Хайх зүйлээ бичнэ үү

Энэхүү хөрөг ярилцлага 2016 оны нэгдүгээр сард буюу түүнийг УИХ-ын гишүүн байхад "Гэрэг" сэтгүүлд анх нийтлэгдэж байв. 

Засгийн газрын ордны дөрөвдүгээр давхрын голд энэ барилга дахь хамгийн жижигхэн өрөө бий. Харин энэ дотор итгэж болох олон санал асуулгаар хамгийн өндөр рейтингтэй яваа, энэ УИХ-ын хамгийн дуулиантай гишүүдийн нэг суудаг. Тэр бол С.Ганбаатар. 

I

Бизнесмен, тэмцэгч, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүн болтлоо дэвшсэн тэрбээр хэдхэн хоногийн өмнө ХҮН (Хөдөлмөрийн үндэсний нам)-д элсээд буй. Карьерийн хувьд тасралтгүй өгсөж явсан нь түвэггүй харагдах ч энэ хүртэлх замнал нь адал сониноор дүүрэн байж. Анх автобусны үнийг үндэслэлгүйгээр нэмснийг эсэргүүцэн тэмцэж эхэлсэн тэрбээр хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлөх асуудлаар буухиалж, Оюутолгойн гэрээнд тулсан. Тэмцэгч, улстөрчийн замналаас гадна ухамсарт амьдралынхаа сүүлийн долоон жилийг зөвхөн энэ асуудалд төвлөрүүлж, тасралтгүй тэмцэж яваа тухайгаа тэр “Өнгөц харвал миний тэмцэлд үр дүн гараагүй мэт харагдаж, шийдвэр гаргах түвшинд дуу хоолой маань хүрээгүй мэт сонсогдож магадгүй...” гэснээ “Анх энэ асуудал яригдаж эхлэхэд Оюутолгойн тухай ярьсан болгон тэнэг харагддаг байсан. Би ярьж л байсан. Ноён уулын тухай ярихад нинжануудыг өөгшүүлж байгаа мэт харагдаж байсан. Би ярьж л байсан. Цалин, тэтгэвэр нэм гэж хэлсэн хүн болгон юмны үнийг хөөрөгдөхийг дэмжиж байгаа муу хүн болж харагддаг байсан. Би ярьж л байсан. Одоог хүртэл миний үг, үйлдэл зөрөөгүй. Би тэмцлээ орхиогүй. Юу бодож байна, түүндээ хатуу зогс гэдэг үг бий. Олон нийт дэмжихгүй байлаа ч ядаж ганц хүн дэмжиж байвал тэмц. Тэр ганц хүн нь чи өөрөө ч байж болно шүү дээ” гэж хэлээд инээв. 

II

Фэйсбүүкт 116 мянган дагагчтай тэрбээр саяхан “Өөр нам, өөр улс төрийг сонгож байж л улс орноо өөрчилж чадна” гэж бичсэн зурагт хуудас оруулжээ. Оны өмнөхөн тэр ХҮН намд элссэн нь улс төрд багагүй шуугиан тарьсан бөгөөд өөрөө ч цоо шинэ замын эхэн дээр, цоо шинэ мэдрэмжээр дүүрэн байгаагаа хэлэв. 
“Намын гишүүн болчихоор юу өөрчлөгддөг юм байна” гэж намайг асуухад “Анх удаа намын гишүүний үүднээс асуудалд хандах боллоо. Өөрийнхөө бодож байгаа зүйлүүдээ эргэлзэх юмгүй шууд тэмцээд явах боломжтойгоороо тэмцэгч, Үйлдвэрчний эвлэлүүдийн ерөнхийлөгч, бие даагч байх нь давуу талтай байсан. Харин одоо намын гишүүн болчихоор бусадтайгаа ярьж, зөвлөж, хамтын шийдвэр гаргах болохоор өөр байна” гэж хариулсан. Гэхдээ энэ бол удаах нөхцөл байдалтай харьцуулбал ердийн л өөрчлөлт. Түүний дээрх шийдвэр шинэ байгуулагдсан ХҮН намыг хормын дотор УИХ-д суудалтай улс төрийн хүчин болгож дөнгөсөн шигээ айсуй сонгуулийг орвонгоор нь өөрчлөх боломжтой гэж улс төрийн шинжээчид харж байна. Харин тэр намын их хурлын бэлтгэлдээ хэдийнэ орж, илтгэл зэхэж эхэлжээ. 

Намд элсэх шийдвэрийг тэр нэг өдөр бодоод гаргаагүй байх. Бас итгэл үнэмшил, үнэт зүйлээс эхлээд өөр олон хүчин зүйл дээр нэгдсэн учраас дээрх шийдвэр гарсан хэдий ч шинэ намыг УИХ-д төлөөлөлтэй улс төрийн хүчин болгосных үзэл баримтлал, зарчимд нь өөрийн санааг оруулах нь гарцаагүй.  Энэ тухайгаа тэр “ХҮН намын үзэл бармтлалыг хүндэтгэж байгаа учраас элсэн орсон. Гол болгох зүйл маань баялгийн үндэсний үзэл. Энэ үзлийг хүчтэй гаргаж тавимаар байна” гэж ярив. Баялгийн үндэсний үзэл бол маш эмзэг сэдэв. Чухам баялгийн үндэсний үзлийг турхирагч хэмээгээд түүнийг цахим орчинд “Популист”, за энэ нь явсаар “Попын хаан” гэх хоч хүртэх хүртлээ даамжирсан. Харин тэр өөрөө энэ хоёр нэр томъёоны тухайд “Баялгийн үндсэрхэг үзэл бол тухайн баялгийн эзэн орон үүнийгээ ашиглан илүү их ашиг хүртэж, илүү олон ажлын байр бий болгох хүсэл эрмэлзлийг хэлнэ гэж “Mining journal” дээр бичсэн байгаа. Харин популизм гэж юу вэ. Энэ нэр томъёог “Британника” нэвтэрхий толь дээр улс төр, эдийн засгийн элит гэр бүлийн эсрэг, нийт ард иргэдийн сайн сайхны төлөө эсэргүүцэн тэмцдэг улс төрийн аргыг популизм гэнэ хэмээсэн байдаг” гэж тайлбарлаад “Хэрэв намайг энэ парламентын популист гишүүн гэж цоллож байгаа бол эсрэг талд нь элитийнхэн байгаа л гэсэн үг” гэлээ. 

Иймийн үндсэн дээр тэр дараах дөрвөн үзэл баримтлалыг нь хүмүүс ойлгоосой гэж хүсэж байгаа. “Нэгдүгээрт, баялгийн эзэн орон ард түмнийхээ төлөө илүү их ашиг, илүү үр дүн, үйлдвэрлэл, ажлын байр бий болгоход амжилт гаргах баялгийн үндэсний үзэлтэй байх, хоёрдугаарт, том төслүүдээс үүдэж төр авлигад идэгдэж байгааг зогсоож цэвэр Засгийн газартай болох, баян хоосны ялгааг арилгаж, орлогын тэгш байдлыг хангах шударга нийгэм байгуулах, улмаар энэ гурвын үндсэн дээр тусгаар тогтнолоо баталгаажуулах. Энэ дөрвөн үзэл санаа ХҮН намд бий”. 

С.Ганбаатар болон ХҮН нам ийм зүйлийг хүсэж ирэх сонгуульд оролцохоор зэхэж байгаа аж. Тэр ийн хэлсэн. Итгэх, эсэхийг харин танд үлдээе. 

III

Он гарахын өмнө Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ болсон. Дэлхийн томоохон 15 банк, санхүүгийн байгууллагаас нийтдээ 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт босгосон нь Монголд урьд өмнө байгаагүй өндөр хэмжээний санхүүжилт босгох үйл явц болсон бөгөөд энэ он, цаашлаад ирэх жилүүдийн эдийн засагт нэмэр, тусаа үзүүлнэ гэж монголчуудын нэг хэсэг нь харж байгаа. Харин нөгөө хэсэг нь үүнээс огт өөр бодолтой байгаагийн нэг томоохон төлөөлөгч нь С.Ганбаатар. Тэр “Рио Тинто Монголын газар нутгийг барьцаанд тавьчихлаа... Оюутолгойн гэрээ муу болсон нь улам бүр дордлоо... Дубайн гэрээг хулгайгаар зурлаа...” гэсэн маш том мэдэгдлүүдийг шууд л хийчихдэг. Үүнээс болж нэг хэсэг нь түүнийг “Попын хаан” гэж өргөмжлөн доромжилдог бол нөгөө хэсэг нь улстөрчдийн рейтингийн санал асуулгын хуудас бөглөхдөө эргэлзэлгүйгээр хамгийн өндөр оноог түүнд өгдөг. 

Хэлсэн үг, хийсэн тэмцлүүдэд нь хүмүүс ийм эрс тэрс сэтгэл хөдлөл үзүүлж, хоёр хуваагдахыг хараад та өөртөө эргэлзэх тохиолдол гардаг уу гэж намайг асуухад тэр “Өнөөдрийг хүртэл миний тэмцлүүд дээр энэ нь буруу байна, энэ хуулийг та дутуу хараад ингэж хэллээ, энэ баримтаа зас гэсэн ажил хэрэгч шүүмжлэл улстөрчид болон эдийн засагчид, судалгааны байгууллагуудаас нэг ч ирээгүй. Харин доромжлол, гүтгэлэг бол хангалттай ирдэг. Намайг ийм их тэмцэл хийгээд байхад таг дуугүй суудаг уул уурхайн салбарын эрдэмтэд, шинжлэх ухааны хүрээлэнгүүд, хууль эрхзүйн салбарын хүмүүст “Надад тэмцэх боломж олгосонд баярлалаа” гэж хэлэхийг хүсдэг” гэж хариулсан. 

Тэмцлээ эхэлснээс хойш тэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, үе үеийн Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүст нийт 140 удаа захидал бичсэн байна. Хамгийн анхны захидлаа бичсэнээс нь хойш есөн жил өнгөрчээ. “Бид арбитрын шүүхэд  хандах ёстой, таван хувь байгаа роялтигаа 15-20 хувиар нэмж өгөөч, Монгол Улс Оюутолгойгоос өнөөдөр ямар ч ашиг авахгүй байгаагаа илэн далангүй ярих ёстой”. Түүний захидлуудын ерөнхий утга ийм байж. Үүнээс гадна түүнд бас нэг гарц буй гэнэ. “Оюутолгойн ордын дор 420 тэрбум ам.долларын барьцаа хөрөнгө бий гэдэг. Саяхан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ 40-50 тэрбум ам.долларын цэвэр ашиг Оюутолгойгоос хийнэ гэж ярьсныг С.Ганбаатар сайтар тогтоож авчээ. “Баялгийг гаргаж ирэх зардал 30-50 хувьтай нь дүйнэ. Тэгвэл 220 тэрбум ам.долларын цэвэр ашгаас бид зүгээр 50 тэрбум ам.долларыг л авъя. Энэ ордоо 50 тэрбум ам.доллараар зарчихъя. Би бүр маш өгөөмөр санал тавьж байгаа биз” гэв.  

“Миний ярьж, хэлж байгаа бүхэн хариуцлагатай үг. Хэрэв буруу бол надад хариуцлага тооцох ёстой. Өдий хүртэл тийм зүйл болсонгүй” гэж ярих тэрбээр “Би Оюутолгойн асуудлаар тэмцэхдээ “Рио Тинто” Монголоос гар гэж нэг ч удаа хэлээгүй. Оюутолгойг зогсоо, ашиглахаа болиод, баялгийг нь газар дор нь үлдээ гэж хэлж байсангүй. Хамгийн гол нь Монгол эндээс хүртэх ёстой ашгаа хүртэж байна уу л гэдгийг би ярьдаг” гэсэн юм. 

IV    

Засгийн газрын ордны хамгийн жижигхэн энэ өрөөний хананд Дархан-Уул аймгийн газрын зураг, Ард Аюушийн хөрөг сэлт байна. Ширээн дээрээ гэрийн боорцог тавиад, орж ирсэн зочноо сүүтэй цайгаар дайлах түүний ажлын ширээн дээр харин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Ардчилсан нам дотроо өрсөлдөж буй Берни Сандерсийн хөрөгтэй “Time” сэтгүүлийн хуулбар байна. С.Ганбаатарын хүндэлдэг улстөрч нь энэ хүн бөгөөд сүүлийн үед гаргасан номуудыг нь уншиж байгаа тухайгаа хуучилсан. “Берни бид хоёрт төстэй зүйл олон байдаг”  гэж тэр хэлэв. Тэд хоёул улс төрийн карьераа тэмцлээс эхэлсэн бөгөөд парламентад бие даагчаар ажиллаж байсан. Берни Сандерс бие даагч байснаа энэ онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших шийдвэр гаргасан бол С.Ганбаатар мөн л сонгуулийн өмнөхөн ХҮН намд элсэхээр болсноо зарласан билээ. Бас нэг сонирхолтой үзүүлэлт тэднийг нэгтгэдэг. Берни Сандерс “Time” сэтгүүлийн Оны хүнд хоёр жил дараалан нэр дэвшиж, Обама, Дональд Трамп, Хиллари Клинтон нарыг давж, олон нийтийн санал асуулгыг хол тасархай өнгөлсөн ч хэзээ ч “Оны хүн”-ээр нэрлэгдэж байгаагүй юм. С.Ганбаатар цахим орчинд элдвээрээ хэлүүлж, хэл амны бай болдог ч олон нийтийн санал асуулгыг ямагт өнгөлж яваа билээ. Түүнээс улс төрийн карьерийнхаа өндөрлөгийг юу гэж хардаг вэ, Берни шиг Ерөнхийлөгчийн сунгаанд оролцох тухай бодож үзсэн үү гэж асуухад “Ард түмний хамгийн хайртай тэмцэгч байгаасай гэж хүсдэг. Энэ бол миний карьерын хамгийн том мөрөөдөл” гэж хариулсан. 

Цахим орчинд, ялангуяа твиттерт элдвээр хэлүүлэхдээ гомдоллож, зарга хийж явдаггүй. Үүнийгээ тэр “Би хэний ч дайсан биш” гэсэн үгээр тайлбарлав. “Би энэ олон жил маш хүнд, хатуу шүүмжлэлүүд өрнүүлж байсан ч хувь хүний маань үүднээс надтай дайсагнадаг хүн байдаггүй гэж би хардаг. Яагаад гэвэл би нэг улстөрч, хувь хүний эсрэг тэмцдэггүй, би асуудал руу дайрдаг. Харин хүмүүс над руу, хувь хүн рүү маань их дайрдаг. “Асуудлаа гаргаж тавихад хүмүүс хувь хүн рүү минь дайрахыг хараад би энэ асуудал ялсан юм байна аа гэж боддог” гэж М.Тетчер хэлсэн байдаг юм шүү” гэв. 

Тэр ярианыхаа дундуур зүйр цэцэн үг, онч мэргэн үг олныг хавчуулдгийг анзаарсан. Тэдэнд дундаас нь “Эвдэрхий цаг өдөрт ядаж хоёр удаа зөв цаг заадаг” гэх үг нь хамгийн их таалагдсан билээ. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.