Хайх зүйлээ бичнэ үү

19 мин

Монголын бизнесийн дөрвөн “АКУЛЫН” хэлсэн ХАМГИЙН ЧУХАЛ эшлэлүүд

Тэд Монголын эдийн засгийн талаар юу ярьсан бэ?


“Eagle” телевизийн Бүрэн зураглал нэвтрүүлэг өчигдөр олон нийтэд хүрэв. Энэ удаа нэвтрүүлгийн зочин редактороор УИХ-ын дарга М.Энхболд оролцжээ. Гурван цаг гаруй үргэлжилсэн нэвтрүүлгийн нэг хэсэгт Монголын бизнесийн дөрвөн акул оролцож эдийн засаг, бизнесийн орчны талаарх байр суурь, үзэл бодлоо илэрхийлсэн юм. 

“Голомт файнэншил групп”-ын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан: Алтны 68 хувийн татварын шийдвэр хоёр долоо хоногт, наадмын өмнө гарсан байдаг

Эдийн засгийн бүтцийг харвал эрчим хүч болон хэдэн том салбараас бусад нь хувийн хэвшлийн гарт байна. Сүүлийн жилүүдэд манай төр засаг нэг бол хязгаарлалтаа хэтэрхий их хийгээд, эсвэл хэтэрхий чөлөөтэй тавьчихдаг болсон. Яг байх ёстой, зохистой хэмжээг нь алдагдуулаад байна. Ингээд эдийн засгийн ямар үр дүн гарахыг тооцоолохгүй шийдвэр гаргаж байна. 

Заримдаа төр засгийн шийдвэр гаргалтын процесс надад тун ойлгомжгүй санагддаг. Яаж явж байгаад шийдвэр гарсан нь тодорхойгүй байдаг. Хамгийн тод жишээ нь алтан дээр 68 хувийн татвар тавихад алтны компаниудад маш хүндээр туссан. Тэгтэл энэ шийдвэр хоёр долоо хоногийн дотор гарчихсан байдаг. Алт олборлодог компаниуд хөдөө явж байдаг наадмын өмнө шийдвэр нь гэнэт гарчихсан байгаа юм. 

Үүний дараа байгаль орчны төлөө гэсэн гоё урианы дор Урт нэртэй хууль гарсан. Энэ нь эргээд эдийн засагт маш их хохирол авчирсан.  

“Шунхлай” группын ерөнхийлөгч П.Батсайхан: Шинээр гарч ирсэн хүмүүсийн дүрэм, журамд зохицох гэсээн байтал дараагийн хүмүүс гараад ирдэг

Бид цаашдаа хэрхэн явахаа тодорхой болгомоор санагддаг. Бизнесийнхэн нийт ДНБ-ий 80 орчим хувь, нийт ажлын байрны ихэнх хувийг бүрдүүлж байна. Гэхдээ цаашдаа үүнээс илүү хийх боломж юу байдаг юм, зөв моделиуд хаана байна, үүнийг олж хэрэгжүүлэх нь зөв байх. Миний зүгээс төр засгийн шийдвэр гаргалт ойлгомжтой бөгөөд бидэнд хамгийн чухал зүйл нь тогтвортой байдал болчихоод байгаа шүү дээ. 

Мэдээж улс төрийн сонгуулиар намууд өөрчлөгддөг. Энэ бол зөв процесс. Гэтэл шинээр гарсан хүмүүс дахин дүрэм, журам гаргадаг. Үүнд нь дасан зохицох гэсээр байтал дараагийн хүн нь гараад ирдэг. Тэгэхээр бид үүнийг урт хугацаанд хэрхэн яаж зөв төлөвлөж, тогтвортой хөгжлийг авч явах вэ гэдэг дээр ярилцах ёстой болов уу. 

Эрхэлж байгаа бизнесийн цар хүрээ маань тодорхой өндөр түвшинд хүрчээ. Цаашдаа үүнийг зөв, сайн авч явах нь маш их хариуцлагатай ажил болж хувирсан байна. Тухайлбал, манай компани 4000 орчим хүнд ажил олгож байна. Энэ хүмүүсийн цаана 20 орчим мянган хүний амьдрал яригдаж байна гэсэн үг. Төлж буй татварын хэмжээгээр манай бизнес дөрвөөс тавдугаар байранд жагсаж байна. Тэгэхээр хариуцлага гэдэг юм толгой дээр буучихсан байдаг юм. 


“Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатар   “Аймаг, сум, бригад гэхчлэн шат дараалласан, ойлгомжгүй олон зөвшөөрөл манайд байна. Аль нэг газар очоод хэдэн жил, сараар гацдаг

Өнгөрсөн 20 гаруй жилд ойлгомжтой, ойлгомжгүй асуудлаас болж хөрөнгө оруулагч нарыг бид “Та нар хэрэггүй, цаашаа” гэж хэлсэн. Харин одоо бидэнд гадна, дотнын хөрөнгө оруулагч яах аргагүй хэрэгтэй юм аа гэдэг нь мэдэгдэж байна. Тэдэнд ажиллахад тааламжтай хууль, дүрэм журам хэрэгтэй байдаг юм байна. 

Шат дараалласан, ойлгомжгүй олон зөвшөөрөл манайд байдаг. Аймаг, сум, бригад гэх мэтчилэн явж өгнө. Үүнийг уул уурхай хийж байгаа хүмүүс сайн мэдэх байх. Аль нэг газар очоод хэдэн сар, жилээр гацдаг. Хөрөнгө оруулалт хийж байгаа гадна, дотнын хүмүүс энд тэндэхийн банк, санхүүгийн газраас мөнгөө авчихсан байдаг. Сүүлийн жилүүдэд энэ бүхнийг засаж байгаа. Гэхдээ өшөө тодорхой болговол, манай монголчууд илүү богино хугацаанд сайхан амьдрах боломж ирэх юм гэж хардаг. 

MCS группын ерөнхийлөгч Ж.Оджаргал: Төр хувийн хэвшлийн биднээр юу хийлгэх гээд байгаагаа тодорхой байлгах хэрэгтэй

УИХ болон Засгийн газарт ОУВС-гийн хөтөлбөрт орох шийдвэр гаргасанд нь баяр хүргэмээр байгаа юм. Бизнес хийдэг хүмүүсийн хувьд эдийн засгийн орчин дунд болон урт хугацаанд яах вэ гэдэг нь тодорхой байх ёстой байдаг. ОУВС-гийн хөтөлбөрт орсноор бид харьцангуй эрүүл, тогтвортой байх нь. Ямартай ч дахин доошоо унахгүй нь ээ гэсэн баталгаатай болж байна. 

Хамгийн наад зах нь валютын ханш тогтворжоод эхэлж байна. Хэрэглэгч болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах сонирхол сэргэх магадлал ихсэж байна. Тэр утгаараа хөтөлбөрт орж буй нь туйлын баяртай мэдээ болсон.

Манай бизнесийнхэн заримдаа цуглаад төрөөс юу хүсэх юм бэ гэж ярилцдаг. Бид нарт хүсэх юм харьцангуй бага шүү дээ. Хамгийн гол нь татварын орчин л байдаг. Үнэндээ манай Монголын татварын орчинг харьцангуй боломжийн гэж үздэг. Хамгийн гол нь хууль, эрх зүй болон татварын орчингоо тогтвортой байлгаад өгөөч ээ гэж хүсэж байна. Нөгөө талаас, эрх зүйн орчин ойлгомжтой байх ёстой. 

Мөн төр хувийн хэвшлийн биднээр юу хийлгэх гээд байгаа вэ гэдгийг тодорхой байлгах хэрэгтэй. Мөн төр өөрөө юу хийх вэ гэдгээ ойлгомжтой болгож өгмөөр санагддаг. Болж өгвөл хуульчлах хэрэгтэй юм шиг санагддаг. 

Хоёрдугаарт, дэлхий асар хурдтай өөрчлөгдөж байна. Бид тэр хурдыг хүссэн ч эс хүссэн ч даган өөрчлөгдөж, хөгжих ёстой. Өнгөрсөн 20-25 жилийн туршлагаас харахад бид боловсролын системдээ хурдтай өөрчлөлт хийх хэрэгтэй байна. 

Ажил олгогчид буюу бид сургууль төгссөн залуучуудыг авдаг. Бидний ажиглалтаар манай дунд болон дээд сургуулийг төгсөж байгаа хүүхдүүдийн чанар огцом муудаж байна уу гэж харагддаг. Дээд сургууль төгссөн үнэмлэхтэй л биш бол хүн биш болчих гээд байгаа юм шиг ойлгогдоод, асар олон дээд сургуультай болсон. Хүн бүр диплом авахын төлөө зүтгэдэг болжээ. Чанар, үнэлгээний асуудал нь үнэхээр чамлууштай, гологддог болж байна. 

Бидний ажиглаж байгаагаар зөвхөн дээд сургууль биш дунд сургууль ч бас хүүхдүүдийн төлөвшил, хүмүүжилд анхаарах хэрэгтэй байх. Олон нийтийн сүлжээ хөгжөөд, хэрэгтэй хэрэггүй олон мэдээлэл тарж байна. Хүүхдүүдийн хөгжилд доороос нь эхлээд санаа зовох хэрэгтэй болж байх шиг анзаарагддаг. Ажил олгогчдын хувьд боловсролын чанар үнэхээр гологдож байна. 

Мөн өнгөрсөн 20-иод жилийн туршлагын үр дүнд үндэсний компаниуд өөрсдийнхөө хэмжээний боловсон хүчинтэй болжээ. Нэлээд чадавхижсан гэж хэлж болно. Олон улсын зах зээлд Монголын компаниуд гарч, өрсөлдөхийн төлөө явж байна. Мөн Монголдоо гаднын техник, технологи, ноу-хау нутагшуулж, үүнийнхээ бүтээн байгуулалтыг хийх боловсон хүчний том капиталтай болох процесс нэлээд амжилттай явагдсан гэж боддог. 

Энэ ч утгаараа төрөөс дотоодын хөрөнгө оруулагчдаа адилхан дэмжиж, бүтээн байгуулалтад бидэнд итгэл найдвар өгч, үндэсний компаниудыг оролцуулах, эднээр хийлгүүлээч ээ гэж хүсэж байна. 
 

Эдийн засгийн орчин сайжрах төлөв харагдаж байна 

П.Батсайхан: Хүнд үеэс болж Монголын компаниуд харьцангуй санхүүгийн сахилга баттай болчихсон

Өнгөрсөн долоо хоногт манай групп компани нэгдүгээр улирлынхаа тайланг хэлэлцэж, хурал хийсэн юм. Нэгдүгээр улирлыг хүлээлттэй харьцуулахад эерэг үзүүлэлттэй байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард бид энэ жилийн төлөвлөгөөг хийхдээ ам.долларын ханшийг 2510 орчим төгрөг байх болов уу гэж тооцсон юм. Манайх импортоос нэлээд хамааралтай шүү дээ. Мөн валютын зээлтэй. Ингээд харахад ханш 2460 төгрөг дээр хаагдаж байгаа нь хүлээж байснаас сайн байгааг харуулж байна. Ханштай холбоотой хэсгийг дагаад санхүүгийн үзүүлэлтүүд эерэг гарсан. 

Хоёрдугаарт, манай инфляци харьцангуй бага байсан. Өнгөрсөн жилийн сүүлчээр эдийн засаг хаа хүртэл унахыг хэлэхэд бэрх байлаа шүү дээ. Харин өнөөдрийн байдлаар хүмүүс нэлээд эерэг байна. Ялангуяа компанийн шийдвэр гаргах түвшинд авч буй мэдээллийг харахад нэлээн эерэг дүр зураг харагдаж байна. Ямар ч байсан уналт санхүүгийн үзүүлэлт дээр зогссон байгаа. Оны эцэст эерэг үр дүн гарахыг үгүйсгэхгүй. Энэ маань ажлын байр, татварт эерэгээр нөлөөлнө гэсэн үг шүү дээ. 

Хүнд үед хамгийн түрүүнд татвараа төлсөн. Тэгээд банкныхаа зээл болон хүүг төллөө. Энэ хүнд үеэс болж Монголын компаниуд харьцангуй санхүүгийн сахилга баттай болчихсон. Одоо төр засаг хэрхэн ажиллах ёстой вэ гэхээр компаниуд нь сахилга баттай болчихсон учраас улстөрчид нэлээн сахилга баттай болох ёстой байх. 

Д.Баясгалан: Бизнес эрхлэгчид  2017, 2018 оныг нэлээд өөдрөгөөр төсөөлж байна 

Эдийн засгийн индикаторууд банкинд их ажиглагддаг. Нэн ялангуяа банкны жижиг, дунд зээлдэгч нар жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа хүмүүс, зээлийн эрэлт хэрэгцээ эдийн засгийн нэг том үзүүлэлт болдог. Харж байхад хүмүүс 2015 оныг их өөдрөгөөр төсөөлж байсан юм. Тэгээд тэр нь байхгүй болчихсон. 2016 оныг ч бас их өөдрөгөөр төсөөлсөн. Тэр нь байхгүй болсон шүү дээ. Нүүрс, алтны үнэ уруудсан. Хятадын эдийн засгийн байдал муудсан. Монголын улс төрийн сонгууль өнгөрлөө.

Өнгөрсөн гурван жил хүмүүс санхүүгийн сахилга батаа нэлээд сайжруулж, өөрсдөдөө хэрэггүй хөрөнгө оруулалт, элдэв хангайн бизнесээс салж, балансаа цэвэрлэсэн. Энэ нь эргээд компаниудын санхүүгийн тайланд эерэгээр нөлөөлж байгаа нь ажиглагдаж байгаа. 

Хоёрдугаарт, манай экспортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд, валютын ханш тогтворжиж байгаа нь бид нарт тайвшрал өгч байна. Юмыг өөдрөгөөр харах бололцоог олгож байна. ОУВС-гийн мөнгө гэхээс илүүтэй тэдний тавьж буй санхүүгийн сахилга бат манай Монголд илүү чухал, хэрэгтэй зүйл юм. Хамгийн гол нь санхүүгийн сахилга батыг төр засгийн талаас баримтлах шинж тэмдэг ажиглагдаж байна. Энэ нь гадаад, дотоодын бүх хүнд нааштай, эерэг дохио өгч байна. Ингээд бизнес эрхлэгчид  2017, 2018 оныг нэлээд өөдрөгөөр төлөвлөж байна. 

Дашрамд хэлэхэд, гадаадын хөрөнгө оруулагчид Монголд ашиг хийх гэж орж ирдэг. Туслах гэж биш. Одоогоос 20 жилийн өмнө гадаадын хөрөнгө оруулалт муу, тэд манай баялгийг булаах гэж байна, тэдэнд бага ашиг өг гэж ярьсан бол хүн ойлгож магадгүй. Одоо бол хэцүү. Хөрөнгө оруулагчдад яг үнэндээ маш олон сонголт байгаа шүү. Монгол, Орос, Африк ч гэдэг юм уу. Ингээд Монгол арай өндөр ашигтай байж магадгүй гэж бодоод орж ирж байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл тэднийг “Та нар манай Мрнголд орж ирээд, өндөр ашиг хийх гэж байна” гэж хэлж, ярьж байгаа нь эх орноо хорлож байгаа явдал гэж хэлмээр санагддаг юм. 

Ж.Оджаргал: Өнгөрсөн жилүүдэд айдсын горимтой ажиллаж байсан. Харин одоо бизнесийн орчин сайжрах хандлагатай байна

Өнгөрсөн гурван жил хагасыг хямралын үе гэж бид нар нэрлэж байгаа шүү дээ. Энэ үед хөрөнгө оруулагч болон компаниуд бүгд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн горимтой байсан. Яаж илүү зардлаа танах уу, илүү орон тоогоо хасах уу гэсэн бодолтой, айдастай байлаа. Түүхий эдийн үнэ ч бас хэцүү байлаа шүү дээ. 

Төсвийн алдагдал ч их байсан. Эдийн засаг яах вэ гэдэг нь их түгшүүртэй, ханш ч огцом өссөн. Сүүлийн үед юу өөдрөгөөр харагдаж байна вэ гэхээр зөвхөн дотоодынх ч биш, гаднын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байгаа нь харагдаж байна. Тэд Монголын тухай биднээс илүү мэдээлэлтэй байдаг шүү дээ. Монголын улс төр энэ дөрвөн жилд яах вэ, шийдвэр нь баттай байх уу гэдэгт дүн шинжилгээ хийсэн байдаг. Сонирхох хандлага нь ихсэж байна. Бизнесийн орчин илүү сайжрах магадлалтай. Ядаж л өшөө доошоо унахгүй юм байна гэж бодож байна. 

Д.Ганбаатар: Төр хувийн хэвшлийн компаниудтай өрсөлдөөд байна 

Сүүлийн үед хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна. Хөгжилд хүнд суртал саад болж байна. Нэг даргаас хамааралтай биш хууль, дүрэм, журмуудыг богино хугацаанд ойлгомжтой болгох юм бол мэдээж монголчуудын амьдрал хурдан хугацаанд сайжирна.

Мөн төр хувийн хэвшилтэй өрсөлдөөд, нөгөөдүүл нь алдагдалтай ажиллаад байна. Тэгсэн мөртлөө татвар төлөгчдийн татвараар татаас аваад мөнөөх компани нь ажилладаг. Нэг хоногийн ч алдагдал хүлээхгүй арга хэмжээ аваад байх хэрэгтэй. 

Төр засаг компаниудтай хамтарсан байдлаар томоохон төслүүдийг хийж болно шүү дээ. Монголчуудад өгөх өгөөж нь ихсэх юм болов уу. 100 болон 200 сая ам.долларын төслийг заавал гаднын компани хийх ёстой гэж хардаг. Үүнийг өөрчлөх боломж гарах байх гэж харж байна. 

 Д.Баясгалан: Төрийн өмчийн компаниуд үнэндээ маш мундаг байдаг. Харин манайд улс төрчид нөлөөлж байна 

Төрийн өмчийн компани муу, хувийнх мундаг гэсэн ойлголт яваад байна. Энэ тал дээр би санал нийлдэггүй. Өнөөдөр маш олон барууны оронд төрийн өмчийн компаниуд маш хүчтэй байна. Тухайлбал, Франц, Скандиновын орнууд, Япон, БНХАУ болон ОХУ-д бий. Энэ төрийн өмчийн компаниудыг өмчлөл нь төрд, бизнесийн орчин нь бусадтайгаа өрсөлдөх орчинд байгаа. Тиймээс төрийн өмчийн компаниудыг хөгжүүлэх үү, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үү, эсвэл хувьчлах уу гэдэг дээр маш тодорхой байр суурь баримтлахаа төр засгаас илэрхийлэхгүй бол шийдвэр гаргах түвшинд их нөлөөлж байна. Тухайлбал, Финляндын жишээг дурдаж болно. Финляндад төрийн өмчийн 80-аад компани бий. Бүгдээрээ хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилждаг. Төрийн өмчийн компаниудын хөрөнгийн бирж дээрх үнэлгээ нь 40 тэрбум евротой тэнцэж байна. Гэтэр Финлянд жижиг орон шүү дээ. Шаардлагатай бол төрийн өмчит компаниудынхаа хувьцааг зараад төсвийн алдагдлаа нөхөж байна. Төрийн өмчийн компаниудад ямар нэгэн улс төрийн зорилгоор бизнесийн үйл ажиллагаанд нь оролцохыг бүр мөсөн хуулиараа хорьсон байдаг. 

Харин манай төрийн өмчийн компаниуд арай өөр байдаг. Уг нь төрийн өмчийн компанийн менежментийн багт ажиллаж байгаа хүмүүс компаниа дампууруулчихъя, дундаас нь мөнгө унагая гэсэн бодолтой хүн байдаггүй байхгүй юу. Компаниа яаж аятайхан авж явах вэ л гэсэн яриатай. Тэнд улстөрчид, төр засгаас нөлөөлдөг. Ингээд манай төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа доголдоод байдаг. 

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн талаар юу бодож байгааг нь бизнес эрхлэгчдээс УИХ-ын дарга М.Энхболд асуулаа. 

Д.Баясгалан: Төр хувийн хэвшилд бүгдэд нь эрх тэгш хандах хэрэгтэй

Анзаараад байхад хоёр зүйл дээр хувийн хэвшлийнхэн эмзэглээд байх шиг байдаг юм. Нэн ялангуяа төр засгийн зүгээс харьцаж буй харьцааны тухай. Нэгдүгээрт, төр хувийн хэвшилд бүгдэд нь эрх тэгш хандах хэрэгтэй. Ямар нэг тендер, хувьчлал, үйл ажиллагаанд эрх тэгш хандвал өрсөлдөх чадвар нь эргээд дээшилж байх учиртай. 

Өрсөлдөх чадвар бизнесийн орчинд байдаг. Харин улс төрийн нөлөө ашиглаж, өрсөлдөх чадвараа дээшлүүлж байвал тухайн компани сул доройгоо харуулж байна гэж гаднын оронд үздэг. Тэгэхээр бүгдэд нь эрх тэгш хандах хэрэгтэй. 

П.Батсайхан: "Багануур”-ын уурхайн 75 хувь нь төрийн өмчийнх байна. Уг нь төр хяналтдаа байлгахад 51 хувь л хангалттай

Д.Ганбаатар захирлын хэлсэнтэй ижлээр төр, хувийн хэвшлийн хамтарсан компани байгуулж болно.Гэтэл манайхан нэг бол төрийнх байх ёстой, эсвэл үүнийгээ 100 хувь хувьчилна гэж ярьдаг. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш олон зүйл дээр байж болно. Төрийн өмч давамгайлсан менежменттэй байж болно. Үүнд бид зөв шийдэл гаргаад явах хэрэгтэй. Жишээ нь “Багануур”-ын уурхайн 75 хувь нь төрийн өмчийнх байна. Уг нь төр хяналтдаа байлгахад 51 хувь л хангалттай шүү дээ. Тэгэхээр энэ 20 гаруй хувь төрд байх хэрэг байгаа юм уу, үгүй юү. 

Саяхны том маргаан байна. “Эрдэнэт” хувьд байж болохгүй гэж яриад л. Үнэндээ хэн байх нь хамаагүй. “Эрдэнэт” үйлдвэр Орос, Монголын Засгийн газар хоорондын компани байж болсон юм бол яагаад Монголын хувийн хэвшлийнхний оролцоотой компани байж болохгүй гэж. Үүнийг бид эргэж харж, ярих ёстой. 

Ж.Оджаргал: Стратегийн орд бус, стратегийн таваараар ангилж болдоггүй юм байхдаа

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэрэгцээтэй гэж бодож байгаа. Гэхдээ бид нарийн өгүүлбэр тус бүрээр нь авч, судлаагүй ээ. Хальт сонсоход зээлийн үнийн дүн 100 тэрбум төгрөгөөс дээш байна гэж заасан гэсэн. Энэ дүн арай их санагдсан шүү. Арай бага байвал жижиг, дунд компаниуд өшөө илүү хамрагдах байх гэж бодож байна. 

Хөрөнгө оруулалтын банкийг ярихаар Монголын санхүүгийн салбарыг ярих ёстой гэж бодож байна. Монголын санхүүгийн зах зээлийн 90-ээс илүү хувийг банк эзэлж байна. Хөрөнгийн биржийн эзлэх хувь хамаагүй бага. Тэгэхээр хөрөнгийн биржийг дорвитой, хурдан хөгжүүлэх хэрэгтэй гэж харж байгаа. Гаднын хөрөнгө оруулагчид ч сонирхох байх. Компаниуд дотоодоос зөвхөн банкнаас биш хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох боломж бий болгохын тулд төрийн бодлогоор дэмжих ёстой байх. Хувьчлах, эсвэл хамтрах ёстой гэх мэт. 

Мөн Монголд үндсэн гурван салбар хамгийн бодитой хөгжил авчрах байх гэж би харж байгаа. Нэгдүгээрт, гарцаа байхгүй уул уурхай. Хоёрдугаарт, аялал жуулчлал. Гуравдугаарт, хөдөө аж ахуй. Энэ салбаруудад урт хугацаатай, их хэмжээний зээл өгч, хөрөнгө оруулалт хийвэл асар их боломж бий. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ч сонирхож байгаа болов уу. Төрийн бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй.  

Хууль дүрэмтэй холбоотой өөрчлөлт байна уу гэсэн асуултад хариулт хэлье. Өмнө нь стратегийн ордтой холбоотой хууль баталсан байдаг. Стратегийн ордыг эргээд харахаар улс төрчид болон төртэй хувь хэмжээгээ тохироход асар их зовлонтой болдог.  Хувь хэмжээндээ тохиролцож чаддаггүй. Үүнийгээ дагаад улс төрийн хэрүүл, популизм, тоглоом болж хувирдаг. 

Миний бодлоор стратегийн орд бус, стратегийн таваараар ангилж болдоггүй юм байхдаа гэж бодогддог. Тухайлбал, уран бол стратегийн таваар мөн гэж хэлж болно. Ордоор нь ярихад төмрийн хүдэр, нүүрс гэх мэтчилэнгээр нөөцөө нэмчихээр хөрөнгө оруулагчид стратегийн орд болчихвий гэж айдаг болсон. Сөрөг юм руу их явж байна. 

Аялал жуулчлалтай холбоотойгоор Монголыг үзэх гэсэн гаднынхан их байдаг. Монголын тухай санал асуулгаас харахад гурван газар л очих хүсэлтэй байдаг юм билээ. Үүнийг нэрлэвэл, Хөвсгөл далай, Чингис хаантай холбоотой түүх, дурсгалын газар болон Улаанбаатар. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас үүнийг төрийн бодлого болгох гэж байгаа тухай сонссон юм байна. Энэ ажлаа яаралтай, хурдтай хийж чадвал аялал жуулчлалаас асар их ажлын байр бий болно гэж хардаг. Ялангуяа үйлчилгээний салбарт бодитой ажлын байр бий болно. 

Аялал жуулчлалтай холбоотой санаа зовдог ганц асуудал бол агаарын тээвэр. МИАТ өрсөлдөх чадвараа хурдан нэмэгдүүлэх хэрэгтэй. Илүү олон нислэгтэй болж, өшөө олон гаднын нислэгтэй болох хэрэгтэй. Дараа жил шинэ нисэх онгоцны буудалтай болох гэж байгаа юм билээ. Тэгэхээр МИАТ-ийн нислэгийг яаралтай олон болгох бодлого баримталвал аялал жуулчлалд асар их боломж байна. 

Хөдөө аж ахуйн салбараас махны экспортыг нэмэгдүүлж болно. Хятадын хэрэглээ цаашдаа ч өсөх нь ойлгомжтой шүү дээ. Махны экспортын буюу бусад фермержсэн аж ахуйг бодитоор, томоор хийе гэхэд мэдээж урт хугацааны санхүүжилт шаардна. Дээрээс нь төрийн бодлого чухал. Мөн мал аж ахуйтай холбогдсон лаборатори байгуулах гэх мэт ажилд зээл, тусламжуудыг ашиглах боломжтой байх гэж боддог. Үүнийг цогцоор нь хийвэл бидэнд асар их боломж бий. 

Сүүлдээ бид өрсөлдөх чадвараа судлахгүйгээр, дотооддоо л үйлдвэрлэж байвал бүх юм сайн гээд ямар ч хамаагүй төсөл явуулдаг болох гээд байна л даа. Сүүлдээ зээлээ ч төлж чадахгүй болж, амжилтгүй болж магадгүй байдалд орж байна. 

Д.Ганбаатар: Барилга байгууламжийн илүүдэлтэй байхад төр мөнгөөрөө байшин баримааргүй байна 

Хөрөнгө оруулалтын банк хэрэгтэй. Өнгөрсөн 20 гаруй жилд арилжааны банкаар дамжуулж, өндөр хүүтэй, богино хугацаатай мөнгөөр л хөрөнгө оруулалт хийгээд явж байлаа. Бодит байдал дээр зарим нь банкны зээлийн хүүгийн ард гарч чадахгүй байсан. Босго болгож тогтоосон 100 тэрбум төгрөг арай л том сонсогдож байна. 100 тэрбум төгрөгөөс дээшээ гэвэл цөөн хэдэн уул уурхайн төсөл дээр яригдах байх. 

Монголчууд хийж чадна гэвэл арьс ширний үйлдвэрийг төгс хийнэ. Босго нь 50 тэрбум төгрөг байхад л болоод явчихна. Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд 100 тэрбум төгрөг гэдэг нь өндөр санагдаж байна. 

Мөн манай улсад барилга байгууламжийн илүүдэл асар их байна. Уг нь төр өөрийн мөнгөөр байшин барихгүй л байх хэрэгтэй.  Олон улсын жишиг ч бий. Засгийн газар, яам, тамгын газар, агентлагууд барилга байшингаа түрээсэлдэг. Нэг хэсэг хоосон байшин байгаад байдаг. Нөгөө хэсэг нь мөнгө гаргаж байшин барих гээд байдаг. Цэцэрлэг, сургуулиар ашиглаж болохыг нь авах хэрэгтэй. Байгаад байгаа юмнуудаа, бие биеэ дэмжвэл боломжууд бас бий. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
36
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ричард Уильям 2019.02.23 105.112.99.184

Я Ричард Уильям, я видел комментарии от людей, которые уже получили свой кредит от богобоязненного человека по имени Гэри Пери, а затем я решил подать заявку в соответствии с их рекомендациями, и всего несколько часов назад я подтвердил на своем личном банковском счете общую сумму, которую я просил за. Это действительно хорошая новость, и я советую всем, кому нужен реальный кредит, подать заявку по электронной почте ( [email protected] ). Я счастлив, что получил запрошенный кредит.

0 Хариулах