Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн илтгэлээс онцлох 10 эшлэл

"Эдийн засгийн хямрал зарим талаараа боломж"


Эрдэмт клубээс зохион байгуулдаг “Өглөөний хүн” эртэч уулзалтын 34 дэх зочноор Сангийн дэд сайд Х.Булгантуяа оролцож эдийн засгийн өнөөгийн байдал, татварын шатлал, тэтгэврийн нас, улсын төсвийн бүтэц, алдагдал, хүндрэл бэрхшээлүүдийн талаар нээлттэй ярилцлаа. 
Эдийн засаг бол дан ганц мэргэжилтнүүдийн бус хүн бүрт хамааралтай маш чухал салбар. Эдийн засгийн хямралын үе хэмээн тодорхойлогдож буй энэ эгзэгтэй цаг үед үйл явдлын цөмд нь ажиллаж буй сайдаас сонирхсон асуултаа асууж, өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар залуус өөрсдийн үзэл бодол, үнэтэй саналаа хүргээд амжжээ.

Цаашлаад хувь хүний хөгжил болон олон оронд сурч, ажилласан түүний туршлагын талаарх яриа өрнөж хүн бүрт нэгийг бодогдуулах өгөөжтэй санаануудыг ярилаа. Эрт босвол нэгийг сонсоно гэдэг. Өглөөний 6:45 цагт цугласан залуус эрч хүч, урам зоригоор цэнэглэгдэн өндөр сэтгэгдэлтэйгээр Улаанбаатар хотын төв цэгээс 4 зүг 8 зовхист руу ажилдаа яаран яаран явцгаасан билээ. Сангийн дэд сайд Х.Булгатуяагийн ярианаас онцлох 10 эшлэлийг танд хүргэе.

1. Эдийн засгийн хямрал зарим талаараа боломж

Эдийн засаг өсөлттэй байх үед хийж чадаагүй зүйлсээ уналтын үед хийж чаддаг. Цаашид яах вэ гэдгийг бодох, шийдэх, алдаагаа олж залруулах гээд нэг ёсондоо асар их хурдтай зах зээлийн нийгэмд амьсгаа авч, зөв системийг бүрдүүлэх боломжийг эдийн засгийн хямрал олгодог.

2. Төр оршихуй дор татвар буй, татвар оршихуй дор төр буй

Эрүүл мэнд, боловсролын салбараа сайжруулахыг хүсэж л байвал эдгээр салбарууд зөвхөн татвараас санхүүждэг салбар гэдгийг санах хэрэгтэй. Зарим талаараа татварын хэмжээнээс гадна татварын системээ сайжруулах шаардлага байгаа. НӨАТ-ын баримтын системд шинэчлэл хийж хэрэгжүүлсэнээр 2016 онд НӨАТ-ын орлого 30-40% нэмэгдсэн. 

3. Улсын хөгжилд залуусын оролцоо, дуу хоолой чухал

Сонгуулийн үеэр мөрийн хөтөлбөр хэлэлцүүлэхээр иргэдтэй уулзалт зохион байгуулахад дандаа эмээ, өвөө нар ирдэг. Тэд тэтгэврийн хэмжээ бага, тэтгэврийн зээлийн хүү бууруулмаар байна гэдэг. Ингээд энэ нь мөрийн хөтөлбөрт тусгагддаг. Гэтэл залуусын хувьд мөрийн хөтөлбөрийг огт уншиж үзээгүй, боломж нь байхад саналаа илэрхийлдэггүй. Тэдний оролцоо өнөөдрийнх шиг сул байгаа цагт намын болоод улсын бодлого залуусын хүсэл, хэрэгцээнд бүрэн нийцэхэд хэцүү.

4. Бүтээн байгуулалт бүхэн үр ашигтай байсан уу гэдгийг эргэж харах хэрэгтэй

Улаанбаатар хотод хүн амын нягтрал их сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, шинээр сургууль, цэцэрлэг төлөвлөх шаардлага их байдаг. Гэтэл бид жил бүр аль нэг сум, аль нэг аймагт сургууль, цэцэрлэг, соёлын төв зэргийг төсөвлөдөг. УИХ-ын гишүүд нь өөрийн сонгогдож гарч ирсэн тойрогтоо нэг ч гэсэн бүтээн байгуулалтын төсөв авахыг эрмэлздэгтэй бас холбоотой. Гэтэл яг тэр орон нутагт өнөөдөр зайлшгүй хэрэгтэй юу гэдэг асуудал чухал. Энэ тал дээр бид өнгөрсөнд хийсэн бүтээн байгуулалтын ажилдаа дүгнэлт хийх, сайжруулах шаардлага байгаа.

5. Монгол улс үнэлэгдэхэд Монголын залуучууд үнэлэгдэнэ

Монгол хүний оюуны чадавхи өндөр гэдэг, гэвч олон улсын түвшинд өөрийн чадвараа батлан харуулахад залуус биднээс маш их хүч хөдөлмөр шаардагддаг нь нууц биш. Өнөөдөр Монголд яг ижил ажил хийж байгаа монгол болоод гадаад иргэний цалин, хангамж тэнгэр газар шиг ялгаатай байгаа. Монгол залуучууд тэдний адил, тэднээс илүү үнэлэгддэг болохын тулд эхлээд Монгол улс өөрөө боловсролоороо, ёс суртахуунаараа үнэлэгдэх ёстой. 

6. Бид өөрсдөдөө үүрэг хүлээх хэрэгтэй

Би Дэлхийн банкинд төслийн зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа Африкийн олон оронд тусламжийн төслүүд дээр очин ажиллаж байсан. Гэхдээ миний сурч мэдсэн мэдлэг, чадвар маань Монгол улсад илүү хэрэгтэй учраас би эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах ёстой гэж үзэн Монголдоо ажиллахаар ирсэн, үүнийгээ миний үүрэг гэж хүлээж авсан.

7. Мэдээ мэдээлэлд анализ хийж сур

Хэн нэг хүний яриаг сонсоод шууд дүгнэлт хийх хандлага манайд олонтаа. Аливаа асуудалд олон талын үгийг сонсож, түүндээ өөрөө анализ хийж дүгнэх чадвар хэрэгтэй. Манай сургалтын тогтолцоонд багшийн үгийг шууд мэдлэг болгон цээжлэхийг сургадагтай холбоотой болов уу. Америкт сурсан туршлага маань багшийн ярьсан бүхэн үнэн биш, бид санал нийлэхгүй байж болдог гэдгийг ойлгуулсан.

8. Өөрийгөө бүү гол

Би магистрын зэргээ Америкт хамгаалахаар шийдээд байх үедээ Харвардад тэнцэхгүй гээд материал явуулах мөнгөө хэмнэхээр шийдэж шилдэг сургуулиудын жагсаалтаас хоёрхон л сургууль сонгон өргөдөл, материалаа явуулсан юм. Харин дараа нь Америкийн шилдэг сургуулиудын нэг болох Иелийн Их Сургуульд тэнцсэнээ мэдээд Харвардад ч бас тэнцэх байсан болов уу гэсэн бодол надаас салаагүй. Хэзээ ч өөрийгөө бүү гол, үргэлж оргил руу нь тэмүүлж байх хэрэгтэй.

9. Ямар нэг зүйлийг маш сайн эзэмш

Би Монгол, Хятад, Японд сурч байхдаа хичээлийн хажуугаар англи хэл заадаг байлаа. Миний суурь англи хэл маш сайн байсны ачаар би аяга, тавга угаахын оронд цагийн багш хийж амжиргааны мөнгөө олж чаддаг байсан. Хүн аливаа нэг зүйлийг сайн эзэмшвэл түүгээрээ орлого олж болдогийн жишээ.

10. Өөртөө "завгүй" гэж хэлэхээ болих хэрэгтэй

Америкийн ерөнхийлөгчид хүртэл фитнесст явж, дасгал хийх цаг байдаг. Бид өөрсдийгөө их ажилтай, завгүй, амжихгүй байна гэдэг үгээр ямар нэгэн зүйлээс чөлөөлж, завгүй гэдэгтээ өөрийгөө итгүүлдэг. Хувийн зохион байгуулалтаа сайжруулж чадвал өглөө 7 цагт фитнесстээ явчихаад өдрийн ажлаа эхлүүлэх боломжтой.

14 хоногт нэг удаа, Пүрэв гаригт болдог Эрдэмт клубийн “Өглөөний хүн” өглөөний уулзалтын тухай дэлгэрэнгүйг 99001584 болон Эрдэмт хаягаас аваарай.

Дараагийн уулзалт 5-р сарын 11-нд болох ба зочноор Монголын Санхүүгийн Биржийн захирал Д.Ангар оролцож  “Хөрөнгийн зах зээл ба шинэ боломжууд” сэдвээр ярилцах юм байна. 

Нийтлэл бэлтгэсэн: Г. Лхамсүрэн

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
20
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.