Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Авторын булан | Популистууд буюу бурхантай барьцагсад


Энэхүү нийтлэл "Гэрэг" сэтгүүлийн 2015 оны аравдугаар сарын дугаарт гарч байв. 

God is a popstar, and the show starts now
God is a popstar, hear the screaming crowd
God is a popstar, master of it all
God is a popstar, 'til the curtain falls
Oomph! “God Is A Popstar”

Бурхан бол хорвоогийн хамгийн популист бодьгал мөн. Энэ амьдралд биелшгүй орчин нөхцөл, амар амгалан, хайр халамж, амраг сэтгэл, шударга ёс, эд баялаг, идээ будаа, гутал хувцас... Ер нь л хүний амьд ахуйдаа эдэлж чадаагүй, чадах ч үгүй бүхнийг Бурхан огтоос эргэлзэлгүй амладаг учраас хүн төрөлхтөн түүнд итгэсээр ирсэн билээ.

Бурхны нэр хүнд сүүлийн ганц хоёрхон зуунд сүрхий ганхсан боловч “Жаргал гэмээнэ согтоож ирэхийн цагт Бурхныг бид мартаж, зовлон гэмээнэ цочоож ирэхийн цагт Бурхныг бид санадаг” юм хойно тэрбээр өрсөлдөгч нараасаа хавьгүй чансаа өндөртэй яваа. Бурхан бол чанадын популист ажгуу.
Гэхдээ бидний түүхийн туршид Бурхантай мөчөөрхөгсөд оршсоор байсан бөгөөд цаашдаа ч улам олшрох төлөв тодорхой харагдаж байна. Тэднийг бид өдгөө “популистууд” хэмээн нэрлэж заншжээ. Популистуудын үг яриа, үйл хөдлөл Бурхныг давах гэсэн мэт харагдах авч, амьдралын үнэний өмнө амархан бүдэрдэг сул талтай ажээ.

АЛАГ МОРЬ

Бурхан хүнээс дээгүүр оршихуй гэдгээ шууд зарладаг. Харин популистууд хүн лугаа адил гэдгээ боломж гарах тоолонд батлах гэж хичээдэг. Цогт хунтайж цагаан ястай, язгууртан атлаа ард олонтойгоо адил алаг морь унадаг байсан гэх домог өнөөдрийг хүрчээ. Бидний сайн мэдэх эртний популист бол Цогт хунтайж.

Ард түмэн удирдагчид нь ядаж л гадаад байдлаараа өөрсөдтэй нь адил байгаад нэн талархалтай ханддагийг Цогт олж харсан байна.

Харин сүүлийн дөрвөн жилийн дотор Цогтыг давах популист улстөрчдийн дундаас олноор төрлөө. Монголын толгой баячуудын тоонд багтдаг Зам, тээврийн сайд М.Зоригт эгэл боргил амьдралд хамгийн элэгтэй монгол хүн болж хувирсан.

М.Зоригтын фэйсбүүк, твийтэрээс охид хүүхнүүдийн зургаас гадна хөдөө хөхөрч, гадаа гандавч огтоос ажрахгүй суугаа өөрийнх нь төрхийг олж харах учиртай юм. Тэдний гэр бүл хоол хүнсэнд сардаа хэдэн төгрөг зарцуулдгийг нь мэдэхгүй боловч М.Зоригтын зургаар бол толгой, цувдайхан. Хүн амынх нь 30 хувийг эзэлдэг ядуус тийм л юмаар гол зогоож байхад түүний энэ зураг хамгийн “гоё” нь билээ. 

Юу байгаагаа бөхдөө барьж гүйдэг Монголын дэвжээнд 10 жил завсарлагагүй шахам босоо үлдэж, хамаг шагналыг нь хамсан Даяар дуурсагдах далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн болсноосоо хойш даруухан амьдралтай хүний нэгээр тодорсон. Монголд анхны “Patrol” жийпээр гангарч явсан аварга өнгөрсөн өвөл өөрөө яажшуухан багтдаг юм гэмээр хөгийн машин унасан зургаа олонд харуулав.

Жижигхэн ч болов машингүй иргэд олон байгааг анзаарсан Б.Бат-Эрдэнэ ердөө маргааш нь л нийтийн тээврээр зорчиж яваагаа тунхаглан зарлаж байлаа. Өнөө цагт алаг морийг автобусаар орлуулах нь хамгийн ухаалаг арга яах аргагүй мөн. Популист улстөрч баян чинээлэг байх тусмаа эгэл ард шигээ амьдардаг мэт, ядаж л тэдний дунд яваа мэт сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг аж.

АЛАГ ЗҮРХ

Олонхийн санал авсан нь эрх мэдэл, эд хөрөнгөд хүрдэг учир ардчиллын жилүүдэд популистын тоо эрс нэмэгдсэн билээ. Аль ч намын анхны ардчилсан сонгуулийн уриаг өнөөдрийнхтэй нь харьцуулж үзвэл газар тэнгэр шиг ялгаа харагдана. Энэ зуур манай улс төрд зөвхөн популизм хийж амьдардаг бүлэг бий болжээ.

Популистын ярьж хэлж байгаа нь энгийн хүний сэтгэлд амархан хүрэх боловч учир шалтгааныг нь ухаад үзвэл бүтэшгүй зүйл байдаг. Ар гэр, эхнэр хүүхдээсээ илүү эх орон, ард түмнээ гэж яваа улстөрч эрх мэдэлд хүрсэн хойноо л ахуй амьдралаа сэвхийтэл өөд татдаг сул талтай юм. 

Бие дааж УИХ-ын гишүүн болоод Ардчиллын бэлгэ тэмдгийн хэмжээнд хүртэл үнэлэгдэн гялалзаж явсан Л.Гүндалай хүссэн албан тушаалыг нь өгөхгүй гэмэгц намаасаа гарч, “Ард түмний нам” байгуулсан. Төдөлгүй албан тушаалаа ашиглан идэж уусан нь тогтоогдоод шоронд ачигдахын даваан дээр намаа татан буулгаж, АН-даа эргээд элсэв. Гэвч сонгуульд ялаагүй учир суудалгүй хоцорчихоод, бас өгсөн албан тушаалыг нь голоод “Ард түмнээ хайрлая” намаа бүртгүүллээ. Чухамдаа УИХ-ын ганцхан суудлын төлөө байгуулсан нам ард биднийгээ хэрхэн хайрлахыг хэзээ ч бид харахгүй. Харин олонхийн санал авахын тулд бусдыг үймүүлэх, алиалж марзаганахыг нь хангалттай үзнэ. 

Өдгөө Монголын хамгийн өндөр чансаатай улстөрчөөр тодорчихоод яваа “Босоо” хэмээх С.Ганбаатарын амжилтын нууц улс төрийн албан тушаал хашаагүйд нь л бий. Түмнийг уриалан жагсаж Төрийн ордон гороолж яваад нэг эргээд харахад дотор нь ороод суучихсан энэ залуу ирээдүйд бидэнд ихийг үзүүлнэ.

Өөрийгөө 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч болчихсон хэмээн төсөөлж яваа С.Ганбаатар үүнийхээ төлөө хэнтэй ч, ямар ч улс төрийн наймаа хийхэд бэлэн суугаа.

Гэхдээ түүний алагхан зүрх одоохондоо ард биднийгээ гээд тайван ч унтаж чадахгүй Ховдын хязгаараас шөнө дөлөөр улс төрийн мэдэгдэл хийхтэйгээ нинжин байгаа. Бурханд бид хувь заяагаа итгэн даатгуулж гэмээнэ л сая худал, үнэн нь хэзээ ч үл ялгагдах тансаг амлалт өгдөг оршихуй билээ.

БААСТАЙ БУРХАН

Бурхан бол популист. Энэ амьдралдаа гагц буяныг хичээж амьдарсан хүн үхсэн хойноо л эдэлж дуусахгүй жаргалд умбана гэж ичихгүй амладаг улстөрч юм. Харин түүний амлалт үнэн эсэхийг одоогоор хэлээд өгөх сүсэгтэн-талийгаач тодроогүй байна.

Бидний төлөө амь амьдралаа зориулахад бэлэн явсан популистууд эрх мэдэлд хүрээд захаасаа гууль нь цухуйгаад ирсэн билээ. Хэдүүлээ одоо бол популистуудыг гууль нь цухуйсан ба цухуйгаагүй гэж хоёр ангилах нь зүйтэй юм. Бурхан хүртэл баастай байдаг гэнэ лээ.

Нийтлэлийг Д.Батбаяр 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
48
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.