Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

20-30 насны бүсгүйчүүдэд зориулсан ХӨГШРӨЛТӨӨС сэргийлэх 6 арга

Нүднийхээ арьсыг залуу хэвээр нь үлдээхийг хүсвэл эртнээс нүдний тос хэрэглэж занш


Бид арьсаа эртнээс хамгаалж, хөгшрөлтийн шинж тэмдгээс урьдчилан сэргийлэхийг хүссэн 20-30 насны уншигчиддаа зориулж арьс судлалын мэргэжилтнүүдийн өгсөн үнэтэй зөвлөгөөнүүдийг бэлдлээ.

Хүний амьдралын хамгийн сайхан үе гэгддэг 20-30 насны хоорондох арван жил адал явдлаар дүүрэн, эрх чөлөөтэй, шинэлэг мэдрэмжээр баялаг өнгөрдөгтэй маргах зүйлгүй. Энэ үед бид өөрсдийгөө дийлдэшгүй мэт мэдэрч, үргэлж үзэсгэлэнтэй байх мэт санадаг ч харамсалтай нь бидний арьс бага багаар суларч байдаг. "Судалгааны дагуу эмэгтэй хүний арьсны бүтцийг хариуцдаг хамгийн чухал хоёр уураг болох коллаген ба эластин нь ойролцоогоор 25 наснаас эхлэн буурдаг нь илэрсэн. Тиймээс бүсгүйчүүд энэ насандаа хөгшрөлтийн эсрэг арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй" хэмээн Нью-Йоркийн 900 Fifth Dermatology арьсны эмнэлгийн үүсгэн байгуулагч Деннис Гросс хэлсэн байдаг. Тэгэхээр арьс арчилгааны горимдоо хэдхэн шинэ алхам нэвтрүүлж, ирээдүйд наснаасаа залуу харагдахын төлөө хичээл зүтгэл гаргацгаая бүсгүйчүүдээ.

1. Нүднийхээ арьсыг залуу хэвээр нь үлдээхийг хүсвэл эртнээс нүдний тос хэрэглэж занш

Бусдын алдаанаас суралцаж, залуу наснаасаа эхлэн өдөр бүр SPF-ийн агууламжтай нүдний тос хэрэглэж заншицгаая. Майамид үйл ажиллагаагаа явуулдаг арьсны эмч Алишиа Барбагийн хэлж буйгаар хүний бие дэх хамгийн нимгэн арьс гэгддэг нүдний эргэн тойрны арьснаас хөгшрөлтийн шинж тэмдэг хамгийн түрүүнд илэрдэг аж. Залуу наснаасаа эхлэн нүдний тос хэрэглэх нь уг хэсгийн арьсыг чийгшүүлж, тэжээл өгч, ирээдүйд үүсэх үрчлээсийг харьцангуй багасгах шидтэй. Барба өөрийн үйлчлүүлэгчиддээ олон төрлийн найрлагатай нүдний тосыг ээлжлэн хэрэглэхийг зөвлөдөг гэнэ. Тухайлбал эхлээд ретинолын агууламжтай тосыг коллаген нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэсэн бол, дараагаар нь чийгшүүлэх үйлчилгээ ихтэй гиалуроны хүчилтэй тос сонгож болох юм. Ингэснээр та арьсныхаа төрөл бүрийн давхарга ба бүтцэд нөлөө үзүүлж чадна.

2. SPF-ийн хүч чадлыг дутуу үнэлж болохгүй

"Нарны хэт ягаан туяа үргэлж биднийг эргэн тойрч байдаг. Гадаа бүрхэг байсан ч, таныг оффис дотроо сууж байсан ч, бүр машин бариад явж байхад хүртэл хэт ягаан туяа бидний арьсанд нөлөөлж байдаг" хэмээн NYU Langone Medical Center төвийн арьс судлалын профессор Элизабет Хэйл хэлжээ. Нарны туяа нь бидний арьсыг хөгшрөхөд хүргэдэг хамгийн том шалтгаан юм. Тэгэхээр бүх улиралд, өдөр бүр, бүтэн жилийн турш SPF-ийн агууламжтай тос түрхэх нь үрчлээстэй болохоос айж буй бүсгүйчүүдийн зайлшгүй хийх ёстой алхам юм. Мөн гадуур явж байх үедээ SPF-тэй тосыг хоёр цаг тутам шинэчлэх хэрэгтэйг бүү мартаарай. Эс тэгвээс түрхсэн тос тань таныг хэт ягаан туяанаас хамгаалах нь битгий хэл, арьсанд тань илүү их хор уршиг учруулж болзошгүй юм.

3. "Beauty sleep" буюу гоо үзэсгэлэнгийн нойроо заавал авч байгаарай

Хориос гучин насанд бидний амьдрал эд буцалж байдаг тул бид хаяа хичээл эсвэл ажлын улмаас оройтож, харьж амрахаасаа илүү найз нөхөдтэйгөө уулзахыг хүсч, арьсанд зайлшгүй шаардлагатай долоогоос найман цагийн нойроо авч чадахгүй байх тохиолдол олон гардаг. Дутуу нойртой явах нь стресс үүсгэж, харин стресс нь хариуд нь бидний арьсыг гэмтээдэг. Үр дүнд нь батга гарч, тууралт үүсч, арьс өнгөө алдаж эхэлдэг. Хангалттай нойр аваагүйн улмаас бөөрний булчирхай кортизол ба стероидийг хэтэрхий их хэмжээгээр үйлдвэрлэж, энэ нь өөхөн булчирхайг илүү их тос ялгаруулахад хүргэдэг. Ийм учраас дутуу нойртой, стресс ихтэй хүмүүсийн арьсан дээр батга гарах нь элбэг байдаг юм. Тэгэхээр залуу насаа зугаатай өнгөрөөх зуураа мөн гоо үзэсгэлэнгийн нойроо заавал авч байгаарай.

4. Өдөр бүр нүүрээ цэвэрлэж байхаа бүү мартаарай

Өдөр бүр унтахаасаа өмнө нүүрээ сайтар цэвэрлэж байх нь бидний арьсны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх маш чухал алхам юм шүү. Энэ нь магадгүй хүн бүрийн мэддэг, ойлгомжтой зөвлөгөө байж болох ч, заримдаа залуу бүсгүйчүүд будгаа арилгалгүй унтах тохиолдол гардаг. Өдрийн турш цугларсан тоос шороо ба арьснаас ялгарсан тос нь косметик будагтай нийлснээр арьсны нүхийг бөглөж, батга, тууралт үүсгэх аюултай. Мөн косметик бүтээгдэхүүнүүд агаарт хөвж буй арьсыг гэмтээдэг чөлөөт радикалуудыг "барьж", өөртөө шингээдэг тул энэ нь цаашид үрчлээс үүсгэж, арьс нимгэрэхэд нөлөөлдөг юм.

"Ихэнх 20-30 насны бүсгүйчүүд өсвөр насандаа хэрэглэж байсан, хатуу найрлагатай, батганы эсрэг цэвэрлэгчээ үргэлжлүүлэн хэрэглэж байгаа харагддаг. Та анзаарахгүй байж болох ч үнэндээ энэ насан дээр бидний арьсны өөхөн булчирхайнууд агшиж эхэлдэг. Тиймээс батганы эсрэг, матт эффект үзүүлдэг, хэтэрхий хатуу найрлагатай бүтээгдэхүүнүүд арьсыг цочроож, улайлгаж, хуурайшуулах магадлалтай. Тэгэхээр энэ насандаа илүү зөөлөн бүтэцтэй, чийгшүүлэх үйлчилгээтэй цэвэрлэгч хэрэглэж эхлээрэй" хэмээн Washington Institute of Dermatologic Laser Surgery эмнэлгийн доктор Ребекка Казин зөвлөжээ.

5. Чийгшүүлэгч тос тогтмол хэрэглэж, хүзүү ба гарынхаа арьсыг халамжлахыг бүү мартаарай

Та ямар ч төрлийн арьстай байсан арьсаа заавал чийгшүүлж байгаарай. Хуурайшиж, хатсан арьсанд цагаасаа өмнө эхэлсэн үрчлээс үүсдэг. Дээр дурдсанчлан 20-30 насны бүсгүйчүүдийн арьсан дахь өөхөн булчирхай агшиж, арьс тийм ч тослог байхаа больдог тул чийгшүүлэгчийг аль болох их бас тогтмол хэрэглэх хэрэгтэй. Чийгшил сайтай арьс илүү уян хатан болж, үрчлээтэх нь бага байдаг.

"Залуухан царайтай хэрнээ бага зэрэг хөгширсөн гар ба хүзүүтэй бүсгүйчүүд олон байдаг. Биеийн эдгээр гурван хэсэг нь нарны хэт ягаан туяанд хамгийн ихээр өртдөг юм. Тиймээс нүүрнийхээ арьсыг хэр их арчилж, хамгаалдаг, яг тэр хэмжээгээр гар ба хүзүүгээ халамжлах хэрэгтэй юм шүү" хэмээн  зөвлөж байна.

6. Таны хоолны дэглэм ба идэвхтэй амьдралын хэв маяг арьсыг залуу хэвээр үлдэхэд нөлөөлнө

Өдөр бүр нимбэгтэй ус уух нь бидний биеийн болон нүүрний арьсыг чийгшүүлэх, биеийг хоргүйжүүлэх, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн идэвхжүүлэх гэх зэрэг олон талын ач тустай юм. Үүний хажуугаар мөн аль болох их ногоо идэж, D3 амин дэмийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж, тогтмол дасгал хийж, идэвхтэй амьдралын хэв маяг хөтөлснөөр бид ирээдүйд наснаасаа залуу харагдах болно.

Эх сурвалж: Seaberry

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
2
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
3
2018.12.28
Рианнагаас Хадид хүртэл 2018 оны 32 шилдэг сэтгүүлийн нүүр
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
43
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.