Хайх зүйлээ бичнэ үү

Түүний уран бүтээл болон хувь хүнийх нь тухай дэлгэрэнгүй ярилцлагыг хүлээн авна уу.

Сүүлийн үед хэд хэдэн шинэ клипээ цацаж, тун удахгүй бие даасан тоглолтоо хийхээр болсон Б.Маралжингоогийн фенүүд ёстой л магнайгаа хагартал баярлаж суугаа нь лавтай. Түүний уран бүтээл болон хувь хүнийх нь тухай дэлгэрэнгүй ярилцлагыг хүлээн авна уу. Шив шинэхэн, шүүслэг мэдээллээр дүүрэн Б.Маралжингоогийн ярилцлага таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

-Сайн байна уу. Хоёулаа уран бүтээлийн олз омог арвинтай, ярьж дуулгах сонин ихтэйгээр уулзаж байна. Маралжингоо уран бүтээлдээ “ханцуй шамлан” орсон бололтой сүүлийн үед дараалан шинэ клипүүдээ цацсан. Мөн удахгүй бие даасан тоглолтоо хийх тухай сайхан мэдээг ч сонсогчиддоо дуулгачихлаа. 

-Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Он гарснаас хойш нэлээд олон дуун дээр ажиллаж байна. Эдгээрээс “Огторгуйд замхрахаас өмнө”, энэ долоо хоногт нээлтээ хийсэн “ТҮЦ”-ний охид” киноны дуу болон Одонбат, МО-той хамтран дуулсан “Miss U” гурван дуугаа дүрсжүүлж, олон нийтэд цацсан. Мөн дараа дараагийн уран бүтээлүүдээ төлөвлөөд, хуваарийн дагуу ажиллаж байна. 

Би жилдээ уран бүтээлийн журмаар цөөхөн дуун дээр ажиллаж, ганц хоёр уран бүтээл заавал гаргадаг. Гэхдээ “promotion” талдаа сул байсан гэж болно. Харин энэ жил өмнө нь гаргасан дуунуудаа олон нийтэд хүргэхээр эхнээс нь дүрсжүүлээд ажиллаж байна даа.   

-Тоглолтын хувьд…?

-Миний дуунуудыг сонсдог, уран бүтээлийг минь хүлээдэг хүмүүстээ албан ёсоор хүндэтгэлтэйгээр тоглолтоо хийж, хамтдаа дуулж нэг оройг сайхан өнгөрүүлэх болсондоо маш их баяртай байгаа. Тоглолтоо ирэх сарын эхээр хийхээр төлөвлөсөн. Сүүлд гаргасан шинэ дуунууд болон, өмнө нь гаргасан олон сайхан уран бүтээлүүдээ дуулна. Арав гаруй жилийн хугацаанд чамгүй олон уран бүтээл гаргаж, хүмүүст хүргэжээ. Тийм болохоор сонсогчдынхоо дуртай уран бүтээлийг дандаа амьд хөгжимтэй дуулахаар бэлтгэл ажилдаа орчихсон. Хөгжмийг “A-Sound” хамтлагийнхан тоглоно. Зарим дууны хөгжмийн найруулгыг шинэчилж, гоё хөгжимтэй, сайхан тоглолт хийхээр зорьж байна. Бусад мэдээллийг тухай бүрт нь зарлаад явна. 

-“Огторгуйд замхрахаас өмнө” дууны клип нь ч, үг ая нь ч өвөрмөц болсон байсан. Ая зохиогч Д.Гангатай хамтран бүтээсэн хэд хэдэн дууных нь нэг юм билээ. Энэ дууны онцлог  нь юу байв?

-“Өөр өөрийн зүгт”, “Огторгуйд замхрахаас өмнө” зэрэг дуунууд яг нэг зун бүтсэн. Одоогоос хоёр жилийн өмнө юм. Шинэ хөгжим, шинэ уран бүтээлүүд дээр ажиллаж үзмээр санагдаад, хуримтлал үүсгэсэн байсан л даа. Тэр хуримтлалаа хэрхэн зарцуулж, ямар хөгжмийн зохиолчтой ажиллавал илүү сайн ойлголцох бол гэж бодож байгаад эргэлзээгүйгээр Ганга ах, Daisy эгч хоёрт хандсан. Тэгэхэд Ганга ахын “Төөрсөн бодол хөврөн хөврөн, үе үе” гээд дуу нь надад маш их таалагдсан. Бас Daisy эгчийн дуунуудад дуртай, гоё дуу олонтой. Жишээлбэл, “Мөрөөдлийн төгсгөл” нэртэй “Бүү гунигла. Сунадаг шат надад бий” гээд л дуу болон цомогт нь жинхэнэ дурлаж байлаа. Ганга ах, Daisy эгч хоёрын хөгжмүүд их гоё л доо. Тэр зун их дурсамжтай, сайхан зун байсан. “Огторгуйд замхрахаас өмнө” дууг бүтээхийн тулд бид хэд зугаалганд явж, агаарт гараад уран бүтээлийнхээ тухай ярилцаж, бүтээсэн түүхтэй. Тэр хоёр аливаа уран бүтээл хийхдээ нухацтай хандаж, орчноо бүрдүүлэн тэндээс авсан мэдрэмжээрээ уран бүтээлээ хийдэг онцлогтой юм билээ. Ер нь жилд 30-аас илүү дуу хийдэг ч юм уу, аливаа зүйлийг амар хялбар талаас нь хийж, ашиг олох хүсэлтэй арилжааны тал руу чиглэсэн уран бүтээлчид мэр сэр байдаг. Харин Ганга ах, Daisy эгч хоёр уран бүтээлдээ сэтгэлээ шингээж, чанарт анхаарлаа хандуулдаг нь надад маш их таалагддаг. Монголын Жонни Кэш, Жун Картер Кэш гэж хэлж болмоор санагддаг. “Огторгуйд замхрахаас өмнө” бол миний амьдралын дурсамжийн нэг хэсэг болсон дуу. Клипний хувьд дан залуучуудаас бүрдсэн “Sentience”-ийн видео багийнхан хийсэн. Тэд нар их бүтээлч сэтгэлгээтэй баг. Энэ дууг сонсоод л эхний буулгасан үзэгдэл дээр тулгуурлаад клипээ хийсэн. Өнгө болоод агуулгын хувьд дажгүй сайн клип болсон гэж бодож байгаа.

-Анх “Чамайгаа алдмааргүй байна” дуугаар олонд танигдсанаас хойш олон жил өнгөрчээ. Хүмүүс өөрийн тань дуунуудад дурлаж, хоолойнх нь цар хүрээг магтан сайшаадаг. Дуулаачийн мэргэжлээр сургуулийг нь төгсөөгүй хэрнээ яаж энэ чадварыг өөртөө суулгаж чадсан юм бэ?

-Ер нь гэр бүлийн хүмүүжил их нөлөөлсөн. Багаасаа л Шуберт, Дебюсси, Шопений сонгодог ая сонсох дуртай хүүхэд байлаа. Нөгөө талаас аав минь “AC DC”, “Pink Floyd”, “Radiohead”, “Deep purple” зэрэг хамгийн топ хамтлагуудыг сонсоно. Ухаан орсон цагаасаа л аав ээжтэйгээ сонссон дуу, үзсэн киноныхоо тухай ярьж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байсан минь дуучин болоход их түлхэц болсон болов уу. Манай аавын урлагийн талаарх төсөөллүүд нь чимхлүүр хэрнээ их уран. Төсөөллийн тухай яриа нь миний сэтгэлийг их хөдөлгөдөг л дөө. Өссөн орчин минь тийм болохоор урлаг, уран бүтээлийг шимж, мэдэрч хийх дуртай. Дуу хөгжим бол миний сонирхлыг хамгийн ихээр татдаг, амьдрал минь чухал хэсэг.  

Боловсролын хувьд би тэс өөр мэргэжилтэй. Манай улсын нөхцөлд дан уран бүтээл хийгээд амьдрах боломж хязгаарлагдмал шүү дээ. Тийм болохоор урлаг, академик талаа эн тэнцүү авч явах шаардлагатай юм шиг санагддаг. Урлагийн чиглэлээр гэвэл багадаа Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын ангид сурч байсан. Үүн дээр тулгуурлаад төрмөл авьяас чадвараа хөгжүүлээд л уран бүтээлээ туурвиад явж байна. 

-“Чиний хар шил” гэж дууг өөрөө зохиосон гэсэн. Үүнийгээ сонсогчиддоо хүргэх төлөвлөгөө байгаа юу?

-Багадаа зохиосон хэд хэдэн хөгжим, шүлэг бий. “Чиний хар шил” дуугаа олон жилийн өмнө зохиож байсан ч хав дарчихсан байгаа. Ер нь зохиосон дуугаа уран бүтээлүүдтэйгээ нэгтгээд цомог болгох төлөвлөгөө байдаг. Бас дүү маань маш гоё хөгжим зохиодог учраас уран бүтээлүүдийг нь заавал гаргана гэж боддог. Дүүдээ хайртайдаа тэгж байгаа юм биш шүү. Хөгжмүүд нь сэтгэлд хүрч чаддаг болохоор хамтарсан уран бүтээл хийх хүсэлтэй. Дүү минь бөмбөр, гитар тоглодог, надаас ч илүү авьяастай, мэдрэмжтэй залуу бий. Гэхдээ хөгжимд маш их хайртай ч урлагаас өөр чиглэлээр ажиллах сонирхолтой. 

-Танд шүлэг бичих, хөгжим зохиохоос гадна өөр нууцлагдмал авьяас байдаг уу?

-Өөр авьяас гэхээс илүүтэйгээр би кинонд тоглохыг хүсдэг. Манай өвөө Цэрэннадмид гэж жүжигчин байсан. Хүмүүст “Энэ хүүхнүүд үү” киноны Идэр болон “Тунгалаг тамир” киноны Бадарч тахарын дүрээрээ танигдсан. Ер нь жүжиглэх гэдэг сонирхолтой, өвөрмөц хэрнээ хэцүү урлаг юм билээ. 

-Дуугаа хэрхэн мэдэрч, яаж дуундаа ордог вэ. Таны дуунуудыг сонсоход, нугалаа, өргөлтийг маш сайхан “шаглаж” дуулж байгаа юм шиг сонсогддог.

-Багаасаа л сонгодог болон бусад жанрын хөгжим их сонсдог байсан. Хөгжим сонсоод л байхаар өөрт суучихдаг. Яг төрөлхийн мэдрэмжтэй, техниктэй юм шиг л өөрт суучихдаг юм уу гэж надад санагддаг. Тийм учраас энэ дууны энэ хэсэгт нь, тэр хавьд нь тэгнэ дээ гэж бодож, дуулдаггүй. Дуугаа дуулаад л дараа нь сонсоод хянадаг. Тэгээд арай дутмаг, ажиллагаа хэрэгтэй хэсэг дээр нь багахан ажилладаг л даа. Түүнээс биш анхнаасаа дуугаа төлөвлөж, яг тэр төлөвлөснийхөө дагуу дуулна гэж байхгүй. Дуулах үеийн мэдрэмж гэдэг төлөвлөж боломгүй зүйл байх. 

“Яг түүн шиг” шоунд оролцохдоо ялагч болохын тулд улайрч байгаагүй

-Хэзээ ч мартдаггүй шүүмжлэл, зэмлэл байдаг уу. Тийм бол хэн ийм хүчтэй зэмлэлийг хэлж байв?

-Надад хамгийн сайн, хэрэгтэй шүүмжлэлийг гэр бүлийнхэн маань хэлдэг. Олон жилийн өмнө нэг дуун дээр ажиллаж байхад аав минь “Миний охин зүгээр л сонс. Тэгээд сонссоныхоо дагуу дуул. Битгий хэтрүүл. Цэнхэр өнгө цэнхрээрээ л байх хэрэгтэй. Цэнхэр өнгийг дуулахын тулд цэнхэр өнгө шиг дуулах хэрэгтэй. Хэрвээ үзмэн ягаан өнгө дусчихвал өөр болчихно. Тийм болохоор дууныхаа уур амьсгалыг мэдрээд, дээшээ ч үгүй, доошоо ч үгүй яг л байгаагаар нь дуулж сур” гэж надад хэлсэн. Энэ зөвлөмж, шүүмжлэлийг эрт ойлгож, хүлээгээд авчихсан учраас жаахнаасаа л “хөгшин хүн” шиг /илүү техниктэй, мэдрэмжтэй/ дуулаад сурсан юм болов уу. Би багадаа хүмүүсийн шүүмжлэлийг уйлж хүлээж авдаг байлаа. Ээж, аавын насны хүмүүс “Балиар бүдүүн авгай” гэх мэтээр аймаар хэлдэг байсан. Тэгэхэд шоконд орж эмзэглээд гэртээ 7 хоногоор бүгж л байсан. Одоо бол шүүмжлэл, зэмлэлийг хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгаж салгаад сурчихсан даа. Хүмүүс заримдаа стресс бухимдлаасаа болж, хамаа замбараагүйгээр янз бүрийн зүйл ярьчихдаг шүү дээ.

-Магтаал сайшаалыг олон хүнээс сонссон гэдэгт итгэлтэй байна.

-Тийм ээ. Олон хүнээс магтаал, урмын үг сонсож байсан. Ахмад үеийн уран бүтээлчдээсээ, шинэ үеийн залуу дуучдаас ч магтаал сонсдог. Хамгийн сайхан магтаалыг бол уран бүтээлийг минь сонсдог хүмүүс л хэлдэг юм билээ. Гадаад, дотоодоос олон хүн холбогдож, уран бүтээлд минь амжилт хүсдэг нь сайхан санагддаг. Заримдаа шөнө гэнэт утас дуугараад авахаар “Сайн байна уу, наана чинь шөнө болж байгааг мартсан байна уучлаарай” гэж байгаад л урмын сайхан үг хэлдэг ч үе бий. Тэгэхээр “Ёонк” гээд л сэргээд ирнэ шүү. Зарим хүн сэтгэл санаагаар уначихсан үед мэдсэн юм шиг холбогдоод, сэтгэл сэргээчихдэг үе байдаг. Тэр бүгдээс л урам зориг авч, цаашдаа илүү сайн дуу гаргах хүсэл төрж, хичээж ажилладаг. 

-Тайзан дээр гарахдаа хэр их догдолдог вэ. Одоо бүр дасчихсан уу? 

-Хэзээ ч, хаана ч байсан тайзан дээр гарахдаа догдолдог. Тайз руу гармагцаа эрч хүчтэй, өөртөө итгэлтэй болдог. Харин тайзнаас буухдаа даруухан охин болчихно. Тайзан дээрх Маралжингоо, тайзнаас буусан Маралжингоо хоёр өөр. Тайзан дээрх Маралжингоог найз минь “Кеша” гэж нэрлэдэг. Дээр үеийн тотьтой орос хүүхэлдэйн кино байдаг даа, мэдэх үү. Кеша тотьтой адилхан санагддаг гэсэн. Эмэгтэйчүүд тайзан дээр гарахдаа ялдам, үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг бол би эршүүд байдаг нь миний сул тал байх.

-Тэгвэл амьдрал дээрх сул тал нь юу вэ? 

-Амьдрал дээр өөрийгөө зарим зүйлд хангалттай үнэлэхгүйгээс болж боломжуудаа алддаг. Цаг хугацаандаа амжилгүй, ямар нэгэн зүйл алдана гэдэг их харамсалтай. Бусдаар бол гайгүй. Хүн бүхэн л сул болон давуу талтай байдаг шүү дээ. 

-“Яг түүн шиг-1” шоунд оролцож байсны хувьд жаргал, зовлонг нь сайн мэдэх байх. Нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын оролцогчдын чанар чансаа, өрсөлдөөн хэр байна вэ?

-Энэ бол шоу. Түүнээс биш хэн нэгнийг дүгнэж, цэгнэх шаардлагагүй. Хүмүүс шоуг үзэхээрээ оролцогчдын талаар янз бүрийн л юм ярьдаг. Уг нь энэ бол хөнгөхөн, хөгжөөнтэй, нийгмийг эерэг байлгах зорилготой контент шүү дээ. Жишээ нь, шоунд оролцож байхдаа би ялагч болохын төлөө хэзээ ч улайрч байгаагүй. Зүгээр л тухайн үедээ өөртөө болон үзэгчдэд “happy” байдлыг мэдрүүлэх нь чухал байсан. Ямар алдартныг сонгож, үзүүлбэрээ яаж үзүүлэхээс шалтгаалаад хэн нэг нь гэнэт “цоорчихдог” болохоор оролцогчдыг дүгнэх аргагүй. Энэ жилийн найман оролцогч хүчтэй санагдсан. Хишигдалай гэхэд л бие даасан, эрч хүчтэй эмэгтэй, Бархүү ах тайзыг яаж эзэгнэхээ маш сайн ойлгосон байгаа, Ганхүү ах олон талаараа сонирхолтой оролцогч. Гэх мэтээр оролцогч бүр өөрийн онцлогтой. 

-Баззер Хишигдалайд өөрийг тань дуурайх даалгавар олгосон. Түүний үзүүлбэр хэр санагдсан бэ?

-Хишигдалай өвөрмөц хоолойтой. Би бас л өөр хоолойтой. Тэгэхээр бие биенийхээ хоолойг гаргах хэцүү. Гэтэл Далай намайг маш сайн дуурайсан, надтай адилхан юм шиг санагдсан шүү. Угаасаа “17 нас” дууг анх дуулж байхдаа тайзан дээр гараад хийдэг хөдөлгөөн бол яг тийм л байсан. 

-Нэг ярилцлагадаа “Гэрийнхэн маань намайг бага байхад “өөв, өөв” гэж өхөөрдөж дууддаг нь сүүлдээ Өүлэн болсон” гэсэн байсан. Одоо ч гэрийнхэн нь “өөв өөв” эсвэл “Өүлэн” гэж дууддаг уу?

-Намайг Өүлэн гэж дууддаг гэдэг бол үнэхээр худлаа. Намайг төрөхөд аав маань “Үзэсгэлэнт охин-буга” гэсэн утгатай Маралжингоо гэж нэр хайрласан. Бага байхад амьдаа байдаггүй байлаа. Одоо надаас олон насаар дүү, бяцхан амьдаануудтай болсон. 

-Аав ээж, гэр бүлийнхэнтэйгээ их ойр дотно юм билээ. Өвөө эмээтэйгээ хэр ойр өссөн бэ. Өвөө эмээгийн хүүхдүүд бусдаас арай л өөр байдаг юм шиг.

-Би хоёр өвөөгөө хоёуланг нь хараагүй. Намайг төрөхөөс өмнө бурхан болсон. Гэхдээ би жинхэнэ эмээгийн хүүхэд байсан. Эмээ маань намайг хар нялхаас минь өсгөж, торниулсан ачтан. Надтай үргэлж хамт байж, миний өмнөөс бараг сурч, хичээлд цуг явдаг байлаа. Хөөрхий минь, ойлгохгүй байж мэргэжлийн хичээлийг /Хөгжим бүжгийн коллеж, Төгөлдөр хуурийн анги/ минь нэгд нэгэнгүй бичиж тэмдэглэчихдэг байж билээ. Багшийн загнаж байгааг хүртэл үг, үсэггүй тэмдэглэнэ гээд бод доо. Дараа нь намайг мэргэжлийнхээ хичээлийг давтаж байхад хажууд суугаад “Гараа хатга, хатга. Чи чанга хатгаад байна. Наад гараа сулла, хоёрдугаар хуруу чинь ийм байх ёстой” гээд л бүх зүйлийг хэлдэг байсан, миний эмээ. Бүхий л үед надтай хамгийн ойр байж, чин сэтгэл зүрхээ надад зориулсан хүн.  Миний хамгийн хайртай, хамгийн үнэ цэнэтэй хүн бол эмээ минь. 

-Маралжингоо айлын ганц охин. Том болсон ч аав ээжийнхээ хайранд бөмбөрч, эрхэлсээр л байна уу?

-Би нэг ахтай, эрэгтэй дүүтэй. Айлын ганц охин болохоор ерөнхийдөө эрх шүү. Угаасаа энэ байдлаа хаяж, гээж чаддаггүй юм аа. Аав ээж хоёр ч бидэнтэй бага байхад яаж харилцдаг байсан тэр байдлаа одоо ч хэвээр нь хадгалдаг. Ах маань тусдаа гарчихсан. Харин дүү бид хоёр эдийн засгийн хувьд хараат биш ч гэсэн аав ээжээсээ “салаагүй” л явж байна. Харилцааны хувьд хэзээ ч аав ээжээсээ тусдаа гарахааргүй хоёр эрх хүүхэд байна. 

 Амьдралд хайртай, өөдрөг эрчүүд миний сэтгэлийг татдаг

-Тусдаа гарах гэснээс гэр бүлтэй болох талаар төлөвлөсөн үү?

-Яг төлөвлөсөн зүйлгүй. Болох зүйл жамаараа л болно. Үнэхээр сэтгэл санаа нийлсэн, амьдралыг хамт туулах хүнээ оллоо гэж бодвол гэр бүл зохиож, хүүхэд төрүүлэхээс татгалзахгүй. 

-Ноднин реппер Gee хуримаа хийсэн. Нэгэн цагт үерхэж явсны хувьд гэгээн гуниг төрдөг ч юм уу, сэтгэл санаа нь тогтворгүй болсон мэт мэдрэмж төрсөн үү?

-Би Gee-тэй олон жилийн өмнө, жоохон байхдаа танилцаж байлаа. Тухайн үедээ л хөөрхөн, жижигхэн харилцаатай байснаас гэр бүл болох хэмжээний гүн гүнзгий байгаагүй. Чи ч гэсэн багадаа хэн нэгэнтэй найзалж, үерхэж байсан үеэ бодохоор хөөрхөн, гэнэн санагдаж байгаа биз? Бид хоёрын талаар хүмүүс гүнзгий байдлаар боддог юм шиг байна лээ. Тийм биш шүү дээ. Тус тусдаа амьдралтай, өөр өөрийн зам мөрөөрөө амьдраад л явж байна.   

-Ямар зан араншинтай залуу сэтгэлийг тань татдаг вэ?

-Нэгдүгээрт, хажууд нь байхад цаанаа л нэг дулаахан, тайван мэдрэмж төрвөл их сайхан. Нөгөөтэйгүүр яаж ч унаж, бүдэрсэн бай амьдралд хайртай, өөдрөг эрчүүд миний сэтгэлийг татдаг. Ямар ч үед амьдралаас сайхан, эерэг зүйлийг олчихдог, хажуудах хүнээ хамт өргөөд босгочихдог хүнд дуртай. 

-Таны жингээ хассан тухай үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ, шуум олон жил хэвлэлээр гарсан. Татгалзахгүй бол энэ бүх үнэн, худлыг эцэслээд жингээ хэрхэн хассан тухайгаа сонирхуулаач?

-Нэгдүгээрт жингээ амар хялбар байдлаар буюу мэс заслын аргаар хасах тухай бодсон ч 13, 14 настай хүүхэд санхүүгийн хувьд хараат бус байх боломжгүй. Хоёрдугаарт, аав ээж минь намайг тийм үйлдэл хийхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй л дээ. Өөхөө соруулна гэдэг нь ч яг яадгийг мэдэхгүй юм. Тухайн үед сошиал орчин хөгжөөгүй, хувийн мэдээллээ бусадтай хуваалцах боломж хязгаарлагдмал байсан учраас хэвлэл мэдээллээр фокус болсон байх. Одоо бол над шиг олон кг-аар турсан хүнийн тухай мэдээллийг бид нар өдөр бүр л сонсож, зургийг нь хардаг болсон. Олон кг турах, таргалах нь одоо үед энгийн л зүйл. Тэр тухайгаа бусадтай хуваалцаж, мэдээлэл солилцох бүрэн дүүрэн боломж бүрджээ.  

-Маралжингоогийн хувцаслалтыг ажиглахад ихэвчлэн хар өнгийн хувцас зонхилдог. Хар өнгөнд дуртай юм уу?

-Би хар, бежевый буюу завсрын өнгө ч юм уу, илүү натурал өнгөнүүдийг түгээмэл хэрэглэдэг. Түүнээс биш бүх өнгөнд дуртай. 

-Хэдийгээр цаг завгүй байдаг ч эмэгтэй хүн учраас төрөл бүрийн хоол, амттан хийдэг байх. Ер нь хоол хэр сайн хийдэг вэ?

-Хоолны хувьд байнга хийдэггүй. Хүмүүс шиг сайт, гүүглээс хоолны жор хайж, зорьж хийх нь ховор. Эмэгтэй хүн л юм болохоор хааяа янз бүрийн хоол, амттан хийж туршиж үздэг. Хамгийн сүүлд чийз кэйк хийж сурсан. Боломжийн гэхдээ супер лав биш. 

-Гадаадын шүтэж биширдэг дуучдынхаа тоглолтыг хэр их үздэг вэ. Хамгийн сүүлд хэний тоглолтыг үзсэн бэ? 

-Хамгийн сүүлд үзэхийг хүсээд алдсан тоглолт л байна. “Coachella” дээр очих гээд чадаагүй. Бас Монголд ойр улс орнуудад тоглогдох нэлээд хэдэн том тур тоглолт үзэх гэж “чэклээд” амжсангүй. Өмнө нь дуртай хамтлаг, дуучдынхаа хэд хэдэн тоглолтыг үзсэн шүү. Хэдэн жилийн өмнө Хятадад болсон Бэйонсегийн тоглолтыг үзсэн. Тухайн үед аймаар их хүнтэй, замбараагүй байсан болохоор нэлээд хойноос л үзсэн дээ. Ядаж хүмүүсийн дундуур сүлжиж, урагшаа явж чадаагүй. Тийм тэмцэлгүйг ч хэлэх үү.  

-Улаанбаатарын хаана чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай вэ. Олны танил болохоор хаана ч хамаагүй явахад хэцүү байдаг байх. 

-Надад бол гадуур явахад хэцүү зүйл байхгүй ээ. Хүн ам цөөтэй манайх шиг оронд “аймаар” од байхын тулд тусгай тавилт, менежмент шаардлагатай. Надад бол тийм баг ч алга, маркетинг ч байхгүй. Шинэ уран бүтээлээ хийдгээрээ хийгээд л, үүргэвчээ үүрээд л гадуур алхана даа. Өдрийн цайнд орох ч юм уу, ихэвчлэн хоол иддэг газруудаас гэвэл “Code”-д дуртай. Эсвэл “Nayra”, “Greenzone”-д хооллодог. Саяхан “Choijin temple” орсон дажгүй санагдсан.

-Найзуудтайгаа хэр гардаг вэ. Залуу хүн л юм чинь хааяа стрессээ тайлж, бүжиглэж, ганц хоёр хундага вино уух тохиолдол байдаг биз дээ?

-Харин би энэ тал дээр ёстой муу. Шоуддаггүй дээ. Би нэг их стресстээд, удаан бухимдаж чаддаггүй. Бухимдаад байвал гялс уйлаад л тайвшрангуутаа “Ёохх энэ хооронд яасан ч их юм бодчихов доо” гээд л гүнзгий амьсгаа аваад л зүгээр болчихдог. Жишээлбэл, хэн нэгэн намайг гомдоолоо гэхэд 100 хувь тэр хүний буруу байсан ч хурдан гомдоод, хурдан уучилдаг юм. Тайвшрангуутаа буцаад нөгөө хүнээсээ яриа өддөг ч юм уу, аргадаад “гүйнэ”. Тэгэхээр амар байгаа биз дээ, би. 

-Сүүлийн үед залуус гадаадад ажиллаж, амьдрах зорилгоор их явж байна. Тэднийг эх орондоо үлдэж, эндээ ажиллаж амьдрах шалтгаан хэлээч гэвэл...?

-Монголд ажлын байр, ажиллах нөхцөл нь болохгүй байна гэж шүүмжлэх, шалтаг тоочих зүйл байдаг л байх. Гадаадад очиж ажиллалаа гэхэд “боол” нь болно шүү дээ. Ядаж залуу насныхаа хамгийн оргил үеийг гадаадад өнгөрүүлэхээр эргээд энд амьдрахад хэцүү санагдаж ч магадгүй. Тэгэхээр гадаад руу явахаар төлөвлөсөн бол сайн тооцоолох хэрэгтэй болов уу. Гадаадад мундаг боловсрол эзэмшээд, тэндээ өндөр цалинтайгаар ажиллаж, амьдарч байгаа залуус ч байна, энд хэд хэдэн сургууль төгсөж, сайн боловсрол эзэмшсэн хэрнээ Монголд ажиллахаас татгалзаад, гадаадад зөөгч хийж байгаа хүмүүс ч бий. Хувь хүний л сонголт. Бүх зүйлийг амар хялбар замаар шийдэх гээд байвал эх орноо хэн хөгжүүлэх юм бэ? Бид нар хэдийгээр завсрын үед амьдарч байгаа ч энэ бол сайхан үе. Залуу хүн угаасаа баян амьдрах боломжгүй. Харин бид нар хөдөлгөөнтэй, бүтээлч, идэвхтэй амьдрах боломжтой. Ямар ч боловсролтой, юу ч хийдэг байлаа 1-2 жилийн зорилго болон цагаа л зөв төлөвлөх хэрэгтэй гэж боддог. 

-Өөрийнхөө тухай болон уран бүтээлийнхээ талаар дулгэрэнгүй илэн далангүй ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

-Баярлалаа. 

Түүний шинэ уран бүтээл  "ТҮЦ-ний охид" киноны OST


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.