Хайх зүйлээ бичнэ үү

Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Сэтгүүл зүйн онол, практикийн олон ном туурвисан судлаач, доктор Ж.Батбаатартай хийсэн ярилцлагаа хүргэж байна.

-Сонгуульд хамгийн хариуцлагатай ажиллах үүрэгтэй хүмүүс бол яах аргагүй сэтгүүлчид. Нэрт сэтгүүлч Ц.Дашдондов гуай “Сэтгүүлчдийн толгой эргэвэл сонгогчдын толгой эргэнэ” гэж чухам онож хэлсэн гэж би хувьдаа боддог.Та өнөөдрийн үйл явцыг яаж харж, дүгнэж байна даа?

-Бид энгийн үед л хэвлэл мэдээлэл бол “дөрөвдэх засаглал” гэж ирээд л сүртэй сүржин юм яриад байдаг шүү дээ. Яг тэр засаглал, тэр хариуцлагыг сонгуулийн үед хамгийн тод харуулах ёстой юм. Олон нийтийг мэдээллээр хангах, мэдэх эрхийг нь хангах, бодит мэдээлэл, баримтад тулгуурлаж иргэд олон нийтэд шийдвэрээ зөв гаргаж, зөв сонголт хийхэд нь туслах үүрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бий. 

Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийнхэн хэзээ хэзээнийхээс илүү анхааралтай, хариуцлагатай ажиллах шаардлагатай. Яагаад гэвэл иргэдэд үйлчилж байгаа мэдээллийн үйлчилгээ иргэдийг тэр бүр олддоггүй “төр барих” эрхээ хэрэгжүүлэх гэж байгаа ийм үед хамгийн хариуцлагатай, хамгийн бодитой байх ёстой. Бид алдаа дутагдлаа нээлттэй ярьж дүгнэж цэгнэдэг байх ёстой учраас зарим зүйлд шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Өмнөх сонгуулиуд дээр гаргасан алдаанаасаа сургамж авах хэрэгтэй. Яагаад гэвэд дахиад нэг хариуцлагатай сонголт биднийг хүлээж байна шүү дээ. 

-Тэр үүргээ биелүүлж чадаж байна уу?

-Хэцүү л дээ. Үүргээ гүйцэтгэж чадаж байна гэхэд их төвөгтэй. Яагаад гэвэл манай олон сэтгүүлч үүрэг, хариуцлагаа ухамсарлахгүй байна. Бүгдээрээ биш ч гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ихэнх нь улстөрийн сонгуулийг огт өөрөөр ойлгож хандаж сурчихсан тал байгаа нь ажиглагдаж байна. Сонгуулийг зөвхөн “ургацын улирал” гэдэг нүдээр хараад, тийм зорилгоор хандаад байдаг. Бидэнд наад зах нь мэргэжлийн ёс зүй, соёл гэж байх ёстой. Иргэддээ бодит мэдээлэл хүргэх боломж олгосонгүй гэхийн оронд улаан цайм “Сонгуулийн сурталчилгааг хязгааргүй явуулж их мөнгө олох боломжийг хаалаа” гэдэг өнцгөөс ярьдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид олон болсон байна. Тэгэхээр нийгэм яаж ойлгох юм бэ, яаж хандах юм бэ? Тэртээ тэргүй шинэ мэдээллийн хэрэгсэл, орчин цагийн мэдээллийн технологийн ололтоос шалтгаалаад  мэргэжлийн сэтгүүлзүй, чанартай мэдээллийн орон зай хумигдаж, зах зээл нь улам төвөгтэй байдал руу явж байгаа энэ цагт ёсзүйгүй авирлах нь олон түмний итгэл, хандлага, хүлээлтэд сөргөөр нөлөөлнө.

Ер нь сонгууль дуусна, зарим сэтгүүлчийн хувьд тэрхүү “ургацын улирал” нь дуусна. Дараа нь амьдрал үргэлжилнэ шүү дээ. Хэвлэл мэдээллийн салбар байдгаараа байж, оршин тогтнох, үйл ажиллагаа явуулах л болно. Тэр үед яах юм бэ? Нөгөө хэрэглэгчдийнхээ итгэлийг ийм онцгой улиралд алдчихсан хүмүүс дараа нь яах билээ?

Тулсан үед хүний мөн чанар нь харагддаг гэдэг шиг сонгуулийн үед манай олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нүүр царайгаа харуулж байна гэж харагдахаар. Өнөөдөр нэр дэвшигчид шууд хэлцгээж байна. “Нөгөө бодит мэдээлэл дамжуулах, ажлаа хийх ёстой сэтгүүлчид “Хэдэн төгрөг өгөх юм. Үгүй бол та нарыг үгийг дамжуулахгүй” гэж улаан цайм хэлж байна” гэж. Нөгөө “засаглал”-ын үүргээ ингэж огоорч мартчихаар чинь хүмүүс гайхах нь аргагүй байх. Үнэн шүү дээ. Зарим маань зах дээрээс бараа худалдаж авах гэж байгаа юм шиг тийм л түвшинд ярьж, “онгод нь орчихсон” л явж байна. Энэ бол сэтгүүл зүй үүргээ биелүүлэхгүй байгаагийн, хариуцлагагүй байгаагийн тов тодорхой жишээ юм.

-Таны ярьж байгаа бүхэн сонгууль болгоноор гардаг үзэгдэл. Ийм ёсзүйн бүдүүлэг алдаа гаргах хөрс суурийг улстөрчид өөрсдөө тавиад байгаа юм биш үү? Нөгөө талаараа сэтгүүлчдийн нийгмийн баталгаа муу байгаа болохоор мөнгө бариад ирсэн хүний талд дуугарахаас аргагүй байдалд хүрч байна гэвэл та зөвшөөрөх үү?

-Тийм биш. Угаасаа ёсзүйтэй хүн ямар ч орчин нөхцөлд ёсзүйтэй л байх ёстой. Түүнийгээ сахидаг, мөрддөг байх ёстой. Тэгж гэмээнэ мэргэжлийн үүргээ биелүүлнэ. Мэргэжлийн ёсзүйн үүргээ биелүүлээд ирэхээр жинхэнэ утгаараа мэдээллийн үйлчилгээ болж нийгэм, олон нийтэд хүрнэ. Чөлөөт хэвлэлийн зорилгоо биелүүлнэ.
Хааяа сонсогддог юм, наад үг чинь.“Үгүй, энэ улстөрчид л биднийг ийм байдалд хүргэлээ” гэж. Энэ бол зөөлөн хэлэхэд инээдтэй юм. Бод л доо, сүүлийн нэг жилийн турш улстөрчид, нэр дэвшигчид бүгдээрээ сэтгүүлч болчихсон шүү дээ. Нөгөө сэтгүүлчид маань хааччихсан бэ? Өнгөрсөн жилийн сонгуулиар л гэхэд бүх орон зайгаа, үзгээ, микрофоноо нэр дэвшигч, горилогчдод тавиад өгчихсөн, өөрсдөө ерөнхийдөө л 2 дугаар эгнээ рүү шилжсэн. Энэ юу хэлээд байна вэ гэхээр улстөрчид увайгүй байна гэхээс илүү манай сэтгүүлчид өөрсдөө мэргэжлийн байж чадахгүй, хүчгүй байгаагийн хамгийн тодорхой илэрхийлэл. Сэтгүүлчийн ажил мэргэжлийг хүссэн хүн хийж болдог сайн дурын уран сайханчийн түвшинд хүртэл үнэгүйдүүлж, мэргэжлийн үнэт зүйл, хэм хэмжээг алдагдууллаа. Энэ бол нэг талаас сэтгүүл зүйн салбар маань өөрөө дархлаагүй болсны хамгийн том жишээ. Нөгөө талаас сонгуулийг ургацын улирал гэдэг шиг цэвэр мөнгөний нүдээр харж байгаатай шууд холбоотой. Бас хэвлэл мэдээллийн зах зээл бага, хөрөнгө оруулалт бага, үүнийг дагаад сэтгүүлчдийн цалин хөлс бага гэдэг шалтгаан, тийм тайлбарыг мэргэжлийн сэтгүүлзүй гэдэг том утгаар нь авч үзвэл ерөөсөө цагаатгах үндэс болохгүй. Болох  ч учиргүй. 

-Сэтгүүлзүйн мэргэжлийн дархлааг дэмжихийн тулд тэгээд ямар “вакцин” хэрэгтэй байна вэ?

-Их товчхон хариулахад хэвлэл мэдээллийн салбар өөрөө мэргэжлийн байх ёстой, сэтгүүлчид мэргэжлийн байх ёстой. Аль хэдийнэ боловсруулагдсан стандарт, зарчим, үйл ажиллагааны хэм хэмжээтэй, тогтсон соёл шүү дээ. Зүгээр л энэ соёлоо дагадаг, зарчмаа баримталдаг болчихвол гүйцээ. Дахиад хэлэхэд сэтгүүлчийн мэргэжлийн алдаа, ёсзүйн  алдаанд улстөрчид буруугүй. Нэгэнт л олон түмнээс санал авах гэж байгаа улс төр хийж байгаа хүн ямар л арга, боломж байна, түүнийг, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглахыг боддог байх. Гэтэл тэдэнд дураар дургиж, буруу булхай байдлаар ашиглах боломжийг нь хэвлэл мэдээллийнхэн бид өөрсдөө олгож өгөөд байна. Энэ утгаараа сэтгүүлзүйн салбар маань мэргэжлийн дархлаагаа эргэж нэг харахгүй бол болохоо больчихжээ. Зүгээр л салхи хөдлөх төдийд хийсээд явчих өвсөн овоохой шиг болчих гээд байна. 

-Та чөлөөт хэвлэл, түүний ном жаягийг сайн мэдэх мэргэжилтэн. Хөгжингүй орны сэтгүүлзүйд төлбөртэй материал гэдэг ойлголт байдаг биз дээ?

-Чөлөөт хэвлэлийн нийтлэг жишгээрээ л явах ёстой. Чөлөөт хэвлэлд төлбөртэй мэдээлэл байлгүй яахав. Хамгийн гол нь сэтгүүлзүйн дүрмээрээ, ёсзүйн зарчмаараа энэ нь төлбөртэй, энэ нь цэвэр сэтгүүл зүйн мэдээлэл гэдгээ заачихсан, тов тодорхой харагдаж ялгарч байдаг. Гэтэл манайд тэгж чадахгүй байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар жишээ татахад, сонгуулийн сурталчилгаа эхлээд дөнгөж тав хонож байхад мэдээллийн хэрэгслүүдийн бүх мэдээ нь шууд төлбөртэй сурталчилгаа болоод хувирчихсан шүү дээ. Сонгуулийн үеэр төлбөртэй мэдээлэл явуулж болно. Гэхдээ уншигч, хэрэглэгчдэд тэр нь ялгарч мэдэгдэхээр илэрхий байх ёстой. Дүрэм журмынх нь дагуу тодотгосон байх ёстой. Харин сэтгүүлзүйн бичлэгийн төрөл зүйл, нийтлэл, нэвтрүүлгийн төрөл хэлбэрийг төлбөртэй нийтлэлд ашиглаж халхавч болгож болдоггүй. Тэгвэл одоо яаж байна гэхээр телевизүүдийн бүтэн цагийн мэдээллийн хөтөлбөр бүхэлдээ төлбөртэй. Улс оронд юу болоод байгаа, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг юу болж байгаа, гадаад улс орны амьдрал гээдбусад чухал, өнөөдрийн хэрэгцээт мэдээлэл орхигдчихож байна. Өөрөөр хэлбэл, мэдээний хэлбэртэй сонгуулийн сурталчилгаа л дийлж байна. Аливаа телевизийн мэдээллийн хөтөлбөр үзэгчдэд хамгийн сурталчилгаанаас ангид,хэрэгтэй чухал хэсэг нь шүү дээ. Тэр хэсгээ төлбөртэй сурталчилгааны талбар болгоод хувиргачихаар мэдээллийн хэрэгсэл маань мөн чанараа алдаж байгаа юм. Энэ хэрээрээ нөгөө үзэгчид уншигчдын, олон нийтийн итгэлийг алдаж байна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үе болоод ч тэр үү сошиал медиа ёстой л “галзуурч” өгч байна даа. Нэгэнт олон нийтийн сүлжээ болохоор тусгай хуулиар зохицуулах боломж бага. Гэхдээ дураар нь орхиж болмооргүй гэж үздэг хүмүүс бий. Таны бодлыг сонсоё?

-Сошиал медиа бол тухайн хүний нь хувийн шинжтэй орон зай.Энэ үүднээсээ ямар нэгэн хуулиар тухайлбал, Сонгуулийн хуулиар “Сонгуулийн үед ингэж ажиллах ёстой” гэдэг хатуу зохицуулалт хийх боломж багатай юм. Зохицуулах гэж хамаагүйоролдох нь үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөө, олон улсын гэрээ конвенцид харшлах тал ч бий. Тэгэхээр сошиал ертөнцийн зохицуулалт маш харьцангүй зүйл. Гэхдээ мэдээж түүгээр дамжуулж хүн гүтгэсэн, нэр төрд халдсан гээд харшлах үйлдэл гаргасан, хууль зөрчсөн бол хууль хяналтын үндсэн зарчмаараа шийдэгдээд явах ёстой юм.

Ярилцсан: Дажсүрэнгийн Лхагвадорж 

 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.