Хайх зүйлээ бичнэ үү

мин

Буриадын тамирчид Монголын нэрээр олимпод оролцох уу

Монголчууд байт харваа, чөлөөт бөх, бокст буриад тамирчин авахыг хүсч байна.


“Засгийн газар, Спортын яамнаас тамирчиддаа зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглүүлж, олимп, ДАШТ-ээс медаль авдаг байсан” хэмээн ОХУ-ыг буруутгаж байгаа билээ. Хэдэн жилийн өмнө эхэлсэн энэ шуугиан намдаагүй хэвээр, харин ч эсрэгээрээ улам дүрэлзэн асаж байна. Ирэх өвөл Өмнөд Солонгост болох Өвлийн олимп, 2020 оны Токиогийн наадамд ОХУ-ын баг тамирчдыг оролцуулахгүй байж ч магадгүй болжээ. Хэрэв оросуудыг олимпийн наадамд оролцуулахгүй бол тэд иргэншлээ сольж, гадаад улсын нэрийн өмнөөс зодоглож болох юм гэдэг талаар Буриадын “Информ Полис” агентлагийн сэтгүүлч Эльвира Хазагаева, Андрей Ян нар бичжээ.

Буриад тамирчдад олимпод оролцох боломжийг Монгол улс олгох уу?

“Информ Полис” агентлаг сэтгүүлч Эльвира Хазагаева, Андрей Ян

ОХУ-ыг олимпийн наадамд оролцуулахгүй бол хамгийн их хохирох нь тамирчид. Тамирчны амьдрал богинохон, харин тэр амьдралынх нь оргил болсон Олимпийн наадам 4 жилд ганцхан удаа болдог. Тиймээс ямар ч тамирчин олимпийн наадамд хүчээ сорих хүсэлтэй. ОХУ хасагдлаа гэхэд буриад тамирчдад Монголын нэрийн өмнөөс оролцох боломж гарч ирлээ.
ОХУ-ын спортын удирдах түшмэд, мяндагтнууд 2018, 2020 оны олимпод манайхныг оролцуулахгүй байж магад хэмээн гомдоллож байх хооронд дасгалжуулагч, тамирчид ямар нэг гарц хайхаас өөр аргагүйд хүрээд байна. Үндсэн шигшээ багт багтдаггүй буриад тамирчдын гол боломж нь яагаад Монгол вэ гэдэг талаар ярилцацгаая.

Улс төрийн оронд спорт

Шууд хэлэхэд ямар нэг урвалт, шарвалтын талаар бид ярихгүй. Нутагтаа зохиох “Сочи 2014” олимпод бэлтгэж байхдаа ОХУ шигшээ багтаа шорт трекийн Ан Хен Суг авсан. Солонгос тамирчин иргэншлээ солиод Виктор Ан нэртэй болсон. Гадаад орны нэрийн өмнөөс тэмцээнд орох нь орчин үеийн спортод жирийн явдал. Буриадын олон тамирчин өөр орны нэр дээр тоглодог байсан, одоо ч тоглож байна. Борис Будаев Узбекистаны нэр дээр олимпод орж байсан бол Бато-Мунко Ванкеев Беларусьт шилжсэн. Саяхны жишээ гэвэл Базар Базаргуруев Кыргызстанд олимпийн хүрэл медаль авч өгсөн билээ. Дагестан, Хойд Осетийн бөхчүүд одоогийн байдлаар 12 орны нэр дээр барилдаж байна. ОХУ-ын таван тамирчин ирэх өвлийн “Пёнчан 2018” наадамд оролцохын тулд БНСУ-ын иргэн болоод байгаа. Эдгээр биатлоны дөрөв, уран гулгалтын нэг тамирчин нь угаасаа ОХУ-ын үндсэн шигшээ багт орж чадаагүй тамирчид. Буриадын ихэнх тамирчин ч мөн адил.
Өрсөлдөөн ихтэй спортын төрлүүдэд буриад тамирчин ОХУ-ын шигшээд багтах тун хэцүү. Юуны өмнө бокс, бөхийн төрлүүдийг нэрлэе. Энэ төрлүүдэд ОХУ-ын шигшээ багийн гишүүн болно гэдэг хэцүүгийн дээд хэцүү. Тийм болохоор олон тамирчин зодог тайлж, нэг хэсэг нь өөр гарц хайдаг. Бөхийн төрлөөс эхлэн ярихад энд өрсөлдөөний хэмжээ, түвшин арай хэтэрхий. Манай Александр Богомоевийн өрсөлдөгч якут бөхийн “муухай” түүхийг санацгаая.

Нууцлаг “хар” түүх

Сэргээшийн хэрэгт холбогдсон якут бөх Виктор Лебедевийг “Рио 2016” наадамд оролцуулахгүй боллоо гэдэг мэдээ өнгөрсөн жил Буриадыг доргиосон. Лебедевийн оронд шигшээ багт орох гол бөх нь Буриадын Александр Богомоев байлаа. Ингээд Буриад улс даяараа баярлан хөөрсөн билээ. Түүнд баяр хүргэсэн хэдэн сая үг, хэвлэлд гарсан мянга гаруй нийтлэл. Ингээд Александр түүний хувь заяаг шийдэх Москвад очсон юм.

Гэвч өмгөөлөгч нар Олимпийн хорооны дүрмийг өөрчилж чадсан бөгөөд Лебедев “цагаадан”, олимпод оролцсон. Энэ явдал одоо болтол нууцлаг хэвээр байгаа. Якутчууд богинохон хугацааны дотор яаж тамирчнаа “цагаатгаж” чадав? Ямар үнэ төлсөн бэ? Цаад эзэн нь хэн бэ? Энэ асуудлууд одоо ч яригдан, олон шинэ цуурхал яриа гарсаар байна. Зарим хувилбараар хэн нэг нь ОХУ-ын Спортын бөхийн холбоонд олон сая рублийн ивээн тэтгэлгийн мөнгө төлсөн гэх. Үүний ачаар л Лебедевт олимпод оролцох боломж гарсан. Гэхдээ тэр Риод ялагдсан. Тэр үед Буриадын хамгийн нэртэй боксчин Бэлик Галанов дарга нарыг буриад тамирчдаа муу дэмжиж байна гэж шүүмжилсэн. “Якутчууд өөрийн тамирчдаа тун сайн дэмжиж байна. Харин Буриадад хэн ч тамирчдыг тоодоггүй. Нэг хэсэгт нь спорт огт падлий байхгүй бол Буриадын Засгийн газарт буриад тамирчин амжилт гаргах эсэх огт хамаагүй” гэж Бэлик сэтгүүлчдэд ярьж байлаа.
“Токио 2020” олимпийн наадам нэг их хол биш байна. Харин шинжээчдийн үзэж байгаагаар зарим тамирчин хэдийнэ ад үзэгдээд эхэлчихжээ.

“Балдан Цыжипов ОХУ-ын шигшээ багт багтдаг, УАШТ-ий медальт бөх. Гэтэл Европын аваргын тэмцээнд түүний оронд Хойд Осетийн залууг авсан” гэж олон нийтийн зүтгэлтэн, профессор Степан Калмыков уурлаж байна. Тэр буриад тамирчдаа хамгаалахаар шийдэн, тэднийг ямар ч хамаагүй аргаар Олимпийн наадамд оролцуулахаар тэмцэнэ гэжээ.
Степан Калмыков “Хэрэв буриадууд ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд дандаа 2-3-т бичигдэж байх юм бол тэр шигшээ багт ороод байх утга алга. Бидэнд Монголын нэрийн өмнөөс олимпод орох боломж бий. Бид одоо монголчуудтай яриа, хэлэлцээ хийж байгаа. Би Монголын Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны сайдад захидал бичиж, 2020 оны Токиогийн олимпод Монголын шигшээ багт буриад тамирчдыг багтаах талаар авч үзэхийг хүссэн. Монголын Байт харвааны холбооны ерөнхийлөгч, Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, боксын холбооны хэд хэдэн хүнтэй энэ талаар ярилцсан. Бүгд л зөвшөөрч, дэмжсэн. Тэдэнтэй би өнгөрсөн жил Риод Монголын шигшээ баг амжилтгүй оролцсоны дараа ярилцсан. Дарга нар нь ард түмэндээ 10 медаль амлаад дөнгөж хоёр медаль авсан үе” гэж ярьж байна.
Одоогийн байдлаар Монголын тал байт харваа, бөх, боксын тамирчдыг л сонирхож байгаа ч өөр төрлийн тамирчин ч авч болно. Профессорын хэлснээр бол монголчууд тамирчдаас гадна буриад эрдэмтдийн спортын шинжлэх ухаанд хийсэн бүтээлийг сонирхож байгаа аж. Учир нь “Спортын шинжлэх ухааны салбарт бид Уралын нуруунаас Владивосток хүртэлх орон зайд тэргүүлэгчид. Красноярскт бага зэрэг судалдаг ч үнэндээ буриад эрдэмтэд хавьгүй илүү” гэж Степан Калмыков тайлбарласан.

Монголчууд хэнийг авахыг хүсч байна вэ

Монголын нэрийн өмнөөс олимпод оролцох тамирчдын нэр тодорхойгүй ч бид хэд хэдэн тамирчныг олж мэдсэн.  
“Бокс, чөлөөт бөхийн төрөлд ямар жинд тамирчин хэрэгтэйг мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл зарим жинд маш хүчтэй монгол тамирчид бий. Байт харвааны холбооны ерөнхийлөгчтэй би хоёр удаа уулзсан. Тэр манай багийг авахад бэлэн байгаа. Манайд сайн харваач олон. Бальжинима Цыремпилов байна. Тэр олимпод оролцох нөөцтэй” гэж Калмыков ярьсан.

Харин монголчууд олимпийн мөнгө, ДАШТ-ий алтан медальт Инна Степановаг багтаа авахыг хүсч байгаа нь маргаангүй. Гэхдээ Инна ОХУ-ын №1 харваач тул Оросын шигшээд орох нь гарцаагүй.
“Наталья Эрдынеева гэх мэт бүрэн ашиглагдаагүй нөөц байна. Түүнийг монголчууд авахад бэлэн гэсэн, Наталья өөрөө ч зөвшөөрсөн. Яагаад гэвэл ОХУ-ын үндсэн багт багтахгүй гэдгээ тэр мэдэж байгаа. Мирослава Дагбаева байна. Бээжингийн олимпод оролцсон, ОУХМ тамирчин. Эрчүүдээс монголчуудын анхаарлыг Бальжинимы Цыремпиловагаас гадна түүний дүү Бэлигто татсан” гэж Степан Владимирович дурдлаа.  

Ингээд бид Монголын талтай холбогдож, энэ талаар сонирхсон юм.
МБХХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МҮОХ-ны гишүүн Т.Амаржаргал “Буриад тамирчид манай улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцох сонирхолтой байвал бид баярлана. Гэхдээ санхүүгийн бэрхшээл байна. Харамсалтай нь эхний жилдээ тэд өөрсдийгөө санхүүжүүлж, манай тэмцээн уралдаанд орох ёстой. Тэгээд түрүүлвэл бид албан ёсоор шигшээ багт орохыг урих болно. Байт харваагаар бид Инна Степановаг авахыг хүсч байна. Мөн Наталья Эрдынеева. Гэхдээ тэд маш дээд түвшингийн тамирчид” гэж бидэнд хариулсан юм.

Анхны алхам

Чөлөөт бөхөд монголчууд Балдан Цыжиповт нүд тусгасан байсан. Балдан ойрын үед Монголд болох тэмцээнүүдэд оролцоно.
“Манай баг Новогорскт бэлтгэл хийгээд энэ сарын 29-30-нд болох “Mongolia Open” тэмцээнд оролцоно. Монголын шигшээд багтах боломж байгаа гэж би бодож байна. Өөрийгөө дорд үзэлгүй, хичээж, сайн барилдах хэрэгтэй” гэж Балдан Цыжипов өөрөө ярьсан юм. Түүний дасгалжуулагч Кирилл Балдаев ч бүтнэ гэж найдаж байна. Тэрбээр “Урьд өмнө ч манай буриад бөхчүүд Монголын багт орохыг хүсдэг байсан. Гэхдээ тэр үед дасгалжуулагч нарын түвшинд ярьж байсан бол одоо сайд нарын хэмжээнд хэлэлцэж байгаа болохоор итгэл найдвар байна. Балдан сайн формтой байгаа. Орост ч түүний жинд тасарсан хүчтэй бөх байхгүй” гэж хэлсэн.
Буриад Монголын хэлэлцээнд боксын Бэлик Галановын нэр дурдагдсан. Гэвч тэр оролцохгүй гэдэг нь саяхан тодорхой болсон. Бэликийн дасгалжуулагч Бато Батуев “Бид Монголын шигшээ багийг сонирхсон. Гэхдээ бид хоёр ОХУ-ын шигшээ багт ч орох боломжтой. Бэлик өндөр ур чадвартай боксчин тул тийм амар явуулчихгүй. Гадаад орны нэрийн өмнөөс тоглоход олон асуудал бий. Оросын боксын холбооны удирдлага өөрчлөгдсөн тул бид шинэ дарга нарыг үнэнч шудрага ажиллана гэж найдаж байгаа. Би шинэ удирдлагад итгэж байна” гэж шалтгаанаа тайлбарласан юм.

Гэхдээ Батуев өөр шавиа Монголд илгээж магадгүй байгаа гэнэ. “Би Дулма Лумбуноваг Монгол явуулья гэж бодсон. Гэхдээ Дулма хагас жилийн дараа ОХУ-д ч лидер болж чадна. Хэрэв Боксын холбоо дахиад авлига, хээл хахууль болоод эхлэвэл би Дулмаг Монголд явуулна” гэж ярьж байна.
Монголын шигшээ багт Буриадын өөр нэгэн боксчин бүсгүй Дарима Сандакова орох магадлал өндөр. “Даримагийн 75 кг-ийн жинд хүчтэй монгол тамирчин байхгүй. Шигшээ багт орж чадах нь тодорхой” гэж Степан Калмыков дүгнэсэн.

Сайхан үлгэр биш

Монголын Байт харвааны холбооны Т.Амаржаргал хэлсэнчлэн буриад тамирчид эхлээд зардлаа өөрсдөө гаргана. Амжилт гаргасан хойно л тэдний иргэншил, санжүүжилтийн асуудлыг шийдэх юм. Гол бэрхшээл бол Монголд давхар иргэншил байдаггүй. Тийм болохоор тамирчид Монголын иргэн заавал болох ёстой юу гэсэн асуулт гарна. Хариулт нь одоохондоо гараагүй байна.
“Манайд олимпийн аварга болсон тамирчинд 100 мянган долларын шагнал өгдөг. Холбоо, төрсөн нутгаас нь бас шагнах ч бүгд нэг л удаа олгодог. Харин Монголд олимпийн аварга хүн насан туршдаа сар бүр 2000 долларын спортын тэтгэвэртэй. Дээр нь орон сууц бэлэглэж, шууд л “Монголын Хөдөлмөрийн Баатар” цол олгодог” гэж Степан Калмыков хоёр орныг харьцууллаа.
Гэхдээ баярлах эрт байна. Ямар ч баталгаа байхгүй. Энэ нийтлэлийг бичиж байхад монголчууд буриадаас гадна тува, якут тамирчдыг сонирхож байгаа мэдээ ирсэн.

Монголын “Хөх үнэмлэх”

"Монголия - Россия: особенности политических процессов” номын нээлтийн үеэр бид тус номыг зохиогчдын нэг, УИХ-ын гишүүн Лу.Болдоос ярилцлага авсан. Юуны өмнө бид “Монгол угсаатай ОХУ-ын иргэд Монголын иргэн болоход ямар нэг хөнгөлөлт бий юу” гэж асуусан. Сануулахад, хэдэн жилийн өмнө Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн монголчуудад хандан, Монголд ирж, ажиллаж, амьдрахыг уриалсан билээ. Энэ уриалгыг манай сонин нийтэлсний дараа маш олон уншигч Монголын Консулын газарт очиж, энэ талаар сонирхсон. Гэвч Консул энэ бол зүгээр Ерөнхийлөгчийн хүсэл, ерөөл байсан гэж тайлбарласан юм. УИХ-д давхар иргэншлийн асуудлыг анх 2009 онд хөндсөн. 2012 онд УИХ давхар иргэншлийг хязгаарлагдмал байдлаар олгож болох тогтоол гаргасан. Гэвч давхар иргэншлийг зөвшөөрөх нь үндэсний аюулгүй байдалд хорт нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
2017 оны эхээр Монголын Төрийн тэргүүн “Монголын иргэн байх нь зөвхөн монголчууд, тэдний үр хүүхдэд тохиох онцгой зүйл юм. Хэчнээн их алт мөнгө амласан ч гадаадын иргэдэд давхар Монголын иргэн болох эрх олгож болохгүй. Энэ бол Монгол Улс эх орноо хамгаалахын тулд баримталж ирсэн бодлого, бид цаашдаа үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсэн.

Буриадад айлчилсан УИХ-ын гишүүн Лу.Болд бидэнд “Давхар иргэншлийг зөвшөөрөх хууль нь гадаадад монгол эцэг эхээс төрсөн монгол хүүхдүүдэд л хамаарна” гэж тайлбарлалаа. Тэдэнд зориулан “Хөх үнэмлэх” гаргах юм. Энэ нь АНУ-ын “Ногоон карт”, Европын холбооны “Хөх карт” шиг зүйл бөгөөд энэ үнэмлэхийг авбал гадаад иргэд Монголд амьдарч, ажиллаж, суралцах боломжтой болох юм. Үнэмлэхийг эхлээд 5 жилийн хугацаатай олгож, дараа нь 10 жилээр сунгана. “Хөх үнэмлэх” авах нөхцөл нь:
-    Монгол Улсын төрийн албан ёсны хэл, бичгийн мэдлэгтэй байх, монгол гаралтай байх;
-    Монгол Улсын хөгжил, дэвшилд шаардлагатай шинжлэх ухаан, боловсрол, урлаг, спортын салбарт өндөр ур чадвартай мэргэжилтэн байх
-    Засгийн газраас тогтоосон хэмжээний хөрөнгийг оруулсан гадаадын хөрөнгө оруулагч болох гэж заажээ.
Харж байгаачлан, манай буриад тамирчид хоёрдугаар нөхцөлд бүрэн тохирч байна. Гэхдээ “Хөх үнэмлэх” авах нь Монголын иргэн болно гэсэн үг биш билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
0
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.