Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Дэлхийн нүдийг хужирлаж буй Монголын өв соёлын 6 дурсгал

Ватиканы нууц архив, Эрмитаж музей, Тайванийн хааны ордонд хадгалагдаж буй монгол үзмэрүүд


Музейн үзмэрүүд зөвхөн үнэт биет, судлагдахуун биш. Харин хүн төрөлхтний туулсан замналын тухай үнэн бөгөөд онцгой түүхийг хүүрнэн өгүүлдэг. Музей үзэх, үзэсгэлэнгээр зочлох нь бахархал, учир шалтгаан, үнэ цэнийг ойлгож ухаарах аялал байдаг. Монголын түүхийг өгүүлэх үнэ цэнэтэй үзмэрүүд дэлхийн томоохон музейнүүдийн сан хөмрөгт багтаж, сая сая жуулчид, үзэгчдийн өмнө Монголын тухай хүүрнэж буй. Тэдгээр үзмэрийн жагсаалтаас дээжлэн хүргэе. 

1. Ватиканы нууц архив дахь монгол хаадын захидал 



Манай дэлхийн хамгийн нууцлаг хэрнээ асар баялаг мэдээллийн сан Ватикан улсад бий. Энэ бол Ватиканы нууц архив юм. Ватиканы номын сан, нууц архивт зөвхөн Ромын папын зөвшөөрөлтэй судлаачид нэвтэрч, үзэж танилцаж болдог бөгөөд номын тавиуруудын нийт урт  нь л гэхэд 85 км болдог, 600 архивын сантай, 40 орчим мянган номтой, дахиад 20 жилийн нөөц байртай. Тэгвэл уг нууц архивт Монголын Их хаан Гүюгээс 1246 онд Ромын пап IV Инносентэд илгээсэн захидал, Ил-хан Абагын “Үг мину” зарлиг (1267 эсвэл 1279 он),  1290 онд  Ил-хан Аргунаас Ромын пап IV Николаст илгээсэн захидал, мөн 1302 онд Ил-хан Газанаас Ромын пап VIII Бонифаст илгээсэн захидлын эх хувиуд 800 жилийн турш хадгалагдаж буй юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд Итали улсад айлчлах үеэр уг архивт Монголын төлөөлөгчдийг нэвтрүүлж, эдгээр захидалтай танилцуулсан бөгөөд гурван захидлын хуулбарыг гардуулсан түүхтэй.

2. Рубиний Урлагийн музей дэх монгол эдлэлүүд



Төвд болон Буддын урлагийн хамгийн том музей болох Рубиний Урлагийн музейд Монголын цамын өмсгөл, баг, хувцас сэлтүүдээс гадна XVIII зууны үед хамаарах гоёмсог эмээл бий. Түүнчлэн Нью-Йоркийн урлагийн халуун цэг болох Челси дүүрэгт орших эл музейд 2015 онд “Занабазарын өв: Монголын урлаг, соёл, нийгэм” нэртэй томоохон үзэсгэлэнг дэлгэж, Морин хуурын гоцлол хөгөимчин Н.Жигжиддорж тоглолтоо толилуулж байсан юм.

3. Тайванийн Үндэсний хааны ордон дахь Монголын өв 



Манжийн Энх-Амгалан хаан Галдан бошигт хааныг дайлахаар Хэрлэн хүртэл ирсэн хэрэгтэй холбогдох манж хэлээрх баримт, XYIII-XIX зууны Ховд, Улиастай хотод суух манж жанжин, сайд нарын манж, хятад хэлээрх айлтгал баримт, Чингис, Хубилай хааны хөрөг зургууд, Манжийн Энх-Амгалан хаан Галдан бошигтыг дайлаар Хэрлэн хүртэл ирсэн хэрэгтэй холбогдох манж хэлээрх баримт, XYIII-XIX зууны Ховд, Улиастай хотод суух манж жанжин, сайд нарын манж, хятад хэлээрх айлтгал баримт ... Маш сонирхолтой сонсогдож байгаа биз? Тэгвэл түүхийн эдгээр дурсгал, үзмэр Тайванийн Үндэсний хааны ордон музейд бий.

4. Эрмитаж дахь Ноён уулын дурсгал



Ноён уулын булш ХХ зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогддог. Хүннүгийн үеийн энэхүү дурсгалыг малтан шинжлэх ажлыг Ю.Д.Талько Грынцевич анх эхлүүлж, 100 орчим булшийг малтаж судлаж байжээ. Дараа нь 1924-1925 онд судлаач П.К.Козловын удирдсан шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон юм. П.К.Козловын экспедици Ноён уулын зургаан булшийг малтаж ховор олдворууд олсныг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлснээс гадна эхэн үеийн олдворууд одоог хүртэл Санкт-Петербург дэх алдарт Эрмитажийн музейд бий. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Монголын түүхэн дурсгалуудыг судлах ажлын хүрээнд тэнд хадгалагдаж буй Ноён уулын олдворуудаас бүрдсэн каталогийг хэвлүүлж буй аж.

5. Хүн төрөлхтний өв Өлзийт хааны бунхан



Иран улсын Занжонь мужийн Султания хот. Энэ газар цагтаа Мөнх хааны дүү Хүлэгүгийн байгуулсан Ил хаант улсын хоёр дахь нийслэл болон өргөжин тэлж Ази, Европыг холбосон худалдааны томоохон төв байв. Одоо бол 1302-1312 онд баригдсан Өлзийт хааны бунханыг зорих жуулчдын хөл тасардаггүй. Иран улсын нийслэл Тегеран хотоос баруун хойш 240 орчим км-т орших энэ хотын суурийг 1290 оны үед ан гөрөө элбэг адуу малын бэлчээр ус сайтай хэмээн Ил хаан Аргун тавьж түүний дараа хүү Газан, Өлзийт нар үргэлжлүүлэн хөгжүүлжээ.

Ил хаадын үеийн хамгийн алдартай түүхийн эл дурсгал 200 тонн цэнхэр номин өнгийн гэр хэлбэр бүхий бөмбөгөр дээвэртэй 49 метр өндөр байгууламж юм.  Гурван давхар энэ том байгууламж дөрвөн их тал дөрвөн бага талаас бүрдэх дугуй хэлбэртэй бөгөөд мөн бөмбөгөр оройн тойрог нь 25 метр гэхэд нэг ч тулаас баганагүй өвөрмөц шийдэлтэй. 2005 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвөөр бүртгэгдсэн эн байгууламжаас сэдэвлэн санаа авч Италийн Флоренцийн Сан-Мари цогчин дуган, Таж махал, Төмөр хааны бунхан зэрэг алдартай барилга байгууламжийг бүтээсэн хэмээн эрдэмтэд батладаг.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд Исламын БНУ-д айлчлахдаа зөвхөн Монгол төдийгүй хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн Өлзийт хааны бунхантай танилцсан бөгөөд хоёр орны Ерөнхийлөгчийн тохиролцсоны хүрээнд тус улс дахь Монголын түүхтэй холбогдох дурсгалуудыг судлах томоохон төсөл хэрэгжиж буй.

6. Түүхийн нууцуудыг хүүрнэх “Суудрын чуулган”



Монголын эзэнт гүрний түүхийн сурвалжийн гол бүтээлийн нэг нь Рашид Ад-Диний "Судрын чуулган" билээ. “Монголын нууц товчоон”-д хараахан дурдаагүй олон үйл явдлыг багтааснаас гадна дэлхийн түүхийг бичих анхны томоохон оролдлого гэдгээрээ онцгой.  Газан (1294-1304) хаан, Монголчуудын уламжлалт эрдэм мэдлэг, түүхийг үлдээх зорилгоор өөрийн сайд Рашид Ад-Динд үүрэг болгон Чингис хаан болон түүний үр удмын талаар бичих даалгавар өгсөн нь “Судрын чуулган” зохиолын цөм болсон юм.  “Судрын чуулган” зохиолыг Өлзийт хааны үед бичиж дууссан бөгөөд өдгөө эх хувилбар нь Турк улсын Истанбул хот дахь Хааны ордон музейд бий. Уг музейгээс “Суудрын чуулган”-ын эхийг электрон хэлбэрээр буулган бэлтгэснээ Ерөнхийлөгчид хүлээлгэн өгсөн нь бий. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.