Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Монголын санхүүгийн биржийн захирал Д.Ангарын илтгэлээс онцлох 10 эшлэл


"Эрдэмт" клубээс зохион байгуулдаг “Өглөөний хүн” өглөөний уулзалт 3 дахь жилдээ 35 дахь удаагаа зохион байгуулагдаж "Хөрөнгийн зах зээл, шинэ боломж" сэдвээр Монголын санхүүгийн биржийн захирал Д.Ангар оролцлоо. Монголын санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод боломжийн талаар нээлттэй ярилцаж засгийн газрын бондоор дамжуулан хөрөнгийн зах зээлд нээгдсэн маш том боломжийг алдалгүйгээр компанийн бондыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа тухайгаа ярьлаа. Иргэдийн хөрөнгийн зах зээлд оролцох оролцоо нэмэгдсээр байвал зээлийн болоод хадгаламжийн хүү маш богино хугацаанд буурна гэдгийг онцлов. 

Өглөө эртлэн босож 6:45 цагт бүрэн цугласан залуус бусдаас урьдаж шинэ мэдээлэл, мэдлэгийг олж аван их хотын 4 зүг, 8 зовхис руу өөр өөрсдийн ажилдаа яаран явцгаалаа. Д.Ангарын илтгэлээс онцлох 10 эшлэлийг хүргэе.


1. Монголд хөрөнгийн зах зээл хөгжих боломж байна

Иргэдэд байгаа мөнгүүдийг цуглуулан хөрөнгө босгох хөрөнгө оруулалтын систем нь анх 1600-гаад онд Англи улсад үүссэн. Манай улсад хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээл хөгжихөд хэцүү, иргэд мөнгө муутай, зах зээл нь жижиг гэж зарим хүн шүүмжилдэг. Гэхдээ бид хичнээн муу байлаа ч 1600 оны Англи улсаас дутна, муу байна гэж байхгүй. 

2. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн эхлэл нь “Засгийн газрын бонд” 

Засгийн газрын бонд нь эрсдэл багатай. Учир нь засгийн газарт хэнд ч олгогдоогүй давуу эрх байдаг. Шаардлагатай бол мөнгө хэвлэдэг, өрөө төлөхийн тулд нэг хүнээс татвар аваад нөгөөд нь тарааж болдог. Тиймээс хүмүүс засгийн газрын бондод хөрөнгө оруулж хөрөнгө оруулалтын талаарх анхны мэдээллээ олж авдаг.

3. Мөнгө хүүтэй байх ёстой

Зах зээл дээр мөнгө эргэлдэж, зах зээл хөгжихийн тулд мөнгө заавал хүүтэй байх ёстой. Эрсдлийн түвшин хүүг тогтоодог. Аль ч улсын засгийн газрын бонд хамгийн эрсдэл багатай бүтээгдэхүүн учир хамгийн бага хүүтэй байдаг. Зарим улсад бүр хасах утга руу орсон байгаа. Гэвч манай улсад энэ тогтолцоо алдагдсан, зарим хүмүүсийн өндөр хүүгээр мөнгөө өсгөх арга нь засгийн газрын бонд болсон байсан. Харин одоо энэ тогтолцоо эргээд өөрсдөд нь муугаар нөлөөлж байгаа. Үр дүнд нь засгийн газрын бондын хүү буурч зөв голдирол руу орж эхэлсэн.

4. Иргэд мөнгөтэй

Урьд нь зөвхөн банкууд авдаг байсан бондыг хүн бүр авах боломжтой болсноор иргэд их хэмжээгээр бондыг авч эхэлсэн. Миний ажигласнаар бонд авч байгаа хүмүүс олны танил, алдартан баячууд биш харин жижиг дунд бизнес эрхлэгчид байсан. Ердөө 300 орчим иргэд бондын арилжаанд оролцоход 200 тэрбум гаруй төгрөг банкны хадгаламжаас засгийн газрын бонд руу орсон. Засгийн газар мөнгийг бонд болгож авсанаар төсвийн ажилчдын цалин, санхүүжилт болгодог. 

5. Компаний хувьцаа хөгжих цаг болоогүй

Хувьцаа компанийн засаглал, ашигтай ажиллагаанаас бүрэн хамаардаг. Хэдийгээр өнгөрсөн 25 жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл, компанийн хувьцаа тодорхой хэмжээнд хөгжиж ирсэн ч монголд эрүүл засаглалтай, олон нийтийн компани хараахан бий болоогүй байна. Бий болох суурь нөхцөл, зарчим бий болоогүй, төлөвшөөгүй учраас компанийн хувьцаа хөгжих арай болоогүй гэж боддог. 

6. Компанийн бонд нь маш том боломж

Монголд компаниудын банкнаас авсан зээл ойролцоогоор 10 их наяд төгрөг байна. Ямар ч компанид богино хугацаатай мөнгө, санхүүжилт хэрэгтэй байдаг. Манай томоохонд тооцогдох компаниуд бонд гаргах талаар судалж эхэлсэн. Компани өөрийн нэр хүнд, үйл ажиллагааг баталгаа болгож бонд гаргадаг. Том компаниуд болон жижиг хөрөнгө оруулагчдийн хувьд энэ бол маш том боломж.

7. Том компанийн гаргасан бонд эрсдэл багатай

100 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани 1 тэрбум төгрөгийн бонд гаргасан бол  өдийг хүртэл бий болгосон бизнесийн нэр хүнд, үйл ажиллагаагаа унагааж, төлөхгүй байна гэсэн эрсдэл бараг үгүй. Эхний ээлжинд ТОП 100-д ордог, нэр хүндтэй компаниуд бонд гаргах хэрэгтэй. 

8. Зах зээлээс хөрөнгө босгох боломжтой

Засгийн газрын бондыг худалдан авсан иргэдийн 200 гаруй тэрбум төгрөг удахгүй эргэн төлөгдөнө. Үүний ердөө 10 хувийг иргэд компанийн бонд руу орууллаа гэхэд бид 20 гаруй тэрбум төгрөгийг зах зээлээс татах боломж байна. Энэ бол том компаниудын хувьд том боломж. 

9. Компанийн засаглал сайжрах хөшүүрэг болно

Компаниуд бонд гарган, санхүүжилт татахын тулд өөрсдийн үйл ажиллагаа санхүүг баталгаажуулах хэрэгтэй болно. Санхүүгийн тайлангаа ил тодоор тайлагнаж, олон улсын байгууллагуудаар аудит хийлгэж эхэлнэ. Ингэснээр компанийн засаглал сайжрах нь гарцаагүй.

10. Хадгаламжийн хүү нэг оронтой тоо болно

Зээлийн хүү, хадгаламжийн хүү хоорондоо нягт уялдаатай. Одоо манай санхүүгийн салбар зөв голдирол руугаа орж байна. Засгийн газрын бондын хүү болон зээлийн хүү буурна. Үүнтэй уялдаатайгаар хадгаламжийн хүү буурна. 1 жилийн дотор хадгаламжийн хүү нэг оронтой тоонд орно гэж харж байгаа. Харин компанийн бонд 2 жилийн дотор 1 оронтой тоо руу орох болов уу.



 
Дараагийн 36 дахь уулзалт 5-р сарын 25 буюу ирэх Пүрэв гарагт болох ба зочноор Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн гишүүн Б.Бямбасайхан оролцож, ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ сэдвээр ярина.

Дэлгэрэнгүйг энэ хуудас болон 99001584, 99231785 утсаар лавлана уу.

Нийтлэл бэлтгэсэн: Г.Лхамсүрэн

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
15
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.