Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Францын ирээдүйн Ерөнхийлөгчийн ээдрээтэй амьдрал

Тэр сургуулийн багштайгаа гэрлэж, ач нарыг нь хооллодог.


Өнгөрсөн сарын 23-нд болсон Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 11 нэр дэвшигч өрсөлдөж, “En Marche” хөдөлгөөний тэргүүн, Эдийн засгийн сайд асан Эммануэль Макрон, “Үндэсний фронт” намын нэр дэвшигч Марин Ле Пен нар дараагийн шатанд шалгаран үлдсэн билээ. Сонгуулийн хоёрдугаар шат энэ сарын 7-нд болох бөгөөд “OpinionWay”-ийн санал асуулгаар Макрон 60 хувийн саналаар ялалт байгуулах гэнэ.

39 настай Макроныг Францын хамгийн “сэтгэл татсан” улстөрч хэмээн нэрлэдэг. Олон хүний анхаарлыг түүний сонгуулийн хөтөлбөр биш хувийн амьдрал нь татаж байна гэж хэлэхэд болно. Макрон дунд сургуулийнхаа багш, өөрөөсөө 25 насаар эгч Брижит Троньетэй гэрлэсэн хүн.

17 настайдаа тэр багшдаа “Та яаж ч хандсан гэсэн би тантай заавал гэрлэнэ” гэж хэлсэн гэдэг. Тэр үед Брижит нөхөртэй, 3 хүүхэдтэй байсан ч шазруун шавь нь шантрахгүй зүтгэсээр санасандаа хүрч чаджээ.
Брижит Тронье 1953 оны дөрөвдүгээр сарын 13-нд Амьен хотод төрсөн. 21 настайдаа банкны ажилтан Андре Луис Азиертай гэрлэж, гурван хүүхэд төрүүлжээ. Хүүхдээ төрүүлснийхээ дараа “La Providence” сургуульд уран зохиол, франц хэлний хичээл зааж байхдаа Макрон хүүтэй танилцсан байна. Макрон зохиолч болохыг хүсдэг, Брижитийн утга зохиолийн дугуйланд явдаг байлаа.

Театрт болсон жүжгийн тоглолтын дараа 15 настай Макрон багшаа үнсэж байна. 1993 оны 5-р сар.
“Макрон жүжгийн дүр сонголтод ирэхэд нь би түүнийг хараад яасан сэтгэл татам жаал вэ гэж бодсон. Үнэхээр тэр бусад сурагчдаас огт өөр хүүхэд байлаа. Тэр багш нартай дандаа хамт байдаг, томчуудтай эн тэнцүү харилцаж байв”

Дунд сургуулиа төгсөх жилээ Макроны гэрбүл Парист шилжсэн нь эцэг эх нь хүүгээ ахимаг насны эмэгтэйд татагдаад байгаагаас болжээ. Тэр үед тэд хэдэн цагаар ч хамаагүй утсаар ярин суудаг байв. Телевизэд ярилцлага өгөхдөө багш бүсгүй “Макрон бага багаар, маш тэвчээртэйгээр миний эсэргүүцлийг даван гарсаар байсан” гэж ярьсан байдаг.
Макрон гурван их сургуульд боловсрол эзэмшсэн, дараа нь хэдэн жил төрийн албанд зүтгэж, удалгүй “Rothschild & Cie Banque” банкны ажилтан болов.

Тэд 2007 онд гэрлэсэн. Брижит салаад нэг жил болсон, Парист багшийн ажлаа хийж байлаа. Харин Макрон Ерөнхийлөгч Франсуа Олландын багт ажиллаж байв. Хурим хийх үедээ Макрон 29 настай, Тронье 53 настай байжээ (АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эхнэрээсээ 24 насаар ах).
Макроны карьер хурдан өссөн. 2012 онд тэр Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх болсон бол хоёр жилийн дараа Эдийн засгийн сайдын албанд очсон.

Брижитийн хүүхдүүдтэй Макрон хэл амаа хурдан олсон. Нэг үеийнхэн болохоор аргагүй шүү дээ. Эхнэрийнхээ ач нарыг хооллож байгаа түүний зураг Францын бараг бүх хэвлэлд гарч байв.
Одоо Тронье нөхрийнхөө гол зөвлөх, сонгуулийн ажлын удирдагч. Макрон нэгэн ярилцлагадаа “Би эхнэрээ нуудаггүй. Тэр үргэлж надтай хамт байсан, байх ч болно” гэж ярьж байв.

Сонгуулийн кампанит ажлын үеэр тэд тайзан дээр үнсэлдэж, Макрон “Эхнэрийнхээ ачаар би одоогийн өндөрлөгт хүрсэн. Би Ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэхэд тэр үргэлж надтай хамт байх болно. Урьд өмнөх шигээ л надад нөлөөтэй хэвээр, хуучныхаа үүргийг гүйцэтгэсээр байна” гэж хэлсэн.

Харин түүний улстөрийн өрсөлдөгчид Макроныг ижил хүйстэн хэмээн нэрлэж, үүнээ нуухын тулд ахимаг эмэгтэйтэй гэрлэсэн гэж баталдаг. Тэр байтугай сэтгүүлч залуу Матье Галлетэй холбож байв. Энэ бүхэнд тэр инээж хариулдаг.

Макрон өөрийг нь эхнэрээс нь урвуулах гэж янз бүрээр оролдсон 29 настай бүсгүйг шүүхэд өгч байсан удаатай. Тэр үед Макрон “Би эхнэртэй хайртай” гэж сэтгүүлчдэд зарлаж байв.
Ийм нэгэн залуу Францын Ерөнхийлөгч болох тун дөхөж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Криштиано Роналду 66 дахь хэттрикээ бүртгүүлэв
2
6 цагийн өмнө
Месси Америкийн лигийн тоглолтод ТАВАН гоолын дамжуулалт өгсөн анхны тоглогч боллоо
3
7 цагийн өмнө
"Байер Леверкузен" дараалсан 48 тоглолтыг хожигдолгүй туулж, бүх цаг үеийн дээд амжилтт...
санал болгох
1
10 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
2
12 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост
3
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
36
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.