Хайх зүйлээ бичнэ үү

мин

Мөнхийн өрсөлдөгчдийн яриа буюу Тина Трстеняк, Кларисс Агбеньену

Кларисстай барилдана гэдэг бодол намайг үргэлж хурцалж өгдөг.


Спортын ямар ч төрөлд мөнхийн өрсөлдөгч гэж бий. Тэдний өрсөлдөөн, тулааныг үзэх тун сонирхолтой, ямар ч тэмцээний чимэг болж өгдөг билээ. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд Словений Тина Трстеняк, Францын Кларисс Агбеньену нарын өрсөлдөөн олны сонирхлыг татдаг. Францын "L'Esprit du Judo” сэтгүүлийн газраас тэдэнтэй ярилцлага хийсэн байна.

-    Өрсөлдөгчийн тань хүчтэй тал юу вэ?
Кларисс Агбеньену: Тина маш хурдан, ухаантай тамирчин. Хэвтээ байдалд тун аюултай.
Тина Трстеньяк: Кларисс хүчтэй, ухаантай. Маш аюултай шидэлттэй бөх дөө.
-    Сул тал нь?
КА: Заримдаа тэр хурд, чанар хоёроос алийг нь сонгох вэ гэдэгтээ эргэлздэг мэт санагддаг. Ингээд буруу сонголт хийх үе байдаг.
ТТ: Хэцүү асуулт байна. Кларисст сул тал байхгүй. Тийм болохоор тухайн барилдаанаас л үр дүн шалтгаална.

-    Та хоёрын өрсөлдөөн барилдаанд чинь нөлөөлдөг үү?
КА: Тинатай барилдахдаа чадах чинээгээрээ хамгаалж, барьц өгөхгүй байхыг хичээх ёстойгоо би мэддэг. Бага зэрэг “нээгдчихэд” л тэр боломжийг дор нь ашигладаг.
ТТ: Ийм өрсөлдөгчтэй байгаадаа би баяртай байдаг. Би өнгөрсөн улиралд бараг бүх тэмцээнд түрүүлсэн. Гэхдээ Кларисстай барилдана гэдэг бодол намайг үргэлж хурцалж өгдөг.
-    Хэрэв ийм өрсөлдөгч байхгүй байсан бол?
КА: Сорилт, туршилтгүй бол амьдрал уйтгартай. Одоо миний хувьд Тина тийм сорилтын нэг нь.
ТТ: Надад ч мөн адил. Кларисс байгаа болохоор би улам сайн барилдахыг хичээдэг.
-    Нэг нэгнийхээ талаар байнга боддог уу?
КА: Миний хувьд нэгдүгээрт хувийн амьдрал, хоёрт жүдо байдаг. Тийм болохоор түүнтэй учраа таарахаараа л боддог. Энэ хангалттай шүү дээ.
ТТ: Тиймээ, ганц өрсөлдөгч дээр онцгойлон анхаарах буруу. Гол нь өөрийнхөө барилдаанд л анхаарах нь чухал. Замд таарсан өрсөлдөгчөө барилдаж байж л ялна шүү дээ.

-    Тэмцээн уралдааны оноолт, сугалааг харахдаа яадаг вэ? Нэг нэгэнтэйгээ эртхэн таарах сан гэж боддог уу, эсвэл хэн нэг нь тэрийг урьдчилаад ялчихаасай гэж хүсдэг үү?
КА: Асуудал хүсэлдээ байгаа юм биш. Би түүнтэй таарч барилдахаа мэддэг. Шилдэг болохын тулд хүчтэй, шилдэг бөхчүүдийг ялах хэрэгтэй. Ялалтын өмнө Тина зогсож байна. Цаана нь байгаа ялалтыг авахын тулд түүнийг давах шаардлагатай.
ТТ: Тийм шүү, Хэрэв би Кларисстай таарч барилдалгүй түрүүллээ гэхэд ялалтын баяр дундуур байдаг. Бусад бөхчүүдийг хүндлээгүй хэрэг биш л дээ. Гэхдээ яах ч аргагүй Кларисс бол миний учирч байсан хамгийн хэцүү өрсөлдөгч.  
-    Өнгөрсөн олимпийн цикл Израилийн Ярден Герби, Кларисс нарын өрсөлдөөнөөр эхэлж, та хоёрын өрсөлдөөнөөр дууссан. Энэ хоёр өрсөлдөөний ялгаа юу вэ?
КА: Ярден огт өөр барилдаантай. Түүнтэй барилдахад хэрэглэх арга мэх, түлхүүр надад олон бий. Харин Тинатай барилдахдаа анхаарлаа ганц секунд сулруулахад л ялагдана  гэдгийг би мэддэг.
ТТ: Би Ярденд нэг бус удаа ялагдаж байсан. Челябинскийн ДАШТ-д 29 секундэд ялагдаж байсан удаатай. Гэхдээ тэр үеэс хойш би өөрчлөгдсөн.

-    Та хоёр анх 2014 оны Европын аваргын финалд таарсан. Тэр цагаас хойш 7 барилдаж, Кларисс 3, Тина 4 давжээ. Удахгүй ДАШТ болно. Ялах нууц мэх, зэвсгээ бэлтгэж байна уу?
ТТ: Мэдээж үгүй. Хэрэв би ямар нэг нууц онцгой юм бэлтгэж байвал Кларисс шууд л мэдрээд мэдчихнэ. Тэр намайг маш сайн мэддэг.  
КА: Би заримдаа цугларалт дээр бэлтгэл хангагчаа Тина шиг барилд гэж хэлдэг юм. Гэхдээ мэдээж олигтой юм болдоггүй. Тийм болохоор ялалтын хувь заяаг бидний учрах тэр Икс өдөр л шийднэ. Хэн нэг нь барилдааныг нь дууриалаа ч гэсэн Тина бол ертөнцөд ганц гэдгийг бид мэднэ. Тийм болохоор бүрэн бэлтгэлтэй байх хэрэгтэй.
ТТ: Миний хувьд дасгалжуулагчтайгаа бэлтгэх тактик тун чухал. Сүүлийн үед би тэр тактикаа барилдааны турш баримталж чадаад байгаа. Тийм болохоор ялалтын цувралаа үргэлжлүүлэхийн тулд хичээнэ.
КА: Харин би тэр цувралыг таслахын тулд хичээнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
0
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.