Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Венесуэл - Доройтож буй үндэстэн


Өмнөд Америкийн хамгийн баян орноор шалгарч явсан Венесуэл өдгөө дэлхийн хамгийн өндөр инфляцитай орон болжээ. Түүнчлэн өлсөглөн болон хүчирхийлэл гаарч байна. Энэ оронд чухам юу болоод байна вэ? Энэ асуултад хариулт хайсан сурвалжилгыг “The New Yorker” сэтгүүлийн нийтлэлч Уильям Финнеган бичжээ. 

Өнгөрсөн оны сүүлчээр бичигдсэн энэ сурвалжилгаас инфляци гаарвал улс оронд эмх замбараагүй байдал газар авдгийг та ойлгох болно. Сурвалжилгыг цувралаар орчуулан хүргэж байна. 

Хүмүүс олон цаг, заримдаа бүхэл өдөржин хоолонд дугаарлаж байна. Гэхдээ гэртээ хоосон очих үе ч гарна. Венесуэлийн эдийн засаг сүйрчээ. “Будаа, пастаны гоймон, элсэн чихэр, ургамлын тос, талх, кофе. Бид энэ бүхнийг үйлдвэрлэдэг. Эсвэл үйлдвэрлэдэг байсан юм болов уу. Гэхдээ л хүнсний дээрх бүтээгдэхүүнүүдийг авахын тулд уртаас урт дугаарт зогсож байна. 

Анагаахын оюутан өөрийнхөө нэрийг надад ашиглуулахыг зөвшөөрлөө. Түүний нэрийг ашиглах нь өөрт нь падгүй гэнэ. “Мадуро бол илжиг” гэж тэр хэлэв. “Новшийн амьтан” гэж нэмээд уурсаж байна. Үнэндээ Николас Мадуро бол Венесуэлийн Ерөнхийлөгч юм. Каракасаас баруун зүгт 100 милийн зайд сая гаруй хүн амтай Валенси хотын нийтийн эмнэлгийн хажуугаар бид өнгөрч явсан юм. Эмнэлгийн коридор бүүдгэр, амьсгал боогдмоор бүгчим байв. Зарим өрөө нь дүүрэн өвчтөнтэй байхаас гадна өрөөний гадна нам гүмд дарагдсан хүмүүс уртаас урт дараалал үүсгэжээ. Зарим өрөө нь харанхуй байх юм. Цайвар үст, хүний үгэнд сайн ордог оюутнууд биднийг дугаарлуулж, хаалганаас хаалганы хооронд зааварчлах аж. 

Пластик материалаар хийсэн голтой, зэвд идэгдсэн хүрээтэй ороор дүүрсэн өрөөнд бид шумбаж оров. Өрөөний буланд цагаан хэрэглэлгүй орон дээр туранхай залуу хэвтэж байлаа. Тэр биднийг ядарсан нүдээр ажиглаж байв. Ягаан футоболка өмссөн охин түүний хажууд зогсож байв. Тэр тун ч гайхширсан царайтай болов. Анагаахын оюутнууд миний асуултад хариулж өгөхийг тэднээс эелдгээр гуйсан юм. Залуу толгой дохив. Түүний нэрийг Нестор гэдэг. Тэр 21 настай. Хажууд нь зогссон эмэгтэйг Грейс гэдэг ба түүний эхнэр юм. Гурван долоо хоногийн өмнө тэр цээж болон баруун гартаа гурван удаа буудуулжээ. “Тэд намайг дахиж буудах гээд зогсож байсан. Гэхдээ тэдний нэг нь намайг үхчихсэн гэж хэлсэн” гэв. Тэд миний моторт дугуйг аваад явсан гэж нэмж хэлэв. 

Нестор маш удаан ярьж, түүний хоолой нь чичирч байлаа. Түүний арьс нь наалдамхай болсон байв. Гар болон цээжний сумны шарх нь хагас эдгэсэн байдалтай, хатсан хар цус нь харагдаж байв. Баруун гараас нь давстай дусаал гоожиж, орных нь хөл хэсэгт нэг литрийн багтаамжтай пластик материалтай хуучин сав харагдаж байв. Гэхдээ энэ саваар яг юу хийснийг би сайн ойлгоогүй. 

-Эмнэлэгт давстай ус хэрэглэхийг зөвлөдөг юм уу? 

-Үгүй. Грейс худалдаж авсан юм. Тэр бас хүнсний зүйлс, ус авчирдаг. Мөн шархны боолт, өвчин намдаах эм, антибиотик олж чадвал авчирч өгдөг. Эм тэргүүт зүйлсийг хар захаас л олж болно. Маш үнэтэй зардаг юм. Мөн Грейсийн ажил өдөрт нэг ам.доллар ч хүрэхгүй цалин өгдөг гэв. 

“Эмнэлэгт ус ч өгдөггүй” гэж анагаахын оюутан хэлэв. “Несторын чээжинд буудсанаас болж уушги нь шингэнээр дүүрсэн” гэж надад хэлэв. “Бид ихэвчлэн сумыг авчихдаг. Гэхдээ шарх хуурай байгаа нөхцөлд хурдан эдгэдэг” гэв. 

-Цагдаа нар дээрэмчдийг эрэн сурвалжилж байгаа юу? 

Хариулах бэрх байгаа бололтой Нестор доошоо харав. Венесуэл улс энэ дэлхийн хамгийн их хүчирхийлэлтэй орон болжээ. Цагдаад гомдол мэдүүлсэн нийт хэргийн ердөө хоёр хувийг илрүүлдэг аж.

Анагаахын оюутан бид явах хэрэгтэй байна гэж надад хэлэв. Грейс, Нестор хоёр бид тэдний төлөө юу ч хийж чадаагүй байхад талархаж буйгаа хэлэв. Анагаахын оюутан тэдний “тагнуул” гэж хэлсэн үгэнд санаа зовж байгаагаа хэлэв. Тэрбээр намайг эмнэлгийн эвдэрсэн арын хаалганы дэргэд авчирлаа. Эмнэлгийн төв хаалга үндэсний хамгаалагч болон цагдаа нарын хамгаалалт дор байсан юм. Каракас дахь эмнэлгүүд үүнээс ч илүү хамгаалалт дор үйл ажиллагаа явуулдаг. Яагаад эмнэлэгүүдийг ингэтлээ хамгаалаад байгаа юм бэ? Тэдэнд хэн ч аюул учруулахгүй шүү дээ гэж би хамгаалагчдаас асуусан юм. Гэхдээ тэд сэтгүүлчидтэй ярилцах хэрэггүй гэсэн тушаал дээрээс авсан учраас юу ч хэлсэнгүй. Засгийн газрын ичгэвтэр дүр төрхийг хуулж хаях хэрэгтэй. 

Эмнэлэгийн ихэнх цахилгаан шат ажиллагаагүй болсон учраас бид шатаар явлаа. Шөнийн цагаар шат аюултай болдог талаар анагаахын оюутан хэллээ. Гэрэлтүүлэггүйн дээр тонуулчдаар дүүрсэн байдаг гэв. Гэхдээ тонуулчид яаж хамгаалагчдын хажуугаар эмнэлэгт орж ирдэг юм бэ гэж би асуув. “Тэд хамтарч ажилладаг юм” гэж тайлбарлав. “Олсон хэдийгээ хуваагаад авчихдаг” гэсэн. Маш бохир корридороор намайг дагуулж яваад том хаалганы урд тулж очив. Мөнөөх хаалгаа тун ширүүн онгойлголоо. Үүнээс цааш гэрэл гэгээтэй, шинэхэн цэнхэр будагтай хана харав. Шалаа харин цагаанаар будсан байв. “Энэ бол зочдод үзүүлдэг эмнэлэгийн хэсэг” гэж тэр шивнэв. Тэр намайг ойлгож байгаа болов уу гэсэн асуусан харцаар ширтлээ. Ойлголоо. Бид хурдлах учиртай юм байна. 

Намайг мэс засалчид танилцуулав. Тэр надтай ярилцахаар гадаа гарлаа. Бид маш нарийхан үүдний гишгүүр дээр зогсож байгаад ярилцлаа. Мэс засалт өтгөн сахалтай, махлаг, ууртай хүн байв. Тэр надад өөрийн нэрээ хэлэхийг хүссэнгүй. Бидэнд гэмтлийн үеэр хэрэглэх ямар ч багаж байхгүй гэв. Шарх оёдог утас, бээлий, тавтай зүү, таваг байхгүй гэлээ. Тэр олдошгүй эрдэнэ мэт болсон эм тангийн талаар ярих ч үгүй байв. Тухайлбал, ципрофлоксацин, клиндамицин гэх зэрэг төрөл бүрийн антибиотикийн талаар ярьсангүй. Эмч нарт ямар ч адреналин байхгүй учраас мэс заслын үеэр өвчтөнүүдээ алдаж байгаа гэв. Цусны цөөн тооны тест байгаа боловч, ДОХ, элэгний гепатит зэргийг илрүүлэх боломжтой тестүүд байхгүй гэв. Эрчим хүчний хангалт үнэхээр том асуудал болон хувирчээ.  Нэг удаа хагалгааны өрөө эрчим хүчгүйгээс болж долоо хоног хаагдсан ч удаатай. Мэс засалд орох өвчтөнүүдийн жагсаалт уртаас урт болж, гурван сарын дараах цаг л авах боломжтой аж. Баруун мужийнх нь төв хот болох Маракайбод мэс заслыг гар утасны гэрэл ашиглан хийж байгаа гэнэ. 

Мэс засалч эмнэлэг рүү эргээд орлоо. Эмч нар маш ихээр халагдаж байгаа гэнэ. Эмнэлгийн нөхцөл байдалтай холбоотойгоор гомдол ч тасардаггүй юм байна. Энэ талаар гэхдээ Засгийн газар нь мэдэхийг ч хүсэхгүй байна. Албаны түшмэлүүд болон тэдний гэр бүлийнхэнд үйлчилдэг, хувийн, ам.доллараар төлбөр нь хйигддэг эмнэлэгүүд ч байдаг гэнэ. Эсвэл тэд гаднын оронд очиж эмчилгээ хийлгүүлдэг байна. 
“Би Чилийн улсын эмнэлгийг харсан” гэж оюутан надад хэлэв. “Тэнд цэвэрхэн юм байна билээ. Өмнө нь энд ч бас тийм байсан. Гэтэл энэ Засгийн газраас болж бидний ямар болсныг хараач!” гэв.

Венесуэлд хүмүүсийн эрүүл мэнд үнэндээ өдөр ирэх тусам улам ч дордож байна. 1961 онд тус улс хумхаа(чичрэг) өвчингүй орон гэдгээ зарласан анхны улс болжээ. Гэтэл одоо чичрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр цуцлагдаж, жил бүр олон зуун мянган хүн энэ өвчнөөр өвчилж байна.  Тахал болон сахуу тэргүүт өвчин эмгэг ч тархах нь элбэг болжээ. Засгийн газар цөөн тооны статистик гаргадаг боловч үнэндээ гурван өвчтөн бүрийн нэг нь улсын эмнэлэгт нас барж буй бодит байдалд иргэд нь амьдарч байна. Улсын эмнэлгүүд эм тариа болон хүнсний ямар ч хангамжгүй болж, эмнэлэгийн тусламж авч чадахгүй олон зуун хүн гудамжинд байна. 

Бид эмнэлэг тойрч алхав. Бороо шивэрсэн, харуй бүрий өдөр байсан юм. Бид урт нарийхан хүмүүс амьдарч байгаа газарт очив. Гудамжинд хүмүүс дүүжин ор өлгөж, гудамжны цементэн дээр матраас тавьсан байлаа. Цүнх, сагс, хүүхдийн тэрэг ч харагдав. Хүмүүс энд амьдраад нэлээд хугацаа өнгрөөж буй бололтой. 

Бордуу арьсатай хүн энд гурван сарын турш амьдарч буйгаа хэлэв. Түүний дөрвөн настай хүү эмнэлэгт цусны өвчний улмаас хэвтэж байгаа гэнэ. “Вирусын халдвар авсан” гэж анагаахын оюутан надад хэлэв. Зика ч байж мэднэ гэж нэмж тайлбарлав. “Хэрвээ тэр шаардлагатай эмээ ууж чадвал амьд үлдэнэ”. Оюутан мөнөөх эрээс цусны шинжилгээний талаар лавлав. Хүүгийнхээ цусны шинжилгээг хийлгэхийн тулд Хосе нэртэй энэ эр 40 ам.доллар зарцуулжээ. Тэр одоо ажлаа алдчихсан учраас эмний мөнгө олдохгүй байгаа гэнэ. Эмийн санд ч хүүд хэрэгтэй эм байхгүй учраас мафиас худалдаж авах ёстой болсноо хэлэв. Хар зах дээр зарим нэг эмнэлгийн хамгаалагчид эм нийлүүлж, бизнес хийж буй тухай оюутан надад хэллээ. 

Үргэлжлэл бий. 

Эх сурвалж: www.newyorker.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.07.03
Дэлхийн шилдэг нийтлэл: Япончуудын түрээсийн гэр бүлийн зах зээл
2
2018.05.09
Америк залуус 500,000 долларын төлөө Монголд амьд үлдэхээр тэмцэлдэх "Alone" шоу цацагдана
3
2017.10.31
Дэлхийн шилдэг нийтлэл | 65 нас
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
23
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.