Хайх зүйлээ бичнэ үү

О.Төмөрбаатартай гэрэл зураг болоод хүндэлж биширдэг уран бүтээлчид, хөрөг зураг авахдаа моделиудтайгаа хэрхэн харилцдаг тухай ярилцлаа.

Сэтгэл татам хөрөг зургууд, хотын амьдралыг харуулсан сонирхолтой зургуудаараа олонд танигдсан залуу зурагчин О.Төмөрбаатар бидэнд гэрэл зураг болоод хүндэлж биширдэг уран бүтээлчид, хөрөг зураг авахдаа моделиудтайгаа хэрхэн харилцдаг тухайгаа хуваалцсан юм.

-Гэрэл зурагтай холбогдсон түүхээс тань яриагаа эхлэх үү?

-Би багаасаа зураг зурах дуртай хүүхэд байсан. Ахлах сургуульдаа Америк руу явж Мичиганы “Loy Norrix” ахлах сургуулийг төгссөн. Сургуулийнхаа их сургуульд урлагийн чиглэлээр мэргэших хүүхдүүдэд зориулсан ангид орсон. Ангийн маань найз гэрэг зураг сонирхдог хүүхэд байсан. Тэр найзаараа дамжуулж гэрэл зурагтай холбогдож, анхны ойлголттой болж байлаа. Мөн зураг зурах сонирхол маань ч гэрэл зургийн салбар луу хөтөлсөн байж мэдэх юм. Усан будаг, шохой зэргийг ашиглан гол төлөв хөрөг зураг зурдаг.

-Тэгвэл хөрөг зургаар голчлон авдаг нь үүнтэй холбоотой байх нь ээ?

-Ихэвчлэн хүний дүр төрх орсон зургууд зурдаг байсан маань энэ төрлийн зураг авах сонирхолд хөтөлсөн гэж хэлж болно. 

-Америкт ахлах сургуулиа төгсчихөөд гэрэл зургийн сургуульд сурсан юм уу?

-Төгсөөд тэндээ интерьер дизайны чиглэлээр коллежид орсон. Гэхдээ коллеждоо мэргэжлийн гэхээс илүү суурь хичээлүүдийг түлхүү судалдаг байсан. Монголдоо буцаж ирээд 4 жил болж байна. МУИС-ийн олон улсын эдийн засгийн харилцааны ангид суралцаж төгссөн. Яг гэрэл зургаар мэргэжлийн сургуульд сураагүй. Америкт коллежид сурч байхад хичээлдээ явж, хажуугаар нь цагийн ажил хийдэг байсан болхоор идэвхтэй гэрэл зураг авах цаг зав олдоггүй байсан юм. Тэгээд энд буцаж ирээд л тууштай зураг авч эхэлсэн дээ.

-Монголд буцаж ирээд гэрэл зурагчин болохоор шийдсэн юм уу?

- Гэрэл зургийн тухай кино үзэж, интернэтээс гоё зургууд хараад, “Надад камер байгаа юм чинь би яагаад ийм гоё зургууд аваад үзэж болохгүй гэж” гэсэн бодол төрсөн. Эхэндээ эргэн тойрныхон болон найзуудынхаа зургийг сонирхлоороо дардаг байснаас биш цаашдаа гэрэл зурагчин болно гэж бодож байгаагүй.

-Ямар нэг студид харъяалагддаг уу, хувь уран бүтээлч үү?

-Өмнө нь нэг студи нээж байсан. Тэндээсээ нээх удалгүй гарчихсан. Түүнээс хойш ямар нэг студид харъяалагдаагүй, дан чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.

-Хамгийн анхны камерныхаа тухай яриач?

-Америкт цагийн ажил хийж цуглуулсан мөнгөөрөө хамгийн анхны камераа авч байсан. Интернэтээс гайгүй үнэтэй камеруудыг судалж байгаад Canon650D авсан. Мөн би гэрэл зургаас гадна видео бичлэг хийх сонирхолтой болохоор авто фокусын тохиргоо сайтай болохоор энэ камерыг сонгосон юм. Анхны камераа найзтайгаа зурсан зургаар нь сольчихсон. Түүнээс хойш нэг л камер хэрэглэж байна.

-Ямар линз хэрэглэдэг вэ?

-24 - 70мм, 85мм-ийн линз хэрэглэдэг. 24 - 70мм линзийг урагш, хойш татаж авахад, 85мм линзийг хөрөг зураг авахдаа ашигладаг.

-Камер авах гэж байгаа хүмүүс юу анхаарвал зүгээр вэ?

-Юунд ашиглах гэж байгаагаас нь хамаарна. Зүгээр янз бүрийн зураг дарж үзэх гэж байгаа бол хүний хэрэглэж байсан ч юм уу, хямд үнэтэй камер авах хэрэгтэй. Хэсэг тэр камераараа зураг авч үзээд ямар чиглэлийн зураг дарах сонирхолтой вэ гэдгээ тодорхойлсныхоо дараа тохирох линзээ сонгож авах нь зүйтэй.

-Өнгөрсөн хугацаанд ямар төсөл болон брэндүүдтэй хамтарч ажилласан бэ?

-Гол төлөв фэшн брэндүүд болон сэтгүүлүүдтэй хамтарч ажиллаж байсан. “Michelle&Amazonka”, “Kidult93”, “SMOK” брэндүүд, “InnoVstyle” болон “Vista” сэтгүүлтэй хамтрач ажиллаж байсан. Мөн “The Colors” хамтлагийн цомгийн ковэр арт дээр ажиллаж байсан.

 

Another photograph of @eny.jaki.

A post shared by @tumurbaatar on


-Таны ажлуудад editing буюу засвар хийх процесс хэр чухал үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Editing бол ажлын бараг тал хувь нь. “Photoshop”, “Lightroom” програмуудыг түлхүү ашигладаг.

-Монголоос болон гадаадаас хүндэлж явдаг гэрэл зурагчдаасаа хуваалцаач?

-Монголоос Билгүүнээ Хироши болон Инжинаашийн зургууд их таалагддаг. Билгүүнээ Хироши намайг дөнгөж зураг авч эхэлж байхад аль хэдийн зургийн стилиэ олчихсон, идэвхтэй гэрэл зураг авдаг зурагчин болчихсон байсан болохоор хүндэлж явдаг. Би хөрөг зургаас гадна баримтат зураг, гэрэл зургийн сэтгүүл зүйд их сонирхолтой. Инжинааш бол маш сайн баримтат гэрэл зурагчин. Надаас тэс өөр хэв маягтай зургууд авч, миний хийдэггүй зүйлсийг хийдэг болохоор зургуудад нь дуртай.

Гадаадаас бол хүндэлдэг маш олон гэрэл зурагчид бий. Германы агуу гэрэл зурагчин Петер Линдбергээс эхлээд Стив Маккари гээд авсан зураг болгоныг нь хүмүүс хаа нэгтээ харж байсан нэртэй зурагчдыг хүндэлж, биширч явдаг даа. Уран сайхны төрлөөр авдаг зурагчдаас гадна гудамжны гэрэл зураг, баримтат гэрэл зураг авдаг зурагчдын ажлуудад дуртай. О.Төмөрбаатарын санал болгож буй 11 инстаграм хуудас

-Ихэнх хүн хөрөг зургуудаар тань мэддэг байх. Гэхдээ баримтат гэрэл зурагт бас их сонирхолтой байх нь ээ?

-Тийм ээ. Хүмүүсийн амьдрал, түүх, олон төрлийн соёлууд миний сонирхлыг ихээр татдаг. Би зөвхөн загварын болон хөрөг зураг гэсэн чиглэлд баригдаад байлгүй янз бүрийн зураг авахыг хичээдэг, тэр дундаа баримтат гэрэл зурагт илүү сонирхолтой.

-Хөрөг зургийн бусад төрлөөсөө ялгарах хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Надад хүмүүс их сонирхолтой санагддаг. Янз бүрийн хүмүүстэй уулзаж, тэдэнтэй харилцаж, дүрийг нь гэрэл зурагт буулгана гэдэг сайхан. Анхаасаа л энэ чиглэлээр авсан болохоор цаг хугацаа өнгөрөх тусам илүү дуртай болж байгаа.

-1-р хороололд амьдардаг залуугийн тухай өнгөрсөн сард хийсэн фото ажил тань их таалагдсан. Тэр цомгийн гол зорилго юу байв, цаашид ийм түүх, хөрөг зураг хосолсон ажлууд хийх төлөвлөгөө бий юу?

-Хөрөг зураг авах үед тэр хүний нүүрний хувирал, байгаа байдал гээд тухайн үеийн мэдрэмжийг гэрэл зурагчин илүү мэдэрч, ойлгох боломжтой. Гэхдээ би тэр бүхнийг ганцаараа мэдрээд байх биш, зургуудыг маань үздэг хүмүүстэй хуваалцахыг  хүссэн юм. Мөөнөө гээд найз маань 8 болон 9-р байрандaa, өссөн орчиндоо их хайртайг би өмнө нь мэддэг байсан. Байрны хүүхдүүд, тэндхийн тоглоомын талбай, гудамж бүгд түүнд сэтгэлд дотно, тайван, аюулгүй мэдрэмжийг төрүүлдэг гэж хэлж байсан. Энэ бүхэн миний анхаарлыг их татдаг байсан болохоор “editorial” хийхээр шийдсэн. Хөрөг зураг болон түүх гэсэн хоёр дуртай зүйлээ нэгтгэхийг зорьсон юм.

 

A Boy From The Nine @muunumarley

A post shared by @tumurbaatar on


Зураг дардаг зарим залуус бүтээлийнхээ өнгө, сүүдэр зэрэг гоё, сайхан харагдуулах тал дээр хэтэрхий анхаараад байх шиг санагддаг. Гэхдээ гэрэл зураг бол өнгө будгаас илүү түүх өгүүлж байх ёстой. Тийм болохоор би гудамжны болон баримтат гэрэл зурагчдыг их хүндэлдэг. Өөрийнхөө ажлуудыг түүх, баримттай холбохыг хүссэн.

-Нэг үеэ бодоход гэрэл зураг сонирхогчдын тоо олон болж. Гар утсаараа ч гайхалтай зураг авч болдог гэдгийг бид инстаграмаас харж болохоор байна. Тэгвэл мэргэжлийн зурагчид тэр олон хүмүүсээс юугаараа ялгарах вэ?

-Өөр мэргэжилтэй болохоор би өөрийгөө мэргэжлийн гэрэл зурагчин гэж хэлэхэд бас хэцүү л дээ. Студид харъяалагдаж, эсвэл мэргэжлийн сургуульд нь сурлаа гээд давуу талтай ч баригдмал сэтгэлгээтэй болчих гээд байдаг юм шиг санагддаг. Тийм болохоор бие дааж, хоббигоороо эхэлсэн гэрэл зурагчид уран бүтээлч талаасаа илүү сайн хөгжиж, өөрийнхөө уран бүтээлийн өнгө аясыг амархан олж чаддаг болов уу. Зургийг нь хэн ч, хаанаас нь ч харсан “Өө, тэр зурагчны зураг байна” гэж таньдаг болох хэмжээнд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байх. Гэрэл зураг авдаг хүмүүс олширч байгаа нь надад таалагдаж байгаа. Өрсөлдөөн ихсэх тусам сайн, муу нь ялгараад эхлэнэ. Тийм болохоор хэн тууштай, хичээнгүй байгаа нь л бусдаасаа ялгарч чадна.

-Тэгвэл уран бүтээлчийнхаа хувьд чиглэлээ олсон гэж итгэлтэй хэлж чадах уу?

-Чадна. Гэхдээ цаашдаа суралцах зүйл их байгаа. “Editorial”-уудыг гэхэд өнгөрсөн есдүгээр сараас л хийж эхэлсэн. Цаашдаа олон төрлийн зүйл сурч, судалж ажилдаа оруулж шингээхийг хичээж байгаа.

-Ирээдүйн карьераа гэрэл зурагтай холбож хардаг уу, эсвэл олон улсын харилцаагаар уу?

-Би олон улсын харилцааны мэргэжилдээ дуртай. Одоо гэрэл зургаар дагнан ажиллаж байгаа ч цаашдаа олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах, дэлхийгээр аялаж олон төрлийн соёлтой танилцах гээд олон мөрөөдөл бий. Гэрэл зураг, олон улсын харилцаа хоёроо яагаад холбож болохгүй гэж. Мөн кино урлаг руу орох зорилготой.

-Хамгийн дуртай кино найруулагч хэн бэ?

-“Gone Girl”, “The Social Media” зэрэг киноны найруулагч Дэвид Финчер бол миний хамгийн дуртай найруулагч. Найруулгын арга барил, зураг авалтын өнгө, ашигладаг хөгжим зэрэг нь надад илүү ойр санагддаг. Орчин үеийн, залуу найруулагчдаас “La La Land”, “Whiplash”-ийг найруулсан Дэмьен Шазелл их таалагдаж байгаа. Өссөн орчин, хувийн туршлагаа бүтээлдээ тусгадаг нь сонирхолтой санагдсан.

-Зураг авах моделиудаа яаж сонгодог вэ?

-Эхэн үедээ найзуудынхаа л зургийг түлхүү авдаг байсан. Сүүлийн үед танихгүй ч хамаагүй, янз бүрийн хүмүүстэй харилцаж, илүү “задарч” эхэлсэн гэх үү дээ. Надад ямар нэг сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийг моделио болгох дуртай. Үзэж байсан киноны маань нэг дүртэй адилхан санагдсан хүн ч юм уу, эсвэл хаа нэгтээ харж байсан ч юм уу ямар нэг байдлаар сэтгэгдэл төрүүлж байсан хүмүүсийн зургийг гол төлөв авдаг.

-Хүний биеийн хамгийн гоё хэсэг аль вэ?

-Харц. Харин эмэгтэйчүүдийн хувьд гар, уруул  хамгийн сонирхолтой, гоё хэсэг нь. Хөрөг зураг авахад энэ хэсгүүдээс гадна нүүрний хувирал их чухал байр суурь эзэлдэг. Ихэнх фото моделиуд “күүл”, хурц харах гэж хэтэрхий хичээснээс болж нэг хэвийн, сонирхолгүй царай гаргачих гээд байдаг. Сэтгэлийн хөдлөлтэй, реакц сайтай хүмүүсийн хөрөг зургийг дарах илүү амар санагддаг. Тийм болохоор найзуудынхаа зургийг дарахад би тэдний зан төрхийг нь мэддэг, тэд ч надтай чөлөөтэй харилцаж, биеэ барьдаггүй болхоор давуу талтай байдаг.


-Сэтгүүлчид ярилцлага авахад нөгөө хүнтэйгээ чөлөөтэй ярилцаж, биеэ барихгүй байлгахын тулд багагүй ярьж “халааж” өгөх хэрэгтэй болдог. Энэ талаараа ярилцлага хийх нь хөрөг зураг авахтай төстэй юм шиг. Зургаа авахдаа моделиудаа яаж “тухтай” болгодог вэ? Барагцаагаар нэг сайн хөрөг авахын тулд хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Мэдээж “халаалт” хэрэгтэй. Эхлээд тест маягаар хэд хэдэн зураг дарж үзэнгээ моделио хэр нээлттэй хүн бэ гэдгийг харна. Мөн зураг авалт хийхээсээ өмнө нөгөө хүнийхээ сонирхол, аль өнцгөөс зургийг нь дарвал зүгээр вэ гэх зэрэг бага зэрэг судалгаа хийнэ. Тийм болохоор дуртай сэдэв, кино, дуу зэргээр нь ярилцах зэргээр тодорхой хэмжээнд харилцаж байж нөгөө хүн маань биеэ барихаа больж, “задраад” эхэлдэг. Инээлдээд л эхэлбэл болчихдог юм дөө.
Нэг их нээлттэй биш хүн байсан ч хамгийн эхний кадраар л гоё зураг буух тохиолдол байдаг. Хэтэрхий биеэ барьж, тавгүйрхэхээс нь өмнө бараг санамсаргүйгээр авсан зургууд илүү амьд болдог.

 

From the recent work that I did for the anniversary collection "Basic Bi****S" of the @93kidult.

A post shared by @tumurbaatar on


-Зураг авалтаа хийхдээ урьдчилан төлөвлөж, дотроо төсөөлдөг үү, эсвэл яг зураг авах явцдаа санаагаа олдог уу?

-Тодорхой хэмжээнд төлөвлөж, зураг авалт хийх газраа урьдчилан үзэж, төсөөлөх нь чухал. Мөн мэдээж яг зураг авалтынхаа явцад “ингэчихвэл гоё ч юм уу” гэх зэрэг шинэ санаанууд орж ирэх нь ч бий. Яг зураг авалтын явцаж ийм юм байсан бол илүү гоё болох байж гэж харамсаад, сэтгэл дундуур байгаад байх дургүй болохоор бэлтгэлээ сайн хангахыг хичээдэг.

-Уран бүтээлчид нэг талаар хүссэн зүйлээ хийж, уран бүтээлээ өөрийнхөө хүслээр туурвих ёстой, нөгөө талаар бас мөнгө олохын тулд захиалгын ажил гүйцэтгэж, харилцагчдын хүссэн шаардлагад нийцүүлэх ёстой. Зарим үед энэ хоёр мөргөлдөх тохиолдол гардаг. Ийм тохиолдол хэр их гардаг вэ?

-Би анхнаасаа чөлөөт уран бүтээлээр ажиллаж эхэлсэн болохоор захиалгын ажил хийлгэх байгууллагууд миний фэйсбүүк, инстаграм дээрх зургуудыг үзэж, танилцаад холбогддог. Тийм болохоор миний стилиэс огт өөр зүйл шаардаад байх нь ховор. Гэхдээ мэдээж надад таалагдахгүй шаардлага тавих тохиолдол гаралгүй яахав. Тийм үед уран бүтээлчид аль болох өөрийнхөө чиг шугамыг алдахгүй байх хэрэгтэй байх. Яагаад гэвэл хийсэн бүх ажил “portfolio”-нд маань орж байгаа юм чиг нүүрээ улайлгахгүй зүйл хийх нь зөв.

-Тэгвэл захиалагчдын шаардлагад нийцүүлж хийсэн, нэрээ гаргахаас санаа зовмоор “нууц” ажлууд хэр их хийж байв?

-Мэр сэр хийж байсан юм байна шүү (Инээв). Гэхдээ тийм олон биш ээ.

-“Instameetulaanbaatar”-ийн гол зорилго нь юу юм бэ?

-Орон бүрт инстаграм идэвхтэй хэрэглэдэг гэрэл зураг сонирхогчдын тогтмол уулзалт болдог. Улаанбаатарын инстаграмчдыг нэгтгэж, нэгэндээ чадах зүйлсээ зааж, туслах зорилгоор хэсэг залуус “instameetulaanbaatar”-ийг санаачилсан. Одоо ч бид идэвхтэй уулзалт зохиодог. Өмнө нь уулзалтад ирэх хүсэлтэй хүн болгонд нээлтэй байсан. Хэтэрхий олуулаа болчихоор зохион байгуулалт хийнэ гэж нэг том асуудал гардаг юм билээ. Харин одоо бид гол төлөв өөрсдөө харж байгаад сайн зураг дардаг инстаграмчдад уулзалтад ирэх санал тавьдаг.

-Гэрэл зургийн үнэ цэнийг юу гэж дүгнэдэг вэ?

-Баримтат гэрэл зургаас гадна фэшн, хөрөг, бүр инстаграмын зургууд хүртэл бүгд цаанаа ямар нэг түүх өгүүлж байгаа. Энэ бүхэн 40, 50 жилийн дараа 2010-аад оны Монголын, Улаанбаатарын амьдрал, соёл, хүмүүсийн төрх байдлыг баримтжуулж үлдээж байгаа болохоор маш үнэ цэнэтэй санагддаг. Тийм болохоор гэрэл зурагчид бүтээлүүдийнхээ үнэ цэнийг битгий дутуу үнэлээсэй гэж боддог. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр бүтээлийн үнэ цэнэ нэмэгдэнэ, гэхдээ яг одоо, зургаа дарж байхдаа ч тэр үнэ цэнээ ойлгох хэрэгтэй. Гэрэл зураг, ном зохиол, кино гээд бүх түүх өгүүлж буй бүтээлүүд бүгд маш үнэ цэнэтэй, утга учиртай зүйлс. Тийм болохоор бүх хүн хийж байгаа зүйлээ үнэлж байх хэрэгтэй юм болов уу.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.