу" зүйл юу вэ?

-Би өнгөрсөн нэг сард Филиппиний Сэбү арал руу аялсан юм. Сэбүг Балитай ойролцоо хинду шашинтай, тайван газар гэсэн төсөөлөлтэй очсон. Гэхдээ Балитай харьцуулахад аялал жуулчлал сайн хөгжөөгүй, мөн дээр нь экстрим зүйл хийхэд их тохиромжтой газар юм билээ. Тэнд 12 метр орчим урттай халимтай сэлэлт хийж үзсэн. Хэдий махчин халим биш ч айдас төрж, үгээр хэлэхийн аргагүй маш сонин мэдрэмж төрж байсан. Нүд өөрийн эрхгүй халим руу гүйгээд л их түгшүүртэй ч юм шиг байсан шүү. Сэбүд байхдаа хийж үзсэн бас нэг экстрим зүйл бол 10 метр өндөр хүрхрээнээс үсэрсэн. Үсэрч байх тэр 3-4 секундын хугацаанд “Би юу хийчихэв ээ” л гэж бодсон. Өндрөөс үсэрч амиа хорлож байгаа хүнд ч яг тийм мэдрэмж төрдөг байх. Нүдний урдуур бүх амьдрал жирэлзээд өнгөрөх шиг болсон.

-Сайн сэлдэг байх нь ээ. Ер нь аялалд гарахаар төлөвлөж байгаа хүмүүс сэлж сурах зэргээр өөрийгөө урьдчилан бэлдэх хэрэгтэй юу? Аялалд гарахад хүнд ямар чадваруудыг эзэмшсэн байх нь зүйтэй юм бол?

-Хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй. Би аялахдаа нэг л зарчим баримталдаг. Хоолоо хасаж ер болохгүй. Сайн хооллож, шим тэжээл авч, эрч хүчээ нөхөж байх хэрэгтэй. Үүргэвчтэй аялах үед мөнгөө хэмнэхийн тулд нилээн их алхах шаардлага гарна, нар мандахыг харахын тулд өглөө эрт босно, уулын орой руу гарч өндрөөс гайхалтай зүйлсийг харахын тулд багагүй алхана гээд эрч хүч, эрүүл бие аялагчдад зайлгүй хэрэгтэй. Ядрах үе маш их тохионо. Хамт аялах хүмүүстээ би аль болох вакцин хийлгэж, даатгуулахыг зөвлөдөг. Хамгийн гол нь л эрүүл мэнд, аюулгүй байдал шүү дээ. Заавал сэлж чаддаг байх, хоол сайн хийж чаддаг байх шаардлагагүй. Гэхдээ мэдээж олон зүйл чаддаг бол давуу тал болно.

-Аялах тухай үргэлж боддог ч нэг л зориглож чадахгүй байгаа хүмүүст хандаж нэг сайхан зөвлөгөө өгөөч?

-Хүмүүс эрсдэлийг хэтэрхий тооцоолоод байдаг. Чадахгүй, болохгүй бүтэхгүй гэх шалтгаар зорилго, хүсэл мөрөөдлөө битгий хойш тавиарай л гэж зөвлөмөөр байна. Аль болох залуу, амьдралаа төлөвлөж, гэр бүлтэй болоогүй байгаа дээрээ яваад юм үзсэн нь дээр шүү гэж үеийнхээ залууст захья. Явах тусам маш олон зүйл үзэж туршлага хуримтлуулна, өөрийгөө болон бусдыг таньж мэднэ. Аялснаар би аливааг өөр өнцгөөс харахаас гадна шийдвэр гаргаж сурсан. Ганцаараа аялж байхад ч, хүмүүстэй аялж байхад ч алхам тутамд шийдвэр гаргах шаардлага гардаг. Мөн маш хурдан хугацаанд бодож, шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Онгоцноосоо хоцрох гээд байдаг, дараагийн нислэг хүртэл хойшлуулаад ахиад нэг юм үзчихээд явах уу, эсвэл яаж ийж байгаад бүгдийг амжуулах уу гээд л аялал таныг зөв цагт зөв шийдвэр гаргах чадварт сургадаг.

-Өмнө аялалд гарч үзээгүй хүмүүс эхлээд жижиг аяллуудад явж байгаад холын замд гарах хэрэгтэй юу, эсвэл шууд л холын аялалд гарах хэрэгтэй юу?

-Өмнө нь надтай аялалд явж байсан хүмүүс дунд анх удаа аялж байгаа цөөнгүй хүн байсан. Аялж ирээд тэд надаас “За дараагийн аяллаа хэзээ, хаашаа зарлах гэж байна” гээд л шалгааж гардаг. Тэгэхээр хол, ойр, урт, богино хамаагүй хүн нэг л аялаад л бүр амтанд нь орчихдог юм шиг ээ. Тэгэхээр хүмүүсийг шууд зориглоод л хийгээд үз гэж хэлмээр байна. Эртхэн аялалд гарч үзээд өөрийгөө ямар төрлийн аялалд дуртай, ямар аялагч вэ гэдгээ мэдээд авах хэрэгтэй.

-Надад их олон хүн залуудаа явж үзэх юмаа үзэж ирээд карьераа эхэл, нас явсан хойно аяллын амт яг одоогийнх шиг мэдрэгдэхгүй шүү гэж зөвлөж байсан. Та ч бас яг адилхан зүйл ярьж байна. Залуудаа аялах нь эрт амьдралаа эхэлж, хураасан мөнгөөрөө нас тогтсон хойноо аялахаас яагаад давуу талтай юм бэ?

-Туршлага, мөнгө хуримтлуулж байгаад нас тогтсон үедээ аялж болно гэсэн хүмүүсийг би буруутгахгүй. Гэхдээ нас тогтоод аялах үед та хэзээ ч залуу насанд аяллаас мэдэрдэг шиг тэр гайхалтай мэдрэмж, кайфыг авч чадахгүй. Хэрвээ би 50 насандаа аялаад, тэр өндөр хүрхрээнээс үсэрсэн бол тэр гайхалтай мэдрэмжийг мэдэрч чадах байсан уу гэдэг эргэлзээтэй. Эрүүл мэндийн хувьд ч хязгаарлагдмал болоод эхэлнэ шүү дээ. Тийм болохоор би үеийнхээ залууст урам зориг өгч, залуухан эмэгтэй аялагчдад ч гэсэн боломж байдаг юм шүү гэдгийг харуулахыг хүссэн.

-Ярилцлагын төгсгөлд танаас нэг энгийн асуулт асууя. Хүн аялахын тулд баян байх хэрэгтэй юу?

-Би нэг удаа өөрөөсөө “Аялахад хүн яг юу хэрэгтэй юм бэ” гэж асууж байсан. Цаг хугацаа юу, мөнгө үү, аяллын хамтрагч уу, ардаа үлдээсэн ажил, сургууль уу? Энэ бүгдээс хамгийн чухал нь цаг хугацаа гэж би хэлнэ. Хэчнээн мөнгөтэй байлаа гээд цаг завгүй бол аялах боломжгүй. Цаг заваа л зохицуулж чадвал бусад зүйл аяндаа л болчихдог.

“Хүмүүс надаас чи ямар мөнгөөрөө аялаад байна” гэж маш их асуудаг. Бүр нэг удаа “Чи спонсортой юу” гэж асууж байсан гээд бод доо. Тэр үед надад маш муухай санагдаж байсан. Яагаад эмэгтэй хүн гэхээр тийм байх ёстой юм, яагаад эмэгтэй хүн өөрийнхөө чадлаар аялаад явж болдоггүй юм бэ?

Би аялахын тулд ажил хийж мөнгө хураадаг байсан. Тэр үед нэг төрийн бус байгууллагад ажиллахаас гадна ажлын бус цагаар Монголд амьдардаг гадаад хүмүүст монгол хэл, англи хэл зааж, амралтын өдрүүдээр тур хөтөч хийж мөнгө цуглуулсан. Яаж ийж байгаад л аялалд гарахыг хүсэж байсан болохоор амралтыг мартаж, тэр их ажлыг зэрэг хийдэг байсан. Европын аялалд гарахаас өмнө эргэн тойрныхон маань санхүүгийн тал дээр надад их тусалсан. Гэсэн хэдий ч мөнгө дутаж, “Бөмбөгөр” зах дээр ааруул зарж үлдсэн зардлаа босгосон. Тэр үед маш хүйтэн, хүнд хэцүү байсан ч зорилгоо биелүүлэхийн тулд хичээсэн. Хичээвэл хүн бүхнийг чадна. Амьдралд, аялалд мөнгө чухал биш юм байна гэдгийг ойлгох болно.


Б.Сарантуяагийн "Хэрхэн хямд зардлаар олон орноор аялах вэ" уулзалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
17
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.