Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Найрал дууны 70 жилийн ойд: Найрал дуу байхгүй бол дуурь үгүй

Бид ДБЭТ-ын найрал дууны ангийн дуучин Б.Урангоотой ярилцлаа. Тэрбээр Ангидаа хамгийн туршлагатай дуучдын нэг юм.


Энэ жил Монгол Улсад мэргэжлийн найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ой тохиож буй. 1942 онд Улсын төв театрт уригдан ирсэн зөвлөлтийн мэргэжилтэн, найрал дууны багш Ф.И.Клейшко найрал дууны анги байгуулах санал дэвшүүлсний үрээр 1947 онд МАХН-н ТХ-ны Улс төрийн товчоо тогтоол гаргаж, байгуулсан түүхтэй. Улмаар Улсын төв театрт хөгжим, бүжиг, найрал дууны анги байгуулсан нь хожмоо УДБЭТ-ын тулгын гурван чулуу болжээ. Тус театрын найрал дууны ангиас гурван Хөдөлмөрийн баатар, найман Ардын жүжигчин, 25 гавьяат жүжигчин төрсөн байна. Тэр дундаас Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж, Ардын жүжигчин Л.Цогзолмааг нэрлэж болно.

Анх 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан найрал дууны анги өдгөө 50 орчим дуучинтай. Найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан ДБЭТ-аас энэ сарын 14-нд зохион байгуулах “Гранд мелоди” гала тоглолт хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт Сергей Прокофьевын “Александр Невский” магтууг тоглох бол хоёрдугаар хэсэгт тус театрт ажиллаж байсан үе үеийн хормейстрүүд, нэрт хөгжмийн зохиолчдын дан найрал дууны бүтээлүүдээс А капелла дуулах аж. “Александр Невский” бол долоон ангитай, Монголд урьд нь тоглож байгаагүй томоохон бүтээл юм. Ойг тохиолдуулан тус театрынхан DVD-тэй ном гаргахаар зэхжээ. Түүх, шилдэг уран бүтээлчдийн намтар, зургийн цомог зэрэг багтах аж.

Бид ДБЭТ-ын найрал дууны ангийн дуучин Б.Урангоотой ярилцлаа. Тэрбээр Ангидаа хамгийн туршлагатай дуучдын нэг юм.

-Яагаад ДБЭТ-т, тэр дундаа найрал дууны ангид орох болов?

-Анх СУИС-д элсэж ороод сонгодог урлагт дурлах болсон. Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад орох тухай бодож байсан үе бий. Гэхдээ эцэст нь шалгалт өгч тэнцээд хүссэн газартаа ажилд орсон маань энэ. Найрал дууныхан багаараа, бие биеэ дэмнэж ажилладаг нь маш сайхан санагддаг.

-Орохоор тунгааж байсан Цэргийн чуулгадаа дараа нь дуулж үзсэн үү?

-Аль ч чуулгад дуулаагүй. ДБЭТ-таа тасралтгүй 16 жил дуулж байна.

-ДБЭТ-т тавигдсан бүх дуурийн найрал дууны хэсгийг мэдэх үү?

-Манай найрал дууны анги бүрэн бүрэлдэхүүнээрээ дэлхийн, Монголын гэх бүхий л дууриудад дуулсан даа. Найрал дуу гэдэг бол дуурийн цөм. Найрал дуу үгүй бол гоцлол дуучид хэчнээн мундаг дууллаа ч дуурь болохгүй шүү дээ.

-Гадаадын найрал дуучидтай дуулж байв уу?

-2001 онд төгсөж ирээд гурван сар дагалдангаар ажиллаж байгаад есдүгээр сард үндсэн ажилтан болчихоод байж байтал БНХАУ-ын Гуанжоуд олон улсын фестивальд явах болсон. Анхны цалин 56 мянган төгрөгөө, бас болоогүй ээ аав ээжийнхээ ажил орлоо гэж мялаасан мөнгийг аваад явж өгсөн дөө (инээв). Тэрнээс хойш Франц, БНСУ гээд хэд хэдэн газарт ангиараа очиж дуулсан. Саяхан БНСУ-ын Тэжон хотод “Кармен” дуурьт тоглочихоод ирсэн. Их амжилттай болсон болохоор дахиж биднийг уриад ирэх арваннэгдүгээр сард “Травиата”-д тоглохоор дахин явах гэж байна.

-Хамгийн хайртай дууриа нэрлээч? Бас хамгийн дурсамжтай нь?

-Дандаа л сонгодог шилэгдмэл бүтээлүүд тавигддаг учраас яг үүнд илүү дуртай гэх дуурь байхгүй ээ. Ажилдаа дуртай учраас бүх л дуурьт тоглоход сайхан байдаг. Харин хамгийн дурсамжтай гэвэл анх “Кармен”-д гарсан маань байх. Ажилд ороод удаагүй байтал “Кармен” тоглох болоод дуулаач эгч нар “Үсээ яах вэ” гээд л яриад байхаар нь учиргүй сүртэй юм болно  гэж бодоод шөнөжин үсээ цаасаар ороогоод ирж билээ. Эгч нар ч хараад “Миний охин, ёстой гоё бэлдсэн байна. Сайн байна” гэж магтаад л. Тэгээд өнөөхөө тайлсан чинь аймаар арзайчихдаг байгаа. Сайхан буржгар үстэй испани хүүхэн болох гэсэн биш бишдсэн шүү (инээв).

-Хамгийн хэцүү нь?

- “Турандот” одоо ч амаргүй байдаг. Их дээгүүр өнгөөр дуулдаг, найрал дууны хэсэг олонтой.  

-Ямар багш, хормейстрүүдийн удирдлага дор сурч ажиллаж байв?

-СУИС-т 1996 онд элсэж ороод гавьяат жүжигчин Д.Банди багшийн шавь болсон. ДБЭТ-т ороход Б.Нандинцэцэг багш байсан. Г.Энхбаяр, Д.Оюунхишиг гээд цөөнгүй туршлагатай хормейстрийн дор ажиллаж байлаа. Манай ангиас маш олон мундаг дуучин, хөгжмийн зохиолч, жүжигчин төрсөн.

-Танай төгсөлтөөс хамт дуулж байгаа хүн хэд байгаа вэ?

-Бид А, Б группээс 11-үүлээ төгссөн. Манай ангиас гэвэл намайг оруулаад хоёр л хүн энд дуулж байна. “Нюанс” хамтлагийн хоёр дуучин манай ангийн хүүхдүүд шүү дээ. Мэргэжлээрээ ажиллаж байгаа гэвэл бид хэд л байна.

-Монголын ДБЭТ-ын найрал дуу дэндүү цөөхүүлээ гэж шүүмжилдэг юм билээ. Шинээр дуулаачид авч байгаа юу?

-Сопрано, альт гэхчлэн хоолой бүрийг бүрэн гаргахын тулд илүү олон хүн байх хэрэгтэй. Басс, баритон хоолойныхон цөөддөг учраас энэ жил бүл нэмэх байх.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
18 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
18 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.