Хайх зүйлээ бичнэ үү

Зохиолч Г.Аюурзанатай шинэхэн гарсан "Сахиуст хангайн нууц" романых нь талаар ярилцлаа. 

-Таны шинэ роман “Сахиуст хангайн нууц” хэвлэгдэн гарсан байна. Чимээгүй байж байгаад гэнэтхэн хэвлэгдсэнд уншигчид гайхаж хүлээж авсан байна билээ.

-Цагаан сарын үеэр бичиж дуусаад л, 50-иад хоног эзгүй байсан болохоор нэг хэсэгтээ таг чиг болчихсон шиг санагдсан юм болов уу.

-Нутгийнхаа нуур, усны тухай тэр дундаа “Ятган хуурч Пүрэв гүн” хэмээн алдаршсан Жонон бэйл Пүрэвжавын тухай роман гэж сураг сонссон юм байна. 

-Тийм ээ. Хошууныхаа сүүлчийн ноёныг гол дүр болгож авсан. Манай хошуу гээд байгаа маань Баянхонгорын хойд Хангайн гурван сум л даа. Язгууртны сонгодог боловсролтой, хосгүй авьяаслаг хөгжимчин ноён байсан. Зэрэг буурсаныхаа дараагаас нийслэлд суурьшиж, 1930 он хүртэл Судар бичгийн хүрээлэнд хятад, манж, түвд хэлний орчуулгын тасагт ажиллаж байгаад, Бөмбөгөр ногоон театр байгуулагдахад хөгжмийн багшаар очсон хүн. Хуур, хуучир, лимбэний том мастер, ятгыг бол уйлуулдаг байсан юм билээ. Өнөө хэр ятгаар уртын дуу тоглодог хүн Пүрэв гүнээс өөр бараг л гараагүй дэг ээ. Гэхдээ хөгжимчин гэдгийг нь голчлолгүй, энэ хүний амьдралд тохиолдсон нэгэн золгүй хайр дурлалын сэдвийг романы үндсэн шугам болгож, тухайн цаг үеийн уур амьсгалтай холбон зохиомжилсон, ийм л нэг роман юм.

-Шинэ роман дээрээ хэр удаан ажилласан бэ? 

-Олон жил бодож явсан, нэг ёсондоо эмээгийнхээ өмнө сэтгэлийн өр тавьсан ч гэмээр юм уу, тийм л нэг заавал бичих ёстой гэж өөртөө үүрэгдсэн зохиол л доо. Пүрэв гүн ятга тоглоод сууж байхыг миний эмээ харсан байдаг юм. Эмээгийн минь ээж ноёны аягач явсан хүн. Роман дотор эмээ, өвөөтэй минь ойрын хамаатан садан хүмүүс хэд хэд гардаг. Хамаатан садан минь учраас бус, гойд сонин түүхтэй хүмүүс учраас л зохиолдоо зориуд оруулсан хэрэг. Тэмдэглэж ноороглосон зүйлсээ бэлэн болгочихоод, цэгцэлж бичихэд бол бараг хоёр улирал зарцуулсан байх аа.

-Таны “Хэвтрийн хүн” бичил романаар найруулагч С.Бямба кино хийхээр болж, кино зохиол нь Каннын кино наадмын “Le Atelier” төрөлд шалгарсан. Энэ мэдээг сонсоод танд ямар санагдсан бэ? 

-Бямбаа ах энэ зохиолыг анхнаас нь кино гэж харж уншсан юм билээ. 2003-2004 оны үед л “Хэвтрийн хүн”-ээр кино хийнэ ээ гэж ярьж байсан. Хүмүүс л төдийлөн мэддэггүй болохоос олон чухал кинонд гар бие оролцсон, жинхэнэ утгаараа мэргэжсэн, их сайн найруулагч шүү дээ. Нэг л ондоо, маш өвөрмөц кино болно гэдэгт эргэлзэхгүй байгаа.

-Та эхнэртэйгээ хамт Брюсселийн номын яармагт оролцсон гэж байсан. Тэндхийн сонин сайхнаас хуваалцаач.

-Өлзийгийн арав гаруй өгүүллэг “Аквариум” хэмээх нэрээр франц ном болж хэвлэгдсэн. Тэр номыг хэвлэсэн Парисын нэгэн хэвлэлийн газар хоёр ч номын яармагт оролцох ажлыг зохицуулсан юм. Брюсселийн номын яармаг бол франц хэлт орнуудын номын зах зээл дэх хамгийн том арга хэмжээ нь. Франц, Бельги, Люксембург, Швейцар, Канадын том том хэвлэлийн газрууд ажлаа сурталчилж, гэрээ хэлэлцээгээ хийж, бүтээгдэхүүнээ танилцуулдаг. Прүст, Сартр, Камю зэрэг аваргуудыг алдаршуулсан “Галлимар” зэрэг супер хэвлэлийн газар л гэхэд хүүхдийн, уран зохиолын, баримтат номын гэхчлэн тус тусад нь ялгаж өөр өөр асрууд нээсэн байх жишээтэй. Асар олон номын нээлт болж, Өлзийгийн номын нээлт ч бас тэр яармаг дээр зарлагдсан. Энд тэндгүй ярилцлага, сурвалжлага, уулзалт өрнөсөн, бараг л кинон дээр гардаг хөрөнгийн биржийг санагдуулам, их сонирхолтой ажил юм билээ. Брюсселийн яармагаас хойш 20-иод хоногийн дараа Парисын яармаг болсон. Нөгөө л номын арилжааны гигантуудаас гадна Францын номын зах зээлийг сонирхож буй гадаадын улс орнууд ч бодлоготойгоор, маш өргөн хүрээнд оролцдог яармаг юм. Азиас Хятад, Япон хоёр тусгай асар нээчихсэн оролцож байна. Хойд хөршийн маань асарт францаар төдийгүй, орос хэлээрээ хэвлэсэн номуудаа дэлгэж тавьсан харагдсан. Хамгийн том асар нь Марокко улсынх байв. Ер нь хойд Африк, төв Европ, Канадаар баримжаалахад франц хэлний орон зай үнэхээр том юм аа. Юутай ч, ийм том хэлний орон зай руу тэндхийн хэвлэлийн газрын шалгуурт тэнцээд монгол ном гарч эхэлсэн нь их чухал амжилт шүү.

-Ахиж орчуулга ч хийхгүй, шүлэг ч бичихгүй гэснээс тань хойш нэлээн хугацаа өнгөрчээ. Тэвчиж, хүлцэхэд хэр хэцүү байна вэ?

-Миний романуудыг уншаад үзээрэй. Тэдгээрт яруу найраг дутагдсан гэх юм байхгүй л болов уу. Орчуулгын тухайд бол, үнэндээ цаг алга л даа. Өөрийнхөө бичих зүйлийг барчихвал, тийм нэг цаг ирвэл, дуртай зарим номоо орчуулна л гэж боддог.

-Таны сүүлийн хэд хэдэн номын хавтасны зургийг Годо (Баярцэцэг) хийсэн. Энэ удаа харин охиноороо зуруулжээ. 

-За, байз, Баярцэцэгээр би “Сэтгэл рүү шагайгч Түүнд”, “Бясалгал” гэсэн яруу найргийн хоёр номынхоо хавтсыг зуруулсан юм байна. Крис Меррилийн шилмэл шүлгийн түүврийн хавтсанд бас зургийг нь авсан. Зураач Ч.Болдбаатар бас хоёр романы минь хавтсыг дэглэж өгсөн. Миний охин харин аавынхаа дөрвөн номын нүүр царайг зураад байна. (инээв) “Сахиуст Хангайн нууц”-ын хавтас их өвөрмөц, коллаж буюу зүгээр л гар доорхи сэтгүүлийн хайчилбар зураг мэтийг эвлүүлж зохиомжлоод шинэ илэрхийлэл дүрсэлсэн, үндэсний хэв маягтай мөртлөө нэлээн орчин үеийн шийдэл болсон шүү.

-Хэдийгээр та улстөрийн элдэв асуудалд оролцоод байдаггүй, зохиол бүтээлдээ ч улстөрийн өнгө аяс барагтай бол оруулдаггүй хэдий ч өнөөгийн улстөрийн талаар ямар сэтгэгдэл, үзэл бодолтой явна вэ. Ерөнхийлөгчийн сонгуульд та аль нам, ямар улстөрчийг дэмжих бол гэдэг сонин байна?

-“Бөөгийн домог”-ийг буриадууд айхтар улс төртэй ном байна гээд, “Шүгдэн”-г өвөрмонголчууд улс төрийн хувьд хүчир зохиол л гэлцээд байх юм билээ. (инээв) Улс төр гэдэг бол миний хувьд аахар шаахар бүлэглэлүүдийн эрх ашгийн төлөөх явуулга, хов жив биш. Тиймэрхүү улс төрийг бол би үнэхээр сонирхдоггүй.

-Та ойрд монгол, гадаадаас хэний, ямар зохиолуудыг уншив?

-Хамгийн сүүлд, ердөө гурав дөрөвхөн хоногийн өмнө Солонгосын нэг зохиолчийн орчин үеийн роман уншсан. Ойрын үед уншихаар маш олон ном давхарлаж хураачихаад сууж байна. Эхний ээлжинд “Монголын эртний түүхийн таван боть”-ийг туушиндана. Цагаан сарын өмнө авсан ч, гадагшаа удаан хугацаагаар яваад уншиж амжаагүй юм. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.