Хайх зүйлээ бичнэ үү

ТОМ ЗУРАГ

Р.Амаржаргал УИХ-ын гишүүн, бас Монголын анхны жиргээчдийн нэг. Анх их идэвхтэй байснаа бодвол өдгөө өдөрт нэг, хоёроос илүүгүй жиргээ л хийдэг болж. Жишээ нь хоёр хоног огт чимээгүй байснаа өнгөрсөн мягмар гаригт Нийгмийн бодлогын байнгын хороогоор ирэх оны төсвийн талаар хэлэлцэх үеэр өөрийн байр сууриа илэрхийлсэн гурван минутын яриагаа Youtube-д байрлуулснаа жиргэж. Түүнд нь олон таван тайлбар байсангүй. Түүний жиргээнүүдийг ажвал өөрийг нь бага ч болтугай мэдэж болмоор санагдсан. 94.3 мянган дагагчтай мөртлөө Р.Амаржаргал өөрөө 103 хүн л дагажээ. Энэ тухай нь асуухад тэр “Би дагах хүмүүсээ 108-аас хэтрүүлэхгүй байя гэж шийдсэн. Энэ тоон дотроо л нэмж, хасаад явна. Олон хүн дагачхаар тэр олон жиргээг уншиж чадахгүйд юм. Сошл ертөнц өөрийн гэсэн соёлтой байх ёстой гэж би боддог. Тийм учраас өдөрт таваас дээш удаа жиргэдэггүй, нэг дуугарахаараа жинтэйхэн, хүн хэрэгтэй, мэдлэг, мэдээлэл болохоор зүйлс жиргэдэг хүмүүсийг сонгож дагадаг” гэсэн.

Өөрийнх нь дагасан дотор бараг тал хувь нь гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, томоохон агентлагууд байхыг анзаарав. “Politico”, “Fortune”, “Wall Street Journal”, “The Economist”,“Foreign Affairs”, “Forbes”,“The New Yorker” гэхчлэн хөврөх энэ жагсаалт дунд мөн улс төр, эдийн засгийн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлч, нийтлэлчид ч цөөнгүй харагдсан. Энэ дундаас шилжилтийн үеийн эдийн засгийн талаар сүрхий судалсан, турк эдийн засагч Дэни Родрикийг надад онцлон танилцуулсан бөгөөд түүний нийтлэлүүдээс Монголын өнөөгийн нөхцөл, хөгжлийн болзошгүй өрнөлийг том зургаар нь харж болохоор хэмээн зөвлөв. Харин амралтын өдрүүдээр 2-3 ном уншаад дуусгачихдаг гэж өмнө нь ярьж байсан түүнд ойрын үед эдийн засгийн чиглэлээр “яаая даа” гэсэн сурах бичиг таарахаа байсан гэлээ. 2008 оны эдийн засгийн хямрал энэ шинжлэх ухааныг орвонгоор нь эргүүлж, дэлхий даяараа эргэлзээ, тээнэглэзээнд орсон учраас эдийн засаг цаашид хэрхэх талаар том зургаар нь харсан, суурь номууд гарахгүй байгаа аж. Түүний яриандаа “том зургаар нь” гэдэг үгийг олон хэлдгийг ярилцлага хийхийн өмнө судалж байхдаа анзаарсан. Бидний яриан дунд ч энэ үг олон таарав. Магадгүй энэ чанар нь түүний улстөрийн салхи үлээх тоолонд дагаж намирч, хийсээд байдаггүй “ёс зүйн код” нь байх гэж бодлоо. Хэрэв өөрийг нь “том зургаар” нь харвал бас ийм л байна байх гэж бодлоо.

СТАБИЛИЗАТОР, АМОРТИЗАТОР, ГАЛ ХАМГААЛАГЧ

Сонин, хэвлэлийн лого болтлоо өдөр, шөнөгүй мэдэх, мэдэхгүй юмаа ярьж явдаг хүмүүсээс тэр арай өөр санагддаг. Намайг ярилцлага авах санаатай өрөөнд нь ороод мэндлэхэд тэр “Яагаад надтай ярилцахаар сонгов?” гэж тэр асуусан. 2016 оны Монголын эдийн засгийг шийдэх гэж буй энэ үед үнэн үг сонсчхоор хүн ховор байна шүү дээ гэж би хариулсан. Харин ойрын хугацаанд Монголын эдийн засгийн хамгийн том асуулт, сорилт юу вэ гэсэн асуултынхаа хариуд би огт бодож байгаагүй хариулт сонссон.

Итгэл. Оюутолгой, Тавантолгойн асуудлыг хэрхэн шийдэх нь бус итгэл олох нь хамгийн том асуудал болоод байна гэж тэр хэлсэн. “Итгэл хаана ч алга. Ард иргэдийн төвшинд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын төвшинд ч ялгаагүй. Энэ засагт одоо жил хүрэхгүй хугацаа үлдсэн учраас тэд юу ч хийхгүй, тэднээс юу ч хүлээгээд нэмэргүй гэж тэд бодож байна. Тэр нь ч худлаа биш. Итгэлийг сэргээхээс нааш юу ч урагшаа явахгүй. Оюутолгой, Тавантолгой гол асуудал биш. Энэ хоёрын асуудлын хувьд байрыг нь хооронд сольбол сэдэв нь л өөр болохоос биш үйл явц, хандлага нь яг адилхан. Манай төрийн тогтолцоо, улс төрийн нам, улстөрчид гэж ямархуу янзын юм байгаагийн илрэл” гэлээ. 2016 оны сонгуулиар юм өөрчлөгдөж, шинэ, арай эрүүл саруул ухаантай хүмүүс гарч ирэх болов уу гэсэн итгэл, бас хүлээлт түүнд бий. Бидэнтэй ялгаагүй. Хэрэв тэгж чадвал ирэх оны гуравдугаар улирлаас Монголын эдийн засаг аяндаа өндийгөөд ирэх болов уу гэж тэр бодож байгаа аж. Гэхдээ “хэрвээ…” гэснийг мартаж болохгүй.

Одоогоос жил гаруйн өмнө Р.Амаржаргал “Open door” сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ Засгийн газар огцрох ёстой” гэж байсан. Үнэхээр ч үүнээс нэг их удалгүй засаг солигдсон билээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын талаар саяхныг хүртэл тэр сайн, муу үг унагаагүйгээ “Дотроо дэмжиж буйн хэлбэр” гэж тайлбарласан. Шинэ Засгийн газар ажил төрлөө аятайхан явуулахад дундуур нь саад болж гүйхийг хүсээгүй нь тэр байх. Харин саяхны шийдвэрт нь тэр сэтгэл тун дундуур байснаа нуусангүй. “Зургаан сайдын асуудал дээр Ерөнхий сайд их нялцгай байсан. Өөрөө би энэ нэрийг хэзээ ч өргөн барихгүй гэж байсан мөртлөө эргэц буцсаар, сүүлд нь өөрөө өргөн барьж, огцруулсан шүү дээ. Ийм байж болохгүй. Мэдээж намын шийдвэрийг хүндэтгэх энэ тэр бол байх асуудал боловч шударга байх, ёс суртахуунтай байх гэдэг өөр. Ерөнхий сайд хүн өөрийнхөө кабинетын гишүүдээ бусдаар “зодуулж”, хараалгуулаад байх ёсгүй. Харин ч хамгаалах ёстой. Гэтэл улс төрийн наймаанаас болж Засгийн газрын гишүүдээ нааш, цааш болгохыг хараад би хувьдаа маш их эмзэглэсэн. Хэрэв би Ерөнхий сайд байсан бол “Наадахын чинь ард явж байгаа процессыг би түвэггүй уншиж байна. Асуудал зургаан сайддаа ч юм биш гэдгийг ч мэдэж байна” гэж хэлээд үлдэнэ. Эсвэл би өөрөө явах байсан. Ингэж байж гүйцэтгэх засаглалын болоод өөрийн нэр хүндээ цэвэр авч үлдэх ёстой. Сайн ч бай, муу ч бай энд шударга ёс үйлчилж байна, энэ хүн өөрийн гэсэн ёс суртахуун, үнэлэмжтэй хүн байна гэж ард түмэнд итгэл төрөх байсан юм” гэв.

Улстөрч, тэр дундаа УИХ-ын гишүүн гэдэг уг нь хамгийн том эрх мэдэл, хамгийн хариуцлагатай ажил боловч өдгөө захын жиргээч залуусын аманд багтах болтлоо жижгэрч байх шиг. “УИХ-ын гишүүн байна гэдэг хүсээд байхаар ажил мөн үү” гэж намайг асуухад тэр “Бүхий л ард түмэн чамд итгэл хүлээлгээд явуулна гэдэг үүн шиг нэр хүндтэй, эрхэм алба хаана байх билээ. Энэ хэрээр өөрийгөө байнга дайчилж, боловсруулж, шулуун шударга чигч байхыг шаардана. Энэ утгаараа бол хариуцлагатай, нэр хүндтэй ажил. Гэвч нөгөө талаас одоо УИХ-ын гишүүн гэдэг нь хэсэг бүлэг хүмүүсийг халхавчилдаг, хэрэг түвгээс хамгаалдаг, элдэв янзын хувийн ашиг хонжоо, завшаан олох бололцоог бүрдүүлж өгдөг ажил болчихлоо”гэсэн юм. Гэвч туйлын юм гэж хаа билээ. Энэ парламентад шударга, сайн улстөрч цөөнгүй бий гэдэгтэй тэр санал нийлж байсан. Гэхдээ сонгуулиас, сонгуулийн хооронд парламентын яс чанар нь муудаж, нэг л ухаанаа олж өгөхгүй байгааг тэр нуусангүй. Хэн, ямар албан тушаалтайгаар, юу руу ороод ирснээ мэдэхгүй байх дүр зургийг тэр олон хардаг гэв. Тэр үүнийг “Зарим үед УИХ-ын гишүүн нэг бол сайдын, нэг бол яамны мэргэжилтний ажлыг хийж, ярьж явах, эсвэл сайд нь Ерөнхийлөгчийн, ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүний ажлыг хийгээд байх шиг харагддаг. Би хийх ёстой юмаа мэддэг, байр суурин дээрээ тууштай зогсож чаддаг улстөрчийг хүндэлдэг. Хүн л юм чинь алдаа гаргах зүйл байлгүй л яах вэ. Гэхдээ зарчмаа бариад, аливаад ёс суртахуунтай, чигч, шулуун, шударга байдал нь улстөрч хүний чухал шинж чанар юм шүү дээ” гэсэн юм.

Гэвч юу ч боллоо, ямар ч байлаа гэсэн тэр энэ парламент, энэ багийн гишүүн. Аль ч багт гишүүдийн үүрэг, роль тус тусдаа байдаг. Энэ парламентад та өөрийгөө ямар үүрэг, рольтой байя гэж боддог вэ гэхэд тэр “Стабилизатор шиг тэнцвэржүүлэгч, амортизатор шиг дээшээ үсэрчих гээд байвал тогтоож, зөөлрүүлж өгдөг тэр зүйл, гал хамгаалагч шиг дэлбэрчих гээд байвал өөрөө “шатаад” үлдэх тийм л хүн байя гэж боддог. Энэ гурваар миний үүргийг тодорхойлж болох байх аа” гэв.

ДУТУУ ҮНЭН

“Худлаа ярьж болохгүй, гэхдээ үнэнийг бас бүрэн дүүрэн битгий хэлж бай”. Залууд нь багшийнх нь хэлсэн энэ үг одоо ч түүний жанжин шугам болж явдаг аж. Дэврүүн залуу үедээ юмыг арай өөрөөр, бас болж өгвөл шүүмжлэлт  өнцгөөс харах гэдэг байснаа тэр нуусангүй. Р.Амаржаргал тухайн үедээ BBC, Америкийн дуу хоолой зэрэг радио, үүн дотор зөвлөлтийг хүчтэй эсэргүүцдэг Свобода гэх радиог алгасалгүй сонстож байж. Тэгээд чих нэлээн онгойсных сонссон, дуулснаа хамаагүй ярьчих гээд байх үед нь багш нь дээрх үгийг хэлж л дээ. Дуртай нь үгээ хамаагүй хэлж болдоггүй, бодож санахгүй хэлсэн үг нь улстөрийн хэрэгт ч хутгаж болохуйц үед нь хэлсэн энэ үг бүх юм чөлөөтэй өнөө цагт ч бодмоор үг шиг санагдсан.

Өнгөрсөн мягмар гаригт болсон байнгын хорооны хурал дээр ирэх оны төсвийг хэлэлцэж байх үеэр “Төсөв хэмнэлттэй байх ёстой гэдгийг ойлгож байна. Гэхдээ үүний тулд дэд сайд нарын орон тоог хасна, төрийн албанд цомхтгол хийнэ гээд байгаа нь асуудлыг шийдэх бодит гарц мөн үү? Дэд сайд нарыг цомхтголоо гээд улсын нийт төсвийн 0.0063 хувийн л хэмнэлт гарна. Бас УИХ-ын гишүүдийн туслах энэ тэрийг хална л гээд байна. Энэ бол 0.000016 хувийн хэмнэлт. Ийм жаахан мөнгө хэмнэчихээд мундаг реформ хийж, гэрэлт ирээдүй байгуулчихсан мэт харагдаад, баярлаад явах гээд байгаа юм уу? Гэтэл үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр зах зээлд нийлүүлсэн 3 их наяд орчим төгрөгийн хоёр их наяд нь арилжааны банкнууд, банк санхүүгийн байгууллагуудаар дамжаад байршиж, эдийн засгийн эргэлтэд орж байгаа. Тэр мөнгөөрөө Засгийн газрын бондыг худалдан авч 17 хувийн хүү тоншоод сууж байгаа шүү дээ. Тэрнийхээ үйлчилгээ гээд улсын төсөв дээрээ 400, 500 тэрбум төгрөг тавьчихсан л байгаа биз дээ. Энэ бол хамгийн энгийн жишээ” гэж шулуухан хэлчхээд нэг их дүгнэлт сэлт хавчуулаагүй байсан. Ердөө гурван минутад багтсан, дүүрэн хэлээгүй энэ үнэний цаадыг ухвал асуудлыг учгийг та хялбархан ойлгох нь лав.

Үг хэлэхдээ нэг их нуршиж, барагтай юман дээр дуугаараад байдаггүй тэр санаагаа цөөн үгэнд багтааж хэлэхдээ гаргууд хүн шиг санагдсан. Жишээ нь, Тавантолгой, Оюутолгой, улс төр, эдийн засгийн талаар ярихгүй хүнгүй болж, бүхнийг шүүмжлэн хашхирдаг хүмүүс олширсныг тэр “Салхин цэцэг гээд багадаа тусдаг, бүр зайлшгүй өвдөх ёстой өвчин байдаг даа. Богино хугацаанд эдгэрдэг, цаашаа нэг их хүндэрдэггүй энэ өвчинтэй л адилхан. Энэ байдал удахгүй өөрчлөгдөж, үгүй болно. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр үүнийг бүрдүүлж байгаа ард иргэд дагаад шинэ шатанд гарахдаа энэ мэтийн түр зуурын үзэгдлүүдийг даваад өнгөрдөг нь зөвхөн манайд байгаа юм биш, хүн төрөлхтний давж туулсан зам шүү дээ” гэж тайлбарласан. Р.Амаржаргал юмыг аль нэг туйл руу аваачиж тулгах дургүй хүн юм байна даа гэж бодов. Ямар ч асуудлын талаар байр сууриа илэрхийлэхдээ ёс юм шиг “нэг талдаа ийм, гэтэл нөгөө талаас нь авч үзвэл тийм…” гэнэ. Аливаа буруу зүйлд зөвхөн нэг шалтаг, нэг л шалтгаанаас байдаггүйг давтана.

Нэг аймаг, ядахдаа нэг сум, үгүй ядаж 500 хүнтэй компани удирдаж чадаагүй залуус улстөрийн тавцанд гарч ирэх, эрх мэдэлд очихоороо буруу, зөрүү алхам хийж буйд тэр шүүмжлэлтэй ханддаг. Тэдний ах, захаа мэдэх гэсэн ойлголт улам нимгэрсээр буйд бас харамсдаг аж. Энэ бол залуу шат шатанд нь бэлдэж, сургадаг төрийн тогтолцоо алдагдсан, улстөрчид өөрсдөө залуу үеэ бэлдээгүй, хатуу чанд байх үедээ хатуу байж, хэлэх үед нь үгээ хэлэхээс цааргалж ирсний гай гэж тайлбарлаад  “бид адилхан 1990 хувьсгал хийнэ гэж гарч ирэхдээ залуу хүмүүс элдэв янзын л юм хийж байсан. Гэхдээ бас ч гэж ахтай, захтай хүмүүс байсан юм шүү” гэснээ “Үүнийг өвлүүлж чадаагүй нь манай үеийнхний нэг том нүгэл юм даа” гэв.

АЗ ЖАРГАЛЫН ИНДЕКС

Хүн насан туршдаа суралцдаг гэдэг. Намайг “Энэ цаг үед юунд суралцаж, эсвэл юу сурахсан гэж хичээж байна вэ” гэж намайг асуухад тэр “Энэ нас хүний их гоё үе юм аа” гэснээ “Юу сурах ёстой, яаж сурах ёстой вэ, түүнийгээ хэрхэн үнэлж цэгнэж, ямар өнцгөөр харах вэ гэдэг нь бүр нэг гарт ороод ирчихсэн мэт санагдаж байна. Энд, тэнд өрнөж буй үйл явцыг “уншиж” чаддаг болж. Гадаад, дотоод гэлтгүй үйл явдлыг хараад энэ яг ингэж өрнөнө дөө, үүнээс болох шиг боллоо, цаад учир нь ийм юм байна гэдгийг хувьдаа таамаглаад, болоод өнгөрснийх нь дараа алдсан, оносноо харж байхад ер нь нэг багцаатай болж. Энэ их сонирхолтой, дээр нь хүнд их сонин мэдрэмж төрүүлдэг юм байна” гэв.

Бид яриан дундаа улсын хөгжил, эдийн засгийн үнэн нүүр царайг ДНБ-ий өсөлт гэх үзүүлэлт дангаараа шийдэж чадахгүйд хүрч байгаа тухай ярилцсан юм. Улмаар янз бүрийн үзүүлэлт, тодорхойлолтууд дунд “Аз жаргалын индекс” гээч бас багтаж буйг тэр хэлж байв. Энийг гэнэт санаад, ярилцлагын төгсгөлд “Та өөрийнхөө аз жаргалын индексийг тодорхойлбол ямар тоо гарах бол” гэж сониучирхан асуухад “Арван баллын системээр дүгнээд, нийт балансаа гаргавал 6-7 хавьцаа л байх болов уу” гээд инээж байсан. Тэр энд худлаа яриагүй ч, үнэнээ бас дүүрэн хэлээгүй байх даа гэсэн бодол надад төрж байлаа.

Энэхүү нийтлэл "Гэрэг" сэтгүүлийн 2015 оны аравдугаар сарын дугаарт гарч байв. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.