Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Даулет Турлыханов: Азийн бөхийн хороог Казахстанд шилжүүлнэ

Даулет Турлыханов Азийн бөхийн холбоог тэргүүлэх болсон нь Казахстаны спортын түүхэнд тэмдэглэгдэх том ялалт юм.


Энэтхэгийн Шинэ Делид болсон чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр  Азийн бөхийн холбоо буюу Азийн бөхийн хорооны (AAWC) чуулган болж өндөрлөлөө. Чуулганаар хорооны удирдлагын сонгууль болж, Казахстаны алдарт бөх Даулет Турлыханов Азийн бөхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Давлет Турлыханов 53 настай, 1988 оны Сөүлийн олимпийн мөнгө, 1992 оны Барселонагийн олимпийн хүрэл медальт, Казахстаны гавьяат дасгалжуулагч хүн юм.

Чуулганаар мөн Азийн бөхийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийг шинэчлэн сонголоо.  Гүйцэтгэх зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй. Эхний санал хураалтаар Казахстан, Хятад, Иран, Өмнөд Солонгос, Энэтхэг, Тайландын төлөөлөгчид талаас илүү хувийн санал авч, сонгогдсон байна. Хоёрдугаар шатанд Японы Цүкамото Хироаки,  Узбекистаны Ахролжан Рузиев нар өрсөлдөж, Цүкамото 17 санал авснаар Гүйцэтгэх зөвлөлд оржээ. Шинэ зөвлөл хурлаа хийн, Давлет Турлыханов ерөнхийлөгч болж, Гүйцэтгэх зөвлөлийн тэргүүнээр Ираны Расул Хадемийг сонголоо. Манай улсаас Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж өмнөх зөвлөлд багтаж байсан билээ. Азийн бөхийн холбооны удирдлагад өөрийн улсын төлөөлөгчтэй байна гэдэг том зүйл. Казахстанчууд энэ мэдээг баярлан хүлээж авлаа. Тус улсын “ПроСпорт” агентлагаас энэ талаар нийтлэл бичиж, шинэ ерөнхийлөгчтэй ярилцлага хийснийг орчуулан хүргэе.

Даулет Турлыханов: Нутгийн бөхчүүдээ хүчээр дээш нь татах юм хийхгүй

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Азийн бөхийн хорооны чуулганаар Казахстаны агуу бөх, спорт, олон нийтийн нэрт зүтгэлтэн Даулет Турлыханов AAWC-ийн шинэ тэргүүнээр санал нэгтэй сонгогдлоо.
Шинэ Дели хотноо Азийн аваргын тэмцээн өндөрлөсөн. Гэхдээ тус тэмцээний хамгийн чухал ялалтаа манай Казахстан улс улстөрийн дэвжээн дээр авлаа. Ямар ч маргаан байхгүй үнэн үг. Даулет Турлыханов Азийн бөхийн холбоог тэргүүлэх болсон нь Казахстаны спортын түүхэнд тэмдэглэгдэх том ялалт юм. Олон улсын спортын том холбоодод удирдах албан тушаал хашдаг казах хүн маш цөөхөн, бөхийн спортод бол анх удаагаа болж байгаа явдал.
Ази бол 4 тэрбум гаруй хүнтэй хамгийн том тив. Энд Иран, Япон, Хятад, Өмнөд болон Хойд Солонгос, Турк, Монгол гэсэн бөхийн гүрнүүд бий. Нийт 38 гишүүн холбоотой. Эцсийн эцэст хэлэхэд энэ бол “Токио 2020” олимпийн наадам. Чөлөөт бөх, сонгомол барилдааныг ийм том, олон үндэстэнтэй, хүчирхэг хөгжилтэй бүс нутагт хөгжүүлэх үүрэг даалгаврыг манай нутгийн эрхэмд итгэж олгосон нь маш том ялалт билээ. Жирийн спорт сонирхогчид бид үнэхээр баяртай байгаа ч Даулет Турлыхановын мөрөн дээр ямар их хариуцлага ирснийг ойлгох хэрэгтэй. Үнэхээр тэр өөрөө “Миний урд зах хязгаар нь харагдахгүй их ажил хүлээж байна” гэж хэлсэн юм. Азийн бөхийн холбооны шинэ ерөнхийлөгчийг Шинэ Делигээс ирэхэд нь нисэх буудал дээр бид тосож уулзлаа.

– Даулет Болатович, таныг сонгуульд ялалт байгуулсанд дахин баяр хүргэе. Ямар сэтгэгдэлтэй байна?
– Айлд зочлоход сайхан ч гэртээ илүү гэсэн үг байдаг. Азийн аваргын тэмцээн дуусгалгүй гэртээ хүрээд ирлээ. Чуулганд бэлтгэж, сонгуульд өрсөлдөөд үнэнийг хэлэхэд их ядарсан тул эрт харихаар шийдсэн.
– Азийн хорооны тэргүүний сонгууль их өрсөлдөөнтэй болсон гэж сонссон.
– Чуулганы гол хэлэлцэх асуудал нь мэдээж шинэ ерөнхийлөгч сонгох байсан. Нэр дэвшигч 14 хүнээс 7 нь хоёрдугаар шатанд шалгарч, энэ долоон хүн ерөнхийлөгчөө сонгосон. Хятадаас эмэгтэй хүн нэрээ дэвшүүлсэн. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос жендерийн тэгш байдлын талаар ярьж эхэлж байгаа болохоор хятад эмэгтэй Гүйцэтгэх зөвлөлийн 7 хүнд багтах нь тодорхой байлаа. Азийн 33 үндэсний холбооны төлөөлөгчид санал хураалтад оролцож, би 24 оноо авснаар хоёрдугаар шатанд шалгарсан. Ингээд шинэ зөвлөлийн 7 гишүүн санал нэгтэй намайг ерөнхийлөгчөөр сонгосон. Миний мөрийн хөтөлбөрийг дэмжиж, саналаа өгсөн үндэсний холбоодод баярласнаа илэрхийлээд өрсөлдөгч нартаа шударга сайхан өрсөлдсөнд нь талархал дэвшүүлмээр байна. Та бүхний итгэлийг алдахгүй ажиллана. Хүчтэй өрсөлдөгч их байлаа. UWW-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, Узбекистаны Ахролжан Рузиев, мөн Энэтхэг, Тайланд, Ираны бөхийн ертөнцөд нэр хүндтэй олон эрхэм байсан.
– Сонгомол барилдаанаас гадна Азийн чөлөөт бөхийн ертөнцийг удирдана гэдэг том ажил.
– Хүч чадал байна, ажиллана даа. Би энэ ажилдаа дуртай. Бөхийн спортын ачаар би амьдралд олон юманд хүрсэн. Хариуг нь барих хэрэгтэй.

– Хамгийн анхны хийх ажил тань?
– Би дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нараа томилчихсон байгаа. Бид бүхний нэгдсэн ганц зорилго бол Азид бөхийн спортыг хөгжүүлэх гэдгээ ч хэлсэн. Юуны өмнө хуучин удирдлагуудтай уулзаж, ажлаа хүлээж аваад, Азийн бөхийн хорооны офисийг Казахстанд шилжүүлж авчрах болно. Хорооныхоо дүрмийг сайн нягтлан судлаж, ямар эрх, үүрэг, хариуцлагатайгаа танилцана. Мэдээж Дэлхийн бөхийн нэгдсэн холбоотой уялдаатай ажиллана. Маркетинг, боловсролын чиглэл, хөгжиж буй холбоодод тусламж үзүүлэх, санхүү гээд зах хязгаар нь үл харагдах их ажил байна.
– Таны шинэ ажил Казахстаны бөхийн хөгжилд нөлөө үзүүлэх нь тодорхой.
– Нутгийн бөхчүүдээ хүчээр дээш нь татах юм хийхгүй. Манай бөхчүүд өөрийн хүч, хөдөлмөр, ур чадвараар дээш гарах ёстой. Мэдээж манай бөхчүүдийн эсрэг ямар нэг шударга бус явдал, жишээ нь булхайтай шүүлт гарвал таслан зогсооно. Зарим хүн Даулет дарга болчихлоо, одоо манай бөхчүүд хаана ч очсон ялж эхлэнэ гэж бодож байгаа байх. Тийм юм байхгүй. Хөдөлмөрлөж байж л амжилт гарна. Бид ялдаг байсан, ялж ч байна, цаашдаа ч ялна. Гол нь хөдөлмөрлөх хэрэгтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
10
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.